Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0167

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, хариуцагч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтайван, хариуцагч Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Баярцэнгэл, гуравдагч этгээд С.Батбаатар, Т.Оюунчулуун нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Очир гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус  холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэлийн “Очир гео” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн к, 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1.12, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е, 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар саналыг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Баян сумын Цант 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын тус тус “Очир гео” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбулган давж заалдах гомдолдоо: “...Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолыг үндэслэн Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр өгсөн санал нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсны дараа санал өгөхөөр хуульчилсан тул аймгийн Засаг дарга аль нэг байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн татгалзсан санал өгөх эрхтэй, уг саналыг хууль зөрчөөгүй гэж тооцох боломжтой мэтээр хуулийг гуйвуулан тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байна.

Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулийн үндэслэлгүйгээр хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзаж, Засгийн газар болон Улсын Их Хурлаас төрийн бодлогын хэмжээнд зохион байгуулж буй ажиллагааг дэмжихгүй байна.

...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг илтэд зөрчсөн тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7240 дүгээр албан бичгээр “Очир гео” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Баян, Сэргэлэн сумын Ар худагтай нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, энэ талаарх мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д аймгийн Засаг дарга нь дээрх мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх талаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Төв аймгийн Баян сумын нутагт хамаарч байх тул тухайн талбай байрших Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар “Очир гео” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэж, “малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар болон худаг уст цэгүүдтэй давхцалтай” гэсэн үндэслэлээр тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” шийдвэр гаргасан байна.

Улмаар Төв аймгийн Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Ар худагтай нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” талаарх саналыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 30.1.13-д заасантай нийцжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж энэ асуудлаар санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул Төв аймгийн Засаг даргын гаргасан “Дэмжихгүй” саналыг хууль бус гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Төв аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гараагүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж санал хүргүүлсэн” гэж тайлбарлах боловч энэ нь Төв аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн үндэслэлгүйгээр хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзаж...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь “Очир гео” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” санал өгөх үндэслэл болсон Төв аймгийн Баян сумын Засаг даргын 92 дугаар захирамжаар иргэн С.Батбаатарт өвөлжөөний зориулалтаар олгосон 0.07 га газар, Хашаатын худаг 1, Дээд худгууд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Ар худагтай нэртэй 4585.85 гектар талбайд давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнээс гадна, шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийг эрх зүйн үр дагавар шууд үүсгэх захиргааны акт гэж үзэхгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулан нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул уг асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ тухайн маргааны үйл баримттай холбоогүй болон шаардлагагүй хуулийн зүйл, заалтыг баримталсан, бичиглэлийн алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ийн “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийн “Очир гео” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, 18 дугаар зүйлийн 18.1.2.“к”, 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1.12, 29 дүгээр зүйлийн 29.1.3.“е”, 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар саналыг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын “Очир гео” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                              ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                       ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                       ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН