Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 475

 

“Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далай, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0623 дугаар магадлалтай, “Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 10 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “Г” Сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0623 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Г.Отгон-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА/2017/0623 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Иргэн Ж.Н-д Баянзүрх дүүргийн 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 37 дугаар байрны хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 275 тоот захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 200 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 0184458 дугаар гэрчилгээг олгосон байна.

Мөн иргэн Ж.Н нь уг газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасанаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот захирамжаар Баянзүрх дүүргийг 18 дугаар хорооны 37 дугаар байрны хойно 200 м.кв талбай газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар баталгаажуулан олгожээ гэжээ.

Тайлбар: Тус байрнуудын оршин суугчид 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ж.Н барилгын ажил эхлүүлэхээр хашаа татаж, экскаватор оруулж, газар ухах гэж байхад нь дээрх газрын зөвшөөрөлтэйг мэдэж, уг ажлыг зогсоосон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“Ж.Н дээрх захирамжуудаар газраа эзэмших явцдаа хууль журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ болон тухайн жилийн газрын төлбөрүүдээ бүрэн төлж ирсэн болох нь хэрэгт авагдсан 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №29 тоот газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол”-ууд, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газрын төлбөрт 3,168,000 төгрөг төлсөн баримт, 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын төлбөр тогтоох тухай” 2004 015/231 акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Тайлбар: Ж.Н нь төсөл сонгон шалгаруулалтанд оролцоогүй байх бөгөөд төсөл шалгаруулалтанд оролцсон мэтээр төлбөр төлсөн байна. “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 2.6.2. Газар эзэмшүүлэх эрх дараах тохиолдолд төсөл шалгаруулалтаар олгоно.

2.6.2.1. цахилгаан дулаан болон цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж барих, өргөтгөх, 2.6.2.2. хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих, 2.6.2.3 100 /нэг зуу/-аас дээш ажлын байр бий болгосон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барих, 2.6.2.4. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэж заасан байтал Ж.Н дээрх захирамжуудаар газраа эзэмших явцдаа хууль журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ төлсөн гэсэн нь дээрх журамд нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлсэн газарт нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсаныг хууль бус гэж буруутгах боломжгүй бөгөөд шинээр газар эзэмшээгүй, урьд уг газраа эзэмшээд олон жил болсон, 1 давхар дэлгүүрийн барилга байсан байхад ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тайлбар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан байршил нь аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан байна. Гэтэл уг газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй байхад дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлсэн газарт нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсаныг хууль бус гэж буруутгах боломжгүй гэж үзсэн байна. Хэргийн материалд Ж.Н-гийн хүсэлт гаргасан байршил нь аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан тухай нотлох баримт байхгүй болно. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг дүүргийн Засаг дарга зөрчсөн байхад нийслэлийн Засаг дарга 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар баталгаажуулж байгаа нь хууль бус юм.

Дүүргийн Засаг дарга уг газрыг иргэн Ж.Н-д өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлж нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал ... харшаар ашиглаж, үүнээс үүдэн орон сууцны ойролцоох зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, амрах талбайд болон оршин суугчдын эрүүл ахуйн норм дүрэм зөрчсөн хувийн аж ахуйн зориулалттай барилга барих нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх “Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшилын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дэр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасантай нийцсэн байна” гэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа явуулах шаардлагыг хангалгүй 2008 онд гуравдагч этгээдэд 100 м.кв газрыг эзэмшүүлсэн” гэж маргаж байгаа хэдий ч хариуцагчийн “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс их байвал төсөл сонгон шалгаруулалт явуулна гэж заасан бөгөөд гуравдагч этгээдэд олгосон газар нь 200 м.кв байх тул дуудлага худалдаа явуулах шаардлагагүй. Харин дуудлага худалдааны үнийг төлөх ёсгүй мөртлөө гуравдагч этгээд төлсөн байна” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцох эрх ашиг нь хөндөгдсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Тайлбар: “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д хувийн гэр, орон сууцны хашаа, хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх 0,07 га-аас илүүгүй газар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо,   жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлэхээр заасан байтал худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт хамааруулан ... гуравдагч этгээдэд олгосон газар нь 200 м.кв байх тул дуудлага худалдаа явуулах шаардлагагүй. Харин дуудлага худалдааны үнийг төлөх ёсгүй мөртлөө гуравдагч этгээд төлсөн байна” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тус “Говь СӨХ болон оршин суугчид 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ж.Н барилгын ажил эхлүүлэхээр хашаа татаж, экскаватор оруулж газар ухах гэж байхад нь дээрх маргаан бүхий газарт газрын зөвшөөрөлтэйг мэдэж, уг ажлыг зогсоосон байна. Иймд нэхэмжлэгчид дуудлага худалдаа зарлагдаагүй байхад уг худалдаанд оролцох гэсэн ойлголт байгаагүй болох нь харагдаж байгаа юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх энэ гомдолд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэг болох “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэснийг зөрчсөн. Гомдлыг бүхэлд нь хянаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: хэрэгт “Говь СӨХ-ны ашиглалтын газрын кадастрын зураг нотлох баримтаар авагдсан /З6а байр 790 м.кв, 36б байр 787 м.кв, 37 байр 487 м.кв ашиглалтын талбай бүхий/ бөгөөд маргаан бүхий газартай давхцаагүй байх тул гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

Тайлбар: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байна. Үүнээс үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан газар эсэх нь эргэлзээтэй ба хэргийн материалд уг төлөвлөгөөнд орсон тухай нотлох баримт авагдаагүй, З6а байр 790 м.кв, 36б байр 787 м.кв, 37 байр 487 м.кв ашиглалтын талбайтай байгаа нь зөвхөн эдгээр барилгын сууриар олгосон газар бөгөөд нэг хүний ашгийн төлөө бусад 1000 гаруй оршин суугчдын эрхийг боогдуулж байгаа юм. Шүүх нийт оршин суугчдын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2-т заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хоёр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

... гуравдагч этгээд эзэмшлийн газартаа оффис үйлчилгээний барилга барих хүсэлтийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрийн захиргааны байгууллагад гаргажээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүсэлтийг хүлээн авч судалсаны үндсэн дээр тухайн байршилд 13x10 метрийн хэмжээтэй барилга барих боломжтой гэж үзэж Техникийн зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдож, оффис, үйлчилгээний барилгын эх загвар /эскиз/ батлагдсан.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байхаар заасан бөгөөд иргэн Ж.Н-гийн эзэмшлийн 200 м.кв газрын 130 м.кв буюу 70 хувьд нь барилгажуулахаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан бөгөөд эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг авсан болох нь нотлогдож байна.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангасан тул тухайн барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200/2014 дугаар бүхий магадлалын ерөнхий дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгосон бөгөөд барилгын зөвшөөрлийг авах үед тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдаас санал болон зөвшөөрлийг авах шаардлага үүсээгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 2.4-д “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг...” хэмээсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т заасан бүрдлийг гуравдагч этгээд бүрдүүлсэн болно гэжээ.

Тайлбар: Хэрэгт авагдсан нотлох баримт болох Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдийн 07/101/292 тоот дүгнэлтээр ... зөрчилтэй ажлын зураг, зураг төсөлд магадлан хяналт хийж баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх /зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм дүрэм, ... газрын зөвшөөрөл ... дагуу зохиогдсон/ заалт, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3 дахь /..., зураг төсөл боловсруулахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтална/, 7.5.1 дэх /барилга байгууламжийн байршил тогтоосон шийдвэр, архитектур төлөвлөлийн болон зураг төсөл боловсруулах даалгавар, эх загвар зураг, байгаль, цаг уурын ерөнхий өгөгдлүүд, техникийн нөхцөл, холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөн байдал/, 7.5.9 дэх /барилга байгууламжийн гаднах ерөнхий төрх, архитектурыг хот төлөвлөлийн шаардлагад нийцүүлэн орчны барилга байгууламжтай уялдуулсан байдал, эзлэхүүн болон талбайн үр ашигтай төлөвлөсөн/ заалтуудыг зөрчсөн байна, мөн дээрх хууль журмуудыг зөрчиж гуравдагч этгээд баримт бүрдүүлж өгсөн байхад шүүх дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Дээрх орон сууцнуудын нарны тусгал, салхины урсгалыг хаах боломжгүй байх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, аливаа нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх “... ”Говь” СӨХ нь 3 орон сууцны газар ашиглах эрхтэй байгаа. Газар давхацсан асуудал байхгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн кадастрын зургаар тухайн байрны оршин суугчдын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн барилга баригдсанаар нарны тусгал хаасан зүйл байхгүй, гуравдагч этгээдээс барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахад бүрдүүлэх материалыг бүрэн хангасан байсан тул Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс зөвшөөрлийг олгосон” гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэсэн нь нотлох баримтгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсаныг тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: харин нэхэмжлэлийн үндэслэл болсон барилгажих талбайн доогуур цахилгааны хуваарилах салбар кабел дайрсаныг зайлуулах, мөн 37 дугаар байр шинээр барих барилга хоёрын хоорондох хөрсийг суурийн нүх ухсан үед нуралт үүсэхээс хамгаалж, хөрсний бэхэлгээг зөв чанартай зөв хийх шаардлагуудыг хангах боломжтой нь мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байгааг дурдах нь зүйтэй гэжээ.

Тайлбар: Барилгажих талбайн доогуур цахилгааны хуваарилах салбар кабел дайрсаныг зайлуулах ажил хийгдээгүй өөрөөр хэлбэл зураг төсөлд магадлал хийлгээгүй Барилгын тухай хуулийн 10.1.1 дэх /зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон/ заалтыг зөрчсөн байхад үндэслэл болгожээ.

2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий газарт барилга барих гэж буй гуравдагч этгээд болох Ж. Нямдаваагийн “Ач сан” оффис үйлчилгээний барилгын суурийн ухаасны ханын бэхэлгээний “Инженер геологийн нөхцөл”-ийг тус төвийн захирал Д.Дашжамц, инженер Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж, С.Нямдорж хянасан байдаг. Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/17 тоот албан тоотоор ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвөөс “Шинжээчийн дүгнэлт”-ийг ирүүлжээ. Нэг байгууллага гуравдагч этгээд болох Ж.Н-гаас ажлын хөлс авч 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр уг ханын бэхэлгээний тооцоо судалгааг гаргаж өгсөн байтал шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Энэхүү шинжээчийн дүгнэлтэнд зайлшгүй тусгагдах материал шинжилсэн тухай тэмдэглэл, ямар шинжилгээ хийсэн, шинжилгээ хийсэн арга хэлбэр, ашигласан материал, иргэдийн оролцоог огт тусгаагүй ба 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ханын бэхэлгээний тооцоо судалгааг үндэслэсэн нь шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээ төрүүлэхээр байтал үндэслэл болгожээ.

Иймд, “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 2.6.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журам Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3, 7.5.1, 7.5.9 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31,2, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА/2017/0623 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

          Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар анх маргаан бүхий байршил болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололын 37 дугаар байрны хойд талд, худалдаа үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг гуравдагч этгээд, иргэн Ж.Н-д 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг “200 м.кв талбай” болгон нэмэгдүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар Ж.Н-гийн 200 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны  гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15/4-1 дүгээр албан бичгээр “...тус СӨХ-ны харъяа... 36а, 36б, ... 37 дугаар байрны орчны газрын кадастрын зургийг баталгаажуулах...” хүсэлтийг нийслэлийн Газрын албанд гаргасан, нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Г” СӨХ-нд 787 м.кв, 790 м.кв, 487 м.кв газрыг тус тус “орон сууцны орчны газар”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмших, ашиглах эрхтэй газрууд хоорондоо давхцалгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “... /нийслэлийн Засаг дарга нь/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан, тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Н-д 200 м.кв газар эзэмшүүлснийг  маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжаар газар ашиглах эрх нь үүссэн нэхэмжлэгч “Г” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Шүүхүүд гуравдагч этгээд Ж.Н-г “анх газар эзэмшихдээ төсөл сонгон шалгаруулалтад орсон” гэж дүгнээгүй, “... газар эзэмших явцдаа ... төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ .../-ийг нөхөн/ төлсөн, ... тухайн жилийн газрын төлбөрүүдээ бүрэн төлж ирсэн” болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэсэн, түүнчлэн, гуравдагч этгээдийн 2007 онд анх үүссэн газар эзэмших эрхийг 2010 онд нийслэлийн Засаг дарга баталгаажуулсны улмаас 2015 онд хөрш зэргэлдээ (давхцалгүй) газар эзэмших эрх авсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... /Ж.Н-д газар эзэмшүүлэхдээ/ ... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгоогүй ... /байхад/ төсөл шалгаруулалтанд оролцсон мэтээр төлбөр төлсөн”, “...  хүсэлт гаргасан байршил нь аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан тухай нотлох баримт байхгүй”, “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна /гэсэн хуулийн заалтыг шүүх/ буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ж.Н-д маргаан бүхий 200 м.кв газрыг эзэмшүүлэхээс өмнө нэхэмжлэгч “Г” СӨХ-оос уг газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж байсан талаар баримт хэрэгт байхгүй, “… “Г” СӨХ-ны хүсэлт гаргасан газрыг бусад этгээдэд олгосон талаар” хэргийн оролцогчид маргаагүй тул гуравдагч этгээд Ж.Н-гийн “газар эзэмших эрхийг баталгаажуулсан” маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжийн улмаас “... З6а, 36б, 37 байрууд ... орчны газаргүй болсон” гэж шүүх дүгнэх боломжгүй, “... шүүх нийт оршин суугчдын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.2-т заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй байна.  

Түүнчлэн, гуравдагч этгээд Ж.Н-гаас “эзэмшил газар дээрээ барилга барих” хүсэлт гаргасныг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүлээн авч, Техникийн зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавараар “тухайн байршилд 13x10 метрийн хэмжээтэй оффис, үйлчилгээний барилга барих” зөвшөөрөл олгосон, уг даалгаварын дагуу барилгын эх загвар /эскиз/ зураг батлагдсан, барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарч, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0001077 (440/2014) дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгогджээ.

Нэхэмжлэгчээс дээр дурдсан, Архитектур төлөвлөлтийн даалгавар,  барилгын ажлын зураг төсөлд хийсэн магадлал, ерөнхий дүгнэлттэй маргаагүй, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0001077 (440/2014) дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны ... 07/101/292 тоот дүгнэлтээр ... зөрчилтэй ажлын зураг, зураг төсөлд магадлан хяналт хийж баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1..., Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3...,  7.5.1...,  7.5.9 ... заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, ... барилга баривал ... байрны суурт нөлөөлж, ... нар халхлах, ... хүүхдийн тоглоом, явган хүний зам, машин тавих зай талбайг багасгана” гэж, хариуцагчаас “... барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан /тул/ уг зураг төсөл нь ... шаардлага хангасан, ... зөвшөөрөл олгосон нь ... Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийг зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0001077 (440/2014) дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгох үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 2.4, 4 дүгээр хавсралтын “А”, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т тус тус заасны дагуу явагдаж, уг журамд заасан материалуудыг гуравдагч этгээд бүрдүүлэн өгсөн болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийг хууль зөрчиж зөвшөөрөл олгосон гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Маргаан бүхий 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0001077 (440/2014) дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгогдсоноос хойш буюу 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 07/101/292 дугаартай дүгнэлт гарсан, уг дүгнэлтээр “... зөрчилтэй ажлын зураг төсөлд магадлал хийж баталгаажуулсан, ... барилгын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ... олгосон газраас хэтрүүлэн ногоон байгууламж ... /зэргийг/ төлөвлөсөн, ...хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангах төлөвлөлтийн шийдэл тусгаагүй, ... 36а байр хүртэл 18.8м, 37 дугаар байр хүртэл 3.8м ... байхаар төлөвлөсөн, ... гадна дулааны зураг төслийг ... зөвшилцөөгүй, ... ажлын зураг төсөлд ... шилэн кабел зэргийг зөөхөөр төлөвлөснийг зөөгөөгүй” гэх зөрчлүүд тогтоон, “иргэн Ж.Н-гийн оффис үйлчилгээний барилгын орчны тохижилтыг эзэмшил газраас хэтрүүлэн төлөвлөсөн, барилга хоорондын зай хэмжээ, архитектур төлөвлөлтийн даалгаварыг зөрчсөн ажлын болон эх загвар зураг төслийг баталгаажуулсан зэрэг нь зөрчил гарах үндсэн шалтгаан болсон” гэж дүгнэсэн, уг дүгнэлтэд дурдсан “зураг төслийн” зөрчлүүд нь нэхэмжлэгч “Г” СӨХ-ны “зөрчигдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамаарахгүй байх тул уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Учир нь, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7806 дугаар захирамжаар “...зэрэгцээ 9 давхар барилга барих нь 37 дугаар байрны суурьт нөлөөлөх эсэх” талаар дүгнэлт гаргуулахаар (Барилга, архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төв) шинжээч томилсон, шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/17 дугаар дүгнэлтээр “... суурийн нүх ухсан үед нуралт үүсэхээс хамгаалах... хөрсний бэхэлгээг хийх зайлшгүй шаардлагатай. ... бэхэлгээг чанартай зөв хийсэн нөхцөлд... 37 дугаар байрны суурьт ямар нэг сөрөг нөлөө үүсэхгүй” гэх дүгнэлт гаргасан, 37 дугаар байрны орц болон цонхгүй тал болох хойд талд гуравдагч этгээдийн барилга баригдахаар төлөвлөгдсөн, баригдах барилга нь 36а, 36б байруудын “нарны тусгал, салхины урсгалыг хааж байгаа”-г нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь, хариуцагч нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 07/101/292 дугаартай дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдийг арилгах,  “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн дагуу хийгдэх үйл ажиллагаанд холбогдох хууль, журамд заасан үүргийн хүрээнд хяналт тавих чиг үүргийг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, нэхэмжлэгчийн “...хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА/2017/0623 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0623 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Д-ийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” СӨХ-ноос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА