| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0049/Э/001/2024/0070 |
| Дугаар | 2024/ШЦТ/205 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/205
2024 9 25 2024/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 2435000000045 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************************** төвд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ************************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т ургийн овогт Т.М /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар Тоёота пробокс загварын ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар Тоёота пробокс загварын ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-04 дэх тал),
-Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарн 14-ний өдрийн бүртгэлийн 1650 дугаартай Т.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгуулсан хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албн тушаалтан Ц.Эрдэнэболдын шалгасан материал, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, №0207801 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
-Эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
-Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 50 минутын үед Улаангом сумын 12 дугаар багийн нутаг хуучин Дулааны станц буюу Дулааны станц-1 ХХК-ийн урд талын зам дээр Тоёота Пробокс загварын ************ улсын дугаартай суудлын автомашин зам сүлжиж хэвийн бус байдалтай хурд ихтэй явж байсан. Ингээд зогсоох гэтэл уг тээврийн хэрэгслийн жолооч зогсохгүй хурдаа нэмээд чигээрээ баруун зүг рүү Ундрага Увс ШТС-ын дэргэдэх уулзвар чиглээд явсан. Зохицуулагч А.Алтансүх бид хоёр араас нь холоос дагаж явахад ...Хийдийн зогсоол дээр очоод зогссон. Бид очиж жолооч талын хаалгыг нээхэд жолооны ард 40 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...Жолооч нь илт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэл яриа түгдэрсэн, хөл дээрээ зогсож чадахгүй байсан учир шууд цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгах шийдвэр гаргаж цагдаагийн газар дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.М гэх хүн байсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасуулсан иргэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
-Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бид хоёр замдаа хамаатны айлд ороход 1 шил архи задалсан ба түүнийг нь Мөнхжаргал бид хоёр хувааж уугаад халамцуу тэр айлаас хөдөлсөн. Тэндээс хөдлөхөд Мөнхжаргал машин барьсан. Тэгээд засварын газар луу явж байтал дулааны станцын урд зам дээр 2 цагдаа зогсож байсан. Тэгээд хийдийн зогсоол дээр ирэхэд араас цагдаа нар ирж зогсоогоод Мөнхжаргалыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “...Т.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүнээс авсан 22R118335 дугаартай хуруу шилтэй цусанд 2.1 процент промиль спиртийн агууламж илэрч байна. Т.Маас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
-Шүүгдэгч Т.Мын өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу цусан дахь спиртийн агууламж 2.1 процент промиль байсан болох нь шинжээчийн 08 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгч нь Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0207801 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал)-аар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлжээ.
Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин согтуугаар Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт “Тоёота пробокс” загварын ************ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос хэргийг урьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлж байсан бөгөөд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоолоор түүнд холбогдох хэргийг цагаатгасан, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/11 тоот магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн боловч Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХШТ/95 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиггүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргажээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ лавтай сайн мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиггүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгчид дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Мд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширгэх DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН