Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2026/00128

 

 

 

Н.Ц-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар

     

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00524 дүгээр магадлалтай,

 

            Н.Ц-ы нэхэмжлэлтэй,

            “..эсрэг байгууллага” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага / цаашид НҮТББ гэх/-д холбогдох,

 

Тогтоол хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Ц-ы гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н.Ц- нь “..эсрэг байгууллага” НҮТББ-д холбогдуулан үүсгэн байгуулагчийн хурлын 2017.02.01, 2019.10.22-ны өдрийн тогтоол,  удирдах зөвлөлийн хурлын 2017.02.01, 2020.04.02 , 2022.03.21, 2022.04.05, 2023.10.16, 2023.11.08-ны өдрийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

        

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ц-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

       

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00524 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

4. Нэхэмжлэгч Н.Ц- хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ “... “.. эсрэг төв” НҮТББ 2007 онд үүсгэн байгуулагдсан. Гэтэл 2017 онд анхны үүсгэн байгуулагчдыг хасч Ж.Х-, Г.С- нарыг үүсгэн байгуулагч болгон тогтоол гаргасан нь хууль зөрчсөн. Удирдах зөвлөлийн гишүүн байгаагүй намайг удирдах зөвлөлийн гишүүнээс “чөлөөлсөн” тогтоолыг шүүх зөв гэж үзсэнд гомдолтой. Мөн шинээр үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн гишүүдийг хууль, дүрмийн дагуу сонгосон нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Хууль, дүрмийг зөрчиж, үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн хурлыг нь хуралдуулалгүйгээр тогтоол гаргаж, гишүүдийг хасч, чөлөөлж, шинэ гишүүд сонгож баталгаажуулсан нь хууль, дүрэмд нийцээгүй гол баримтуудыг шүүх үнэлсэнгүй. Төрийн бус байгууллагын тухай хуульд үүсгэн байгуулагчийн эрх хэмжээ болон түүнийг хасах, нэмэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт болон Дээд шүүхийн албан ёсны тайлбар байхгүй ч миний гомдолтой ижил хэргийг шүүх шийдэж байсан. 2021 оны 001/ХТ2021/00013 дугаар тогтоолоосоо энэ хэргийг өөрөөр шийдсэн. Байгууллага татан буугдаагүй байхад ижил нэрээр дахин үүсгэн байгуулах...гарын үсэг хуурамчаар үйлдэн тогтоол гаргахыг шүүх дэмжин... эвлэлдэн нэгдэх, шийдвэр гаргахад оролцох, удирдах байгууллагад сонгогдох, мэдээлэл авах зэрэг эрхийг зөрчсөн ...” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч Н.Ц-ы гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.22-ны өдрийн 001/ШХТ2026/00565 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

7. Н.Ц- нь нэхэмжлэлээ “... Би “.. эсрэг төв” төрийн бус байгууллагыг 2007.04.10-ны өдөр нэр бүхий иргэдийн хамт үүсгэн байгуулж, үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гүйцэтгэх захирлын ажлаа 2010 онд хүлээлгэн өгсөн ч үүсгэн байгуулагчийн нэг хэвээр үлдсэн. Гэтэл 2017.02.01-ний өдөр надад урьдчилан мэдэгдээгүй, оролцуулалгүйгээр үүсгэн байгуулагчийн хурал хийж, миний болон Ч.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж биднийг үүсгэн байгуулагчаас хассан. Би удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байгаагүй, түүнд оролцох эрхгүй атал 2017.02.01-ний өдөр хийсэн удирдах зөвлөлийн хурлын тогтоол дээр намайг оролцсон болгож миний гарын үсгийг хуурамчаар зуржээ. Иймд миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж гаргасан тогтоол, түүнийг үндэслэн гарсан дараа дараагийн тогтоолууд нь хууль бус тул нэхэмжлэлийг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү ...” гэж тодорхойлсон.

 

8. Хариуцагч тайлбартаа “... ..эсрэг байгууллага нь 2007 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын нэгдэн орсон Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу Дэлхийн .. эсрэг дүрмийг Монгол Улсад хэрэгжүүлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Өөрөөр хэлбэл, Улсын Их хурлын 2007.08.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж, хууль батлах замаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын 2005.10.19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар баталсан Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орсон, Олон Улсын хуулиар Монгол Улсын хүлээх болсон эрх үүрэг буюу төрийн зарим чиг үүргийг ..эсрэг байгууллага гүйцэтгэн хэрэгжүүлдэг. “.. эсрэг төв” төрийн бус байгууллагын нэрийг эдгээр шаардлагад нийцүүлэн “..эсрэг байгууллага” болгон өөрчилсөн. ..эсрэг байгууллага нь конвенцийн зохицуулалтын хүрээнд .. эсрэг тэмцэх дэлхийн байгууллагын албан ёсны гарын үсэг зурагч тал мөн. Энэ нэхэмжлэлд дурдсан хэргийг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэлэлцсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй ...” гэж тайлбарласан.

  

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... “.. эсрэг төв” төрийн бус байгууллагыг 2007.04.10-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Н.Ц-ыг томилж, дүрмээ баталж, удирдах зөвлөлд 7 хүн гишүүнээр оржээ. Н.Ц- өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор гүйцэтгэх захирлын ажлаа 2010 онд хүлээлгэн өгсөн байна. Бүртгэлтэй холбоотой улсын байцаагчийн 2024.02.19-ний өдрийн 673-р дүгнэлт гарч, нэхэмжлэлд заасан тогтоолуудыг  хүчингүй болгосон бөгөөд үүнийг “..эсрэг байгууллага” НҮТББ нь эс зөвшөөрснөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх шийдсэн, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Ц- гуравдагч этгээдээр оролцож, өөрийн эрх зөрчигдсөн талаар тайлбар гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... Н.Ц-ыг үүсгэн байгуулагчаас хассан нь... байгууллагыг төлөөлөх этгээдийг бүртгэсэн бүртгэлийн улмаас...иргэний субьектив эрх зөрчигдсөн гэж үзэх нь учир дутагдалтай ...” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэргийг шалгах явцад Н.Ц-ы гарын үсгийг хуурамчаар үйлдсэн талаар шинжээч дүгнэлт гаргасан нь үүсгэн байгуулагчийн хувьд иргэний хэрэгт шаардах эрхийг бий болгохгүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй. Н.Ц-ыг үүсгэн байгуулагчаас чөлөөлсөн нь түүний эрх ашгийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт хийсэн.

      

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... хариуцагч байгууллагын эрх барих дээд байгууллага болох удирдах зөвлөлийн 2017.02.01-ний өдрийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлсөн... сонгосон тогтоол хууль, дүрмийг зөрчөөгүй байна... Н.Ц- удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаагүй тул энэ тухай тогтоол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй... хариуцагч байгууллагын дүрэмд /2007 оны/ үүсгэн байгуулагч нь саналын эрхтэй оролцох, удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх эрхтэй байхаар тусгаагүй байна... хариуцагч нь гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага тул бүх гишүүдийн хурлын эрх хэмжээг хэрэгжүүлэхгүй... үүсгэн байгуулагчдын 2017.02.01-ний өдрийн тогтоолоор үүсгэн байгуулагчаас Н.Ц- нарыг чөлөөлж зарим хүнийг томилсон нь хариуцагчийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх эрх зүйн үр дагаваргүй байна... дүрмийн дагуу удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох нь удирдах зөвлөлийн бүрэн эрх байна... нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үүсгэн байгуулагчаас хасагдсан нь түүний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэсэн үндэслэл заасан.

 

11. Н.Ц- нь “..эсрэг байгууллага” НҮТББ-ын  үүсгэн байгуулагчдын хурлын 2017.02.01, 2019.10.22-ны өдрийн тогтоол, удирдах зөвлөлийн хурлын 2017.02.01, 2020.04.02 , 2022.03.21, 2022.04.05, 2023.10.16, 2023.11.08-ны өдрийн тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох нэхэмжлэл гаргахдаа “... тогтоолд миний гарын үсгийг хуурамчаар зурж хууль зөрчсөн... миний эрх ашиг хөндөгдсөн...” гэж маргасан.

 

Нэхэмжлэлээс үзвэл, маргааны зүйл болсон тогтоолоор нэхэмжлэгч Н.Ц-аас гадна бусад үүсгэн байгуулагчдыг, мөн  удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн байхад шүүх энэ талаар тодруулалгүй нэг хүний нэхэмжлэлээр эдгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

     

12. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчжээ.  

     

Н.Ц- анхан шатны шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан /хх2-н 8/, уг хүсэлтийг анхан шатны шүүх 2025.08.26-ны өдрийн хуралдаанаар захирамж гарган /хх2-н 14/ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна ...” гэж дүгнэн хангахаас татгалзжээ. 

   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.24-ний өдрийн 128/ШШ/2024/0739 дугаар шийдвэрт “...эрүүгийн хэрэгт мөрдөх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж байж түүнийг дахин нотлох шаардлагагүй хөдөлбөргүй үнэн гэж үнэлэгдэх ба нотлох баримтыг ийнхүү үнэлэх нь хэргийг шийдвэрлэх шүүхийн шатанд хийгдэх ажиллагаа байна... 2017.02.01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч гэх шинжээчийн дүгнэлт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний эцэст тухайн хуурамч баримтыг үндэслэж бүртгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлд засвар оруулах, зөвтгөх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд саад болохгүй ...” гэсэн байх бөгөөд уг шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.19-ний өдрийн 221/МА2024/0805 дугаар магадлалаар хэвээр үлджээ.

      

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дурдсан шийдвэрээр “... 2017.02.01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч ...” болохыг тогтоогоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.   

      

13. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “.. эсрэг төв” НҮТББ-ын хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллага “... тогтоолд зурсан гарын үсэг хувийн хэрэг дахь үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн хурлын тогтоолд зурсан гарын үсгээс илт зөрүүтэй тул бүртгэл хийх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр татгалзсан 2017.02.03-ны өдрийн 01/25 дугаар мэдэгдэл /хх1-н 233/, “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2024.02.19-ний өдрийн 673 дугаар дүгнэлтэд дурдагдаагүй байхад шүүх энэ баримтын талаар дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болжээ. 

     

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

   

15. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой хуулийн зохицуулалтыг анхаарвал зохино.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00524 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Н.Ц-аас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 

                       ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Б.УНДРАХ

 

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД