Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ф ХХК

Хариуцагч: Т.Н

16 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ф ХХК-ний захирал С.Ш , хариуцагч Т.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тост овогтой Н нь 2014 оны 06 дугаар сарын 19-нд манай компаниас 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийг Капитрон банкнаас авч өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 19-нд зээлийн 3 сарын хугацаа дууссан боловч үндсэн зээлээ төлөөгүйгээр барахгүй зээлийн хүүгээ ч хугацаандаа төлөөгүй. Уг зээл, зээлийн хүүг дараах байдлаар төлж эхэлж байгаад орхисон. Нийт зээлийн хүүгийн төлбөр 11 610 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 4 400 000 төгрөг бүгд 16 010 000 төгрөг. Т.Н нь авсан зээл, зээлийн хүүг одоохон төлж барагдуулна гэж олон удаа амаар болон бичгээр баталгаа гаргаж өгч байсан. 2014 оны 6 дугаар сарын 19-нд анх зээл авч баталгаа гаргасан. 2015 оны 02 дугаар сарын 04-нд 1 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалж баталгаа гаргасан. /Бичгийг хавсаргав/ 2015 оны 02 дугаар сарын 04-нд сар шинийн баярын өмнө төлж барагдуулна гэсэн утгатай бичиг өгсөн. /Бичгийг хавсаргав/. 2017 оны 12 дугаар сарын 01-нд хамгийн сүүлд зээл, зээлийн хүүгийн өр авлагын тооцоо нийлээд дахин шинээр зээлийн гэрээ үйлдэж нотариатаар баталгаажуулж харилцан тохиролцсон боловч мөн л төлбөрөө хийхгүй гэрээгээ биелүүлээгүй. /Зээлийн гэрээг хавсаргав/. 2017 оны 12 дугаар сарын 01-нд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хохирлоо төлүүлэхээр шүүхэд хандсан боловч өмгөөлөгч, шүүгчийн тусламжтайгаар бидний нэхэмжлэлийг хүчингүй болгуулсанд гомдолтой байгаа. Иймд манай компаниас зээлсэн 8 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр 16 010 000 төгрөгийг иргэн Т.Н ээс гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү түүний дансаар болон листний мөнгө нийт 6 123 000 төгрөг төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Н миний бие Ф ХХК-д сэтгүүлчээр ажиллаж байхдаа тус байгууллагын дарга С.Ш оос 8 000 000 төгрөгийг зээлсэн. Эргэн төлөлтөө бөөнд нь хийж чадалгүй хувааж өгөх болсон. Эхний 6 сарын хүү болох 160 000 төгрөгийг төлж дараагаар нь бага багаар нябо З ын дансанд хийж байсан. 2015 онд би амаржиж амралтын мөнгөө өрөндөө өгч байсан. Энэ хугацаанд эхний 6 сарын хүүтэй нийлээд 7 073 000 төгрөгийг төлсөн байна. Төрсөнөөс хойш тогтвортой ажилд ороогүй байгаа тиймээс ажилд орж мөнгөтэй тогтмол цалинтай болохоороо өрөө барагдуулах болно хэмээн утсаар ярьж байсан. Одоогоор би сургалтанд сууж ажлын байранд зуучлуулахаа хүлээж байгаа тул С.Ш ийн нэхэмжилсэн 16 010 000 төгрөгийг төлж чадахгүй. Тиймээс би С.Ш ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй, дансны гүйлгээ болон листний мөнгө 6 123 000 төгрөг төлсөн гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Т.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Ф ХХК-ний захирал С.Ш нь тус компаний ажилтан Т.Н т 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй байхаар тохирч Ф ХХК-ний бэлэн мөнгөний зарлагын баримтаар зээл олгосон болох нь зохигчдын тайлбар, Ф ХХК-ний захирал С.Ш ид хандаж Т.Н ийн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөл, Ф ХХК-ний санхүүгийн тамгатай бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус нотлогдож байна. /хх 10-11/

Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 8 000 000 төгрөгийг авсан хийгээд банкны хүүгээр тохиролцсон, Т.Н ийн дансаар болон жирэмсний амаржсаны мөнгө нийт 6 123 000 төгрөг төлөгдсөн, 7 000 000 төгрөгийг 2 сарын 10-ны дотор төлж барагдуулах бөгөөд 9 сарын нэгнээс хойшхи хүүг хадгаламж зээлийн хүүгээр тооцон баргдуулах болно. Энэхүү баталгааны гэрчилгээ болох 1 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн өдөр хүртэл барьцаалуулах гэрчилгээг нотариатаар батлуулан баримтжуулах болно гэсэн хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баримтыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн гэсэнтэй санал нэг байсан бөгөөд дээрхи үйл явдал, баримтын талаар маргаагүй. /хх 9/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр анх хугацааг 3 сар гэж тохирсон боловч дурдсан хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, хадгаламж зээлийн хоршооны хүүгээр тооцон барагдуулахаар зөвшөөрсөн бөгөөд хугацаа тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хариуцагч Т.Н ийн хүүний төлбөрийн талаар зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуулийн дээрхи заалтыг хангасан гэж шүүх дүгнээд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи хүүг Эмпипи ХЗХ-ны хүүний төлбөрөөр тооцон гаргуулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ф ХХК-ний захирал С.Ш нь Эмпипи ХЗХ-той зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 4.5 хувиар хүү төлдөг болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Т.Н ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн зээлийн төлбөрт 2 852 794 төгрөг, хүүний төлбөрт 3 138 080 төгрөг нийт 5 990 874 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 019 126 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал: 3 сарын хугацаатай зээлийн гэрээгээр хариуцагч нь зээл хүүнд нийт 8 480 000 төгрөг төлөхөөс 2 310 000 төгрөгийг төлж 6 170 000 төгрөг үлдсэн. 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс хойшхи хүүг хадгаламж зээлийн хоршооны хүүгээр тооцвол /4.5 хувь/ 2 дугаар сарын хүү 277 650 төгрөг нэмж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1 600 000 төгрөгийг хасч, 3 дугаар сарын хүү 218 144 төгрөгийг нэмбэл 5 065 794 төгрөг үлдэнэ. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хасвал 4 065 794 төгрөг үлдэхээс дансаар өгсөн болон листийн мөнгөний зөрүүний үлдэгдэл 1 213 000 төгрөгийг хасвал үндсэн зээлийн төлбөрт 2 852 794 төгрөг үлдэнэ. 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 44 сарын хүүний төлбөр 3 138 000 төгрөг болно. Талууд зээлийн гэрээнд хугацаа тогтоогоогүй тул шүүхэд шаардах хүртэл хугацаагаар буюу өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацаагаар хүүг тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 238 000 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 110 804 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Н ээс 5 990 874 /таван сая есөн зуун ерэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 019 126 /арван сая арван есөн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н ээс 110 804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ