Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: М.Г

460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Мэдээллийн бирж телевизээр оффисын ширээ, авжурууд шинээр нь зарна гэсэн зар өгсний дагуу 1 хүүхэн ирж сонирхоод авахаар болсон. Өөрийгөө М овогтой Г гэж танилцуулаад сар бүр 200 000 төгрөг төлөөд авъя гэхээр нь бид хоорондоо гэрээ хийсэн. Ингээд оффис ширээгээ 550 000 төгрөг, болор том авжураа 250 000 төгрөгөөр үнэлж нийт 800 000 төгрөг болж гэрээ хийсэн. Ингээд нэхүүлж байгаад 100 000 төгрөг өгсөн. 1 жилийн дараа бас бөөн юм болж нэхүүлж байж 100 000 төгрөг өгсөн. Дахиад 1 жилийн дараа 2018 онд би эвлэрүүлэн зуучлалд хандсан. М ын Г нь би ирж чадахгүй ирэхгүй гэсэн хариуг өгсөн. Дараа нь М.Г надруу утасдаж наад шүүхэд өгсөн өргөдлөө хурдан буцааж ав гээд 140 000 төгрөг өгсөн. М.Г нь 800 000 төгрөг өгөхөөс 340 000 төгрөгийг өгсөн бөгөөд М.Г аас үлдэгдэл 460 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М овогтой Г би иргэн А.А гаас нэг ширээ, авжур хоёрыг 850 000 төгрөгөөр хуучин тавилга авсан. Энэ нь дэлгүүрийн үнээс маш өндөр үнээр өгсөн байсан. Тухайн үед би буцаагаад ав гэтэл үгүй ээ хүн авах гэсэн юмыг чи авсан гээд уурласан. Тэрнээс хойш 2017 оны 06 дугаар сараас эхэлж 100 000 төгрөг, 08 дугаар сард 50 000 төгрөг, нэг хонины мах, 10 дугаар сард 180 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард хамгийн сүүлд 140 000 төгрөгийг төлсөн. Одоо би мөнгө төлж чадахгүй. Нийт 650 000 төгрөг өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М.Г холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нэхэмжлэгч А.А нь албан тасалгааны ширээ, гэрлийн бүрхүүл худалдахаар Мэдээллийн бирж-д зар өгсөн ба зарын дагуу хариуцагч М.Г ирж, талууд албан тасалгааны ширээг 550 000 төгрөг, гэрлийн бүрхүүлийг 250 000 төгрөг нийт 800 000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг сар бүр 200 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.

Худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч М.Г 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 140 000 төгрөг тус тус төлсөн гэж нэхэмжлэгч А.А тайлбарлаж байгаа бол хариуцагч М.Г нийт 850 000 төгрөгийн эд зүйл худалдан авсан. 2017 оны 6 дугаар сард 100 000 төгрөг, 8 дугаар сард 50 000 төгрөг, хонины мах, 10 дугаар сард 180 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 140 000 төгрөг төлсөн нийт 650 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлсэн байна.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Г уг үүргээ биелүүлээгүй.

Тодруулбал: Хариуцагч М.Г нь эд зүйлийг 850 000 төгрөгийн үнэтэй, 650 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбар ирүүлсэн боловч хэдэн төгрөгийн үнэ бүхий хичнээн кг хонины мах байсан, 50 000 ТӨГРӨГ болон 180 000 төгрөгийг хэзээ хэрхэн яаж шилжүүлсэн талаар өөрийн татгалзлын үндэс болсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлож чадаагүй байна.

Иймд хариуцагч М.Г аас 460 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгохоор шийдвэрлэв.

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч М.Г 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардаж авсан боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч А.А гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Жич: Хариуцагч М.Г ийн буяны ажил явдал гарч Улаанбаатар хот явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 12 минутад тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанаар бүртгэгдэн шүүхэд ирсэн байна. Хариуцагчийн гаргасан хүсэлт нь хугацаа хоцорч шүүхэд ирсэн, буяны ажилд оролцох болсон нь холбогдох баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байгааг шийдвэрт дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 21 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г аас 14 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6 900 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Г аас 460 000 төгрөг /дөрвөн зуун жаран мянга/ гаргуулан нэхэмжлэгч А.А д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г аас 14 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6 900 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцааж олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ