Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/795

 


 



     

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

   2024           10             09                                        2024/ШЦТ/795

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Агар,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403004270564 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт сумчин ажилтай, ам бүл 4, 3 хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

*******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний засварчин “ажлын байрны тодорхойлолт” зэрэг хууль, эрх зүйн актад нийцүүлэх, ажилд орох зорилгоор Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2022/317 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...”  гэх гэмт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний засварчин “ажлын байрны тодорхойлолт” зэрэг хууль, эрх зүйн актад нийцүүлэх, ажилд орох зорилгоор Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2022/317 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн “гэм буруу дээрээ маргах зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2403004440549 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

Эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-69/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Манай байгууллага нь Улаанбаатар төмөр замын, Замын даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмыг баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг. Ажилтан ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-нд манай байгууллагад анх сумчинаар орох хүсэлт өгөөд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс дагалдан сумчинаар орсон. Тэгээд 2 удаа сонгон шалгаруулалтад ороод тэнцээд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр жинэхлээд одоог хүртэл ажиллаж байна. ******* нь "Бүтээгч" сургалтын төвийг "Төмөр замчин" мэргэжлээр төгссөн байсан. Одоо сумчингийн 2-р зэрэгтэй ажиллаж байгаа. *******ийн хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэргэжил, мэдлэг мэргэжил шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин, хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 127-129/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн "...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.", "... Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан 2024 оны 07 дугаар сарын 22- ны өдөр гэрч ******* дахин өгсөн: "... Надад харуулсан 2022/317, дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.", "... Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.", "... Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.", "...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулдаг орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 89-98/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн ...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтаас нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд Сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг" гэх мэдүүлэг /хх-ийн 101-103/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг ".. Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт.", "... Хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас.", ..Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг" гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/,

 

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам, /хх-ийн 70-82/

Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/780, Б/562 дугаар тушаалууд /хх-ийн 151/,

Цалингийн карт /хх-154-155/,

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 158/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 160/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 159/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 161-162/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг, баримт ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2022/317 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/562 дугаартай тушаалаар сумчнаар ажилд томилогдсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/562, Б/780 дугаар тушаалууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын албан бичгийн хариу, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж үйлдсэн, ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ийн хувьд 2023 оноос хойш төмөр замын байгууллагад хөдөлмөр эрхэлсэн гэх тайлбарыг гаргах ба түүний хөдөлмөр эрхэлж олсон хугацааны цалин хөлсний талаарх баримтыг хавтаст хэрэгт бүрэн хавсаргаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршиг, гэм хорыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг прокурорт нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* “хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2022/317 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршиг, гэм хорыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг прокурорт нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ