Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0576

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг  хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар нэртэй газарт орших ХҮ-******* тоот лицензийг эзэмших тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн эзэмшиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг цаг тухай бүр биелүүлж ирсэн.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1\18 тоот ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг “Ашигт малтмал, газрын тосны газар”-ын даргад гаргасан боловч “Ашигт малтмал, газрын тосны газар”-ын зүгээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж гаргана гэж заасны дагуу ирүүлээгүй байх тул..” гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн талаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7\531 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газарт “Байгаль орчны менежментийн төлөвгөөгөө”-г шинэчлэн батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хандсан боловч Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны улсын байцаагч нарын ар гэрийн гачигдал болон албан томилолтоор зүүн аймгуудаар ажиллаж байсан зэрэг шалтгаанаар 2019 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан нь нэхэмжлэгч “Хелиосхилл” ХХК-тай холбоогүй бөгөөд эрх бүхий этгээд баталсан даруй “Ашигт малтмал, газрын тосны газар”-т холбогдох шаардлагатай баримтын хамт хүсэлтийг гаргасан боловч хариуцагч “Ашигт малтмал, газрын тосны газар” нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...дараа жилийн төлбөрийг...жил бүр урьдчилан төлнө” 34 дүгээр зүйлийн 34.4-т,..”..төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэнээр...төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасны дагуу манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 04-ны өдөр төлдөг, тус хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах заалтыг мөрдлөг болгож байнга биелүүлж байсан болно.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн манай гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг "Шар” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр “Х” ХХК-д олгосон байна.

“Х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанд гадны хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд “Х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Тодруулбал, хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Х” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болжээ гэсэн үг.

Иймд тус газрын Кадастрын хэлтсийн “Х” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гаргасан өргөдпийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ц.Э тус шүүхэд хандаж “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг  хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар нь ар гэрийн гачигдал болон албан томилолтоор ажиллаж байсан гэх шалтгаанаар 2019 оны байгаль орчны төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан нь манай компанитай холбоогүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Шар” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч компанид 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөр төлсөн, тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан, хариуцагч захиргааны байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн үйл баримтууд тогтоогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”...22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж, мөн хуулийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж, мөн хуулийн 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс нэг сарын өмнө дээр дурдсан 4 төрлийн баримт бичгийг хавсарган Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах үүрэгтэй байсан хэдий ч уг хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд нв гаргаагүй тухайд “Орхонтуул сумын засаг дарга болон байгаль орчны байцаагч нар нь зүүн аймгаар томилолтоор ажилласан, ар гэрийн гачигдлын улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан нь манай буруу биш” гэсэн үндэслэл дурдсан бөгөөд үүний дагуу нэр бүхий этгээдүүд тухайн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар шүүхээс лавлагаа хүссэний хариуд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/142 тоот албан бичгээр “...Х ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 12 дугаар сард өгсөн...манайд хүсэлт гаргаж байгаагүй...байгаль орчны байцаагч болон миний бие томилолтоор яваагүй, ар гэрийн гачигдал гараагүй” гэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн буруугаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу хугацаанд нь гаргаагүй болох нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар Орхонтуул сумын засаг дарга болон байгаль орчны байцаагч нар нь захиргааны эрх зүйн харилцааны бие даасан субъектүүд бөгөөд тэдгээрийн хууль бус үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн бол нэхэмжлэгч нь эдгээр захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй байсан хэдий ч энэ талаар гомдол, нэхэмжлэл гаргаж  байгаагүй байна.

Нэхэмжлэгчээс энэ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, 2018 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө гэх баримтад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурж тамга дарсан, харин тус сумын Засаг дарга гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий этгээдээр хянуулахаар хүргүүлээгүй байх тул нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах хууль зүйн боломжгүй.

Иймд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн, ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыш зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Ц.Эоос гаргасан “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг  хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                                             

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН