| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/00128/И |
| Дугаар | 142/ШШ2022/00407 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2022/00407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймаг Тэс сум ******* тоотод оршин суух*******овгийн Б.А /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, ******* овгийн Н.Д /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Н.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие 2019 оны 11 сарын 15-ны өдөр Н.Дтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгөлөг өнгөтэй, приус 20 маркийн 69-98 улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.Дын нэр рүү шилжүүлж өгсөн. 2019 оны 11 сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах хувийн гэрээнд Ванкойн буюу цахим мөнгөөр 3000 гурван мянган койн /нэг койн 6000/ буюу /15.000.000 төгрөг/ худалдан авахаар харилцан тохиролцсон боловч тус койн нь Монгол улсад орж ирээгүй, бирж нь нэгдээгүй учир Н.Д койны эрсдлээ 100 хувь даан автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг төлж эхэлсэн. 2021 оны 7 сарын 24-нд 7.000.00, 2021 оны 11 сарын 4-нд 1.000.000 төгрөг, 2021 оны 11 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг нийт 8.300.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 6.700.000 төгрөгийг миний бие Н.Даас удаа дараа шаардахад сүүлдээ миний утсыг авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд Б.А миний бие Н.Даас автомашин худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 6.700.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ааас Приус 20 маркийн 69-98 улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийж 12 саяд бодоод 3000 койн ванкойн өгөхөөр тохирч гэрээ хийсэн. Гэтэл ванкойн бирж дээр гарах хугацаа нь хойшлогдоод байгаа тул машины үнийг бэлэн мөнгөөр төлөөд одоогийн байдлаар 2021 оны 07-р сарын 24-ний өдөр 7 000 000 төгрөг, 2021 оны 11-р сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 11-р сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2022 оны 01-р сарын 04-ний өдөр 800 000 төгрөг, нийт 9 100 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2 900 000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Үлдэгдэл 2 900 000 төгрөгийг боломжоороо төлж дуусгах болно гэжээ.
3. Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т 'Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заажээ. 2019.11.15-ны өдөр хийсэн хэлцэлд тээврийн хэрэгслийн үнийг МУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг"-өөр илэрхийлж, тооцолгүй койноор илэрхийлсэн нь хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Миний бие шүүхэд анх гаргасан тайлбараасаа татгалзаж байна. Учир нь Б.Ааас авсан машиныг 2021 оны 06 сард 9.200.000 төгрөгөөр зарсан. Машины төлбөрийг миний хүү Ц.Идэрмөнхийн ХААН банкны 5720574549 тоот дансаар 2021.06.13-нд шилжүүлсэн байсан. Анхнаасаа бид машины үнийг 15,0 сая төгрөг гэж тохироогүй тул Б.Ат машины үнэд 10,0 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/, 2019 оны 11-р сарын 15-нд хийсэн худалдах худалдан авах гэрээ /хх-6/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: Н.Дын Хаан банкны депозит дансны хуулга /хх-16-17/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нь Н.Дд холбогдуулан Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би 2018 онд орж ирсэн 2008 онд үйлдвэрлэсэн приус 20 машиныг банк бусаар зээл авч жил гаран унасан. Тэгтэл манай ээжийн хамаатан гэх Доржпалам гэдэг эгч миний машиныг авахаар болж, ванкойн өгөхөөр болоод авч явсан. Тухайн үед ванкойн Монголд орж ирэхгүй бол 15.000.000 төгрөг, эсвэл орж ирсэн машин авч өгье эгчид нь машины хэрэг байна гээд надаас авсан. Жилийн дараа короно гараад 2020 оны 03 дугаар сараас эхлэн утсаар байнга ярьж та мөнгө, эсвэл машин авч өгнө гэсэн яасан бэ гэхэд өгнө одоохондхоо боломжгүй байна гэсээр байгаад 2021 оны 07 дугаар сард би, мөнгөө өгч чадахгүй бол машинаа авъя гэхэд эгч нь маргааш нөхөртэйгээ хот орно тэгээд хүргээд өгье гэсэн. Маргааш нь залгахад хүү маань өчигдөрхөн зарчихсан байна гээд 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 1,0 сая төгрөг, 300 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 800 000 төгрөг, нийт 9 100 000 төгрөг төлсөн. Койн өгч чадахгүй бол 15,0 сая төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Иймд үлдэгдэл 6 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч Н.Д нь шүүх хуралдаанд: ...Бид 2 гэрээ хийхдээ 15.000.000 төгрөг гэж тохироогүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15.000.000 төгрөг гэсэн байна. Яахав би 15.000.000 төгрөгийг өгнө гэж бодож байна. Гэхдээ одоохондоо боломжгүй байгаа учраас 12.000.000 төгрөгийг гүйцээж өгөөд боломжтой болохоороо 3.000.000 төгрөгийг нь өгье гэж бодож байна... гэсэн тайлбар гаргасан.
4. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Б.А нь хариуцагч Н.Дд өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 69-98 улсын дугаартай авто машиныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр койноор худалдахаар тохирч өгсөн талаар талууд маргахгүй байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
8. Талуудын хооронд авто машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
9. Нэхэмжлэгч, Н.Д нь машиныг койн өгөх боломжгүй бол 15 000 000 төгрөг өгнө гэсэн гэдэг, харин хариуцагч койн өгөх боломжгүй бол 12 000 000 төгрөг өгнө гэсэн гэдэг боловч шүүх хуралдаан дээр хариуцагч нь 12,0 сая төгрөгийг гүйцээгээд өгье, харин 3,0 сая төгрөгийг нь боломжтой болохоороо өгье гэж бодож байна гэсэн.
10. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл ирүүлснээс хойш 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт ирүүлсэн банкны дансны хуулгуудаар нотлогдсон бөгөөд нийт 9 100 000 төгрөг төлөгдсөн байна.
11. Иймд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл төлбөрийг төлнө гэж байх тул хариуцагч Н.Даас 5 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 109 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Дорждаламаас 5 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 109 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА