Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201711000126 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1978 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1–р баг, Улаан худгийн 5-4 тоотод оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл ******* овогт ******* ******* / РД: *******/

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуугаар 2017 оны 02 сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын зүүн хаалганы хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруугаар тэвэрч мушгин бүсэлхий нурууны 3 дугаар нугалмыг хугалан санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Би хохирогчийн эмчилгээний зардалд 1500000 төгрөг төлсөн гэжээ.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд эхнэрээ ажлаас нь тосох гээд замдаа Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Шүр” захаас юм авах байсан юм. Ингээд “Шүр” зах дээр очоод зүүн хаалганы тэнд явж байхад ******* зогсож байсан. ******* нь манай эгч Цэцгээгийн охин ******* нөхөр байгаа юм. Би *******ын хажуугаар гарахдаа “сайн байна уу?” гэж мэнд мэдэхэд тэрээр “чамайг харахаас зэвүү хүрээд байна” гэж хэлсэн. Би түүн дээр дөхөж очоод “яахаараа намайг хараад зэвүү чинь хүрдэг юм” гэхэд “чи ээжийгээ боддоггүй” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би түүнд хандан “миний ээж чамд ямар хамаатай юм бэ?” гээд гараараа шанаа руу нь түлхэхэд намайг нүүрэн тус газарт цохисон. Цохиход нь би түүнийг заамдаад авахад намайг тэврээд зүүн тал руу мушгисан юм. Энэ үед миний нуруу эвгүй болсон. Тэгээд түүнээс салаад явсан. Эхнэрээ ажлаас нь тосоод харих замд нуруу маань өвдөөд байсан. Тэгээд гэртээ харьж унтаад өглөө босоход нуруу бүр хөдлөхгүй, өвчтэй болсон байсан бөгөөд эмнэлэгт үзүүлсэн юм. ...******* нь намайг тэвэрч аваад мушгиж биед минь гэмтэл учруулсан. ...******* нь миний хохирлыг барагдуулж эмчилгээний зардал болох 1500000 төгрөг өгсөн. Одоо надад гаргах гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/

Гэрч Золзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 08-ны орой ажлаасаа ирэхэд миний араас гэрт орж ирсэн. Тэрээр жаахан согтуу орж ирсэн. Хаагуур явсаныг нь асуухад “Шүр” зах дээр байж байгаад ирлээ гэсэн. Мөн ахтай жаахан муудалцаад гэж ярихаар нь би өөрөө юм хийж байсан болохоор за за тэгээд гайгүй юм байгаа биз дээ гээд түүний яриаг тоогоогүй. Сүүлд сонсоход ах манай нөхрийг цагдаад өгсөн гээд цагдаа дээр байцаагдаж байсан. ах манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм  гэх мэдүүлэг./ хх-ийн 24/

 Гэрч   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай нөхөр болох нь намайг ажлаас маань тоссон юм. Тэгээд гэр рүү явж байхад нэг л удаан алхаад нуруу нь зовиуртай бололтой бага зэрэг бөхийж яваад байсан. Тэгээд яасныг асуухад *******тай таараад муудалцсан юмаа. Тэгээд намайг барьж авч мушгиад нурууг минь эвгүй болгочихлоо гэсэн. *******ын нуруу нь урьд өмнө нь бэртэж гэмтэж байгаагүй. Нуруу нь өвчингүй хэвийн байсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26/

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Шүр” захаар явж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ харих гээд “Шүр” захын зүүн талын хаалганы тэнд төмөр зам руу явах микронд сууж байсан юм. намайг сууж байхад ******* орж ирээд суусан. Тэрээр хүн дүүрээгүй байсан болохоор микроноос гарч гадна зогссон бөгөөд гадаа зогсож байгаад нэг хүнтэй маргалдаж байх шиг байсан. Яг юунаас болж маргаж муудалцсаныг би мэдэхгүй байна. Учир нь би машин дотор сууж байсан. Ингээд ******* нь тэр хүнтэй зууралдаад зодолдох гээд байхаар нь би бууж *******ыг салгаж машинд суулгасан. Түүнийг салгасны дараа түүнтэй маргалдсан хүн нь миний нуруу эвгүй болчихлоо гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28/

4. Шинжээч эмч байцаасан тэмдэглэлд: *******ын биед тогтоогдсон бүсэлхий нурууны их биеийн 3 дугаар нугаламд тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нуруугаар нь тэвэрч мушгиж унагах үед үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй гэжээ. /хх-ийн 34/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 102 тоот актын дүгнэлтэд

            1.*******ын биед бүсэлхий нурууны 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд  үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.   

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     3. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх-ийн 31/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 14-15/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 16/

Хохирогч *******ын өвчний түүх / хх-ийн 52-66/

 Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 47/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуугаар 2017 оны 02 сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын зүүн хаалганы хохирогч *******тай “чамайг харахаар зэвүү хүрээд байна, ээжийгээ боддоггүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруугаар тэвэрч мушгин бүсэлхий нурууны 3 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , Ж., Л. нарын мэдүүлгүүд, шинжээч эмч Н. байцаасан тэмдэглэл, болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 102 тоот актын дүгнэлт /хх-ийн 31/, хохирогч *******ын өвчний түүх / хх-ийн 52-66/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

  Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******ад 1500000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч ******* нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 200000 төгрөгний үнэ бүхий “Хайер” маркийн 2 хаалгатай хөргөгчийг  битүүмжилсэн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олговол зохино.  

Шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн зан төлөв байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорх ялаас өөр төрлийн хөнгөн ял болох албадан ажид хийлгэх  ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг  400 /дөрвөн зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар ялтан ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.  

4. Ялтан *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 200000 төгрөгний үнэ бүхий “Хайер” маркийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******ад урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ