| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0675/ |
| Дугаар | 2024/ШЦТ/715 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/715
2024 09 11 2024/ШЦТ/715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
Улсын яллагч Н.Энхтөр /томилолтоор/,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2305028691029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-1, ганцаараа *******,******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн ногооны лангуун дээрээс ******* эзэмшлийн түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 566,000 төгрөг, Голомт банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, “Тэс” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 634,300 төгрөгийн хохирол буюу гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн ногооны лангуун дээрээс ******* эзэмшлийн түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 566,000 төгрөг, Голомт банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, “Тэс” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 634,300 төгрөгийн хохирол буюу гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын “...гэм буруу дээрээ маргахгүй, гэхдээ түрийвчинд 500,000 гаран төгрөг байгаагүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2305028691029 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчоор өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 39 минутад “Хар хорин” захын ногооны лангуун дээр үйлчлүүлж байгаад бор өнгийн Солонгос түрүүвч, дотор нь 500,000 гаруй төгрөг, шатахууны карт, Голомт банкны виза карт автобусны карт зэрэг зүйлсийг мартаад явсан. Буцаж хүрч ирээд худалдагчаас асуухад “Энд байхгүй байна” гэхээр нь ойр хавиар хайгаад байж байтал “Таны дараа эрэгтэй хүн орж ирээд үйлчлүүлсэн. Тэр хүн авсан байх. Та камер шүүлгүүлчих” гэхээр нь би камер шүүхэд хар малгайтай, цагаан фудволктай, цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй хүн байгаа нь камерт бичигдсэн байсан. Тухайн өдөр миний хэтэвчинд шатахууны хөнгөлөлтийн карт, миний өөрийн Голомт банкны 2719308907 дугаартай дансны кредит карт, автобусны карт, манай гурван охины зураг болон 500.000 төгрөг байсан. Манай эхнэр н.Эрдэнэсувд ээлжийн амралтаа авсан байсан. Манай эхнэрийн амралтын мөнгө болон цалин цугтаа бодогдож 4,650,120 төгрөг эхнэрийн Худалдаа хөгжлийн банкны данс руу орсон байсан. Тухайн мөнгөнөөсөө 2.060.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлээд 1,300,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гаргаж авсан. Уг мөнгөнөөс 500,000 орчим төгрөгөөр аяны хэрэгсэл худалдаж авахаар би өөрийн хэтэвчиндээ хийж хадгалсан байсан. Тухайн өдөр миний хэтэвчинд 580,000 төгрөг байсан. Уг мөнгөнөөс 14,000 төгрөгөөр ногооны лангуунаас 1 кг лууван, 500 гр сонгино, 2 кг төмс, 1 кг байцаа, хоёр ширхэг сармис худалдан аваад 566,000 төгрөг үлдсэн байсан. Хоол хүнсний материал зардаг хэсгийн хүнсний ногооны лангуунаас ногоо худалдаж аваад гарах үедээ хэтэвчээ лангуун дээр тавиад орхисон байсан. Хэтэвчээ мартсанаа аяны хэрэгсэл зардаг хэсэг дээр очоод санасан бөгөөд эргэж очоод авах гэтэл байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 26-28, 32-33 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр өөрийн ажиллуулдаг лангуун дээрээ ногоогоо зараад сууж байсан. Харин миний лангуун дээр манай охин Отгонзул сууж байсан. Тухайн өдөр манай охины сууж байсан лангуун дээр өдөр 1 цагийн үед нэг эрэгтэй хүн ирж худалдан авалт хийгээд тооцоогоо бэлнээр төлчхөөд яваад өгсөн. Тухайн эрэгтэй хүнийг явсны дараагаар өөр нэг эрэгтэй хүн ирж үйлчлүүлээд тооцоогоо хийгээд явсан. Тухайн тооцоо нь нийтдээ 14,000 төгрөг болж байсан. Өөр ямар нэг эд зүйл худалдан аваагүй. Удалгүй өмнөх үйлчлүүлэгч нь ирээд “Би танай лангуун дээр хэтэвчээ орхичихсон байна” гэхэд манай охин намайг дуудаж хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэйд “Чи манай хяналтын өрөө рүү ороод камер шүүлгэчих” гэж хэлээд хяналтын өрөө рүү явуулсан. Удалгүй тухайн эрэгтэй буцаж ирээд “Хяналтын камерын бичлэг дээр миний дараа үйлчлүүлсэн эрэгтэй миний хэтэвчийг авч явсан байна” гэж хэлээд миний пос машины мэдээлэл болон дансыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 46-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай нөхөр хэтэвчиндээ бэлэн мөнгөтэй байсан. Би 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж амралтын мөнгө болох 4,065,120 төгрөг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны данс руу орсон. Уг мөнгөнөөс 2,060,000 төгрөгийг Хаан банкны данс руугаа шилжүүлэн авч 1,300,000 төгрөгийн АТМ-ээс бэлнээр гарган авсан. Би үүнээс 580,000 төгрөгийг нөхөртөө бэлнээр өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-51 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-58 тал/,
Хаан банкны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 29/7266 дугаартай албан бичиг /хх-ийн 88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн ногооны лангуун дээрээс ******* эзэмшлийн түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 566,000 төгрөг, Голомт банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, “Тэс” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 634,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ******* мэдүүлэг /хх-22,26-28,32-33 тал/, гэрч мэдүүлэг /хх-36-38,46-47 тал/, гэрч мэдүүлэг /хх-41-43 тал/, “Дамно” ХХК болон “Ашид билгүүн” ХХК нарын хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн ногооны лангуун дээрээс ******* эзэмшлийн түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 566,000 төгрөг, Голомт банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, “Тэс” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 634,300 төгрөгийн хохирол бусдад учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн хэтэвчинд 500.000 мянган төгрөг байгаагүй есөн мянга гаран төгрөг л байсан тэрийг нь хэрэглэсэн гэх хэдий ч түүний энэ мэдүүлгийг хохирогч болон гэрч мэдүүлэг, банкны хуулга зэргээр үгүйсгэгдсэн гэж шүүх дүгнэлээ.
Нөгөө талаас шүүгдэгчийн хохирол хор уршгийг үгүйсгэсэн мэдүүлгийг дэмжсэн ямар нэгэн нотлох баримт хэрэгт цуглараагүй болохыг дурдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Хохирогч д нь гэмт хэргийн улмаас 634.300 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 634.300 /зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуу / төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 634.300 /зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ