Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “ДБ” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцаг Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““ДБ” ХХК-нд холбогдуулж “БХ” ХХК-иас ижил нэр логог бичиж, хөдөлгөөнд оролцож байна гэсэн гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн гаргасан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-т заасан эрхүүдийг эдлүүлэлгүй оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой ч түүнийг хангах талаар зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн гэж үзнэ” гэж зөрчил үйлдэх хэлбэрийг тодорхойлсон. “ДБ” ХХК-ийн “БХ” бүхий нэр, логог өөрийн эзэмшлийн автомашинд байршуулсан ч захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөн талаар мэдсэн дариуд зөрчлийг арилгах арга хэмжээг авч нэрийг хуулсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг, фото зураг болон бусад баримтаар баталгаажуулж хууль тогтоомжийг хангах арга хэмжээг бодитойгоор хэрэгжүүлэн зөрчлөө арилгасан байхад Прокуророос зөрчлийн хэргийг нээн шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхзэр байна. Улсын байцаагч нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ мэдээлэл, баримт бичиг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж зөрчлийг нотлох байтал гомдол гаргагч “БХ” ХХК-ийн гаргасан нотлох баримтуудаар зөрчил гаргасан гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол” гэсэн үйлдэл, эс үйддэхүйг тодорхойлж хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манайх тухайн нэрийг ашиглан ямарч үйлчилгээ бусдад үзүүлээгүй, үйл ажиллагааг эхлүүлэх болоогүй байсан учир бид тухайн нэрийг үйлчилгээнд ашиглах боломж байгаагүй 100 айл дахь стикер наадаг компаниар наалган Налайх дүүрэг дэх ажлын байрлуу буцаж явах замд явж байхыг харж гомдол гарган манай байгууллага тухайн нэрийг тэр дор нь хуулсан тул ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн эсэх талаар шалгаж байсан боловч 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №09 дугаар 1802000337 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тухайг би 9 сард л мэдсэн. Хэрэв энэ талаар цаг тухайд нь мэдсэн бол би гомдол гаргах байсан. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг эрхүүдийг минь зөрчсөнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн гэж шалгасан атал шийтгэлийг 13 дугаар зүйлийн 13.1.1-ыг зөрчсөн гэсэн үндэслэлээр оногдуулсан нь улсын байцаагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ мэдээлэл, баримт бичиг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж зөрчлийг нотлох байтал гомдол гаргагч “ДБ” ХХК-ийг зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар нотлолгүйгээр гомдол гаргагчийн мэдүүлэг гаргасан баримтад үндэслэн шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Мөн Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 59 тоот тушаалын 1 дүгээр хавсралт журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалт, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2. 3 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх, барааны болон үйлчилгээний тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд түгээмэл болсонд тооцох хянан шийдвэрлэх нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг батлахаар заажээ.

“БХ” ХХК-ны "БХ” бүхий нэр нь нийтэд түгээмэл болгох журмыг хангасан эсэх талаарх нотлох баримт зөрчлийн хэрэгт байхгүй. Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй "К" гэсэн лагин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болохоор зохицуулсан. Хэдийгээр зөрчил нь үйлдэл эс үйлдэхүйгээр илрэх боловч эдгээр нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Оюуны өмч. улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын хяналтын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““ДБ” ХХК-ийн захирал Г.Т-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гаргасан 51/18 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч Б.Ц би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“БХ” ХХК нь “БХ” гэсэн барааны тэмдгийг 2013 оны 12 ругаар сарын 11-ний өдрийн анхдагч огноотойгоор 12330 дугаартай Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 7, 39, 45 ангилалуудаар эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Дээрх барааны тэмдэг эзэмшигч компанийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй “ДБ” ХХК-ийн 03- 54 УНО улсын дугаартай Гранд старикс загварын автомашин нь “БХ” гэсэн ижил нэр логог бичиж, буяны тоноглогдсон албаны машиныг дуурайж лого наан хөдөлгөөнд оролцсон нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 1.1 зөрчсөн нь хохирогч болон холбогдогчийн өгсөн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Т.Төртүвшин нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлтэй танилцаж, гарын үсэг зурсан болно.

Тиймээс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэлийн хуудас нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй, нийцэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаар шийтгэлийн хуудсаар “ДБ” ХХК-д “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэр, лого ашигласан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “барааны тэмдэг эзэмшигчийн эрх...-ийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

“ДБ” ХХК шүүхэд гомдол гаргахдаа “...зөрчлийг нотлоогүй, зөвхөн гомдол гаргагчийн өгсөн баримтанд үндэслэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, зөрчсөн талаар мэдсэн даруйд зөрчлийг арилгасан...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.    

“БХ” ХХК-ийн захирал Г.Х*******ээс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж “...манай компани БХ барааны тэмдгийн дардас эзэмшдэг атал 03-54 дугаартай “гранд старикс” автомашин нь манайхтай ижил нэр, лого бичин явж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль зөрчсөн...-ийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасныг улсын байцаагч Б.Ц хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын Оюуны өмчийн газрын даргын  2014 оны 69 дүгээр тушаалаар БХ барааны тэмдгийн дардсыг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн анхдагч огноотойгоор 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар БХ ХХК-д олгож ******* дугаар барааны тэмдгийн гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас ирүүлсэн фото зурагт “ДБ” ХХК-ийн эзэмшлийн  нь 03-54 дугаартай “Гранд старикс” автомашинд “БХ” ХХК-ийн онцгой эрхээр эзэмшдэг барааны тэмдгийг нааж улмаар замын хөдөлгөөнд оролцож байсныг баримтжуулж гомдолдоо хавсаргасан, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч үүнийг үгүйсгээгүй байна.

“ДБ” ХХК-ийн захирал Г.Т зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч “...замын цагдаагаас мэдэгдсэн даруйд зөрчлөө арилгаж, машин дээр наасан хуулгаа авсан” гэж тайлбарлаж байх боловч энэ нь зөрчил үйлдсэн гэж үзэж, шийтгэл ногдуулсан актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн улсын байцаагч Б.Ц уг зөрчлийн хэргийн гомдол гаргагч “БХ” ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар бүхий “Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, ажиллагаа хийлгүүлэх тухай” тогтоол гаргасныг холбогдогч этгээдэд мэдэгдсэн, хуульд заасан хугацаанд уг тогтоолд гомдол гаргаагүй, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй.

Иймд “ДБ” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН