Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: Б.А

15 022 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.А д 14 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд, өнөөдрийг хүртэл зээл болон, зээлийн хүүг төлж барагдуулаагүй. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Б.А нь эвлэрэхгүй гэдгээ иэрхийлсэн байна. Нэгэнт гэрээгээр хүлээн зөвшөөрсөн үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн мөнгөө гаргуулж авах зайлшгүй шаардлага гарсан тул дээрх мөнгийг Б.А гаас гаргуулж өгнө үү. Б.А тай мөнгөө авах талаар уулзсан, мөн түүний ээж Одгэрэл нартай утсаар ярьсан боловч төлж барагдуулахгүй, шүүхэд өг гэдэг байдлаар хандаж байгаа тул Б.А гаас үндсэн зээл 14 000 000 төгрөг түүний хүү 1 022 000 төгрөг, нийт 15 022 000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох талаар тусгаж талууд энэ тухайгаа хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан хэдий ч алдангийг авахгүй гэж үзэж тооцоогүй болно гэжээ.

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид 2017 оноос Б.А тай харилцаж байсан боловч 2017 оны зээл, зээлийн хүүгийн тооцоо дууссан, энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Харин 2018 оны 5 сараас эхэлж авсан мөнгөний тооцоо л дуусаагүй явсаар өдий хүрч байгаа. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3 470 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6 910 000 төгрөг бүгд 20 380 000 төгрөг авсан. Ингээд 2018 оны сүүлчээр буюу 12 дугаар сарын 26-нд тооцоо хийгээд дээрх 16 000 000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн тул гэрээ хийсэн. 2019 оны 0дугаар сарын 04-ний өдөр дахин тооцоо хийгээд нэмж 2 900 000 төгрөг дансаар шилжүүлж өгөөд үндсэн зээл 14 000 000 төгрөг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан, энэ мөнгийг нэмж аваад зээл, зээлийн хүүгийн төлөлт огт хийгээгүй тул шүүхэд хандсан. Иймд үндсэн зээл 14 000 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлээгүй. Б.А гийн бодсон мөнгөний хэмжээгээр тооцоо хийдэг байсан. Тэр бүх баримт өөрт нь байгаа. Иймд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би зээл авсан нь үнэн боловч зээлийн төлбөрийг хүүний хамтаар бүрэн төлж дуусгасан гэж үзэж байна. Учир нь би 2017 оны 5 дугаар сарын 24-нд 9 240 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 940 000 төгрөгийг төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4 950 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 710 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 9 дугаар сарын 5-нд 2 635 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 9 760 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 4 625 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 14-нд 9 585 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 405 880 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 8-нд 3 470 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний 4 200 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр 16-ны өдөр 10 150 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 7 575 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 7 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12 900 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 15-нд 4 480 000 төгөргийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 29-нд 3 470 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 6 910 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 9 дүгээр сарын 5-нд 915 000 төгрөг, 955 000 төгрөг, 2 610 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14 000 000 төгрөгний гэрээ хийсэн боловч бэлэн 2 900 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай авсан. Жнь: 10 000 000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авлаа гэхэд маргааш өдрөөс нь эхлэн зээлийн төлбөрөө төлөх болдог. Ингээд дараа дараагийн төлөлтөнд хүндрэл учирдаг тул нэмж зээл авах шаардлага гардаг. Үндсэндээ авсан мөнгөө өдөр өдөрт нь эргүүлж төлсөөр дуусдаг. Зээлийг дансаар авч төлбөрөө дансаар төлдөг. Тооцоо хийж үзэхэд хангалттай төлсөн учраас одоо нэг ч төгрөг нэмж төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Зээлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж авсан хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2 900 000 төгрөгийн зээл авсан болохоос 14 000 000 төгрөгийг аваагүй. Манай дэлгүүрт ирж бараа болон бэлэн мөнгө авдаг байсан түүнийг энэ төлбөрт оруулан тооцоогүй, иймд төлөх төлбөргүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.А д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 15 022 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.А бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу мөнгө өгч авч байсан талаар тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны зээлийн гэрээний үүрэг дууссан харин 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан 3 470 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр авсан 6 910 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, түүний хүүний төлбөртэй холбоотойгоор тооцоо нийлж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, ахин 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлж 14 000 000 төгрөг болсон бөгөөд энэ гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүний төлбөр нийт 15 022 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчдын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хариуцагч Б.А д хүүтэй мөнгө зээлдүүлж байсан болох нь талуудын шүүхэд мэдүүлсэн тайлбар, хаан банкны депозит дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Зохигчид аман хэлцлээр сарын 10 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай байхаар урьдчилан тохиролцож, мөнгөө дансаар шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч мөн адил төлбөрөө дансаар төлдөг байсан байна. Ийнхүү 2017 онд авсан зээлийн төлбөр дууссан учраас 2018 онд авсан 3 удаагийн зээлийн төлбөрийг тооцож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл төлбөр 16 000 000 төгрөг, 30 хохонгийн хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар тохирч зээлийн гэрээ байгуулсан байна. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн тооцоо нийлж 14 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын хүү 3 хувь байхаар тохирсон байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлэн мөнгө шилжүүлээгүй бөгөөд урд өмнөх зээлийн төлбөрийг тооцож нийт мөнгөн дүнд зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Харин 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд хожим хүү, хугацаа тооцохоор тохирсон нь талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, хүсэл зорилгоо илэрхийлэх эрхтэй холбоотой учраас хүү, хугацаа тохирсон гэж шүүх дүгнэв.

Мөн хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 4 480 000 төгрөг, 9 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд 915 000 төгрөг, 955 000 төгрөг, 2 610 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон 2018 онд авсан 20 380 000 төгрөг дээр нэмж нийт 29 340 000 төгрөгийн үүрэг, зээлийн гэрээнд тохирсон хугацааны хүүний төлбөрт 5 868 000 төгрөг, нийт гүйцэтгэх үүрэг 35 208 000 төгрөг /29 340 000+5 868 000/ болох бөгөөд үүнээс хариуцагч Б.А гийн гүйцэтгэсэн үүргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи банкны гүйлгээгээр тооцоход 44 745 000 төгрөг болсон тул хариуцагч Б.А нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авсан 2 900 000 төгрөгийн тооцоо дууссан гэж талууд тайлбарласан тул энэ мөнгөн дүнг нийт нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцоогүй болно.

Иймд хариуцагч Б.А гаас 15 022 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А гаас 15 022 000 /арван таван сая хорин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 150 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ