Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОД ХХК

Хариуцагч: ЭФ ХХК

174 615 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ОД ХХК-ийн захирал Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОД ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компаний 2014 онд нийлүүлсэн улаан буудайн үнийг ЭФ ХХК нь 2016 оны 08 дугаар сарыг хүртэл сунжруулж төлснөөс Г ХХК-д төлөх техникийн төлбөр болон бусдад төлөх төлбөртөө хүү, алданги, долларын өсөлт зэргээс их хэмжээний хохирол хүлээсэн. Иймд 2016 онд Улаан буудай худалдах худалдан авах гэрээнд төлбөр гүйцэтгэх талаар хатуу тохирч, гэрээний 4.1.11, болон 4.1.12-р заалтыг онцгойлон оруулж улаан буудайгаа нийлүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд 889.22 тонн улаан буудайг тонн тутмыг нь 450 000 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж, нийт 400 149 000 төгрөгийг ЭФ ХХК нь ОД ХХК-д төлөх ёстой. Гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 300 000 000 /75 хувийг бодоход/ төгрөг төлөхөөс 140 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алданги 50 000 000 төгрөг болсон. Гэрээний үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор нийт төлбөрийг төлж барагдуулахаас 190 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 210 000 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 21-нд сүүлчийн төлбөрийг хийсэн. Дээрх төлбөрийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 124 615 000 төгрөг, нийт 174 615 000 төгрөг болсон. Алдангийн 174 615 000 төгрөгийг ЭФ ХХК-иас гаргуулж ОД ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ОД " ХХК-н нэхэмжлэлтэй танилцсан болно. Тус нэхэмжлэлд 2016 оны улаан буудай худалдан авсан гэрээ болон түүнтэй холбоотой төлбөрийн хугацаа хэтэрсэнээс ОД ХХК нь гуравдагч этгээдийн өмнө алдагдал хүлээсэн хэмээн бичсэн байна. Бид гуравдагч этгээдэд алдагдал төлөх үндэслэл байхгүй байна. Үүнд:

1.ЭФ ХХК болон ОД ХХК нь хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 1 тоот гэрээний дагуу төлбөр тооцоог хийж барагдуулсан. Тус гэрээнд гуравдагч этгээдийн өмнө ЭФ " ХХК нь хариуцлага хүлээх тухай огт заагаагүй бөгөөд зөвхөн ОД ХХК-аас улаан буудай худалдан авч төлбөр барагдуулах гэрээ билээ. /Мөн манай компанид 2017, 2018 онуудад хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу дахин улаан буудай нийлүүлсэн бөгөөд тус гэрээнд ч гурав дахь этгээдийн өмнө ЭФ ХХК нь хариуцлага үүрэх тухай заагаагүй, зөвхөн улаан буудай худалдан авах тухай гэрээ байгаа./

2.2016 оны гэрээний дагуу улаан буудайн төлбөрийг хуваарьт хугацаанд барагдуулсан боловч компанийн дотоод санхүүгийн нөхцөл байдлаас болж 1-2 сарын хугацаа хэтэрсэн тохиолдол байгаа. Гэвч хугацаа хэтэрсэн тухайн үед ОД ХХК-ийн удирдлага болох Д.Э тай биеэр уулзаж, утсаар ярьж алданги төлөхгүйгээр хэд хоногоор төлбөрийг хойшлуулан тохиролцож байсан болно.

З.Компани хоорондын төлбөр тооцоо, санхүүгийн баталгаа болгож "ЭФ ХХК болон ОД ХХК нь хоорондын тооцооны үлдэгдлийг 2017, 2018 онуудад баталгаажуулж Тооцоо нийлсэн актыг үйлдэж байсанТус актанд Д.Э нь өмнөх гэрээний төлбөр тооцоог хийж дууссан хэмээн хүлээн зөвшөөрч тамга гарын үсэг зурсан болно. /Тооцоо нийлсэн актыг хавсаргав/ Иймээс манай компанийн хувьд тус компанийн гаргасан алданги нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОД ХХК нь хариуцагч "ЭФ ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл буюу алдангийн төлбөрт 174 615 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч түүний төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үргэлжлэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байхаар, нийлүүлэх буудайн хэмжээг тооцоо нийлсэн актаар тогтоож, нэг тонн буудайн үнийг 450 000 төгрөг, буудайн чанарыг гэрээнд тусгайлан зааж, төлбөрийн 70-80 хувийг 2016 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тооцоо хийх, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд гэрээний гол нөхцлийг тохирсон хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ОД ХХК нь хариуцагч "ЭФ ХХК-д нийт 889.22 тонн улаан буудайг нийлүүлж, тонн тутмыг 450 000 төгрөгөөр тооцож нийт 400 149 000 төгрөгийг хариуцагч "ЭФ ХХК-аас гаргуулан авсан бөгөөд төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусах нөхцөлтэй байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сүүлчийн төлбөр тооцоо хийгдсэн байна. Хариуцагч компани хугацаа хоцроосноос болж манай компани гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үр дагавар үүссэн тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.12-т заасны дагуу эхний төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 50 800 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг хугацаа хоцроосны алданги 124 615 000 төгрөг нийт 174 615 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Хариуцагч "ЭФ ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Манай компани 2016 онд худалдан авсан улаан буудайн үнийг бүрэн төлж барагдуулсан. Бусад компаниудтай гэрээг жилийн хугацаагаар байгуулсан боловч ганц ОД ХХК-тай богино хугацааны гэрээ байгуулсан байдаг. Бид компаний нөөц бололцоог шавхаж төлбөр тооцоог тухай бүр нь хийхийг зорьж байсан боловч гэрээнд заасан хугацаанаас 2 сараар хэтрүүлэн төлөлт хийж дуусгасан. Бидний хооронд тооцоо нийлсэн актуудыг үйлдэж байсан бөгөөд энэ үед болон үүний дараа ч гэсэн алдангийн төлбөрийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байсан. Бид төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсан тул алдангийн төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохигчдын хооронд Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээ байгуулагдсан хийгээд нийлүүлсэн улаан буудайн чанар, хэмжээ төлбөрийн талаар маргаагүй. Харин гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцлийн дагуу алдангийн төлбөрийн талаар мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд худалдагч улаан буудай бэлтгэн нийлүүлж, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус тодорхойлжээ.

Талууд гэрээгээр анзын төлбөр авахаар тохиролцсон байх бөгөөд үндсэн төлбөрийг 2 сарын хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь зохигчдын тайлбар, банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигчид тооцоо нийлсэн актууд үйлдэн үлдэгдэл төлбөрөө тооцож байсан бөгөөд алдангийн төлбөрийн талаар энэхүү актад огт дурдаагүй, энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас шаардаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэжээ.

Гэрээний нэгдүгээр зүйл нийтлэг үндэслэл хэсэгт тооцоо нийлэх актаар талууд бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг тохиролцсон байх бөгөөд актаар үлдэгдэл төлбөрөө тооцохдоо алдангийн талаар огт тохиролцоогүй, энэхүү төлбөрийг тооцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан хариуцагч "ЭФ ХХК-аас 174 615 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОД ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 031 025 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ