Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/727

 


 

 

 



     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

   2024           09             18                                          2024/ШЦТ/727

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөн,

Улсын яллагч П.Итгэл

            Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Ч.Ганбат /ҮД:1327/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403004460542 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******, Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

*******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “...Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2019/254 дугаартай "Илчит тэрэгний засварчин" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн Нарийн хэмжүүрийн цехэд засварчнаар ажилд орсон...” гэх гэмт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* “...Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2019/254 дугаартай "Илчит тэрэгний засварчин" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн Нарийн хэмжүүрийн цехэд засварчнаар ажилд орсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2403004460542 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Манай байгууллага нь Улаанбаатар төмөр замын, Замын даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмаар баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг. Замын даргын тушаалаар анх Улаанбаатар төмөр замын байгууллагад ажилд орж байгаа ажилтны хувийн хэргийг 12 төрлөөр бүрдүүлж архивын нэгж үүсгэдэг. Харин сонгон шалгаруулалтад орохдоо ажил горилогчийн хувьд өргөдөл, зураг, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн хуудас зэргээр материал бүрдүүлэн авдаг. Манай замын даргын тушаал дээр боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар батлуулан авч хувийн хэргийн бүрдүүлэлт хийгдэж байна. Бидний зүгээс ажил горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг шалгуулж байгаагүй. Ажилтан ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-эд Улаанбаатар татах хэсэгт засварчнаар ажилд орох хүсэлт гаргасан байна. Тухайн ажилтны мэргэжил нь авто засварчин, авто механик, бизнесийн удирдлагын бакалаврын боловсролтой. Тусгай мэргэжлийн суурь дээрээ тулгуурлан "Бүтээгч” сургалтын төвийг "Илчит тэрэгний засварчин" мэргэжлээр мэргэжлийн үнэмлэх авсан байсан. Хүний нөөцийн тасгаас *******ийн бүрдүүлсэн материалыг нягтлан Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дугаартай тушаалын 14 дүгээр хавсралтад заасны дагуу ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангасан гэж үзэн ажилд авч одоогоор нарийн хэмжүүрийн цехэд ажиллаж байна. Тухайн ажилтан манай байгууллагын дотоод журмын дагуу зэргийн комиссын шалгалтын нэгдсэн дүгнэлтэд үндэслэн тушаал гардаг. *******ийн хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэдлэг шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин, хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн “...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй. Фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад харуулсан 2020/206 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.", "... Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.", "...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.", "...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулдаг орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө ......хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-94, 107-110/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд, төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүргэл үүсгэгдэж авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг “...баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги, 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч үсчин гэх мэт хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтад явагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/,

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн "... Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно." гэх 1/78 дугаартай албан бичиг /хх-ийн 71/,

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам"-ын хуулбар /хх- ийн 72-83/,

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн "... Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна." гэх 1/190 дугаартай албан бичиг /хх- ийн 86/,

 

2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/1441 дугаартай “*******ийг дагалднаар ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал /хх-ийн 153/,

 

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/1666 дугаартай “*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажилд авах тухай” тушаал /хх-ийн 154/,

 

Ажлын байрны тодорхойлолт “...Засварчин 1 дүгээр зэрэг...” /хх-ийн 155/,

 

Цалингийн картын талаарх мэдээлэл /1хх-157,158 тал/

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 163/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 164/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 165/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 162/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 160-161/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг, баримт ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2019/254 дугаартай "Илчит тэрэгний засварчин" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн Нарийн хэмжүүрийн цехэд засварчнаар ажилд орсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/1441, Б/1666 дугаартай тушаалууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 1/78, 1/190 дугаартай албан бичгийн хариу, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж үйлдсэн, ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглан хөдөлмөр эрхэлсэн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж,

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийг тус тус хуульчилсан байх тул шүүгдэгчийн авсан цалин хөлснөөс ажиллаж байх хугацаанд ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг дээрх хуулийн зохицуулалтуудыг удирдлага болгон түүнд үлдээж зөрүү болох 5.226.000 /таван сая хоёр зуун хорин зургаан мянга/-ийг төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь 2023 оны 8-12 дугаар сард  4.378.000 төгрөгийн цалин хөлсийг татвар, хураамж хасаж тооцсоны дараах байдлаар авсан байх ба Хөдөлмөр,Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 онд 550.000 төгрөгөөр тогтоосныг баримлан 2.200.000 төгрөгийг шүүгдэгчид үлдээн зөрүү цалин хөлс болох 2.178.000 төгрөгийг гэм хорын хохиролд,

 

2024 оны 1 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сар хооронд хөдөлмөр эрхэлж олсон орлого болох 7.008.000 төгрөгөөс Хөдөлмөр,Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 онд 660.000 төгрөгөөр тогтоосныг баримтлан 3.960.000 төгрөгийг шүүгдэгчид үлдээж зөрүү цалин хөлс болох 3.048.000 төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцон нийт  5.226.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийг “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019/254 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээхийг,  шүүгдэгч нь бусдад  төлбөл зохих  төлбөртэй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5.226.000 /таван сая хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019/254 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ