| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00973/И |
| Дугаар | 142/ШШ2019/01081 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2019/01081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х ББСБ
Хариуцагч: Д.У
Зээлийн төлбөр 106 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х ХХК ББСБ-ын захирал Р.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Р.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д овогтой У нь 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 50 000 000 төгрөгийг /Тавин сая төгрөг/ сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, Ч төвд байрлах М хоолны газрын засвар үйлчилгээнд зориулан, эргэн төлөх графиктай 1 тоот зээлийн гэрээг байгуулан мөнгөө мөн өдрийн 01 тоот мөнгөний зарлагын ордероор теллерээс бэлнээр авсан. Гэрчилгээний дугаар 2 , Улсын бүртгэлийн ү- "3 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 3-р хороолол 5 байр 6 тоот 38 метр.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээлийн төлбөрийг барагдуулахаар гэрээ хийсэн. Үндсэн зээл 50 000 000 /Тавин сая төгрөг/, төлөгдөөгүй зээлийн хүү 49 641 667 /Дөчин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран долоон төгрөг/, нэмэгдүүлсэн хүү / 6 358 333 /Зургаан сая гурван зуун тавин найман мянга гурван зуун гучин гурван төгрөг/ нийт 106 000 000 /Нэг зуун зургаан сая төгрөг/ болно. Цаашид төлөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээл төлсөн өдрөөр тооцож авахаар нэхэмжилж байна. Уг зээлийн төлбөр болох 106 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х ББСБ-ын нэхэмжлэлтэй, Д.У надад холбогдох 106 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж зээл олгосон тул хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх үндэслэлгүй харин анх авсан үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК ББСБ нь хариуцагч Д. У т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 106 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлийн төлбөрийн 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зээлдэгч Д.У нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК ББСБ-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй байхаар тохирч, У баг /*/ тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулан гэрээ байгуулсан байна.
Зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон 50 000 000 төгрөгийг өгсөн авсан эсэх, арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан эсэхэд маргаагүй. Маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул авсан 50 000 000 төгрөгөө төлнө гэж хариуцагчийн төлөөлөгч мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46 .1., 453.1.-д заасан хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Тодруулбал: нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн тооцон нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдсан зээл, хүү төлөлтийн графикаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг /*/ тоотод байрлах Ү- "3 улсын бүртгэлийн дугаартай 38.0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 687 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У аас 687 950 төгрөг гаруулан нэхэмжлэгч Х ХХК ББСБ-д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 46 дугаар зүйлийн 46 .1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.У аас үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүний төлбөр 49 641 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 6 358 333 төгрөг нийт 106 000 000 /нэг зуун зургаан сая / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК ББСБ-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг /*/ тоотод байрлах Ү-2101004616 улсын бүртгэлийн дугаартай 38.0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 687 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У аас 687 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК ББСБ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ