| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0700/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/728 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/728
2024 09 18 2024/ШЦТ/728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2403003830563 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, Архангай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний механик мэргэжилтэй, “ТТЕМ” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт, *******,******* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
*******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 15 минутын орчимд “Subaru Forester” маркийн 62-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзэлж зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 10.14 бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал, урд болон арын чагтан холбоосны суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******“... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403000000468 дугаартай хэргээс
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3-4/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******* өгсөн “...Би тухайн өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн хуучин эрүүл мэндийн 7 дугаар төвийн зүүн талд явган хүний зам дээр зогсож байгаад замын зүүн талаас баруун тийш зам хөндлөн гарах гээд автомашины зорчих хэсгээр алхаж явахад урагшаа явж байсан автомашин хүчтэй ухрах үйлдэл хийгээд миний зүүн гар талаас мөргөөд зогссон. Би автомашинд мөргүүлээд хажуу тийш болсон. Би толгой дээрээ жааз бариад явж байсан ба жааз толгой хэсэгт цохисон. Ослын дараа машины жолооч эмэгтэй машинаас бууж ирээд яанаа эгчээ уучлаарай гэж хэлээд түргэн цагдаа дуудсан. Удалгүй түргэний машин ирээд намайг үзээд тариа хийж өгөөд зүрх болон даралтны эм өгөөд явсан. Мөн яаралтай гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэж хэлээд явсан. Би тэр машиныг урагш явж байхыг харсан. Тэгээд би зам руу алхаад ороход л хүчтэй ухраад намайг мөргөсөн ослын улмаас миний зүүн талын хөлний тахилзуур яс хугарсан, урагдалтай мөн тархи доргисон байна гэсэн. Миний эрүүл мэндтэй холбоотой одоогоор 400,000 төгрөгний зардал гарсан байна. Жолооч энэ зардлаас төлөөгүй байгаа. Би гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардлыг нэхэмжилнэ. Намайг эмнэлэгт хэвт гэсэн би өөрөө хэвтээгүй өвдгөндөө төмөр бэхэлгээ зүүгээд явж байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 17/
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 20-22, 41/
Эрүүл мэндийн даатгалын санд 174.690 төгрөг төлсөн баримт /хх-ийн 44/,
Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-82/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Сэргэлэн, Б.Даваасүрэн, С.Эрдэнэцэцэг нарын 2024 оны 07дугаар сарын 26-ны өдрийн №776 дугаартай “...1.Дунгаамаагийн №8052 дугаартай хохирлын зэрэг тогтоох дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Иргэн ******* биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал, урд болон арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн унах, цохих, цохигдох, мөргөгдөх /машинд/ үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэл учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-56/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 87/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 30/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 28/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Subaru Forester” маркийн 62-12 УБУ улсын дугаартай авто машиныг жолоодон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй зогсоол хайгаад бага зэрэг хурдтай явж байсан. Миний зүүн талд нэг машины зогсоол байхаар нь би толиндоо хараад ухрах үйлдэх хийсэн. Тэгэхэд нэг эмэгтэй хүн орилсон. Би машинаа зогсоогоод машинаас буухад 50 орчим насны эмэгтэй машины баруун хойд хэсэгт зогсож байсан. "Чи хүн дайрчихлаа штээ" гээд орилоод байсан. Би 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. Дараа нь түргэний эмч ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйг үзээд даралт ихэссэн байна гэж хэлээд тариа хийж өгөөд гэмтлийн эмнэлэг явж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийсэн. Миний машиныг ослын газраас ачуулсан. Би толиндоо хараад ухрах камерт харахад хүн харагдахгүй болохоор нь ухрах үйлдэл хийсэн. Би 2008 онд жолоодох эрхтэй болсон одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалтай жолоодох эрх хүчинтэй байгаа. Би таксигаар хохирогч эмэгтэйн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан, эмнэлэгт очоод үзүүлэхэд хөлөнд ямар нэгэн хугарал гэмтэл байхгүй, тархи толгой доргисон, өмнө нь гараа хугалж байсан талаар эмч хэлсэн, мөн хөлөө өмнө нь үзүүлж байсан талаар эмч хэлсэн. Би эмчээс нь явган зорчигчийн биеийн байдлыг асуухад санаа зоволтгүй хугарал гэмтэлгүй байна, биеийн байдал нь хэвийн байна гэж надад хэлсэн. Би хохирогчид нийт 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөг эрүүл мэнд, эмчилгээнд зарцуулсан байгаа” ... гэх мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын баруун талын замд 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 11 цаг 15 минутын орчимд Subaru Forester маркийн 62-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана мөн дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдтал урд болон арын чагтан холбоосны суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3-4/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******* өгсөн /хх-ийн 14/, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Сэргэлэн, Б.Даваасүрэн, С.Эрдэнэцэцэг нарын 2024 оны 07дугаар сарын 26-ны өдрийн №776 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-56/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 87/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч *******ийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын баруун талын замд 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 11 цаг 15 минутын орчимд Subaru Forester маркийн 62-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана мөн дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал урд болон арын чагтан холбоосны суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч М.Мөнгөнчимэг нь хохирогч ******* эмчилгээний зардалд 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас төрд учирсан зардалд 174.690 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ер/ төгрөгийг ЭМД Санд тус тус төлсөн байх ба шүүгдэгч хохирогч нар нь энэ талаар маргаагүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******т оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бор адуу овогт Бямбадоржийн Мөнгөнчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эмчилгээний зардалд 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/-н төгрөг, гэмт хэргийн улмаас төрд учирсан зардалд 174.690 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ер/ төгрөгийг ЭМД Санд тус тус төлсөн болохыг, хохирогч Д.Одгэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсан болохыг дурдаад эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ