Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Иргэдийн төлөөлөгч Р.Баясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-ад холбогдох эрүүгийн 201722000034 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Э-,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Д.Ү-ын гэрт түүнийг “гар утас хулгайлан авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Д.Ү-ын гэдэс рүү өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Д.Ү-ын гэрт түүнийг “гар утас хулгайлан авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Д.Ү-ын гэдэс рүү өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Тэгээд намайг Д.Ү-ынд ороход Д.Ү- орон дээрээ хэвтэж байсан тэгэхээр нь би гар утас маань хаана байна чи миний хоёр дахь утсыг авлаа гэж хэлсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилоод янз бүрээр хэлээд байхаар нь Д.Ү-ыг орноос нь босгож ирээд хөлөөрөө гуяруу нь нэг өшиглөж цээжрүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би Д.Ү-ад чи хоёр утас хулгай хийлээ эхнийхээ гар утсыг алдаад би цагдаа шүүх гэж яваагүй одоо хоёр дахь утсаа алдлаа би одоо яах юм бэ танай эхнэр чи бид гураваас өөр хүн энэ гэрт орж ирээгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Д.Ү-ын өмсөж байсан хувцаснаас гар утасаа хайгаад олоогүй. Тэгэхэд Д.Ү-ын ногоон цоохор куртикны баруун талын халаас цус болсон байсан. Тэгээд би Д.Ү-аас дахиад гар утас хаана байгаа талаар асуухад гэр дотор байгаа талаар надад хэлсэн. Тэгээд гал тогооны өрөөнөөс гурилын банзны уутнаас хоёр гар утас олсон. Тэр хоёр гар утасны нэг нь миний гар утас байсан. Тэгээд нөгөө гар утсыг Д.Ү-ад өөрт нь өгсөн. Би гар утсаа олж аваад гэрлүүгээ орж унтсан гэх мэдүүлэг /хх- ийн 41-р хуудас/,

Хохирогч Д.Ү-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би тэр хэрэг гардаг орой 22-23 цагийн хооронд Б.Э-тай цуг гэрээсээ гараад Буманзын бүжигрүү явсан. Тэгээд явж байгаад Б.Э- утсаа авах гээд Эрдмийн далай цогцолбор сургуулийн хар зам дээрээс салаад манай гэрлүү явсан юм. Тэгээд би ганцаараа буманзын бүжигрүү яваад Буманзын бүжиг дээр очсон. Намайг бүжгэн дээр очсон чинь үүдний билет тасалдаг хүн нь согтуу хүн оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь буцаад гэртээ ирсэн тэгээд намайг гэрт ороход эхнэр хүүхэд хоёр маань унтаж байсан. Би орлуугаа ороод хажуугаар нь унтсан. Тэгээд удаагүй шөнийн 00 цаг өнгөрч байхад Б.Э- үүд нүдээд ороод ирсэн. Би үүдийг онгойлгож өгсөн. Намайг үүд онгойлгонгуут Б.Э- гар утас маань хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь манай гэрт гар утас чинь байгаа би хаана тавьсанаа мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Б.Э- миний гар утсыг гаргаад ир гээд хөлөөрөө хүйсний доохно талруу 2, 3 удаа нэг өшиглөсөн газраа өшиглөсөн тэгээд миний бие эвгүй болсон. Тэгээд манай эхнэр Б.Нэргүйдаваа Б.Э-ын гар утсыг гэрээсээ олж өгөөд байж байсан чинь Б.Э-ын хүү орж ирээд аавыгаа аваад гэрлүүгээ явсан... Би тэр хэрэг гардаг шөнө гэрийнхээ хаалгыг онгойлгох гэж байгаад иртэй зүйлд гараа зүсээд гадуур өмсөж байсан хувцасаа цус болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б.Э-, Д.Ү- хоёр 0.5 литрийн архийг ууж дуусаад 23 цагийн үед бүжиг орлоо гээд хамт гарсан. Тэгээд удаагүй Б.Э- орж ирээд гар утсаа асуусан тэгэхээр нь би чиний гар утас байгаа гэж хэлсэн чинь буцаад гараад явсан. Дараахан нь би охинтойгоо орондоо ороод унтаад өгсөн. Охин бид хоёрыг унтаж байхад яг цаг хэд болж байсныг би мэдэхгүй байна. Д.Ү- гаднаас орж ирсэн. Тэгээд охин бид хоёрын хажуугаар ороод унтаад өгсөн. Д.Ү-ыг орондоо ороод удаагүй байсан чинь Б.Э- үүд тогшоод Д.Ү- хаалга онгойлгож өгсөн. Тэгээд намайг орондоо хэвтэж байсан чинь Д.Ү- Б.Э-ыг аваарай намайг зодоод байна гэж хэлэхээр нь би очоод Б.Э-ыг Д.Ү-аас салгасан. Б.Э- гар утсаа асуугаад байхаар нь цонхны тавцан дээрээс гар утсыг нь Б.Э-ад авч өгөөд үүдний өрөө рүү гаргасан. Тэгээд Б.Э-ыг хүү нь ирж аваад гэрлүүгээ явсан” ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.-н:мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 08-ны 09 цаг хүртэл жижүүртэй байсан. Намайг жижүүртэй байхад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой 19 цаг 30 минутын үед Д.Ү- гэх хүн манай эмнэлэгээр үйлчлүүлэхээр дуудлага өгч эмнэлэгт ирсэн. Манай эмнэлэгт 19 цаг 30 минутанд түргэний машинаар аюулхай цээжээр зовиурласан байдалтай хүнд зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд өөрөө ярихдаа 2 хоногийн өмнө хүнд зодуулсан гэж ярьж байсан. Би Д.Ү-ын биеийг үзээд биеийн ерөнхий байдал хүнд байсан учир яаралтай эхо шинжилгээ, цусны шинжилгээ, эхо рентгэнд харуулж шинжилгээ хийлгүүлсэн. Тэгээд яаралтай мэс заслын тасагт Д.Ү- хэвтэж хагалгаанд орсон. Д.Ү- хүнд зодуулсан талаар надад ярьсан өөр надад тодорхой зүйл хэлээгүй”... гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 22-р хуудас/,

Дахин шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 26-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтэнд:

  1. Д.Ү-ын биед нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл учирсан байна.
  2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой.
  5. Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн 301 тоот өвчний түүх гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Нэгдсэн эмнэлэгийн шүүх эмнэлэгийн комиссын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд:

  1. Өмнөх гаргасан 81 тоот дүгнэлт үндэслэлтэй болно.
  2. Анх эмчилгээ хийлгэх үед Д.Ү-ын биед гэмтэл учирсан болох нь нарийн гэдэсний тасралт, гялтан тас гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. Эмчилгээ бүрэн хийгдэж эдгэрсэн тохиолдолд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  3. Одоо буюу эмчилгээ хийгдсэнээс хойш Д.Ү-ын биед учирсан гэмтлийн байдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Эмчлэгдэх бүрэн боломжтой бөгөөд эмчилгээ болон эдгэрэлтийн дүнгээс энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх  нь хамаарна гэх /хх-ийн 27-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Шүүгдэгч Б.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан оногдуулах хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Э- нь ганц бие эцэг болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн засаг даргын 2017 оны 3 дугаар багийн 17-ны өдрийн “Б.Э- нь тус багийн ... гэх тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 53-54-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдлаа.

Дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Э-ад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, 188.1.2-д зааснаар ... нарыг харгалзан дэмжүүлэхээр Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд зүйлгүй, баримт бичиггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-ад урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН

                            ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР

                            ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ