| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 183/2024/03622/И |
| Дугаар | 001/ХТ2026/00108 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00108
П.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10314 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00341 дүгээр магадлалтай,
П.А-ын нэхэмжлэлтэй,
ИНЕГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М-н гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. П.А- ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10314 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт заасныг баримтлан П.А-ыг ИНЕГ-ын Захиргаа, удирдлага хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, хариуцагчаас 110,761,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, П.А-ын төлбөл зохих олговроос шимтгэл тооцон бичилт хийхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00341 дүгээр магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргаа, удирдлага хууль эрх зүйн хэлтсийн” гэснийг “Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ “... гэрч оролцуулах хүсэлтийг 2025.12.01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хангаагүй нь зохигчийн эрхийг хязгаарласан... давж заалдах шатны шүүх... хариуцагч ...татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа өнгөрсөн байна... гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан... Зам, тээврийн хөгжлийн яамнаас яагаад албан бичиг ирүүлэх болсон эсэх, яагаад П.А-ыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон, бодит нөхцөл байдалд П.А- нь ажлын байр хасагдсаныг хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан тэтгэмжээ авахаар хандсан эсэх, маргаан бүхий тушаалыг гаргасан этгээдээс бодит нөхцөл байдлыг тодруулж хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох байсан боловч шүүгч уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй ...” гэж тодорхойлсон.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М-н гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00419 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. П.А- ИНЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... ИНЕГ-т 2018.07.10-ны өдрөөс эхлэн Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргаар ажиллаж байгаад Зам тээврийн хөгжлийн яам /цаашид ЗТХЯ гэх/-ны сайдын Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай 2023.08.18-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар ИНЕГ -ын “газар” нь “хэлтэс” болон өөрчлөгдсөнөөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргаар ажилласан. Гэтэл 3 сарын дараа дахин ЗТХЯ-ны сайдын 2023.11.24-ний өдрийн А/299 дүгээр тушаал гарч, ИНЕГ-ын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн үндсэн чиг үүрэг нь Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын алба, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс гэсэн 2 нэгжид шилжсэн. Захиргаа удирдлагын хэлтэс нь Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болсон ч бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэр төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн, хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 3.15, 3.15.1, 3.15.2-т заасны дагуу орон тоог нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана хэмээн тус тус заасан. Гэтэл холбогдох хууль, журам зөрчин 2023.12.14-ний өдөр ИНЕГ нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн дарга болон Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Дээрх ажлын байранд тавигдах шаардлага нь тодорхой нэг хүнд тааруулсан байсан. ИНЕГ нь Засгийн газрын агентлаг хэр нь хэлтсийн даргын ажлын байрны шаардлага нь яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шаардлагатай дүйцэж байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3-т Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Дээрх бүтцийн өөрчлөлтүүдийг Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдаж чиг үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан хийсэн гэж тайлбарладаг хэдий ч Иргэний нисэхийн тухай хууль 2023.07.07-ны өдөр батлагдаж 2024.01.01-нээс мөрдөгдөж эхлэх байсан. Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016.07.27-ны өдрийн 4-р тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын орон тоог 106 орон тоотой баталсан бөгөөд энэ тогтоолд огт өөрчлөлт ороогүй бөгөөд орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй.
Ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч миний эрхэлж байсан мэргэжлийн чиг үүрэг ИНЕГ-т байгаа бөгөөд орон тоо хассан нь бодитой бус ...” гэж тайлбарласан.
8. Хариуцагч ИНЕГ хариу тайлбартаа “... Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.08.18-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай” А/224 дугаартай тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан. Дээрх тушаалыг үндэслэн ИНЕГ-ын даргын 2023.08.21-ний өдрийн А/253 дугаар тушаалаар тус газрын орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Мөн тус газрын бүтцэд ЗТХЯ сайдын 2023.11.24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, Захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл уг өөрчлөлт нь ЗТХЯ сайдын 2023.08.18-ны өдрийн А/224 дугаартай тушаалаар ИНЕГ зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 3.1-д заасан зарчмуудтай нийцэж байна. Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус газрын даргын 2024.02.13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр П.А-той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу нэхэмжлэгчид 2023.11.29-ний өдрийн 119 дугаар мэдэгдэх хуудсаар 2024.01.02-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2024.01.03-ны өдөр 126 дугаартай мэдэгдэх хуудсаар “Иргэний нисэхийн үндэсний төвд шинээр бий болж байгаа Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байр”-р хангаж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах боломжтой. 2024.01.04-ний дотор гэрээ байгуулах талаар мэдэгдсэн ч П.А- нь өмнөх албан тушаалын цалинг хугацаагүйгээр хадгалан цалинжуулах, санал болгосон ажлын байрнаас өөр менежерийн буюу тухайн ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа эзэнтэй ажлын байранд томилуулах зэрэг хууль бус, биелүүлэх боломжгүй нөхцөл тавьж байсан. ИНЕГ-ын албан хаагчид нь төрийн албаны ангилал зэрэглэлд хамрагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай шаардлага тавигдахгүй, бусдад давуу байдал олгоогүй... нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “... П.А-ыг Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажлын байр хасагдсан буюу тухайн ажлын байр “үгүй” болсон гэж үзэх үндэслэлгүй, ажлын байрны нэршлийг өөрчилж даргын орон тоог 1 болгон багасгасан нь орон тоо “цөөрсөн” үндэслэлд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2016.07.27-ны өдрийн 4-р тогтоолоор ИНЕГ-ын орон тоог 106 орон тоотой баталсан бөгөөд ИНЕГ-ын даргын 2024.12.31-ний өдрийн А/631-р “Орон тоо, ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан, Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн газрыг нэг дарга, 11 мэргэжилтэнтэйгээр, нийт 106 хүн байна. Бүтэц нь “газар” биш буцаад “хэлтэс” болж өөрчлөгдсөн талаар хариуцагч тал тайлбарласан. “орон тоо хасагдсан” үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Хууль эрх зүйн газрын дарга П.А-ыг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасантай нийцэхгүй байна. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь тогтоох нь зүйтэй. Тодруулбал нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болж өөрчлөгдсөн байна. Үүнтэй холбогдуулан 2024.02.13-наас шүүхийн шийдвэр гарсан 2025.12.01-нийг хүртэл хугацаагаар олговрыг тооцно ...” гэсэн үндэслэл заасан.
10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ “... шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв боловч түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь бус өөр ажлын байранд томилсон шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулна. ИНЕГ-ын зохион байгуулалт, бүтцийг 2023 онд 2 удаа өөрчилсөн нь Төрийн албаны тухай хуулийн зорилтыг зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул түүнийг өмнө ажиллаж байсан ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтооно. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь бус шинээр бий болсон ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хуулийн 9.1 дэх заалттай нийцээгүй ...” гэж тодорхойлсон.
11. Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
11.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч нь ИНЕГ-ын даргын 2024.02.13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1-83.6, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.10, 8.7.4-г баримтлан, “... Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын орон тоо хасагдсан ...” үндэслэлээр 2024.02.13-ны өдрөөр тасалбар болгон П.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
ЗТХЯ-ны сайдын 2023.11.24-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, 2023 оны 119, 2024 оны 126 дугаартай мэдэгдлээр “... Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын ажлын байр хасагдсан ...” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024.01.02-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар, Иргэний нисэхийн Үндэсний төвд шинээр бий болж буй Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байраар хангах, хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой талаар хариуцагчаас мэдэгдсэн байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “... тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно ...” гэж заасан.
ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.15 дахь хэсэгт ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд... харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас... нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс... нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэж зааснаас гадна ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг салбар, нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг болон ажилтны гүйцэтгэх ажил үүрэгт өөрчлөлт орохоос бусад тохиолдолд засварлахгүй гэж заасан байна.
ИНЕГ-ын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн нь дээрх хууль, журамд нийцээгүй тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
11.2. Ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тохиолдолд түүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтооно.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй, П.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед нэхэмжлэгч Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
12. Ажилтныг “... хуучин ажилд эгүүлэн тогтоох бодит боломжгүй ...” гэсэн агуулгатай гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Ажилтныг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд ажил олгогч түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.
Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно.
13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх П.А-ын нэхэмжлэлд 2024.05.24-ний өдөр хэрэг үүсгэж 2025.12.01-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн, зохигчийн гаргасан хүсэлтийг шүүх тухай бүр өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.
Хариуцагч гэрч асуулгах тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-г зөрчөөгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00341 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид ИНЕГ Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 711,758.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ