Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/00113

 

 

 

  

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэр,

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00357 дугаар магадлалтай,

           

Г.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Г.С-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж Андууд хотхоны .... тоот 8 өрөө орон сууц /цаашид “орон сууц” гэх/-ны өмчлөгч болохыг тогтоолгох ...”-ыг шаардсан.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г.С-ыг тогтоож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00357 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 

4. Г.С- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүх хэрэгт буй хүчин төгөлдөр шийдвэрүүдээс энэ нэхэмжлэлд хамааралгүй хэсгийг магадлал гаргахдаа үндэслэл болгосон... энэ нэхэмжлэлийг шүүх өмнө шийдвэрлэж байгаагүйг анхаараагүй... шийдвэрийг үгүйсгэсэн үндэслэлээ магадлалдаа тодорхой заагаагүй... хэргийн оролцогч биш этгээдийн өөр хэрэгт маргах эрхийг хязгаарласан дүгнэлт хийсэн... Д.Б- өмчлөх эрхийг хэрхэн олж авсан талаар дүгнэлт хийгээгүй... түүнийг орон сууцны жинхэнэ өмчлөгч биш гэдгийг банк сайн мэдэж байсан нь тогтоогдсон бөгөөд орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлсэн үйл баримтыг огт дүгнээгүй... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б- нэг ч төгрөг төлөлгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хүсэлт гаргаж, орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн... зээлийн 358,979,000 төгрөгийн төлбөрт Д.Г-ын төлсөн 185,000,000 төгрөгийг орон сууцны хамт авсан байгааг шүүх анхаараагүй... Д.Г- Д.Б- нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр орон сууцыг захиран зарцуулсан үйлдэл, үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарсангүй... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1347 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байтал Д.Б-оос төлбөр гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь процессын алдаа эсэхийг анхаарч үзэхийг хүсэж байна... гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн ...” гэсэн үндэслэл заасан.

 

5. Нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00467 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

7. Г.С- нь “... орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох ...” нэхэмжлэл гаргасан. Шаардлагынхаа үндэслэлийг “... өөрийн эцэг Д.Г-ад 2011.09.21-ний өдөр итгэмжлэл олгосон, Д.Г- уг итгэмжлэлийг үндэслэн 2011.12.28, 2011.12.15-ны өдөр гэрээ хийж  орон сууцыг Д.Б-ийн өмчлөлд шилжүүлж, Д.Б- “К... банк” ХХК-тай  зээлийн гэрээ байгуулж 315,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд уг орон сууцыг тавьсан. 315,000,000 төгрөгөөс Д.Г- 185,000,000 төгрөг, Д.Б- 130,000,000 төгрөг авсан... Д.Г-, Д.Б- нар эвлэрлийн гэрээ байгуулсныг Чингэлтэй дүүргийн шүүх 2013 онд захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд банк энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Мөн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б-оос 358,979,000 төгрөг гаргуулж, “К... банк” ХХК-д олгох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Д.Г- оролцсон. Энэ үйл баримтаар орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Д.Б- биш гэдгийг хариуцагч 2013.10.02-ны өдрөөс хойш мэдэж байсан нь тогтоогдоно. Шүүхийн 1795 дугаар шийдвэрийн дагуу “К... банк” ХХК нь өмчлөгчөөр бүртгэгдсэн ч орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Д.Б- бусдын орон сууцыг зээл авах зорилгоор өөрийн өмчлөлд авч, зээлээ төлөлгүй орон сууцыг санаатайгаар зээлийн төлбөрт шилжүүлсэн. Өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд шударга өмчлөгч биш гэдгийг хариуцагч мэдсэн ч орон сууцыг шилжүүлэн авсан, шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс илүү үнэтэй орон сууцыг төлбөрт тооцон авсан, Д.Г- 185,000,000 төгрөг төлсөн, үлдэх 173,979,000 төгрөгийг төлж орон сууцаа авах хүсэлт гаргахад үл зөвшөөрч буйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлөх боломж байсаар байхад орон сууцыг авсан үйлдлээ зөвтгөж байгаа нь хуулийн агуулгыг зөрчиж байна ...” гэж тодорхойлсон. /хх112,113-118/

 

8. “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргахдаа “... Д.Б- банкнаас 2012 онд 315,000,000 төгрөг зээлж, орон сууц барьцаалсан. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б-оос 358,979,000 төгрөгийг гаргуулж “К... банк” ХХК-д олгож, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч санал болгосноор барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж, өмчлөх эрх “К... банк” ХХК-ийн өмчлөлд хуульд заасан журмын дагуу бүртгэгдэж, гэрчилгээ гарсан. Бүх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүх манай нэхэмжлэлтэй Д.Г-ад холбогдох иргэний хэрэгт “... тус орон сууц нь “К... банк” ХХК-ийн өмчлөлд хуулийн дагуу шилжсэн ...” гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Мөн уг орон сууцыг Г.С-ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр байгаа ...” гэсэн үндэслэл заасан.   

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... Г.С- нь нэхэмжлэлдээ “... хариуцагч нь орон сууцны шударга өмчлөгч биш болохыг тогтоолгох ...” гэж заасан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин үндэслэл нь байна. Хариуцагчид холбогдох энэ хэргийн үйл баримттай шүүхийн шийдвэрүүд гарч хүчин төгөлдөр болсон бөгөөд Г.С- “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийн оролцогч болон маргааны зүйлийн хувьд шийдвэрлэсэн үйл баримт гэж үзэхээргүй байна. Орон сууцны өмчлөх эрх 2015 онд “К... банк” ХХК-д шилжсэн ч Г.С- эзэмшиж байгаа нь тогтоогдсон. Д.Г- 185,000,000 төгрөгийг 2022.12.12-ны өдөр “К... банк” ХХК-д шилжүүлсэн, харин Д.Б- төлбөр төлөөгүй байна. Г.С-, Б.Г- нар Д.Б-ийн төлөх 130,000,000 төгрөгийг төлөхөө удаа дараа илэрхийлэн хүсэлт гаргаж байсан нь нотлогдсон. “К... банк” ХХК нь Б.Г- Д.Б- нар эвлэрсэн 2013 оны 1347 дугаар захирамжтай иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, барьцаанд буй орон сууцны өмчлөгч нь Д.Б- биш гэдгийг мэдсэн тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Д.Г-, Д.Б-т нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 15, 28-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж шүүх үзсэн тул өмчлөх эрх Д.Б-т шилжсэн нь хууль зөрчсөн. “К... банк” ХХК өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Г.С- нь өөрийн хөрөнгийг аливаа этгээдээс хамгаалах, хэн нэгэн өөр этгээд хөрөнгийг нь ашиглахыг таслан зогсоох эрхтэй... Д.Б-ийн төлөх мөнгийг төлж банкийг хохиролгүй болгох хүсэлтийг хариуцагч хүлээн авахгүй байгаа нь ойлгомжгүй байна ...” гэсэн дүгнэлт хийсэн. 

 

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “... нэхэмжлэлийн шаардлагыг шүүх зөв тодорхойлсон байна. Хариуцагч орон сууцыг өмчлөх эрхтэй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, энэ үйл баримтыг ИХШТХШТХ-ийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй тул Г.С- орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй ...” гэж тодорхойлжээ. 

  

11. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөрүүтэй үндэслэл заасан тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ. 

 

12. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

12.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.С- нь “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Д.Б- нарт холбогдуулан 2025.05.08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “... 2012.01.02-ны өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах ...”-ыг шаардсан. /хх1/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.С- 2025.09.22-ны өдөр  нэхэмжлэлээ өөрчлөхдөө “... хариуцагч Д.Б-оос татгалзаж байна... “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан “К... банк” ХХК орон сууцны шударга өмчлөгч биш болохыг тогтоолгох, Г.С- орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох ...” гэж тодорхойлсон.

    

12.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2025.09.22-ны өдөр өөрчлөхдөө     Д.Б-т холбогдуулан шаардлага гаргаагүй ч түүнд холбогдох 2025.05.08-ны өдрийн нэхэмжлэлээсээ татгалзаагүй /хх142-145/ тул шүүх Г.С-ын нэхэмжлэлтэй  хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу захирамж гаргаагүйг буруутгахгүй. 

 

12.3. Г.С- 2025.09.22-ны өдрийн нэхэмжлэлдээ “... орон сууцны шударга өмчлөгч биш болохыг тогтоолгох талаар заасан нь шаардлага бус, харин нэхэмжлэлийн  үндэслэл байх бөгөөд нэхэмжлэлийг “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид  холбогдуулан гаргаж “... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ...”-ыг шаардсан...” гэж хоёр шатны шүүх үзсэн нь зөв байна.   

 

Иймд Г.С- 2025.09.22-ны өдөр “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан “... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ...” шаардлага гаргасан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэж шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 169 дүгээр зүйлд нийцсэн гэж үзлээ.   

 

13. Шүүхийн шийдвэрийн “...удиртгал хэсэгт ...хэргийн оролцогчдыг нэрлэн заана …” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-118.3 дахь хэсэгт заасан. 

 

Анхан шатны шүүх “... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ...” тухай нэхэмжлэлийг хэлэлцэж, шийдвэр гаргасан атлаа шийдвэрийнхээ “удиртгал хэсэг”-т нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр буюу “... барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах ...” гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийг “хариуцагч”-аар заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг тус тус зөрчсөн байна. 

 

Давж заалдах шатны шүүх магадлалдаа Г.С-ын нэхэмжлэлийг зөв тусгасан  боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн дээр дурдсан зөрчилтэй байдлыг дүгнээгүй нь, мөн анхан шатны шүүхийн гаргасан алдааг давтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Д.Б-ийг хариуцагчаар нэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 169 дүгээр зүйлийн 169.1, 166 дугаар зүйлийн 166.4, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт нийцээгүй байна. 

 

Хоёр шатны шүүхийн гаргасан дээрх алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч энэ талаар дурдах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

14. Г.С-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

14.1. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг харьцуулан үзвэл, Д.Г-, Д.Б-, “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарт холбогдох “... 2011 оны 12 дугаар сарын 15, 28-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах ...” тухай нэхэмжлэлтэй хэрэгт Г.С-ыг “... орон сууцны өмчлөгчөөр тогтоох ...” эсэх талаар шүүх дүгнэлт хийж, анхан шатны шүүх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хянаж Г.С-ыг “... орон сууцны өмчлөгчөөр тогтоох ...” эсэх үйл баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдэж өмчлөх эрх хариуцагчид шилжсэн талаар дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

Д.Г-, Д.Б-, “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарт холбогдох хэрэгт Г.С-ыг “орон сууцны өмчлөгчөөр тогтоох” эсэх талаар шүүх дүгнэлт хийж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 182/ШШ2023/01892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн 210/МА2023/01717 дугаар магадлал гаргасан тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг бус, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд нийцээгүй тул залруулна.  

 

14.2. Д.Г- нь хүү Г.С-ын олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг Д.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн, Д.Б-  “К... банк” ХХК-тай 2012.01.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 315,000,000 төгрөгийг  2027.01.02-ны өдөр хүртэл хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд орон сууцыг зарим эд хөрөнгийн хамт барьцаалсан нь тогтоогдсон байна. /хх31-38/

 

Зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013.12.17-ны өдөр 1795 дугаартай шийдвэр гаргаж, Д.Б-оос 358,979,000 төгрөг гаргуулан “К... банк” ХХК-д олгох, Д.Б- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан /хх6-7/, 2014.02.10-ны өдрийн 6897/И дугаар захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Д.Б- барьцааны зүйлийг 630,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал гаргаж, эд хөрөнгийг “К... банк” ХХК-д шилжүүлэхийг 2014.05.27-ны өдөр зөвшөөрч, орон сууц 2015.02.18-ны өдөр “К... банк” ХХК-ийн өмчлөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд бүртгэгдсэн нь нотлогджээ. /хх4-7, 134-140/

 

Орон сууц “К... банк” ХХК-ийн өмчлөлд 2015 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд шилжсэн нь тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон баримт хэрэгт байхгүй тул “... 2011 оны 12 дугаар сарын 15, 28-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус ...” гэж тогтоосны үр дагаврыг Иргэний хуульд заасан журмын дагуу арилгах асуудал “К... банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид хамааралгүй байна. 

 

14.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүх маргааны талаар буюу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй, маргааны үйл баримтыг тогтоохгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Д.Г-, Д.Б- нар орон сууцтай холбоотой  маргааны талаар тодорхой тохиролцоонд хүрч, уг тохиролцоогоо гэрээгээр баталгаажуулсан нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.10.02-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг батлах тухай” 1347 дугаар захирамжаар нотлогдож байна. 

 

Шүүх зохигчийн эвлэрлийг батлахдаа Д.Г-, Д.Б- нарын хооронд үүссэн маргааны үйл баримт, зохигчийн гэм бурууг тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, маргааныг шийдвэрлээгүй, харин тэдгээрийн хүсэл зоригийг баталгаажуулсан тул Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1347 дугаар захирамж хяналтын гомдлыг хангах үндэслэл болохгүй.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.12 дахь хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-96 дугаар тушаалаар 2019.04.08-ны өдрөөс эхлэн “К... банк” ХХК-ийг албадан татан буулгаж, “К... банк” дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон /хх 66-75/ байх тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн агуулга бүхий гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож Г.С-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00357 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “К... банк” дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж Андууд хотхоны ... тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай Г.С-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Г.С- 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Н.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

 

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                               

                                                                                                Д.ЦОЛМОН