| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0177/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
2024 9 25 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 2435000000181 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан *************багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш ургийн овогт Б.М /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом *************багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн урд талын засмал зам дээр цагаан өнгийн “Toyota prius-20” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дахин согтуугаар Увс аймгийн Улаангом *************багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн урд талын засмал зам дээр цагаан өнгийн “Toyota Рius-20” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
-Тоёота Приус-20 маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10 дахь тал),
-Зөрчлийн 1734 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл /Б.М 0.41%/, драгер багажаар согтуурал шалгасан мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 11-30 дахь тал),
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
-Гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрийн урд засмал замд ********** улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Тоёота Приус-20 маркийн автомашин нь гурилын үйлдвэрийн дөрвөн замын чиглэлд зорчиж явсныг зогсоож шалгахад уг автомашиныг Б.М нь жолоодож явсан ба жолоочоос гадна 3 хүн дотор нь сууж явсан. Тухайн автомашины жолооч цонхоо доош буулгахад кабин дотроос архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор Б.Мыг цагдаагийн газар авч ирж согтуурал шалгах 7510 маркийн драгер багаж үлээлгэж шалгахад 0.41 хувийн согтолттой гарсан. Б.М нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан тул холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...надтай Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажилладаг байсан С, М нар Хаан банкны автомашины зогсоол дээр таарсан... би зогсож автомашиндаа суулгасан. Сүхбаатар, М бид нар хоорондоо ярилцаж сууж байгаад пиво уухаар болж Сүхбаатар нь Улаангом сумын 2 дугаар багт байрлах “Үүрэг” нэртэй дэлгүүр рүү ороод 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй 2 сав пиво авсан. Тухайн пивыг Сүхбаатар, М бид 3 тэр дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт байрлалтай цэвэр усны худгийн хажууд хувааж уугаад хөдлөх гэтэл М “би машин жолоодож явна” гэхээр нь би түүнд машинаа бариулахаар өгсөн. Тухайн газраас хөдлөөд гурилын үйлдвэрийн дөрвөн зам чиглэн “Дэлгэрэх” дэлгүүрийн урд замд явж байхад цагдаагийн алба хаагч нар зогсоож цагдаагийн газарт авч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
-Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 3 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед М бид хоёр Хаан банкны хажууд алхаж явж байгаад Мянганбаяртай таарсан. Тэгээд түүний машин дотор юм ярьж сууж байгаад пиво уухаар болж Улаангом сумын 2 дугаар багт байрлах “Үүрэг” дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй хоёр пиво худалдаж авсан. Тухайн пивыг бид гурав “Үүрэг” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт байрлалтай цэвэр усны худгийн хажууд ********** улсын дугаартай автомашин дотор авсан хоёр сав пивоо хувааж ууж байгаад Б.M автомашинаа дулаан гражид тавьж цас мөсийг нь хайлуулна гэхээр нь автомашиныг гражид тавих гээд явж байхад цагдаа нар зогсоож, Б.Мыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр цагдаагийн газар авч ирсэн. ...М тэр үед машиныг жолоодож явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Н.Одбаярын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаартай Шүүх химийн шинжилгээний “1. Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Б.Маас авсан гэх 14060945 дугаартай хуруу шилтэй цусанд 0.9 процент промилли спиртийн агууламж илэрч байна. Б.Маас цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
-Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа тараад хамт ажилладаг Мянганбаяр, Сүхбаатар нарын хамт Улаангом сумын 2 дугаар багт байрлах Үүрэг нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво худалдаж авч хойш эргээд гэр хорооллын гудамжинд байрлах ягаан өнгийн худгийн хажууд автомашин дотор сууж байгаад уусан. Тухайн газраас М ********** улсын дугаартай автомашиныг би жолоодож хуучин гурилын үйлдвэрийн урд байрлах асфалтан замаар ертөнцийн зүгээр зүүн зүгт яавж байхад Дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд замын цагдаагийн алба хаагч зогсоон шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр цагдаагийн газар авч ирээд согтуурал шалгах багажаар шалгаж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. ...Цагдаагийн газарт ирж согтуурал шалгах багажаар шалгуулахад 0.41% согтолттой гарсан. ...2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 1 жилээр жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан. ...Надад холбогдох хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу цусан дахь спиртийн агууламж 0.9 процент промиль байсан болох нь шинжээчийн 24 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгч нь Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваанямын 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0207580 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал)-аар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлжээ.
Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дахин согтуугаар Увс аймгийн Улаангом *************багийн нутаг Дэлгэрэх дэлгүүрийн урд зам дээр “Toyota Prius-20” загварын ********** улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиггүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргажээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ лавтай сайн мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиггүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг урьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус саналдаа “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал гаргаж байжээ.
Тодруулбал, шүүгдэгч урьд нь дээрх эрүүгийн хариуцлагыг хүлээхээр прокурортой ялын талаар санал тохиролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 319 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан ба дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Тиймээс шүүгдэгчид дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН