Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 260

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Машбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр магадлалтай, Г.Ц-д холбогдох 201726030309 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г-гийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ц-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-гийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б гаргасан гомдолдоо “...Миний дүү Р.Б хүүхдийн мэс заслын эмч бөгөөд мэргэжлээрээ 20 жил ажилласан, нарийн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч, багш байсан. Миний дүүг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед утсаар дуудан уулзаж, эцэст нь гэмтээж, амь насыг нь хөнөөсөн байтал хуйвалдаж хэргээ хүлээхгүй, уг хэргээс мултарч гарахын тулд худал мэдүүлж, төөрөгдүүлж чирэгдүүлсээр ирлээ. Ар гэрийнхэн бид цаг хугацаа, зүрх сэтгэл, эд хөрөнгөөрөө туйлын их хохирч, гэмт хэрэг хийсэн тал хожиж байна.

Шүүгч гэмт хэрэгтний үгээр үг хийж, өргөсөн тангаргаа үл ойшоож өөрийн ажил үүргээ шударгаар хийх байдал бүрэн алдагдаж байна. Талийгаач тангараг өргөсөн их эмчийн хувьд цаг завгүй ажиллаж, амь бие, сэтгэл зүрхээ үл хайхран өвчтэй хүүхдүүдийн амь насны төлөө ажиллаж, эмчилж ирсэн эмч хүний амь эрсдэж байхад уг хэрэгт шууд хамааралтай этгээдийг цагаатгасанд гомдолтой байна.

Гавал тархийг гаднаас маш хүчтэй зүйлээр хэд хэдэн удаа цохиж гэмтээснээс гавлын яс цөмөрсөн, гавлын яс, хатуу хальсны хооронд үүссэн цусан хураа, нөжирснөөр тархи дарагдан шахагдаж няцарч, удаан хугацаанд дарагдсан тархины эд эсүүд гэмтсэнээр үйл ажиллагаа алдагдсан. Шинжилгээгээр уураг тархи гол тэнхлэгээсээ баруунаас зүүн тийш 2-2.5 хэмээр хазайсан нь тархи нугасны гэмтлийн хам шинж, хүчтэй гэмтлийн улмаас үүссэнийг харуулж байна.

Тархины олон судас, мэдрэлийн холбоосууд бүгд тасарсан, тархины эд эс удаан хугацаанд дарагдаж сэргэх чанар алдагдсан нь асар их хүчтэй зүйлээр цохьсноос тархи нугасны шингэний тэнцвэр алдагдсан. Хальтирч унахад ийм хэмжээний хүнд гэмтэл авдаггүйг би эмч хүний хувьд мэдэж байна. Гэтэл “хальтирч унасан” гэх Г.Ц-ийн худал мэдүүлгээр шүүх буруу шийдвэр гаргасан. Гэмтлийн эмнэлэг дээр “ар гэрийнхэн нь ирчихсэн уйлалдаад сүржигнээд байна, тохирсноо ярина шүү” гэж хүмүүстэй утсаар ярьж байсан. Хугацаа хожихын тулд гэмт этгээдүүд хуйвалдан, талийгаачийг орцны гадаа гаргаж хальтирч унасан болгож харагдуулахаар хаясан гэж үзэж байна. Янз бүрээр тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, гаднаас орцонд оруулсан, орцноос 6 давхарт айлд оруулсан гэх боловч гэрч Ү-гийн мэдүүлэгт “тэр хүн чинь гадаа хөлдлөө ш дээ” гэж хэлсэн байдаг.

Хохирогчийг 45-47 градусын хүйтэнд хөлдүү газар гаргаж удаан хугацаагаар хаясанд маш их гомдолтой байна. Гадуур хувцасгүй, гуталгүй, малгай ороолтгүй байсан. Жижүүрийн мөрдөн байцаагч нар тухайн өдөр дээврийн хөндийгөөс цустай бүтээлэг, хөнжил олсон тухай яригдаж байсан. Гэмт этгээд Г.Ц гэм зэмгүй бол дүүг маань гэмтээсэн хүнийг олж өгнө үү. Гадны нөлөөтэй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, гэтэл уг гэмтлийг хэдийд, хаана ямар байдалтай авсныг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж тогтоосонгүй.

Гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдлыг үзвэл хохирогч Р.Б хальтирч унасны улмаас гавал тархины хүнд гэмтэл авах боломжгүй, харин бусдад цохиулснаас дээрх гэмтлийг авсан байх боломжтой. Гэтэл прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Р.Б-д хүнд гэмтэл учруулсан хүнийг Г.Ц гэж бид бодож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д гаргасан гомдолдоо “...Г.Ц нь миний хүү Р.Б-г дуудаж хоолонд оруулахдаа ямар санаа агуулсан байсныг мөрдөн байцаалтын явцад тодруулаагүй. 20 цагийн үед ресторанаас гарах үед Р.Б сандал дээрээ сууж чадахгүй сандалтайгаа унасан байдаг. Г.Ц нь ухаангүй хүнийг аваад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхонд очоод тэндээсээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Х дугаар байрны 2 дугаар орцонд найз А-гийнд очсон гэдэг. Тэр оройгоо танихгүй айлд хонуулаад өглөө нь 08 цагт Г.Ц ажил дээрээ очиж хуруугаа дарж цагаа бүртгүүлээд ирье гээд явсан гэдэг. Буцаж ирэхэд нь Р.Б босоогүй, тэр айлын хүн энэ хүн чинь босохгүй байна, хамар амнаас нь улаан хүрэн юм гарсан гэж хэлсэн байдаг.

Миний хүүд 01 дүгээр сарын 23, 24-ний өдөр хоёр удаа хагалгаа хийсэн. Ингээд 45 хоног ухаан оролгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр амьсгал хураасан. Даанч харамсалтайгаар хүний гарт амиа алдлаа. Нас барсны дараах задлан шинжилгээний явцад авсан 30 гаруй зургийг шүүх эмнэлгээс гаргаж өгөөгүй. Г.Ц-ийн уулгаж, идүүлсэн зүйлд хордсон байх магадлалтай гэж үзэж байна. Мөрдөн байцаах ажиллагааг хангалтгүй явуулсан, олон мөрдөн байцаагч солигдсон. Миний хүү урьд нь одоо тасгийн эрхлэгч хийж байгаа хүнд зодуулсан байсныг сая мэдлээ.

Үүнийг хүүгийн минь эхнэр П.О мэдэж байгаа ч ам нээхгүй байгаа нь гайхалтай. Эцэст нь хэлэхэд шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хүүгийн тархийг цөм цохьсон тэр хүн хэн бэ. Үүнийг Г.Ц мэдэж байгаа. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-гийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.Ц 2017 оны 01 дүгээр сарын 22-нд хохирогч Р.Б-г олон удаа утсаар залган дуудаж, утсанд нь 10,000 төгрөгийн нэгж шилжүүлэх зэргээр өдөөн хатгаж байгаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Украйн хоолны газарт уулзан 750 гр Евок нэртэй архи захиалан уулгасан.

Энэ үедээ Г.Ц өөрөө эрүүл байсан атлаа урьд нь халамцуу байсан гэх Р.Б-д яагаад заавал 750 гр архи уулгасан юм бэ. Р.Б-г хөл дээрээ тогтож чадахгүй шахам согтоогоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны Х тоотод байх гэртээ очсон, дараа нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Х дугаар байрны 2 дугаар орцны үүд хүртэл таксигаар явсан, орцны гаднаас 6 давхар хүртэл ухаангүй согтуу хүнийг чирч гулдран янз бүрээр авч явсан байдаг.

Энэ үед гадаа орцны үүдэнд савж унасан гэсэн атлаа Г.Ц эмнэлгийн тусламж эсвэл ямар нэгэн таагүй зүйл болохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, мөн согтуу хүнийг дээш харуулж унтуулж болохгүй гэдгийг мэдсээр байж 6 давхарт танихгүй айлд хохирогчийг дээш харуулан хэвтүүлсэн байдаг. Р.Б Г.Ц-д итгэсний улмаас архи хэтрүүлэн хэрэглэж согтсон, гэтэл Г.Ц 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед Р.Б-г 95%-ийн үхэлд хүргэсэн байдалтай эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа нь “хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал үүсээд байгааг мэдсээр байж эмнэлгийн анхны тусламж дуудалгүй удаасан” эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасантай тохирч байна.

Г.Ц нь Р.Б-гийн ар гэрийнхэнд хохирлын зардал болон буяны ажилд хэрэглээрэй гэж нэг ч төгрөг төлөөгүй. Г.Ц удаа дараа хохирогчийг дуудаж, авч гаран архи уулган согтоож, үхэлд хүргэсэн байдалтай эмнэлэгт хүлээлгэн өгсөн энэ бүх үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “...Хохирогч гэмтэл авсан нөхцөл байдлыг шүүгдэгч мэдсэн бөгөөд мэдсэнээс хойш хугацаанд хохирогч биеэ авч явах чадваргүй болсныг хараад эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байсан боловч үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нь түүний үйлдэлтэй шалтгаант холбоотой. Хэрвээ гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан гэж шинжээч мэдүүлдэг. Иймд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Машбат хэлсэн саналдаа “...Энэ хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулсан бөгөөд шат шатны шүүх хууль болон хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Ц нь хохирогчийг тархиндаа хүнд гэмтэл авч амь насанд нь аюултай байхад нь тусламж үзүүлэх асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Ц нь амь хохирогч Р.Б-тэй 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зоогийн газарт уулзаж, согтууруулах ундаа хэрэглэж, хэн аль нь согтсон, Р.Б уг зоогийн газарт байхдаа хэд хэдэн удаа газарт унасан, орой 20 цагийн үед зоогийн газраас гарч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х дугаар байрны 2 дугаар орцны гадна таксигаар хүргүүлж, Р.Б таксинаас буусан байхдаа газар унасан, Р.Б-г согтоод унтаж байна гэж бодоод Д.А-гийн гэрт бусадтай хамт өргөж оруулсан, маргааш өглөө нь 09 цагийн үед Р.Б сэрэхгүй, хурхираад унтаад байсан учраас сэрээх зорилгоор татахад амнаас нь хүрэн өнгийн шингэн зүйл гоожсон, түргэн тусламж дуудаж, Гэмтлийн эмнэлэгт хүргэхэд Р.Б тархиндаа хүнд гэмтэл авсан байсан, хоёр удаа тархины хагалгаанд орж 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Р.Б нас барсан үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тогтоожээ.

Шүүх Г.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авсан болох нь тогтоогдоогүй, Р.Б нь бага насны, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай этгээд байгаагүйн дээр Г.Ц, Р.Б нар хэн аль нь согтуу байсан, Г.Ц нь амь хохирогч Р.Б-гийн өмнө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд биш, Г.Ц нь өөрөө согтуу байсан, амь хохирогч зоогийн газарт болон гадаа хэд хэдэн удаа унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Амь биед аюултай нөхцөл байдал нь хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын улмаас үхэлд хүргэж болох бодитой аюулаар тодорхойлогдох бөгөөд ийнхүү бодитой аюул учирсныг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан нөхцөлд тусламж үзүүлээгүй байх нь уг гэмт хэргийн үндсэн шинж юм.

Г.Ц нь хамт архи уусан Р.Б-г зоогийн газарт болон гадаа унасны улмаас амь биед нь аюултай тархины хүнд гэмтэл учирсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.

Мөн Г.Ц нь Р.Б-д дээрх гэмтлийг учруулсан байж болох сэжиг таамаг тогтоогдоогүй, энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Хоёр шатны шүүх Г.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нарын гаргасан “Г.Ц нь Р.Б-д санаатай гэмтэл учруулсан, мөн аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй” гэсэн гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН