| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/01284/И |
| Дугаар | 142/ШШ2022/00165 |
| Огноо | 2022-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2022/00165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй, /утас: 99118387/
Хариуцагч: *******-д холбогдох, /утас: 88812136/,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн ******* тоот хаягт байрлах 66,56 м.кв 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ******* Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст 5-р хороолол 5-7 байр 32 тоот хаягт байрлах 66,56 метр квадрат 2 өрөө орон сууцыг 86 000 000 /Наян зургаан сая/ төгрөгөөр зээлээр худалдахаар харилцан тохиролцсон болно. Уг гэрээгээр Худалдан авагч тал орон сууцны төлбөрийг гэрээ байгуулахад 50,000,000 төгрөг, үлдэгдэл 36,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөх, худалдагч тал Төлбөр төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон болно. Гэтэл хариуцагч нь үлдэгдэл 36,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд миний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар шаардаж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээний үүргээ биелүүлэх хугацаа тогтоон өгч, уг хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзахаа мэдэгдсэн болно. Гэвч хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй учраас би гэрээнээс татгалзсанаа мэдэгдэж, байр чөлөөлөхийг шаардахад хариуцагч байрыг минь чөлөөлж өгөхгүй байгаа ба өөрийн худалдан авсан байр гэж маргаж байгаа тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж, болон нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс худалдагч тал Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасны дагуу татгалзсаныг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст 5-р хороолол 5-7 байр 32 тоот хаягт байрлах 66,56 метр квадрат 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ийн нэхэмжпэлтэй, ад холбогдох хэрэгт миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа болон нарын хооронд 2020.04.06-ны өдөр байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1.-д заасны дагуу татгалзсаныг тогтоолгох, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасны дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст 5-р хороолол 5- 7 байр 32 тоот хаягт байрлах 66.56 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх гэж анх тодорхойлсон. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст 5-р хороолол 5-7 байр, 32 тоот хаягт байрлах 66.56 м.кв 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагч нь гэрээгээр тохирсон орон сууцны үлдэгдэл төлбөрийг тогтсон хугацаанд төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзсанаа мэдэгдэж, тай байгуулсан 2020.04.06-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон. Улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцны эзэмшлийг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулж байна.... гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч тал урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад, үлдэгдэл төлбөр 36,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 36,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүргээ биелүүлэх хугацаа тогтоон өгч, дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсанаа мэдэгдэж, байраа чөлөөлөхийг шаардсан боловч хариуцагч нь миний худалдан авсан байр гэж марган тус байрыг чөлөөлж өгөхгүй байна хэмээн дурджээ. миний бие болон нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр худалдан авагч тал 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдахад үлдэгдэл төлбөр буюу 36,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Худалдагч тал дээрх гэрээний 1.4-р зүйл, 3.2-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус гэрээний 1.1-д заасан орон сууцыг үлдэгдэл төлбөр төлөхөөс өмнө Капитрон банкны барьцаанаас чөлөөлж эрхийн доголдлыг арилгах үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч буюу худалдагч тал тус орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үүргээ одоо болтол гүйцэтгээгүй. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд орон сууц эрхийн доголдолтой буюу банкны барьцаанд байгаа нөхцөлд худалдан авагч тал төлбөрийн үлдэгдлийг төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн дээрх хариуцлагагүй үйлдлээс болж хариуцагч би хохирч байна. Нэхэмжлэгч тал Капитрон банкны барьцаанаас тус орон сууцыг гаргаагүй тул миний бие Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу худалдагч тал гэрээ болон хуулиар үүргээ гүйцэтгэж тус орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараагаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хүлээж байгаа болно. Энэхүү орон сууцыг зуучилж өгсөн REMAX gold үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн байгууллагаас тус орон сууцыг барьцаанаас суллаж өгөөгүй талаар гэрчлэх боломжтой. Иймд хариуцагч тал болох миний биеийг гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзах хууль зүйн үндэслэл бий болоогүй бөгөөд зах зээл дээрх орон сууцны үнэ ханш өссөн шалтгаанаар гэрээг цуцлах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчих төдийгүй шударга ёсны зарчимд үл нийцэх тул хариуцагч миний бие тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал тус орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд миний бие үлдэгдэл төлбөр 36,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд эрхийн доголдлыг арилгавал үлдэгдэл төлбөрийг төлж эвлэрэх бүрэн боломжтой. Хэрэв нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй ийн нэхэмжлэлтэй ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжпэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч тал нь гэрээгээр тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 07 сарын 09-ны өдөр нэхэмжпэгч нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид хургүүлж тус гэрээний харилцаа дуусгавар болсон гэжээ. Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч тал урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулагдахад төлж улмаар худалдагч тал нь 09 сарын 01-ний өдрөөс хэтрүүлэлгүй буюу үлдэгдэл төлбөр төлөхөөс өмнө тус орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч худалдагч тал буюу нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл хариуцагчид тус орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж эрхийн доголдлыг арилгасан талаар мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл худалдагч тал тус үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаагүй тохиолдолд худалдан авагч тал үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй юм. Иймд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бий болоогүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-4-5/, гэрээнээс татгалзах тухай хүсэлт /хх-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-17-18/, Remax gold худалдан авах санал /хх-20/, итгэмжлэл /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх: хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг улсын бүртгэлийн хэлтсээс авсан /хх-21-22/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь ад холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн ******* тоот хаягт байрлах 66,56 м.кв 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2 өрөө байрыг 86,0 сая төгрөгөөр зээлээр худалдаж, худалдан авахаар талууд харилцан тохиролцсон. Гэрээний 1.2-т гэрээ байгуулсан өдөр 50 сая төгрөг, үлдэгдэл 36,0 сая төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэж тохиролцсон. Гэтэл худалдан авагч гэрээгээ зөрчиж үлдэгдэл 36,0 сая төгрөгийг тогтсон хугацаанд төлөөгүй. Үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч тал удаа дараа шаардсан. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205.1-т заасны дагуу эд зүйлсээ харилцан буцаан шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүссэн... гэдэг.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч тал урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулагдахад төлж улмаар худалдагч тал нь 09 сарын 01-ний өдрөөс хэтрүүлэлгүй буюу үлдэгдэл төлбөр төлөхөөс өмнө тус орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч худалдагч тал буюу нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл хариуцагчид тус орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж эрхийн доголдлыг арилгасан талаар мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл худалдагч тал тус үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаагүй тохиолдолд худалдан авагч тал үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй юм. Иймд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.
5. Хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбаруудаар хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-р хороолол 5-7-32 тоот 66,56 метр квадрат 2 өрөө орон сууцыг 86 000 000 төгрөгөөр оос зээлээр худалдан авахаар тохиролцож, худалдан авагч тал орон сууцны төлбөрийг гэрээ байгуулахад 50,0 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 36,0 сая төгрөгийг дараа нь төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч мөнгөө төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
8. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.4.-т Худалдагч тал Капитрон банкны барьцаанд байгаа тус гэрээний 1.1-д заасан орон сууцыг барьцаанаас чөлөөлж 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хэтрэхгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулна. Энэ хугацаанаас өмнө худалдах, худалдан авах гэрээг хийх боломжтой, энэ тохиолдолд худалдан авагч тал тухайн хугацаанд нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
9. Маргаан бүхий орон сууц нь талуудын зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Капитрон банкны зээлийн барьцаанд байсан гэдгийг талууд тайлбарласан бөгөөд барьцааны хөрөнгийг худалдах нь өөрөө эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан гэж үзэхээр байгаа ч талууд банкны барьцаанаас чөлөөлсний дараа худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар гэрээний 1.4-т заасан байна.
10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,
11. Мөн гэрээний 2.1.1-д Худалдан авагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээн авах эрхтэй, 3.2.3.-т Худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэгтэй гэжээ.
12. Банкны барьцаанаас чөлөөлөөгүй тохиолдолд төлбөрөө бүрэн төлөхийг шаардах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
13. Нэхэмжлэгч тал нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзаж байгаагаа тайлбарлаж байна.
14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
15. Нэхэмжлэгч нь хариуцагч тай мөнгөө төлөх талаар утсаар ярьдаг ч орон сууцыг барьцаанаас чөлөөлөөгүй, чөлөөлсөн тухайгаа хариуцагчид мэдэгдээгүй байсан тул хариуцагчийг үүрэг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225.1., 225.2. дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан гэх боломжгүй юм.
16. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2.-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэжээ.
17. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1.4.-т Худалдагч тал Капитрон банкны барьцаанд байгаа тус гэрээний 1.1-д заасан орон сууцыг барьцаанаас чөлөөлж 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хэтрэхгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулна. Энэ хугацаанаас өмнө худалдах, худалдан авах гэрээг хийх боломжтой, энэ тохиолдолд худалдан авагч тал тухайн хугацаанд нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж заасныг харилцан адилгүй тайлбарлаж уг заалтад үндэслэн маргалдаж байгаа бөгөөд энэ нь үгийн шууд утга болон гэрээний ерөнхий агуулгаараа орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа гэж ойлгохоор байна. Дээр дурьдсанаар мөн гэрээний зүйл болох орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдөөгүй тул үнийг бүрэн төлөх, худалдах худалдан авах гэрээг байгуулах боломжгүй байсан гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэх аргагүй юм.
18. Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1.-д Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно гэж заасан бөгөөд дээрх гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг /худалдах худалдан авах гэрээг/ дараа хийхээр тохиролцсон байна.
19. Иймд дээрх үндэслэлүүд болон хариуцагч нь үүргийнхээ ихэнх хэсгийг биелүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугар зүйлийн 262.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн ******* тоот хаягт байрлах 66,56 м.кв 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ад даалгуулах ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 337 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА