Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0059253 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  "Т" ХХК-ийн хүнсний дэлгүүрт дарсны худалдаанд урамшуулал байна гэх асуудлыг шалгаад холбогдогч "Т" ХХК нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар нотлох баримтаар нотлогдсон гэж үзэн уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх бөгөөд "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2018 оны 02 дугаар 06-ны адрийн 0059253 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч "Т" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгч "Т" ХХК нь улсын байцаагчийн 0059253 дугаартай шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчил нь объектив байдлаараа тухайн үед гарсныг хүлээн  зөвшөөрч байгаа боловч уг зөрчлийг үйлдсэн субъектыг буруу тогтоосон гэж үзэж байгаа болно.

Учир нь "Т" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь хүнсний бараа, бүтээгдэхүүндээ хямдрал болон урамшуулалт худалдааг байнга зохион байгуулдан хэдий ч согтууруулах ундаа буюу дарсанд урамшуулалт худалдааг огт явуулж байгаагүй бөгөөд хэрэв урамшуулалт худалдаа явуулбал согтууруулах ундаа сурталчилахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн зөрчил болно гэдгийг сайн мэдэж  байсан.

Харин тус компаний хүнсний дэлгүүрийн менежер Э.У(регистрийн дугаар:***) нь дээрх хуулийн заалтыг зөрчин тухайн үед буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр импортоор оруулж ирсэн "M****" нэртэй дарсанд урамшуулалт худалдааг дур мэдэн явуулсны улмаас манай компани нь гэм буруугүй атал 5 000 000 төгрөгийн торгох шийтгэл хүлээх болоод байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0059253 дугаартай шийтгэлийн хуудсаар "Т" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх эхсэгт зааснаар 5 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хуулт ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул уг үахиргааны актыг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн Зөрчлийн тухай 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг баримтлан "Т" ХХК-д торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, тус компанийн хүнсний дэлгүүрийн менежер эрхэлсэн ажилтай Э овогтой У нь хууль зөрчин урамшуулалт худалдааг дур мэдэн явуулсны  улмаас "Т" ХХК-д 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан захиргааны акт хууль бус Зөрчлийн тухай 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хуулиар хориглосон зар сутралчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасныг баримтлан торгууль оногдуулах ёстой байсан гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн буруутгаад буй улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан үйлдэл нь тодруулвал "Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг баримтлан "Т"  ХХК-д торгууль оногдуулсан үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан байна.

2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 40 минутад "Т" ХХК-ийн хүнсний дэлгүүр /БГД, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 3 байрлах/ Aragonrd Rose гэх нэртэй улаан болон ногоон өнгийн 700 мл-тэй 18 500 төгрөгний үнэ бүхий шилтэй дарсыг 1 ширхэгийг авбал 2 дах нь 50% хямдралтай борлуулж байсан нь үзлэгийн явцад авсан гэрэл зураг болон хямдралтай гэж байрлуулсан зарын хуудас зэргээр нотлогдсон. "Т" ХХК нь /хууль ёсны төлөөлөгч ЧЙ81100302 бичиг баримттай, "Т" ХХК-ийн менежер эрхэлсэн ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 4-48 байр, 38 тоот хаягаар оршин суух Энхцэцэг овогтой Уугантуяа/ Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-т "согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах"-ыг хориглоно гэж заасныг зөрчин "Т" ХХК нь өөрийн хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны урамшуулалт худалдааны самбар байрлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн болох нь зөрчлийн ажиооагаанд авагдсан холбогдох материал, гэрэл зураг, хуулт ёсны төлөөлөгч Э.Уугантуяагаас авсан тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дах заалтыг үндэслэн "Т" ХХК-ийн менежер эрхэлсэн ажилтай Энхцэцэг овогтой Уугантуяаг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож Зөрчлийн тухай 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хуулиар хориглосон зар суталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг баримтлан "Т" ХХК-д торгуул оногдуулсан.

"Т" ХХК нь өөрийн хүнсний дэлгүүрт /Баянгол дүүргийн, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 3-т байрлах/ импортоор оруулж ирсэн Aragones Rose гэх нэртэй улаан болон ногоон өнгийн 700 мл-тэй 18 500 төгрөгний үнэ бүхий шилтэй дарсыг 1 ширхэгийг авбал 2 дах нь 50% хямдралтай гэсэн сурталчилгааны самбар байрлуулан урамшуулалт худалдааг явуулж байсан үйлдэлд Зөрчлийн тухай 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хуулиар хориглосон зар суталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно " гэж заасныг баримтлан "Т" ХХК-д торгуул ногдуулсан юм. Тус зөрчил нь "Т" ХХК  нь өөрийн  хүнсний дэлгүүрт /Баянгол дүүргийн, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 3-т байрлах/ гаргасан үйлдэл байсан. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу "Т" ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н нь “Т” ХХК-ийг “хүнсний дэлгүүрт дарсны урамшуулалт худалдаа явуулсан” зөрчил гаргасан гэж үзэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0059253 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 4 дэх заалтаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

“Т” ХХК уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зөрчил нь обьектив байдлаараа гарсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч зөрчил үйлдсэн субьектыг буруу тогтоосон...тус компанийн хүнсний дэлгүүрийн менежер Э.У нь хууль зөрчиж тухайн үед буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр импортоор оруулж ирсэн M***** нэртэй дарсанд урамшуулалт худалдааг дур мэдэн явуулсны улмаас манай компани нь гэм буруугүй атлаа 5000 000 төгрөгийн торгох шийтгэл хүлээх болоод байна...” гэж тодорхойлжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Архи согтууруулах ундааны зар сурталчилгаанд хийх хяналт, шалгалтын удирдамж”-ийн дагуу хийсэн хяналт шалгалтын явцад “Т” ХХК-ийн /Ханбүргэдэй/ хүнсний дэлгүүрт Aragones Rose нэртэй улаан болон ногоон өнгийн 700 мл-тэй 18500 төгрөгийн үнэ бүхий шилтэй дарсыг 1 ширхэгийг авбал 2 дахь нь 50 хувийн хямдралтай борлуулж байсныг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасан зөрчлийн шинжтэй гэж үзэж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Түүнчлэн “Т” ХХК-иас тус компанийн менежер Э.У-г өөрийн компанийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба Э.У нь мэдүүлэгтээ “...хямдралтай борлуулж байсан, манайх энэ заалтыг мэдэхгүй, хэрвээ мэдэж байсан бол ийм үйлдэл гаргахгүй байсан, цагаан сарын баярыг тохиолдуулж гаргасан урамшуулал байсан, үйлчлүүлэгч нар байнга барааны үнэ асуудаг болохоор дарсны худалдаанд үнийн самбар байрлуулсан байсан, одоо манай байгууллага зөрчлөө арилгасан” гэж мэдүүлжээ.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч улсын байцаагчаас зөрчлийг фото зургаар бэхжүүлсэн, уг фото зургаас үзвэл 1 ширхэгийг авбал 2 дахь нь 50 хувийн хямдралтай гэсэн шошго зүүсэн нь тогтоогдсон байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулахыг хориглоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасан “хуулиар хориглосон зар сурталчилгааг...түгээсэн бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба “Т” ХХК-ийн гаргасан энэхүү зөрчил нь тус компанийн өөрийнх нь гаргасан зөрчил болох нь хангалттай тогтоогдож байх тул хариуцагчийг субьектийг буруу тогтоосон гэж үзэхгүй, тус компанид шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд гомдол гаргагч “Т” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0059253 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН