Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1343

 

 

 

 

 

 

      2020           10           22                                       2020/ДШМ/1343

 

Д.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдсан гомдолд үндэслэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1902 0000 70348Т дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2.0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20.0 сая төгрөг хүртэл байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшнээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшнээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Д” ТББ, “А” ХХК, “Э” ХХК, “А” ХХК, “А”, “ЛЭЦ” ХХК, “Д” ХХК, “М” ТББ, “М” ХХК, “Х” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Ч”, “Г” ТББ, “А” ХХК, “М” ТББ, “Д” ХХК, “Ж” ХХК, “Ө” ОНТҮГ, “А” ХХК, иргэн М.С, Т.Ж, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцгой хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн  прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-ийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Д.Г-д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас харахад Д.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхэд олгогдоогүй асуудлаар дүгнэлт гаргасан, илт хууль бус, ямар ч эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. ...өөр өөрсдийн хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх үүргийн хүрээнд ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаатай холбоотой материалд санхүүгийн хяналт шалгалтыг холбогдох байгууллагаас хийж төслийн талаарх тайлбар тодруулга гаргасан байдаг ба түүнийг нь хянан үзсэний үндсэн дээр Төрийн албаны болон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хариуцлага тооцох эрх үүрэг нь тухайн байгууллагын эрх бүхий удирдах албан тушаалтнуудад байсан болно. Д.Г-ийн хувьд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс тус байгууллагад төрийн үйлчилгээний албан хаагчаар томилогдож Төрийн албаны тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой заасан байдаг бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа 2 жил өнгөрсөн байтал анхан шатны шүүх нь хуулийн эдгээр заалтыг хэрхэн яаж зөрчсөнийг огт дурдаагүй, тухайлбал, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд заасан ямар шийдвэрийг хэрхэн биелүүлэх ёстойгоо биелүүлээгүй, эсхүл албан тушаалтны хууль бус, шударга бус ямар явдалтай эвлэршгүй байх ёстой байсан, эвлэрчихсэн талаар огт дурдаагүй ба энэ нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм журамд хэрхэн нийцэж байгаа бусад зөрчлөөс хэрхэн ялгарч гэмт хэргийн шинжтэй болж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргасан байна. ...Д.Г-ийг Засгийн газрын хэдэн оны ямар шийдвэрийг зөрчсөн талаар тогтоолд огт дурдаагүй, харин Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйл, 2.7.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж үзсэн. Гэтэл тус журмын 2.6, 2.7-д банкинд тавигдах шаардлагыг тодорхой тусгасан байгаа нь банкинд холбогдох заалт болно. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон байдаг ба Д.Г-ий хувьд урьдчилан амласан асуудал огт байхгүй ямар нэг этгээдийн нөлөөлөл, хүчин шаардлагагүйгээр өөрөө бие даан шийдвэр гаргаж ажлын хэсгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн анхдугаар хуралдаанд биечлэн оролцож хэлэлцэх асуудлын хүрээнд өөрийн санал бодлоо илэрхийлэн тэмдэглэлд тусгуулсан төдийгүй бусад хуралдаанд оролцоогүй түүний гарын үсгийг дуурайлган зурсан талаар мэдүүлдэг. Мөн аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад Д.Г нь уг хууль бус үйлдлийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, бусад оролцогчтой урьдчилан тохиролцож амлалт өгсөн нөхцөл нотлогддоггүй ба санаатай хэлбэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж түүнийг зориуд хүсч хохирол, хор уршигт хүргэсэн гэх шинж нь бусад гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхний хуралд оролцохдоо гарын үсэг зурсан. Дөнгөж ажлаа хүлээж аваад удаагүй байсан учир бусад асуудлын талаар сайн мэдэхгүй, ойлгоогүй. Сүүлийн гарын үсгийг Б өөрөө зурсан, эсхүл канондсон уу гэдгийг мэдэхгүй” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Г-ий үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэг авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг судлахад:

Улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Н Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Нийслэл, аймаг орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхээр бэлтгээд байна. Төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200.0 хүртэл сая төгрөг бөгөөд тухайн жилийнхээ батлагдсан төсөвт багтаан салбарын яамдын саналыг авч, нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, 15-аас доошгүй төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа” гэж танилцуулан,   

улмаар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлэх чиглэлийг баталж, үүнтэй холбогдуулан төслийн шалгаруулалт зохион байгуулах удирдамжийг нэгж төслийн төсөвт өртгийг 200.000.000 хүртэл төгрөгт багтаан нээлттэй зарлан 15-аас доошгүй төслийг шалгаруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийн гэрээ байгуулан санхүүжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н-д үүрэг болгожээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр А/88 дугаартай тушаал гаргаж төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байна.

Уг ажлын хэсэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, ажлын хэсгийн гишүүн М.Н, Д.Б, Д.Г, Н.А, Н.У нарыг томилжээ.

“Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга, гишүүд нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар ажиллахдаа төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан болоогүй байхад, сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, мөн оны 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд нэр бүхий 21 хуулийн этгээд, 8 иргэний төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулалт хуульд заасны дагуу явагдсан мэт нөхцөл байдлыг бүрдүүлсэн болох нь тогтоогджээ.

Ийнхүү сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа шалгаруулалт явуулсан, ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэсэн гэж баримт бүрдүүлснээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2.0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20.0 сая төгрөг хүртэл байна”, 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшнээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшнээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэр бүхий 27 иргэн, аж ахуйн нэгж, мөн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэр бүхий 2 иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, хамгийн сайн үнэлэгдсэн гэх төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гэх баримтуудыг хууль бусаар бүрдүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н-д хүргүүлсэн байна.

Улмаар тус газрын дарга Б.Н нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1134 дугаартай албан бичгээр нэр бүхий 7 иргэн, 20 аж ахуйн нэгжийн 27 төслийг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаартай албан бичгээр 1 иргэн, 1 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсныг баталгаажуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н-т хүргүүлж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаал, мөн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар хавсралтаар баталж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“Д” ТББ-д 200.000.000 төгрөгийн, “А” ХХК-д 200.000.000 төгрөгийн,  “Э” ХХК-д 100.000.000 төгрөгийн, “А” ХХК-д 150.000.000 төгрөгийн, “А”-д 123.998.850 төгрөгийн, “Л” ХХК-д 158.000.000, “Д” ХХК-д 196.200.000 төгрөгийн, “М” ТББ-д 200.000.000 төгрөгийн, “М” ХХК-д 200.000.000 төгрөгийн, “Х” ХХК 150.000.000 төгрөгийн, “С” ХХК-д 50.000.000 төгрөгийн, “Э” ХХК-д 50.000.000 төгрөгийн, “Х” ХХК-д 150.000.000 төгрөгийн, “Ч”-д 150.000.000 төгрөгийн, “Г” ТББ-д 80.000.000 төгрөгийн, “А” ХХК-д 157.801.150 төгрөгийн, “М” ТББ-д 200.000.000 төгрөгийн, “Д” ХХК-д 200.000.000 төгрөгийн, “Ж” ХХК-д 100.000.000 төгрөгийн, “Ө” ОНТҮГ-т 120.000.000 төгрөгийн, “А” ХХК-д 100.000.000 төгрөгийн, иргэн М.С-т 110.000.000 төгрөгийн, Т.Ж-д 100.000.000 төгрөгийн, Ч.Н-т 200.000.000 төгрөгийн, Б.Т-т 150.000.000 төгрөгийн, Б.Б-т 40.000.000 төгрөгийн, Б.Ц-д 50.000.000 төгрөгийн, Э.М-д 200.000.000 төгрөгийн, Г.А-д 100.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г нь хамжигчаар оролцсон болох нь:

гэрч Б.Нямдэмбэрэлийн: “...Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б болон дарга Ш нарт би шалгаруулалтад оролцохгүй, намайг шалгарсан төслүүдийг дэмжсэн гэдгээр оруулаарай, би дараа нь гарын үсэг зурна гэсэн. Үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын сүүлээр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б миний ажлын өрөөнд ирж төсөл сонгон шалгаруулалттай холбоотой хурлын тэмдэглэл, шийдвэрүүдэд гарын үсэг зуруулсан. ...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанд огт оролцоогүй. ...2017 оны 8 дугаар сарын сүүлээр тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Баттөгс манай ажлын өрөөнд хурлын тэмдэглэлүүдийг авч ирж гарын үсэг зуруулсан.  ...” /11хх 89/,

гэрч Н.Баттөгсийн: “...Ажлын хэсгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-нд Б.Ш даргын өрөөнд болсон хуралд бол ажлын хэсгийн гишүүд бүгд оролцсон. Дараагийн ажлын хэсгийн хуралдаанууд гэж болоогүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н, Ажлын хэсгийн дарга Б.Ш нар намайг өрөөндөө дуудаад “Ажлын хэсгийг хуралдуулаад байх шаардлага байхгүй” гээд 27 аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэрийг өгч эдгээр төслүүдийг шалгаруулж хурлын тэмдэглэлийг зохиож бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад ир, бүх зүйлийг хуулийн дагуу зөрчилгүй хийгээрэй гэсэн. Би дарга нарын шахалт, дарамтад орж тэдгээрийн өгсөн хууль бус үүрэг даалгавар, шийдвэрийн дагуу тэмдэглэлийг зохион бичиж гишүүдээр гарын үсэг зуруулсан. Тухайн төсөлд шалгарсан 27 аж ахуйн нэгж нь Улсын Их хурлын гишүүн, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н тухайн үед надад өгч байсан материалд шалгарсан 27 аж ахуйн нэгжийн ар талд ямар хүн, албан тушаалтан байгаа талаар жагсаалтаар бичсэн байсан. Сүүлийн нэмэлт санхүүжилтээр хийсэн гэх 2 төсөл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н, сайд Н.Н нарт хамааралтай байсан гэж бодож байна. Тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н-ийн өгсөн материалыг файл хэлбэрт оруулж флашинд хадгалж байгаа. Б.Н дарга надаас тухайн жагсаалтыг хэд хэдэн удаа хэвлүүлж авч байсан. Тухайн жагсаалтыг хадгалж байгаа флаш одоо гэрт байгаа. Шаардлагатай бол гарган өгч болно. Флашинд хадгалж байгаа жагсаалтад шалгарсан 27 төсөл хөтөлбөр нь хэн хэн гэж хүний хамааралтай аж ахуйн нэгж болох талаар тэмдэглээстэй байгаа...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг Б.Ш дарга зааварчилгаа өгч хянан би бичиж байсан. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гишүүд мэдээж болоогүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж байсан болохоор мэдэж байсан гэж бодож байсан. ...Анх намайг тухайн ажлын хэсэгт оруулна гэж байхад нь би орж ажиллах боломжгүй гэдгээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Саналбаяр нарт би өөрийгөө дотоод хяналт мониторингийн газрын мэргэжилтэн ажилтай гэдгийг хэлж байсан боловч миний хэлснийг үл тоон тушаал гаргаж ажлын хэсэгт оруулан нарын бичгийн даргаар томилсон. ...”

“...Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажилласан гэдгээ урд өмнө нь мэдүүлсэн. Энэ төсөл сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа эхнээсээ хууль бус болно гэдгийг мэдээгүй ажлын хэсэгт орсон. Ингээд надаас хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа флаш дискт хадгалаастай байгаа хүснэгтэн мэдээллийг би өөрөө хийж боловсруулсан байгаа. Учир нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Н нь тухайн үедээ хүснэгтэд байгаа хүмүүсийн нэрс шалгаруулах төслийн нэр, хуулийн этгээд, үнийн дүн зэргийг надад гараараа бичиж өгөөд би үүнийг нь хүснэгтэд оруулж өөрийнх нь өгсөн үүргийн дагуу бэлдээд, ингээд хүснэгтэд хийгээд оруулаад ирлээ гэж танилцуулсан. Одоо надад энэ хүснэгтийг хийж байсан программ нь компьютер дээр байхгүй байгаа хэдий ч флаш диск дээр хадгалж авч үлдсэн. Дараа нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс авч үлдэж байсан. Тухайн үед Б.Н дарга надад хэлэхдээ хүснэгтэд оруулж хийснийхээ дараа мэдээллүүдээ устгаарай гэж хэлж байсан ба устгачхаад хувийн флаш диск дээрээ хадгалж авч үлдэж байсан юм. ...” /11 хх 104, 132-133, 12 хх 11-12/

шүүгдэгч Д.Г-ий: “...Би тухайн ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэгт 100 гаруй материал ирж байсан. Ажлын хэсгийн шалгуур үзүүлэлтийн дагуу ирсэн материалуудыг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг тав, зургаан удаа хуралдаж байсан. Хуралдаан болгонд нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж байсан” /11 хх 92/ гэх мэдүүлгүүд,

 “...Н.Н: ...Нийтийн аж ахуй үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулах гээд зорилтот төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200.0 хүртэл сая төгрөг байх бөгөөд тухайн жилийнхээ батлагдсан төсөвт багтаан салбарын яамдын саналыг авч нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, 15-аас доошгүй төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцуулж байна. ...” гэх

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт, /11 хх 36-39/, Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /11хх 105-107, 111-113, 122-124/, Ажлын хэсгээс гаргасан зөвлөмж /11хх 114-115, 125-126/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалууд /11хх 118-121, 129-130/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2017 онд Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоол, тэмдэглэл, тушаал шийдвэрүүд /11 хх 138-190/, Үндэсний аудитын газраас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /11 хх 193-215/, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд /13 хх 11-19/,

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/117 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2017 онд тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн нэр бүхий 111 аж ахуйн нэгж, иргэдийн төслийн мэдээлэл /13 хх 106-112/,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай тус газрын 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 29 иргэн, аж ахуйн нэгжид санхүүжилт олгосон “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн холбогдох журам, тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлэв гэх албан бичиг, түүний хавсралт /13 хх 120-178/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Ажлын хэсгийн хуралдаан болоогүй байхад, журам зөрчиж бүрдүүлсэн хурлын тэмдэглэл, холбогдох баримтуудыг хуралдаанаар хэлэлцсэн байдлаар бүрдүүлж, гарын үсэг зурснаар шүүгдэгч Д.Г нь дээрх 29 иргэн, аж ахуй нэгжид давуу байдал олгосон гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон, тэдний үйлдэл холбогдлууд хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7 дахь заалтад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг, түүнчлэн Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоол, хавсралтаар тогтоосон журмыг баримтлахаар байхад уг заалтуудаар тодорхойлсон журмыг хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллахдаа Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан болоогүй байхад, сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, мөн оны 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд нэр бүхий 21 хуулийн этгээд, 8 иргэний төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулалт хуульд заасны дагуу явагдсан мэт нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.

Гэмт хэргийн хамжигч гэдэг нь гүйцэтгэгчид Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг үйлдэхэд нь тухайн гэмт үйлдлийн хүчийг нэмэгдүүлэх, амар хялбар болгох, боломжийг нээж өгөх зэргээр бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн этгээдийг ойлгодог.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан байх тул тус конвенц нь дотоодын хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр үйлчилж дагаж мөрдөж байна.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 19  дүгээр зүйлд  “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.” гэж, мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж тус гэмт хэргийн шинжийг тодорхойлж, гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцож 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял шийтгэхдээ 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан бөгөөд ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийн бусад оролцогч болох шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.

Анхан шатны шүүх Д.Г-ийг улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамласан атлаа тус хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас их буюу гүйцэтгэгч Н.Б-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байхад, шүүгдэгч Д.Г-ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг хэм хэмжээг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас ихгүй байдлаар зөвтгөж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-аар тогтоосон үйл ажиллагаа, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ зөрчиж нэр бүхий 29 иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих этгээдээс гаргуулах, нөхөн төлүүлэхээр прокурор төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар улсад төвлөрүүлэх нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн...” гэснийг “10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Г-ий өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ