| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0409/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/419 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М-нд холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны Хөвсгөл аймгийн Рашаант сум 3 дугаар баг “Жаргалант” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 3 ширхэг босоо мод буюу 1.79 метр куб хуурай шинэс мод унаган бэлтгэж ойн санд 543,406 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны Хөвсгөл аймгийн Рашаант сум 3 дугаар баг “Жаргалант” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4036 ХӨВ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөө ашиглан 3 ширхэг босоо мод буюу 1.79 метр куб хуурай шинэс төрлийн мод унаган бэлтгэж байгаль экологид 543,406 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 18 тал/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23 тал/, Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 25 тал/, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26 тал/, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 тал/, иргэний нэхэмжлэгч С.С мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, иргэний нэхэмжлэгч А.О мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч Б.Р мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч А.О мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/, гэрч Н.О мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 65 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 924/10781 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-73 тал/, Мод бэлтгэх эрхийн бичиг ХӨА 24047671 /хх-ийн 93 тал/, Байгаль орчин уур амьсгалын санд 1.630.218 төгрөг төлсөн Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн баримт /хх-ийн 98 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч П.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 543.406 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.630.218 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Шүүгдэгч П.М экологи эдийн засагт учирсан 1.630.218 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн баримт /хх-ийн 98 тал/-д хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч П.Мг байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 1.79 м3 хэмжээтэй босоо шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, 14.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Mighty-2” загварын 4036 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Mighty-2” загварын “4036 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.О эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Mighty-2” загварын 4036 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч А.О эзэмшилд үлдээж, шүүгдэгч П.Мгөөс уг тээврийн хэрэгслийн үнэ 14.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.79 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий OUIGEN нэртэй, ягаан өнгөтэй 1 ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч А.О үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 1.79 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн OUIGEN нэртэй ягаан өнгөтэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч С.С-д төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН