| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
2024 9 13 2024/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 2435000000138 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн ********************* багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Д.Г /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө Увс аймгийн ************* багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Штай бүлэглэн хохирогч Г.Гийн гэрийн гадна байсан хониноос машин механизм буюу мотоцикл ашиглан нэг тооны 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий хонийг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2435000000138 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Гэм буруугийн хувьд маргаангүй оролцож байгаа тул Д.Гийн хувийн байдлын талаар нотолсон баримтуудыг шинжлэн судлуулна. Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан гэрч Х.Цын мэдүүлэг, хавтаст хэргийн 34 дугаар талд авагдсан шинжээчийн 118 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч Д.Г шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө Увс аймгийн ************* багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Штай бүлэглэн хохирогч Г.Гийн гэрийн гадна байсан хониноос машин механизм буюу мотоцикл ашиглан нэг тооны 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий хонийг хулгайлахыг завдсан болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-04 дүгээр тал),
-Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-07 дугаар тал),
-Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 3 цагийн орчимд ************* багт байрлах гэртээ эхнэр А.Дгийн хамт амарч байхад Д.Г гэдэг залуу хажуудаа нэг хүүхэд дагуулсан мотоциклтой яваад, удалгүй буцаж ирээд гэрийн хаалга цохиод байхаар нь хаалга онгойлгож өгсөн. Тэгээд Д.Г нь Цын хүүхдийн хамтаар орж ирээд 2.5 литрийн пиво ууж дуусгаад гэрээс гараад 5 минут орчим болоход гэрийн хажууд байсан хашаатай хонь үргэж төмөр хашааны чимээ гарахаар нь эхнэр Д гарч харахад Б.Г шар халзан зүсмийн хонь бариад мотоцикл дээрээ суух гээд зогсож байсан. Мөн Дг хараад барьсан хонио тавьж явуулаад өөрсдөө зугтах гэхээр нь би Д.Гийг барьж аваад А.Ганзоригийн гэр лүү орж болсон зүйлсийг хэлсэн. Д.Г манай гэрээс 1 км зайд байдаг айл юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-Гэрч Х.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Нөхрийн дүү болох Д.Гийн талаар гэвэл хичээл сургуульд сурахгүйгээр хөдөө өссөн. Хөдөө ээжийн хамт амьдарч байгаад манай нөхөр бурхан болсноос хойш манайд байж байгаа бөгөөд албан ёсоор тусдаа гарч байгаагүй. Өөр дээр нь өмч хөрөнгө гэж байхгүй. ...Манайд байх хугацаандаа мал маллахад тусалж байдаг. ...Г нь манай нөхрийн дүү учраас манай хүүхдүүдтэй хэвийн буюу ах дүү шиг харилцаатай байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Гэрч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө гэртээ нөхрийн хамтаар амарч байтал гэнэт мотоциклтой хүн гэрийн хажуугаар явах чимээ гараад удалгүй уг мотоциклтой хүн манай гэрийн гадна ирээд гэрийн хаалга цохиод байхаар нь онгойлгож өгөхөд хөрш айлын Д.Г, Цын залуу хоёр орж ирээд 1 пиво уугаад гарсан. Тэгээд удалгүй гэрийн гадна байсан хашаатай хонь үргэх чимээ гарахаар нь босоод харахад улаан өнгийн мотоциклийг Цын залуу барьсан, Д.Г нь мотоциклийн хажууд хонь бариад зогсож байсан бөгөөд Д.Г намайг хараад хулгайлсан хонио тавиад явуулахаар нь би нөхөр Гт болсон зүйлийг хэлэхэд нөхөр Г зугтаах гэж байсан хоёр хүнийг барьж аваад А.З гэх хүний гэр лүү авч ороод болсон зүйлийг хэлсэн. Д.Г, Ц нартай манай гэр бүл ямар нэгэн өр авлага байхгүй. Д.Гийнх манай гэрээс 1 км зайтай байдаг. Мөн хулгайлж авсан хонь нь 5 настай шар халзан зүсмийн зөв чих нь шоргоолжин, буруу чихний үзүүр онтой араасаа ухмал имтэй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Г, Д.Г бид гурав ************* багт Бураагийн адаг гэх газарт айл байдаг бөгөөд Г миний хүргэн болох хүн юм. 2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 12 цаг 30 минутын үед мотоциклийн дуу гарахаар нь гэрээс гараад харахад Д.Г хажуудаа хүүхэд сундалдсан гэрээс хойшоо элс чиглээд явсан. Удалгүй 30 орчим минутын дараа Д.Г Гийн гадна зогсоод гэрт нь ороод 1 цаг орчим болсон байх, гадна хашаатай хонь үргээд байхаар нь би гарах гэж байгаад Г гараад хүнтэй маргалдаад байхаар нь би гараагүй. Тэгсэн Г Д.Гийг дагуулж орж ирээд энэ хоёр залуу манай хонийг хулгайлж байгаад баригдсан гэж хэлсэн. Тэгээд би Д.Гт хандаж “Хүн бага доромжлоорой, айлын хонь хулгайлж байдаг” гэж хэлэхэд Д.Г юм хэлээгүй. Д.Гийн хулгайлж авсан хонь 1 тооны шоргоолжин зүсмийн эр хонь байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний шөнө гэртээ хэвтэж байтал мотоциклийн дуу гарч гэрээс гарч яваад удалгүй буцаж ирээд Гийн гэрийн гадна зогссон. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс маргалдаж тэгээд би унтаж амарсан. Өглөө босоод шөнө юу болсон талаар асуухад Д.Г нь Цын хүүхдийн хамтаар Гийн хоттой хониноос 1 тооны хонь хулгайлж байгаад Гт баригдсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-Шинжээч Я.Нарантуяагийн 118 дугаартай “...2024 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Зүүнговь суманд 5 настай хонины зах зээлийн үнэлгээ 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр эсхүл захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Г насанд хүрээгүй Ш.Шинэбаатартай бүлэглэн шөнийн цагаар хохирогч Т.Гийн гэрийн гадна байсан хониноос 1 тооны хонь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогч Т.Гийн эхнэр А.Дг гэрээсээ гарч ирэхийг хараад буцааж хонийг ижилд нь нийлүүлж орхисон үйл баримт болсон байх тул түүний энэхүү үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Прокуророос шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашигласан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
Учир нь шүүгдэгч Д.Г хохирогч Т.Гийн 1 тооны хонийг хулгайлах үедээ насанд хүрээгүй Г.Штай бүлэглэж үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэхэд мотоциклийг ашигласан байдаг.
Энэ хэргийг бүлэглэж үйлдсэн Г.Шыг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, Г.Ш нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас 4 сар 08 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр тал), Ганболдын Шинэбаатарын төрсний гэрчилгээний лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал) зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан бөгөөд Г.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байна.
Мөн “машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхээр урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нь машин механизм ашиглаж мал хулгайлсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдсон болно.
Прокуророос шүүгдэгч Д.Гийг “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нь бусдын малыг нууцаар, хэнд ч мэдэгдэлгүйгээр төмөр хашаанд байсан хонийг хулгайлан авах үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогч түүний үйлдлийг таслан зогсоосны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг төгсөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлахаар завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Өөрийн алдсан малаа тэр даруйд нь буцаан авсан, ямар нэг хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд хор уршиг учраагүй тул нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал мөн удаа дараагийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгчид 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээж байгаа нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлгээлгэх хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь шүүгдэгч нь өөрийн санаачлагаар, сайн дураараа хохирлыг нөхөн төлсөн зүйлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.
Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой. Өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.
Тиймээс шүүгдэгч Д.Гийн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталсан болно.
Иймд шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял буюу 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Бусад зүйлийн талаар:
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй “LXYPCKL08D0446723” арлын дугаартай мотоцикл нь иргэний нэхэмжлэгч Х.Цын эзэмшлийнх байх тул тус мотоциклийн үнэ 480,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналтай байна” гэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
Шинжээчийн 142 дугаартай дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэх үед ашиглагдсан мотоциклийн үнийг 480,000 төгрөгөөр тогтоосон (хавтаст хэргийн 40 дүгээр тал) байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй “LXYPCKL08D0446723” арлын дугаартай, 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикл нь иргэний нэхэмжлэгч Х.Цын тээврийн хэрэгсэл болох нь нотлогдож байх тул дээрх хуулийн заалтад нийцүүлэн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 480,000 төгрөгийг хурааж улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Гаас гаргуулах хохиролгүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан улсын бүртгэлд бүртгүүлээгүй, “LXYPCKL08D0446723” арлын дугаартай мотоциклийн үнэ 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, “LXYPCKL08D0446723” арлын дугаартай мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН