Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/00117

 

 

 

 

                                                              Ч.Э-, О.А-, С.Л-

                                      нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08044 дүгээр шийдвэртэй,

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00310 дугаар магадлалтай,

           

Ч.Э-, О.А-, С.Л- нарын нэхэмжлэлтэй,

            П.Б-т холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл,

 

Гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У-ийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Э-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У-, Б.З, хариуцагч П.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ч.Э-, О.А-, С.Л- нар П.Б-т холбогдуулан Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол, ....-р байр, ... тоот 40 кв.м 3 өрөө орон сууц /цаашид “орон сууц” гэх/-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, 

 

П.Б- нь Д.Г-, Ч.Э- нарын хооронд 2017.12.04-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ /цаашид “2017.12.04-ний өдрийн гэрээ” гэх/, мөн Ч.Э- болон О.А- С.Л- нарын хооронд 2022.05.12-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ /цаашид “ 2022.05.12-ны өдрийн гэрээ” гэх/ -г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 192/ШШ2025/08044 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.5, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017.12.04, 2022.05.12-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, П.Б-ийг орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 210/МА2026/00310 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017.12.04, 2022.05.12-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг Д.Г-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч гомдолдоо “... Дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолд Иргэний хуулийн 128.2 -г тодорхой тайлбарласныг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй... Ч.Э- Д.Г-ын дүү учир хариуцагчийн зөвшөөрлийг авах “...ёстой байсан... худалдагч гэр бүлтэй гэдгийг худалдан авагч мэдэж байсан тул өмчлөх эрх хамгаалагдахгүй... мэтээр дүгнэсэн нь ... өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж буй этгээд гэр бүлтэйг мэдсэн худалдан авагчийн эрх хамгаалагдахгүй...” гэж байгаатай утга буюу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох шаардлагатай... гэрээ улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд хийгдсэн... гэрээ 2017 онд байгуулагдсанаас хойш гэрээний болон орон сууцны үнийн асуудлаар 5 жилийн туршид маргаан гарч байгаагүй... Ч.Э- орон сууцны үнийг төлсөн гэдгээ нотлохын тулд өөрт байсан бүх баримтыг гаргаж өгч тайлбарласан байхад... өөр бусад нотолгооны хэрэгслээр дэмжээгүй... ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг зөрүүтэй тайлбарласан...” гэсэн агуулгатай үндэслэл заасан.

 

5. Өмгөөлөгч П.У-ийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00467 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

 

7. Нэхэмжлэгч нар П.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...ах Нүхтэд байр авч байгаа... миний энэ байрыг ав ...” гэсэн тул би 2017.12.04-ний өдөр ахтай гэрээ хийж, орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон... 25,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд байрыг нэр дээрээ шилжүүлж авсан... үлдэх төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөг зээлж байрыг барьцаанд тавьж, уг зээлээс 19,500,000 төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэх мөнгийг дансаар бага багаар төлсөн. Байрыг суллаж өгнө гээд түлхүүрээ өгсөн. Нүхт рүү нүүгээгүй байхдаа нас барсан. П.Б-т байрыг суллаж өгөхийг шаардаж байсан. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардаж байна ... ” гэж тодорхойлсон.

 

П.Б- хариу тайлбартаа “... би нөхөртэйгөө 1989 онд танилцаж, хамт амьдарч 2 хүүхэд төрүүлсэн... нөхөр маань 2021.09.07-ны өдөр нас барсан. Энэ байрыг бид хоёр 2009 онд худалдаж авах үед би гадагшаа түр явсан байсан тул манай нөхөр байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулсан... худалдаж авсан байрны бичиг баримтыг шилжүүлж авахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан болохоос нөхрийн маань хуваарьт хөрөнгө биш... бидний дундын өмч юм. Манай нөхөр “зээл авахад амар” гээд байраа өөрийнхөө нэр дээр хэвээр байлгадаг байсан ч бид хамтран зээлдэгчээр зээл авдаг, төлдөг байсан. Надад шүүхийн мэдэгдэх хуудас ирсний дагуу шүүх дээр очоод энэ байрыг Ч.Э-ийн нэр дээр 2017 онд шилжсэнийг мэдсэн. Өмнө нэг ч удаа намайг “байр чөлөөл” гэж хэлж байгаагүй... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ...” гэж маргасан.

 

8. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “... орон сууцыг Ч.Э-т худалдсаныг би мэдээгүй... надаас зөвшөөрөл аваагүй тул 2017.12.04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоохыг шаардаж байна... Энэ гэрээг би дүүгээ эмчлүүлэхээр гадаад явсан, ирээд гэрт нь сувилж байх үеэр байгуулсан мэтээр хийсэн байдаг. Мөн манай нөхөр 2015 оны 8 сард бусдад зодуулж ухаангүй байж байгаад хагалгаанд орж, биднийг болон дүү нараа танихгүй байдаг байсан. Гэтэл энэ үетэй давхцан орон сууцыг Ч.Э-т, мөн өдөр зуслангийн газраа дүү Ч.Ц, түүний нөхөрт шилжүүлсэн байдаг. Манай нөхрийн энэ үйлдэл эргэлзээтэй ба хүүхдүүддээ юм үлдээлгүй эцэг ондоо дүү нартаа газар, орон сууцаа өгөх сэтгэл түүнд байхгүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Э- орон сууцыг О.А-, С.Л- нарт худалдсан тул 2022.05.12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна... үр дагаврыг арилгуулахыг шаардаж байна ...” гэсэн үндэслэл /хх1-н 143-144/ заасан.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэг хүний нэр дээр бүртгэлтэй орон сууцыг худалдаж аваад зохих журмын дагуу бүртгэл хийлгэж, мөнгийг нь төлж, шилжүүлэн авсан. Мөнгө хэрэгтэй болсон тул байрыг С.Л- гэдэг хүнд 80,000,000 төгрөгт зарахаар 2022.05.12-ны өдөр гэрээ байгуулсан. 80,000,000 төгрөгөөс 40,000,0000 төгрөгийг авч үлдэх 40,000,000 төгрөгийг төлөх хүртэл О.А- байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа ...” гэж маргасан.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа “... орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна... Ч.Э- орон сууц нь гэр бүлийн хөрөнгө болохыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй... түүний эрх, ашиг сонирхол энэ тохиолдолд хамгаалагдахгүй. 2017.12.04-ний өдрийн гэрээг байгуулахдаа П.Б-ээс зөвшөөрөл аваагүй тул П.Б- шаардлага гаргах эрхтэй... Ч.Э- орон сууцны үнийг Д.Г-од төлсөн нь тогтоогдоогүй... Ч.Э-, О.А- нар орон сууцыг С.Л-т 80,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон нь нотлогдоогүйгээс дүр үзүүлсэн хэлцэл гэж үзнэ... 2022.05.12-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус байна... Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар П.Б- нь өвийн зүйлээс хууль ёсны өвлөх эрхтэй ...” гэсэн үндэслэл заасан.

 

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... нэхэмжлэл болон  2017.12.04-ний өдрийн; 2022.05.12-ны өдрийн гэрээтэй холбоотой шүүхийн дүгнэлт зөв ...харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ П.Б-ийг орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцээгүй... П.Б- болон түүний хүүхдүүд өвийн журмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг авах асуудал энэ маргаанд хамааралгүй ...” гэсэн дүгнэлт хийсэн.

      

11. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан “... шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсгийн албан ёсны тайлбарыг анхаараагүй... худалдан авагчийн эрх хамгаалагдахгүй гэж хууль бус дүгнэлт хийсэн... бүртгэл үнэн зөв байх хуулийн зохицуулалтыг зөрчигдсөн ...” гэх агуулгатай үндэслэл нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.

 

12. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар орон сууцыг хууль бус эзэмшлээс шаардахад бусдын эзэмшил хууль бус байх, Ч.Э-, О.А-, С.Л- нар эд хөрөнгийн өмчлөгч байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэгжинэ.

     

12.1. Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Ч.Э- өөрийн ах Д.Г-ыг эхнэр П.Б-, 2 хүүхдийн хамт 2009 онд авсан орон сууцандаа хамт амьдардаг болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тогтоогдоогүй тул шүүх уг эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэдгийг Ч.Э- 2017 онд гэрээ байгуулахдаа мэдэж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.      

 

Орон сууц Д.Г-ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг Ч.Э- мэдэж байсан, мэдэх боломжтой нь тогтоогдсон тул “улсын бүртгэл үнэн зөв” байх хуулийн зохицуулалт Ч.Э-т хамаарахгүй. Энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 183, 109, 114 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.    

          

12.2. Нэхэмжлэгч нар П.Б-тэй гэрээ байгуулаагүй ч орон сууцыг түүний  эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан тул хариуцагч өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж мэтгэлцэх, Ч.Э-, О.А-, С.Л- нар орон сууцыг шударгаар олж авсан эсэх, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцэл хуульд нийцсэн эсэх талаар маргах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56, 106 дугаар зүйлийг зөрчөөгүй, “... шүүх худалдан авагчийн эрх хамгаалагдахгүй гэж хууль бус дүгнэлт хийсэн... бүртгэл үнэн зөв байх хуулийн зохицуулалт зөрчигдсөн ...” талаарх гомдол үндэслэлгүй байна. 

    

13. Хоёр шатны шүүх орон сууцыг “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө” гэж дүгнэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

 

а/. Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.  

 

Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан “гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1.-126.2.3-т зааснаас бусад, уг хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасан хуваарьт хөрөнгөд хамаарахгүй, өмчлөх эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг хамааруулна.

 

б/. Хэрэгт, П.Б-, Д.Г- нар 1991 оноос хамт амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан, 1992 онд болон 2001 онд хоёр хүүхэд төрүүлж, Д.Г- 2021.09.07-ны өдөр нас барах хүртэл хамт /хх1-н 72/ амьдарсан, орон сууц 2009 онд “Орон сууц бэлэглэлийн гэрээ” гэрээний үндсэн дээр Г.Ж, Ж.Б, Д.Э-, Ж.С нараас Д.Г-ын нэр дээр шилжин /хх1-н 50-54,62/ бүртгэгдсэн, Д.Г- орон сууцыг барьцаалсан зээлд П.Б- хамтран зээлдэгч /хх1-н 27-36/-ээр оролцдог байсан, зээлийг төлж байсан /хх1-н 143/ үйл баримт нотлогджээ.

 

Орон сууц нэг хүний нэр дээр бүртгэлтэй ч уг эд хөрөнгө Д.Г-, П.Б- нар гэрлэснээс хойш бий болсон, уг орон сууцыг худалдаж авсан тухай тайлбар үгүйсгэгдээгүй, маргааны зүйлийг Д.Г- өөрийн хөрөнгөөр худалдан авсан зэрэг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан нөхцөл тогтоогдоогүй тул хоёр шатны шүүх уг хөрөнгийг “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч” гэсэн дүгнэлт хийхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

 

14. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.

 

14.1. Д.Г- Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан үндэслэлээр орон сууцыг дангаараа захиран зарцуулах эрхгүй болохыг нэхэмжлэгч Ч.Э- мэдэж байсан тул түүнийг орон сууцыг шударгаар олж авсан гэж үзэхгүй, түүний өмчлөх эрх нь хамгаалагдахгүй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлсэн 2017.12.04-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж маргах эрхтэй.

 

14.2. Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч Ч.Э- ахынхаа нэр дээр бүртгэлтэй орон сууцыг худалдан авахдаа П.Б-тэй энэ талаар ярилцсан, урьдчилан зөвшөөрөл авсан гэх үйл баримт нотлогдоогүй тул 2017.12.04-ний өдрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. 

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарах үйл баримтыг зөв тогтоосон талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч гэр бүлийн гишүүд хоорондын харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулна.

 

Дээрх үндэслэлээр “... шүүх хуулийн албан ёсны тайлбарыг анхаараагүй ...” гэх гомдол сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй.

 

15. Шүүх 2022.05.12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь зөв болжээ.   

   

Ч.Э- 2022.04.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, П.Б- нэхэмжлэлийн хувийг 2022.04.26-ны өдөр гардан авснаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Э- орон сууцыг О.А-, С.Л- нарт шилжүүлжээ.  

 

О.А- Ч.Э-ийн хамаарал бүхий этгээд бөгөөд С.Л-ын хамт 2022.05.12-ны өдөр гэрээ байгуулахдаа Ч.Э-ийн худалдсан эд хөрөнгөд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар гомдлын шаардлага гарган маргаж байгааг мэдээгүй гэх байдал тогтоогдоогүй буюу шударгаар олж аваагүй, орон сууцны үнийг 40,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарласнаас гадна гэрээний үнийг төлсөн гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

 

Талууд 2022.05.12-ны өдөр гэрээ байгуулахдаа хэлцэл хийх жинхэнэ хүсэл зориггүй, эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй байсан буюу “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” байхад давж заалдах шатны шүүх тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг “... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл ...” гэж үзсэн нь дутагдалтай болсныг залруулна.

 

2022.05.12-ны өдрийн “дүр үзүүлэн хийсэн...” хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм.

 

16. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зөрчөөгүй байна.

     

17. Ч.Э- нь орон сууцыг 2017.12.04-ний өдөр худалдан авсан гэх боловч орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг худалдагчаас шаардаж байсан баримтгүй, гэрээний зүйлийн эрхийн доголдлын талаар маргаж байгаагүй буюу П.Б- өмчлөх эрхээ зөрчигдсөн талаар нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө мэдэж байсан нь тогтоогдоогүй тул “...орон сууцны үнийн талаар 5 жил маргаан гараагүй...” гэх гомдол сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. 

 

2017.12.04-ний болон 2022.05.12-ны өдрийн гэрээний дагуу төлбөр төлөгдсөн эсэх талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэгт нийцсэн байна. 

 

18. Дээр дурдсан үндэслэлээр, 2017.12.04-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар, 2022.05.12-ны өдрийн гэрээг мөн зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон өөрчлөлтийг магадлалын нэг, шийдвэрийн хоёр дахь заалтад оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээв.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00310 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08044 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” тухай  2017.12.04-ний өдрийн гэрээ, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” тухай 2022.05.12-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, .... дүгээр байр, ... тоот орон сууцны зориулалтай, эрхийн улсын ........ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Г- -ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай ...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Ч.Э- нь 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Н.БАЯРМАА

 

   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

 

 Н.БАТЧИМЭГ

 

                                                                    Б.УНДРАХ

 

       Х.ЭРДЭНЭСУВД