Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00128

 

    Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00648 дугаар шийдвэртэй, Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.192.409.00 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Б сумын 3 дугаар багийн Засаг даргаар 2013 оноос эхлэн 2 дахь удаа сонгогдон ажиллаж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус багийн Засаг даргыг сонгох ээлжит багийн иргэдийн Нийтийн хурлаас хоёр иргэн багийн Засаг даргад өрсөлдсөн боловч Б.Н би Иргэдийн Нийтийн хуралд оролцсон нийт иргэдийн 57,7 хувийн саналыг авч багийн Засаг даргаар дахин сонгогдсон. Гэвч Б сумын Засаг дарга Х.Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар заалтад багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх гэсэн заалтыг зөрчсөн гэж багийн Засаг даргаар томилохоос татгалзсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн тул миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний бие одоогоор ажилдаа томилогдон ажлаа хэвийн эрхэлж байгаа боловч ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 6 сар 13 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 4,192,409 /сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 636090 төгрөг х 6 сар 13 хоног =4,192,409/ төгрөгийг хариуцагч Б сумын Засаг даргаас гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, миний нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Н-ийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 4,192,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00648 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,192,409 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Б сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2017/0073 дугаартай шийдвэрээр ...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна...”, мөн Б.Н-ийг Б сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон гэж үзэх боломжгүй... гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Б.Н нь анх захиргааны хэргийн шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан боловч түүнийг 3 шатны шүүхийн шийдвэрээр Б сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч Б сумын Засаг дарга нь тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар иргэдийн Нийтийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан нэхэмжлэгч Б.Н намайг томилсон бол өнөөдөр ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо нэхэмжлэхгүй байх байсан ба миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...” гэж заасан эрхийг маань ажил олгогч зөрчсөн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шийдвэрээр Б.Н өмнө нь тус багийн Засаг даргаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, дахин нэр дэвшүүлсэн хугацаандаа хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон асуудал нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговроо хариуцагчаас нэхэмжлэх эрхэд нь саад болохгүй гэж ойлгож байна.         

Тэрээр анхнаасаа Б.Н-ийг багийн Засаг даргаар томилоогүй нь хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж заасныг зөрчсөн бөгөөд томилохоос татгалзсан нь хууль бус үйлдэл юм. Дээрх байдлаас үзэхэд, хариуцагч анхнаасаа хууль бус томилгоо хийхгүйгээр олонхын санал авсан намайг томилсон нөхцөлд би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхгүй, цалин, хөлс авах эрхээр хангагдах бүрэн боломжтой байсан.

Гэхдээ би анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Н-ийг 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгасан шийдвэр гарсны дараах ажилд томилох хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн болохоос биш анх чөлөөлөгдсөнөөс хойших цалинг нэхэмжлээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно...” гэж заасан. Хариуцагч Б сумын Засаг дарга намайг хууль бусаар ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг нэхэмжлэлийн шаардлагадаа нийцүүлэн тайлбарлавал: Даалгах шаардлага байсан бөгөөд энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэгэн зэрэг ойлгогдоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын утга, агуулга өөр байгаа хэдий ч эс үйлдэхүйгээрээ нэгэн адил байгаа учраас намайг ажилд томилохгүй байгаа хууль бус үйлдлийг ажилгүй байсан үеийн хугацаанд оруулж ойлгох нь зүй ёсны хэрэг мөн. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00648 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 4.192.409.00 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хариу тайлбар ирүүлжээ.

 

            Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2014/0073 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0144 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар тогтоол /Б.Н-ийг Б сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг Б сумын Засаг даргад даалгасан/, Б сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “А.Ж-ыг чөлөөлж, Б.Н-ийг ажилд эгүүлэн томилох тухай” б/77 дугаар захирамжид тус тус үндэслэгджээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т ажилтныг буруу халсан үеийн олговрын талаар зохицуулахдаа “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол” гэсэн урьдчилсан нөхцөлийг хуульчилсан ба хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна. Үүнээс үзвэл, ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан байх, түүнийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх зэрэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан бол ажилтанд буруу халсан үеийн олговор олгохоор хуульчилжээ.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй буюу “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг /Б.Н-ийг/ өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Б.Н-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй боловч түүнийг Б сумын 3 дугаар багийн Засаг даргын ажилд томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан тус сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Б.Н-ийг тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.

Ажилтныг хуулийн дагуу томилогдвол зохих ажил, албан тушаалд томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан ажил олгогчийн үйл ажиллагаа нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнтэй эрх зүйн үр дагаврын хувьд ижил бөгөөд Б.Н-ийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажиллавал зохих ажил, албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3.-т зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.   

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор ажилтныг ажилд томилох үүрэгтэй бөгөөд энэ нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг шаардах эрхийг үгүйсгэхгүй тул Б.Н-ийн ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Б сумын 3 дугаар багийн Засаг даргын нэг сарын үндсэн цалин нь 636.090.00 төгрөг болох нь тус сумын Санхүүгийн албаны даргын тодорхойлолт болон Б.Н-ийн тус багийн Засаг даргаар ажиллаж байх үеийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогджээ. Түүний 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сар, ажлын 8 өдөр ажилгүй байсан хугацааны олговрыг тооцвол 4.053.225.00 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т зааснаар хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул Б.Н-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд “төрийн байгууллагын албан тушаалтны албан үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны цалингаараа хохирсон” гэсэн агуулгатай гомдол гаргажээ. Б.Н-ийн нэхэмжлэл нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан учраас анхан шатны шүүх уг иргэний хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамааруулж, мөн зүйлийн 128.1.5.-д зааснаар шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00648 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын санхүүгээс 4.053.225.00 /дөрвөн сая тавин гурван мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулж Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139.184.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Н-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

 

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.500.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б сумын Засаг даргын санхүүгээс 79.802.00 /далан есөн мянга найман зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.000.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК