Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 47

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0047/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Б.Бямбасүрэн,   

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Б.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайханы давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 2039000490102 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 05 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/155 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт Л-н  Б нь

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Т-ийн малыг хариуцан маллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын итгэмжлэн хариуцсан Т-ийн адуунаас 1 тооны зээрд зүсмийн гүүг завшиж бусдад 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Л-н Б-г ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-15 ХЭА улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, 77-15 ХЭА улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Б-д оногдуулсан ялын бодлогын талаар ямар нэг гомдол алга боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 77-15 ХЭА улсын дугаартай “kia frontier” маркийн машиныг хурааж улсын улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсэнд гомдолтой байна.

Б нь Т-ийн итгэмжлэн хариуцсан адууг өөрийн мотоциклоор хөөн Э-н гадаа тууж ирээд 1 тооны зээрд зүсмийн гүүг ажилласан гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа аймаг руу өөрийн эзэмшлийн “kia frontier” маркийн автомашинаар махыг ачиж яваад цагдаад журамлагдсан. Гэтэл гэмт үйлдэхэд ашигласан мотоциклыг улсын орлого болгохоор шийтгэх тогтоолд заагаагүй ба гэмт хэрэг үйлдэж дууссаны дараа тээвэрлэхэд ашигласан машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах хүсэлттэй байна гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан. Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хүсэлт гаргасны дагуу прокурор ялын саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын гарын үсэг зурсан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байдаг ба шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргавал буцаана гэсэн заалт байхгүй. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй.  Б нь Т-ийн малыг хариуцан маллаж байхдаа мотоциклоор хураах, хариулах зэрэг үйлдлүүдийн өдөр тутам хийдэг байсан. Харин Б нь Т-ийн итгэмжлэн хариуцсан адууг мотоциклоор хөөн Э-н гадаа тууж ирээд 1 тооны зээрд зүсмийн гүүг ажилласан нь гэмт хэрэг юм. Уг гэмт хэрэг нь үргэлжилж адууны махыг зарж борлуулахаар “kia frontier” маркийн автомашинд ачсан ба энэ тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлоор Б- д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Гэрч Э-н “... нь адууг өөрийнхөө цагаан өнгийн мотоциклоор тууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13х/, шүүгдэгч ийн “...адууг мотоциклоор Э-н хашаанд авч ирсэн...” гэх мэдүүлгүүдээс /хх-н 164х/ тогтоогдож байгаа бөгөөд үүнээс үзэхэд Б нь хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөх зорилгоор тээврийн хэрэгсэл болох мотоциклыг ашигласан байж болзошгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг хийлгүйгээр мах ачиж явсан гэх автомашиныг битүүмжлэн, шүүх улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болох мотоциклыг битүүмжлэн үнэлгээ тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган, хэний өмчлөл, эзэмшлийн болохыг шалган тогтоож ирүүлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Хэнтий аймгийн прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                             Б.СҮХГОМБО