| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0226/3 |
| Дугаар | 128/ШШ2019/0572 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2019/0572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Ж.Н, Ц.Б, Г.С, Ч.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хурлын “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр, Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А-д даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг 2017 онд зохион байгуулж хийсэн Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А нь уг хурлыг зохион байгуулахдаа, тухайн өдрийн иргэдийн Нийтийн Анхдугаар хуралд оролцож саналаа өгөхөөр цугларсан хорооныхоо иргэдээс бултан, өөр газарт очиж тухайн 1-р хороонд оршин суудаггүй, тус хорооны харьяалалгүй иргэдийг цуглуулан хууль бус аргаар хуурамч хурал хийж, уг хурлаараа Л.А З.Э нар нь өөрийгөө дахин тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад томилж, тус хорооны харьяалал бүхий иргэдийг өөрсдийг нь оролцуулахгүй тус хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг хууль бусаар хуралдуулсан тул хорооны иргэд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг хэргийг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 21-ний өдрийн дугаар 221/МА2018/0123 тоот магадлал, мөн захиргааны хэргийн дээд шүүхийн 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн дугаар 180 тоот тогтоолоор эцсийн шийдвэр гарч Л.А-ын зохион байгуулсан Сонгино-хайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг хүчингүйд тооцсон. Гэтэл Л.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үл тоомсорлон дахин хорооныхоо иргэдэд зарлалгүйгээр манай хорооны харьяаллын бус иргэдийг цуглуулан 2019 оны 02-р сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн хоёр эмэгтэй мөн Сонгинохайрхан дүүгийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.А мэтийн хүмүүс зориуд нууцаар 106-р сургуулийн зааланд хуралдуулах гэж цуглуулсан өөрсдийнх нь хүмүүс дээр нэмэгдэж саналаа өгөхөөр ирсэн хорооныхоо иргэдийн нүдэн дээр ширээ засаж, компьютер ээ бэлдэж энд хурал зайлшгүй болох нь гэсэн итгэл үнэмшил төрүүлэн иргэдээ хүлээлгэж байгаад Л.А, Д.А, З.Э Б.Б нар нь сэмээрхэн гарч өөрсдийн гэсэн 30 гаруй хүнийг нууцаар утсаар нь дуудан хамтдаа явж хорооныхоо иргэний танхимд очин тус хорооны харьяаллын бус Тохижилт Үйлчилгээний компанийн ажилчдыг авчирч нийт 50 гаруй хүнтэй ирц хангалтгүй байхад хурал хийсэн дүр эсгэж өөрсдийнхөө нэрийг шууд томилсон юм. Энэ хууль бус хуралд оролцсон тус хорооны иргэн Дамдин овогтой Г гуайг нэрээ дэвшүүлье гэхэд нь нэрийг нь дэвшүүлэлгүйгээр шууд өөрсдийнхөө нэрийг автоматаар томилсон байгаа юм. Д.А нь манай хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралд хувийн ашиг сонирхлоор хандаж өөрийн бие төлөөлөгч байсан Б.Б гэгч нь тус хорооны засаг дарга болох ямарч боломжгүй, хорооны иргэдийн дургүй хүнийг хүчээр тус хорооны засаг дарга болгосон юм.
Иймээс Сонгино-хайрхан дүүргийн 1-р хорооны 2019 оны 02-р сарын 03-ны өдрийн Иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлаар Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол 01, Сонгино-хайрхан дүүргийн 1-р хорооны 2019 оны 02-р сарын 03 ны өдрийн иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгон батлах тухай тогтоол №2
Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны 2019 оны 02-р сарын 03 ны өдрийн иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №3 зэргийг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг дахин хуралдуулахыг Сонгино-хайрхан дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А-д даалгаж өгнө үү, учир нь дээрхи хурлаас гаргасан шийдвэр тогтоолуудыг хүчингүй болгосон тохиолдолд миний болон манай хорооны иргэдийн хорооныхоо иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралд оролцох эрх, тус хорооны иргэд өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн хүнийг Иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлаар сонгох эрх, мөн хорооныхоо иргэдийн Нийтийн Хуралд болон засаг даргад тус хорооны иргэд өөрсдөө нэр дэвшин сонгогдох зэрэг эрх тус тус сэргээгдэх болно.” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар заасны дагуу 2012-2016 онд Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Хурлын дарга, Тэргүүлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж хурлыг товлон зарласан тогтоол гаргасан байдаг. Тухайн Хурлын хуралдаан хуралдуулах тухай тогтоолд Анхдугаар хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 09 цагт 1 дүгээр хорооны Иргэний танхимд хуралдуулахаар товлосон бөгөөд үүнээс хойш Хурлын хуралдааны товд өөрчлөлт оруулаагүй. Хуралдаан зарласнаас хойш хуралдааны зарыг автобусны буудал, гудамж, иргэд ихээр зорчдог байршлуудад нааж, хэсгийн ахлагч нар амаар зар хүргэх ажлыг хийж иргэдийг сонгох, сонгогдох эрхээ эдлэх, хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангаж байсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан. Нэгдүгээр хороо нь 3873 өрхийн 14179 хүн амтай бөгөөд хуралд 130 иргэн оролцоход хүчинтэйд тооцогдоно. Хурлын хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийн иргэний үнэмлэхийг тулган гарын үсгээр баталгаажуулж бүртгэл хийхэд 176 иргэн хуралд ирсэн байх тул тухайн хурлыг хүчинтэйд тооцож хурлыг хуралдуулсан.
Иргэдийн Нийтийн Хурлын даргад Л.А, Дамдингийн Г нар нэрээ дэвшүүлж нууц санал хураалт явуулахад 176 саналын хуудаснаас хүчингүй 5, хүчинтэй 171 саналын хуудас тоологдсоноос Л.А 168 санал буюу 98,4 хувь, Д.Г 3 санал буюу 1,7 хувийн саналыг тус тус авч 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Л.А сонгогдсон.
Хурлын Тэргүүлэгчдэд Ж.Н, Г.С, У.Б, Ч.С нар нэрээ дэвшүүлж 91,2 хувийн саналаар дээрх 4 иргэн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон.
Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэхэд Б.Боос өөр нэр дэвшигч заалнаас гараагүй тул илээр санал хурааж хуралд оролцсон 176 иргэнээс 100 хувийн санал авсан тул хорооны Засаг даргад нэр дэвшүүлж дүүргийн Засаг даргад уламжилсан.
Хурлын үйл ажиллагаа хууль тогтоомж, дотоод журмын дагуу зохион байгуулагдсан тул Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар заасны дагуу 2012-2016 онд Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Хурлын дарга Л.А, Тэргүүлэгч Г.С, Ж.Н нар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж хурлын товыг зарласан тогтоолыг гаргасан. Энэхүү Хурлын хуралдаан хуралдуулах тухай тогтоолд Анхдугаар хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт 1 дүгээр хорооны Иргэний танхимд хуралдуулахаар товлосон бөгөөд үүнээс хойш Хурлын хуралдааны товд өөрчлөлт оруулаагүй. Тогтоолын дагуу 1 дүгээр хорооны иргэний танхимд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө хуралдааныг хуралдуулсан. Уг тогтоолд 106 дугаар сургуульд хуралдаан хуралдуулах тухай огт дурдагдаагүй болно. Хуралдаан зарласнаас хойш хуралдааны зарыг автобусны буудал, гудамж, иргэд ихээр зорчдог байршлуудад нааж, хэсгийн ахлагч нар амаар зар хүргэх ажлыг хийж иргэдийг сонгох, сонгогдох эрхээ эдлэх, хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангаж байсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан. Нэгдүгээр хороо нь 3873 өрхийн 14179 хүн амтай бөгөөд хуралд 130 иргэн оролцоход хүчинтэйд тооцогдоно. Хурлын хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийн иргэний үнэмлэхийг тулган гарын үсгээр баталгаажуулж бүртгэл хийхэд 176 иргэн хуралд ирсэн байх тул тухайн хурлыг хүчинтэйд тооцож хурлыг хуралдуулсан.
Иргэдийн Нийтийн Хурлын даргад Л.А, Д.Г нар нэрээ дэвшүүлж нууц санал хураалт явуулахад 176 саналын хуудаснаас хүчингүй 5, хүчинтэй 171 саналын хуудас тоологдсоноос Л.А 168 санал буюу 98,4 хувь, 1.Г 3 санал буюу 1,7 хувийн саналыг тус тус авч 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Л.А сонгогдсон.
Хурлын Тэргүүлэгчдэд Ж.Н, Г.С, У.Б, Ч.С 1ар нэрээ дэвшүүлж 91,2 хувийн саналаар дээрх 4 иргэн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон.
Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэхэд Б.Б-с өөр нэр дэвшигч заалнаас гараагүй тул илээр санал хурааж хуралд оролцсон 176 иргэнээс 100 хувийн санал авсан тул хорооны Засаг даргад нэр дэвшүүлж дүүргийн Засаг аргад уламжилсан.
Хурлын үйл ажиллагаа хууль тогтоомж, дотоод журмын дагуу зохион байгуулагдсан тул Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.“ гэжээ.
Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж хурлыг товыг зарласан тогтоолыг гаргасан. Энэхүү хурлын хуралдаан хуралдуулах тухай тогтоолд Анхдугаар хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт 1 дүгээр хорооны иргэний танхимд хуралдуулахаар товлосон. Хуралдааны товын дагуу хуралдаанаа хуралдуулсан.
Нэгдүгээр хороо нь 3873 өрхийн 14179 хүн амтай бөгөөд хуралд 130 иргэн оролцоход хүчинтэйд тооцогдоно. Иргэдийн нийтийн хурлын даргад Л.А, Д.Г нар нэрээ дэвшүүлж нууц санал хурааж явуулахад 176 саналын хуудаснаас хүчингүй 5, хүчинтэй 171 саналын хуудас тоологдсоноос Л.А 168 буюу 98.4%, Д.Г 3 санал буюу 1.7 хувийн саналыг тус тус авч 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын даргаар Л.А сонгогдсон.
Хурлын тэргүүлэгчид Ж.Н, Г.С, У.Б, Ч.С нар нэрээ дэвшүүлж 91.2 хувийн саналаар дээрх 4 иргэн хурлын тэргүүлэгчээр
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Б тус шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хурлын “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр, Иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А-д даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1 дүгээр хороонд оршин суудаггүй иргэдийг цуглуулж хууль бус аргаар хуурамч хурал хийсэн, 106 дугаар сургуулийн зааланд хийх итгэл үнэмшил төрүүлж байснаа Хорооны иргэний танхимд очиж хуралдаж дээр дурдсан шийдвэрүүдийг гаргасан нь хууль бус” гэж тодорхойлжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Т.Баас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, тус хурлаас гарсан Иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 01, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 02, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 01 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар магадлалаар нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 02, Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 01 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын Анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 180 дугаар тогтоолоор уг магадлалыг хэвээр үлдээсэн, энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн явуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаснаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар бүхий “иргэдийн Нийтийн Хуралдааныг зарлан хуралдуулах тухай” тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Ням гарагийн 09:00 цагаас Хорооны Иргэний танхимд зарлан хуралдуулж, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгон батлах, Хорооны засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын Хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар бүхий “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр Ж.Н, Г.С, Ц.Б, Ч.С, Л.А нарыг сонгон баталсан, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор Хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар Л.Аыг сонгон баталсан, мөн өдрийн 04 дүгээр тогтоолоор Хорооны засаг даргад Б.Бын нэрийг дэвшүүлэх, Б.Быг 1 дүгээр хорооны засаг даргаар томилж өгөхийг Дүүргийн засаг даргад санал болгосон үйл баримтууд тогтоогдов.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” 23.5д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан…баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах асуудал нь тухайн хорооны иргэдэд зарыг үнэн бодитоор хүргэхтэй шууд хамааралтай бөгөөд энэхүү хуралд зөвхөн тухайн хороонд бүртгэлтэй иргэд хуульд заасан ирцтэйгээр хуралдаж дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхээр зохицуулагдсан байна.
Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар бүхий “Иргэдийн нийтийн хуралдааныг зарлан хуралдуулах тухай” тогтоолоор хорооны иргэдийн нийтийн хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Ням гарагийн 09:00 цагаас Хорооны Иргэний танхимд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн, хуралдааны зарыг боломжит хэлбэрээр хүргэсэн гэх боловч уг зарын дагуу цугларсан зарим иргэдийг “106 дугаар сургуулийн зааланд хуралдана” гэж төөрөгдөлд оруулснаас тухайн хорооны зарим иргэд Иргэний танхимд хуралдсан хуралдаанд оролцож чадаагүй байх ба оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч оролцох боломж олгоогүй нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь хэсэгт зааснаар Хорооны иргэд нь хорооны хуралдаанд оролцох, Хурлын дарга, Засаг даргыг сонгох, сонгогдох бүрэн эрхтэй, энэ эрхээ эдлэх боломжийг бодитоор олгох үүргээ тухайн хуралдааныг зохион байгуулж буй хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Тухайлбал хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд 176 иргэн оролцсон гэж тайлбарлан нотлох баримтаар “Иргэдийн нийтийн хуралдааны ирцийн бүртгэл” гэх 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон 4 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тэдгээр иргэдээс 15 нь тухайн хорооны оршин суугч биш, 8 иргэний регистрийн дугаар алдаатай, 2 иргэний регистрийн дугаар бичигдээгүй, 2 иргэний нэрийг давхардуулж бичсэн нь тухайн өдрийн хуралдааны ирц хуулийн шаардлага хангасан гэдгийг хангалттай нотолж чадахгүй, хуулийн шаардлага хангасан баримт биш байна.
Гэтэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хурлын “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр, Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар тогтоолуудыг гаргахдаа дээр дурдсан ирцийн бүртгэлд заагдсан 176 иргэнийг оролцуулан санал хураалт явуулсан нь үндэслэлгүйн дээр тухайн 176 иргэний өгсөн саналаар Л.Аыг 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаар, түүнчлэн Иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдээр Ж.Н, Г.С, Ц.Б, Ч.С, Л.А нарыг сонгогдсон гэх болон Хорооны засаг даргад Б.Бын нэрийг дэвшүүлсэн гэх хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хуралдаанд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэд оролцох ёстой байхад тус хорооны биш иргэд оролцож санал өгсөн нь тухайн хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэхээргүй, нөгөө талаар оролцох ёсгүй хүмүүсийн саналаар Иргэдийн Нийтийн хурлын дарга, Засаг дарга, Хурлын тэргүүлэгчдийг сонгох үйл ажиллагаа явагдсан, уг сонгуульд оролцох, сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдийг төөрөгдөлд оруулснаас хуралдаанд оролцоогүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхим нь зай багтаамжийн хувьд Хорооны Иргэдийн Нийтийн хуралдааныг зохион явуулах хангалттай талбайгүй гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэсэн байхад хуралдааныг уг танхимд хийхээр товлосон нь хариуцагч захиргааны байгууллага хорооны иргэдийн нийтийн Анхдугаар хуралдааныг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээс үзвэл тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид Л.Аыг нэр дэвшүүлсэн талаар дурдаагүй байхад тус хуралдааны 03 дугаар тогтоолд Л.Аыг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр сонгосон гэж заасан нь бодит байдалтай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасантай нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хурлын “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр, Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдийн нийтийн Анхдугаар хурлын “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр, Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН