Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар  2024/ШЦТ/185

 

 

 

 

 

2024        9             10                                            2024/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, гэрч М.Ө, гэрч Д.Ц /цахимаар/, шүүгдэгч, хохирогч П.М, шүүгдэгч, хохирогч  Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2435000000163 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ****************цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 3, нөхөр охины хамт Увс аймгийн Улаангом сумын **************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т ургийн овогт П.М /РД:****************/,

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Увс аймгийн Улаангом сумын **************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц т ургийн овогт Д.Б /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Б нар нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Шүүгдэгч П.М нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадам эхийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хадам эх Д.Бтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Бнь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ өөрийн бэр П.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.М, Д.Бнарын гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд гэр бүлийн хувийн таарамжгүй харилцаа, эх, хүүхдийн эхнэр нөхрийн нандин харилцаа алдагдсан байгаагаас болж үл ойлголцол үүссэн байна. Д.Бын хувьд “манай бэр угаасаа муухай ааштай, надад учруулсан гэмтлийг П.М үүсгэсэн бөгөөд түүний биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй. Би өөрийгөө хамгаалахаар ийм үйлдэл гаргасан” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл П.Мийн биед учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг шүүгдэгч Д.Бучруулж харилцан бие биетэйгээ зодолдсон болох нь тогтоогдож байна. Харин биеэ хамгаалах зорилгоор ийм үйлдэл гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл биеэ хамгаалах зорилготой аргагүй хамгаалалт хийж байгаа этгээд нь бичлэг хийж хэргийн үйл баримтыг баримтжуулах боломжгүй юм. Гэрч М.Ө мэдүүлэгтээ “П.Мийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй, харин салгах гэж татаж байсан” талаар мэдүүлсэн. П.М нь Д.Бын гэрт орж маргаан үүсгэж хэрүүл маргаан нь цааш даамжирч зодоон цохион болсон гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Д.Бмэдүүлэгтээ “П.М манай гэрт орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн гэж мэдүүлдэг. Хэрэв П.М нь Д.Бын гэрт шууд ороод зодож цохисон асуудал үүсгэсэн бол Д.Бхэрүүл маргаан эхлүүлсэн гэж мэдүүлэг өгөхгүй байх байсан. Д.Бын гэмтлийн хувьд “П.М нь шанагаар хохирогчийн толгой хэсэгт цохиж оёдол тавиулсан” бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Бэр, хадам ээжийн хооронд нэгнээ үл зөвшөөрөх асуудлаас болж уг гэмт хэрэг гарах болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.М нь хохирогч Д.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Д.Бнь хохирогч П.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар харилцан бие биеэсээ уучлалт гуйсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй учир энэ гэмт хэрэг шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Хохирогч, шүүгдэгч Д.Бшүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан боловч шүүх хуралдаан даргалагч болон улсын яллагчаас асуусан асуултад: “Бид хоёрын хоорондын харилцаа сайнгүй байдаг. Манай бэр сонин ааштай зүгээр байж байгаад аав, ээжийнхээ гэр рүү явна гэж яваад удалгүй чарлаад л ороод ирдэг. Намайг юм ярихаар хариулахгүй суугаад л байдаг. Тухайн өдөр машинаа зарах гэж байсныг мэдээгүй. Манай дүү хөдөөнөөс ирээд бид хоёр эмнэлэгт үзүүлэхээр гэрээс гарах гэж байтал П.М гаднаас харайж ороод ирээд урдаас орилж уурлаад байсан. Би өөдөөс нь үг хэлж чадаагүй байж байтал над руу дайраад байхаар нь би бугуйн дээрээс нь түлхсэн гэв. Бид удаан маргалдсаны дараа би нүүр гараа угаах гээд шанагаар ус хутгаад байж байтал П.М урд ирээд шанага булааж аваад толгой хэсэгт цохисон. Би толгойдоо 5 оёдол тавиулсан. ...П.Мийн уураас болсон гэж бодож байна. П.Мээс болж миний зүрх өвддөг болсон.  Ер нь би бэртэйгээ нээх их дуугардаггүй, би гэртээ л байдаг. ...Нөхөртэйгөө муудалцахаараа шууд аавыгаа дуудчихдаг. Аав нь ирж дандаа хэрүүл хийдэг. Бүр аавтайгаа нийлж манай хүүхдийг зодож байсан. Ээж нь салгах гэж дундуур нь орж байгаад толгойгоо хагалуулж байсан. Дараа нь тэгээд намайг цохисон гэж маргаан болгож байсан. П.Мийг уучлаад байхаар зүгээр болно гэж боддог байсан боловч одоо эцэст нь одоо ийм зүйл болж байна. П.Мийн ааш бүр их болж байна. Эрүүл мэндийн зардалд 500,000 төгрөг болсон, гэхдээ нэхэмжлэхгүй. Би гэм буруугийн талаар маргахгүй. Бэр маань дахин ийм маргаан болохгүй гэж хэлсэн тул би үүнд нь итгэж байгаа” гэж,

Хохирогч, шүүгдэгч П.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан боловч шүүх хуралдаан даргалагч болон улсын яллагчаас асуусан асуултад: “Нөхөр болох М.Өтой гэр бүл болоод 9 жил болж байна. Урьд нь хадам ээжтэйгээ маргалдаж байсан. Тухайн өдөр машинаа зарна гэхээр нь заруулахгүй гэж маргаан үүсгэсэн учир би хадам ээжээсээ хүсэлт гуйх зорилгоор хадам ээжийн гэрт явж ороод маргаан үүссэн. Баруун орны хажууд хадам ээж бид хоёр зууралдаж унасан бөгөөд хадам ээж гал тогооны шүүгээ рүү очоод шанага аваад “яах гээд байгаа юм бэ чи” гэж хэлж байгаад миний нуруу хэсэгт цохисон. Газар унасан шанагыг аваад би хадам ээжийн толгой хэсэгт цохисон. Нөхөр маань эхлээд боль гэж байснаа сүүлдээ ээжтэйгээ нэгдсэн үйлдэлтэй хариу үйлдэл үзүүлсэн. Намайг хэд хэдэн удаа түлхсэн учир би аав руу залгасан. Би хадам ээждээ таалагддаггүй юм уу, эсвэл намайг үнэлдэггүй юм уу гэж боддог. Би нэг үг хэлэхээр намайг дэмждэггүй бөгөөд нөхөр ээжтэйгээ нийлж шийдвэр гаргадаг. Хадам ээж миний гар хөлийг маажиж, гар бугуй хэсэг хөхөрсөн. Харин хадам ээжийн толгой хэсэгт учирсан гэмтлийг би учруулсан. Би гэрт нь ороод уучлаарай ээж гэж хэлээд уучлалт гуйсан. Мөн цагдаа дээр байхад уучлалт гуйсан. Одоо бол нэг хашаанд амьдарч байгаа. Тэр өдрөөс хойш таарамжгүй харилцаа үүсээгүй. Би сэтгэл санааны хохирол, бие махбодод учирсан хохирол гэж нэхэмжлэхгүй. Хадам ээждээ хохирол төлбөр төлж барагдуулсан зүйлгүй” гэж тус тус хариулжээ.

Гэрч М.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Машин зарна, зарахгүй гэдэг асуудлаас болж гэрт маргаан гарсан. Би гэрээс гарч яваад эргээд гэрт ирээд эхнэрийг аавынд нь хүргэж өгөөд явтал эхнэр араас дагаж ирээд ээжийн гэрт орж хэрэлдсэн. Хэрүүл нь зодоон болсон. П.М ээж рүү дайраад байхаар нь би салгах гэж оролдсон. Тэр үед ээж эмнэлэгт очиж үзүүлнэ гэж хэлээд гарах гээд гар нүүрээ угаах гээд шанага аваад гоожуур руу хийх гэж байтал эхнэр ээж рүү гүйж очиж заамдалцаж авсан. Тэр үед шанага газарт унасан бөгөөд П.М газраас шанага авч ээжийн толгой руу цохисон. Ээжийн толгойноос цус гарсан учир ээж цагдаа дуудсан. ...Би П.Мийг татаж гараад гэрийн гадна гаргасан боловч буцаж гүйж орж ирээд ээжтэй маргалдаж байсан.Тэр үед л гар нь гэмтсэн байх. Энэ хоёр нэг нэгнийгээ заамдаж авсан байх үед би дундуур нь орж салгахыг хичээсэн. Ер нь ээж, эхнэр хоёр маань нэг нэгнээ ойлгохгүй байгаа учир маргаан үүсдэг. Ээжээс болж хэрүүл болж байгаа юм шиг, буруутай хүн нь би болж байгаа юм шиг асуудал үүсдэг. ...Ээж орон дээр сууж байтал П.М ээж рүү дайраад ээж рүү гараараа чичилж байсан. Мөн ээжийг заамдаж авах маягтай байсан учир ээж П.Мийг биеэсээ түлхсэн” гэж,

Гэрч Д.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би хөдөөнөөс ирээд эгчийндээ байсан. Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах гэж ирсэн юм. Тэгээд яг эмнэлэг рүү гарах гэж байтал бэр нь орж ирээд хэрүүл маргаан эхэлсэн бөгөөд би тэр хэдийг орхиод гараад явчихсан. Цаашаа юу болсныг мэдээгүй, хараагүй” гэж мэдүүлжээ.

Эрүүгийн 2435000000163 дугаартай хэргээс улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-09 дүгээр тал),

-Хохирогч, шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “...Би гэртээ хувцас өмсөөд эмнэлэг рүү явах гээд байж байтал бэр П.М манай гэрт орж ирээд надад хандаж “чиний залуу машинаа зарна гээд байна. Та “шруппдэж” машиныг нь заруулах гэж байна” гээд намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийж эхэлсэн. Араас нь миний хүү М.Ө орж ирээд салгаж гэр лүүгээ орох гэсэн боловч бэр П.М тайвширч өгөхгүй байсан бөгөөд уурлаж над руу дайрч миний нүүр хэсгийг самардаж хувцаснаас зуураад байсан. Би гэрийн зүүн талд гал тогооны тавиур дээр байсан төмөр шанага /хөнгөн цагаан/ аваад нүүр гараа угаах гэж шанагыг аваад гоожуур луу ус хийх гэхэд бэр П.М миний гарт байсан төмөр шанага /хөнгөн цагаан/-ыг булааж аваад миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Хохирогч, шүүгдэгч П.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “...Манайх Увс аймгийн Улаангом сумын 1347 тоот хашаанд хадам ээж Д.Бын хамт амьдардаг бөгөөд тухайн хашаа нь хадам ээжийн хашаа байгаа юм. Би нөхөр М.Ө, охин Ө.Урангоо нарын хамт амьдардаг. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхөр М.Ө нь машинаа зарна гэж хэлэхээр би уурлахад манай нөхөр “чи мэддэг юм биш, чиний машин биш, би энэ машиныг ээжтэйгээ хамт хөдөлмөрлөж авсан юм” гэж хэлээд над руу уурласан бөгөөд бид хоёр маргалдаж эхэлсэн. Нөхөр М.Ө бид хоёр маргалдаад учраа олохгүй болохоор нь би гэрээсээ гараад хадам ээжийн гэр лүү нөхөр М.Өлзий- Оршихтой хамт орсон бөгөөд хадам ээж Д.Бд хандаж “энэ хүүхэд чинь машинаа зарах гэж байна. Тантай хамт хөдөлмөрлөж олсон надад хамаагүй гэнэ” гэж хэлэхэд хадам ээж Д.Бнад руу уурлаж бид хоёр маргалдаж эхэлсэн. Хадам ээж бид хоёрын маргаан хүндэрч ээж бид хоёр барьцалдаж байгаад би ээжийн баруун шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хадам ээж Д.Бминий хоёр гарын бугалгаас барьж миний гарыг мушгисан. Тэгтэл нөхөр М.Ө бид хоёрыг салгах гэхэд ээж надтай зууралдаад миний гарын бугалгаас барьчхаад тавьж өгөхгүй байсан. Тэгээд би хадам ээжээс өөрийнхөө гарыг салгаж өөрөөсөө холдуулах гээд ээж Д.Быг түлхэхэд хадам ээж гэрийн баруун талын орон дээр уначихсан. Тэгээд хадам ээж баруун талын орон дээрээс босоод гэрийн зүүн талд байсан гал тогооны тавилга дээр байсан төмөр шанага аваад намайг зүглээд ирсэн бөгөөд миний баруун талын дал хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд хадам ээжийн гарт байсан төмөр шанага газар унасан. Би газар унасан шанагыг аваад эргүүлээд хадам ээжийн толгой руу нэг удаа цохисон ба хадам ээжийн толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд хадам ээж Д.Бцагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-Гэрч М.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Эхнэр П.М нь “чи машин зарах гэж байна, чи ээжтэйгээ ярилцаж байгаад машинаа зарах гэж байгаа юм уу?, ээжтэй нийлж та хоёр дандаа шийдвэр гаргадаг” гэж хэлээд гэрээс гараад миний төрсөн ээж Д.Бын гэр лүү орсон. Би эхнэр П.Мийн араас дагаж гараад хамт орсон бөгөөд эхнэр П.М “чи бид хоёрын машиныг мэддэг юм уу? бид хоёрын дундын өмчийг чи мэдэж шийд гаргадаг юм уу?” гэж хэлээд ээж Д.Быг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн. Эхнэр П.М нь ээжтэй маргалтай нүүр хэсгийг самардаж, хувцаснаас нь зуураад тавихгүй байсан. Би тухайн үед салгах гэсэн боловч эхнэр П.М ээжтэй маргалдаад салахгүй байсан. Мөн ээжийг хэд хэдэн удаа түлхэж орон дээр унагаасан. Ээж Д.Бнь тухайн үед эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байсан бөгөөд босож нүүрээ угаахаар гэрийн зүүн талд байсан гал тогооны тавилга дээр байсан төмөр шанага аваад гоожуур луу ус хийх гэхэд эхнэр П.М ээжийн гарт байсан төмөр шанагаар ээжийн толгой руу нэг удаа цохисон. П.М ээжийн толгой руу шанагаар цохисны дараа ээж П.Мийн толгойноос цус гарч эхэлсэн бөгөөд эхнэр П.М ээж рүү уурлаж хэл амаар доромжилж уурлаад хашхираад байсан. Тэгээд ээж уурлаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ...М нь ээж Б руу уурлаж хувцаснаас нь зуураад байсан бөгөөд ээж өөрөөсөө холдуулах гэж түлхэх, хоёр гараас нь атгаж тэврэх зэрэг үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 26 дугаар тал),

-Гэрч Х.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал охин П.М 14 цаг 07 минутад утсаар залгаад “энэ хүмүүс намайг цохиод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад охин П.Мийн гэр лүү явсан. Намайг охин П.Мийн гэрт очих үед гэрт нь хүн байхгүй, худ болох Д.Бын гэрт хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Би Д.Бын гэр лүү ороход Д.Б, хүргэн М.Ө, охин П.М нар байсан бөгөөд Д.Бын толгойноос цус гарсан байдалтай, охин П.Мийн хүзүү хэсэг болон хоёр гар нь маажуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар асууж “та нар одоо боль яасан гэж маргалдаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд Д.Б“энэ охин чинь намайг цохиод толгойноос цус гаргачихлаа” гэж хэлсэн. Мөн охин П.М “намайг дэмнэж багалзуурдаж цохиж алах гэж байна” гэж хэлж байсан. Тэгээд би “одоо болъё, учраа олцгооё” гэж хэлээд зогсож байтад гаднаас цагдаа ороод ирсэн бөгөөд Д.Б, охин П.М, М.Ө нарыг дагуулаад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өнөрмаагийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. П.Мийн биед баруун бугалга, хоёр шуунд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шинэ гэмтэл байна. 6. Баруун бугалга, хоёр шуунд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувь орчим талбайг хамарч байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 7. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өнөрмаагийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 284 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Д.Бын биед зүүн зулайд язарсан шарх, цээжний зүүн хэсэг, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шинэ гэмтэл байна. 6. Зүүн зулайд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 7. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч П.М, Д.Бнар хавтаст хэргээс нотлох баримтууд шинжлэн судлуулаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч П.М, Д.Бнар нь харилцан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгч нарын харилцан зодолдож, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж эх, үрийн гэх нандин харилцаа, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгч Д.Б“өөрийгөө хамгаалах зорилгоор П.Мийн биед халдсан” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон хохирогч Д.М, гэрч М.Ө нарын мэдүүлэг, шинжээчийн 285 дугаартай “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлтээр тогтоогдохгүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч П.М, Д.Бнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч, шүүгдэгч П.М, Д.Бнар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хохирол нэхэмжлээгүй, мөн баримтаар нэхэмжилсэн ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Тиймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.М, Д.Бнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг тус бүрт нь оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан бол, шүүгдэгч нар “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч П.М, Д.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад шийдвэрийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт П.Мийг, шүүгдэгч Ц т ургийн овогт Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Бнарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч П.М, Д.Бнар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М, Д.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН