Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/834

 

 

 

 

 

 

 

    2024         10           22                                    2024/ШЦТ/834

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин /томилолтоор/,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:2566/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох 2402004460293 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******т төрсөн 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, “Эм Эс Бэл Майнинг" ХХК-ийн захирлаар ажилладаг, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Бөлцөөнийхөн овогт Базаррагчаагийн Тогооч /РД:ЙМ91120401/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь өөртөө болон "Эм Эс Бэл Майнинг" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэн ******* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усны газрын 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь өөртөө болон "Эм Эс Бэл Майнинг" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэн ******* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усны газрын 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305022401441 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “Нийслэлийн байгаль орчны газарт архив, хөрсний бохирдол доройтлыг бууруулах хэлтэст мэргэжилтэн, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт Хүн амын усан хангамж хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Усны тухай хуулийн 26.2 28.2-т заасны дагуу ус ашиглаж байгаа бол ашигласан усны төлбөрийг заавал төлөх ёстой. Тийм болохоор ус ашиглуулах дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргуулдаг бөгөөд хоногт 0-50 мкб бол харьяа Байгаль орчны газраар, 50- 100 мкб байвал Сав газрын Захиргаагаар, 100 мкб дээш байвал Усны газраар дүгнэлт гаргуулж гаргасан дүгнэлтээрээ Сав газартай гэрээ дүгнэсэн акт үйлдээд манай байгууллагад ирүүлдэг. Манай байгууллага тайланг нь хүлээж аваад дараа жилийн материалыг хүлээж авдаг. Усны ашиглуулах дүгнэлт гаргуулах аж ахуйн нэгжид Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Техник эдийн засгийн үндэслэл, ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, Ус хангамжийн цэгийн байр зүйн зураг, Усны барилга байгууламжийн зураг, Гидрогеологийн судалгаа, хүсэлт, тухайн жилийн ажлын төлөвлөгөө гэсэн баримтуудыг И-Ватерв,мн гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Цахимаар ирсэн материалыг хүлээн аваад ахлах мэргэжилтэн мэргэжилтэн нар руу хуваарилдаг. Мэргэжилтэн материалыг хүлээн авч 8 цагийн нээж үзээд хавсаргасан материалыг хянаж үзээд усны тооцоог гаргаж дүгнэлт бичиж хянуулах товчинд дарж ахлахад өгч хянуулаад болсон гэж үзвэл газрын дарга шалгаж үзээд тоон гарын үсгээ баталгаажуулдаг. Усны тухай хуульд зааснаар ажлын 15 хоногт дүгнэлтийг гаргана. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Усны газрын 3 давхарт З03Б гэх өрөөнд ганцаараа сууж байсан. Уг тус өрөөнд 4 мэргэжилтэн сууж ажилладаг бөгөөд тухайн өдөр мэргэжилтэн ээлжийн амралттай, Энхсүрэн мэргэжилтэн акттай, ахлах мэргэжилтэн хяналт шалгалтын ажилтай гадуур явж байсан. 14 цагийн үед гаднаас ягаан өнгийн цамцтай 40 орчим насны эмэгтэй ганцаараа орж ирээд "манай байгууллага 04 дүгээр сард цахимаар ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулах хүсэлтээ явуулсан боловч устсан байсан тул 5 сард дахиад явуулсан" гэхээр нь би аж ахуйн нэгжийн нэрийг нь асуухад “Эм Эс Бэл майнинг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүртгэлийн кодоор нь шалгахад гэсэн кодтой над дээр байгаа хүсэлт байсан. Тэгэхээр нь би “Дарааллынх нь дагуу доороос нь хийгээд явж байна. Танай өмнө ирүүлсэн 7 дүгнэлт байна танайх 8 дээр нь байна хэлсэн. Тэгтэл “Яаралтай гаргаад гэж өгөөч би удаан хүлээж байна" гэхээр нь "Би дарааллынх дагуу хийж байгаа энэ жил ачаалалтай байна. Ирэх долоо хоногийн 5 өдөр гэхэд миний зүгээс шалтгаалах боловсруулалтыг нь хийж чадна" гэж хэлээд та явж байж болно дүгнэлтийг чинь гаргаад ахлах хяначих юм бол төлбөр төлөх кодыг явуулъя тэгээд наашаа ирэх шаардлагагүй төлбөрөө  цахимаар төлөөд дүгнэлтээ авах боломжтой гэсэн. Тэгээд ажлаа хийж байтал өрөөнөөс гарахгүй зогсоод байсан. Надаас гар утасны дугаараа өгөөч гэхээр нь өрөөний дугаараа өгсөн. Тэгтэл хувийн дугаараа өгчих гэхээр нь өгөөгүй. Өрөөнөөс гарах гэж явж байснаа өрөөний хаалга хаагаад над дээр буцаж ирээд цүнхээ ухаад эгчийн дүү хоолонд орчоорой гэж хэлээд шар уутанд ороосон зүйлээ ширээн дээр тавьчхаад гараад явсан. Би араас нь эгчээ та юмаа аваарай гэж араас нь гарсан чинь гараад явчихсан байсан. Би захирлын туслах гэх хүнд саяны орж ирсэн хүн юмаа үлдээчихлээ гээд хуулийн мэргэжилтэн д болсон зуйлийн талаар хэлсэн. Ингээд бид гурав манай өрөөнд байж байхдаа нээж үзэхэд 10 төгрөгийн дэвсгэртээр 3 боодол мөнгө байсан. Тухайн мөнгийг задалж тоолж үзээгүй бөгөөд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Мөнгийг битүүмжлээд нярав хадгалуулсан. Тэгээд Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Тухайн эмэгтэй манай дүгнэлтийг хурдан гаргаад өгөөч гэж хэлж байсан. Би дарааллын дагуу дүгнэлтүүдээ гаргаад явж байгаа талаар хэлэхэд ширээн дээр ууттай юм үлдээгээд хоолонд ороорой гэж хэлээд гараад явсан. Би мөнгийг аваагүй бөгөөд ажлын газрын хуулийн мэргэжилтэн бусад хүмүүст мэдэгдэж Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Даргын туслах хуулийн мэргэжилтэн нар байсан бөгөөд нярав мөнгийг хадгалуулсан”, “Эм Эс Бэл Майнинг" ХХК-иас Усны газарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цахимаар Е-2405-000098 гэсэн хүсэлтийн дугаараар ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт илгээсэн. Хүлээж аваад 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр боловсруулж дуусаад ахлахад тухайн өдрөө хянуулаад хянагдаж гарч ирээд нэхэмжлэх онлайнаар үүссэн бөгөөд төлбөрөө төлөөд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гарсан. Одоо тухайн байгууллага нь ус ашиглах дүгнэлтээ авчихсан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн аж ахуйн нэгжийн Ус ашиглах дугнэлт гаргуулах хүсэлтийн хавсралт материал бүрэн байсан бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдалгүй байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 133/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...2020 оны 08 дугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт нярав, байр зохион байгуулагчаар ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Усны газарт буюу ажил дээр байж байхад мэргэжилтэн өрөөнд ороход надад хүн өрөнд орж ирээд ширээн дээр ууттай мөнгө тавиад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр би хуулийн ажилтан ыг дуудаж хэл гэсэн. Тэгээд , , гурав тухайн мөнгийг битүүмжлээд надад хандаж та сейфтээ хадгалаач гэхээр тухайн өгсөн боодолтой мөнгийг хадгалаад одоо авчирч өгч байгаа юм. Мөнгийг , , нар тоолоод тэмдэглэл үйлдээд шар ууттай нь битүүмжлээд надад хадгалуулсан. Тухайн тэмдэглэл дээр мөнгөн дүнг тусгаагүй байсан бөгөөд сая хулээлгэж өгөхдөө анх удаа тооллоо. Тоолоход 10,000 төгрөгийн дэвсгэртээр 3 боодол нийт 3,000,000 төгрөг байсныг хулээлгэж өглөө. Намайг өрөөнд нь ороход бичиг хамт байсан. Ширээн дээр нь мөнгө тавьсан гэх эмэгтэйг хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн "...1994-2004 онд Сэтгэмж цогцолбор сургууль, 2008-2012 онд Түгээмэл дээд сургуульд Эдийн засагч, 2020-2023 онд Сити дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус сурч төгссөн. мэдэхгүй. ******* гэх хүнийг мэднэ учир нь сүүлийн 3 жилийн хугацаанд манай дэлгүүрээс мөнгөн аяга зэрэг эд зүйлс худалдаж авдаг болоод танилцсан. Түүнээс хойш манай дэлгүүрээр үйлчлүүлдэг болсон. 2024 оны 06 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүрэг урт цагаан дахь үнэт эдлэл худалдааны дэлгүүр дээрээ байж байхад ******* орж ирээд тэгээд "Наадам хүртэл 10,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлээч мөнгөний хэрэг гараад байна гэсэн тэгэхээр би ажил дээрээ мөнгөн аяга худалдаж борлуулсан эргэлтийн бэлэн мөнгөнөөс 10,000 төгрөг, 20,000 төгрөгийн аль дэвсгэртээр байсныг санахгүй байна. Надад юунд зарцуулах гэж байгаа талаараа хэлээгүй. Мөнгөний хэрэг гараад байна зээлээч гэхээр нь зээлсэн. Тиймээ би 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ё.гийн гэрчээр өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Усны газарт архив, бичиг хэргийн ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш Усны газарт 3 давхарт 303 тоот өрөө нь A,Б гэх 2 өрөөний А өрөөний  үүдэнд ажлаа хийгээд сууж байсан. Тухайн үед жижиг биетэй эмэгтэй хүн ирээд Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзъя ашиглалтын мэргэжилтэн ганцаараа ажиллаж байсан. Тэр хүн тэй дүгнэлтийн талаар ярьж байх шиг байсан бөгөөд яг юу ярьж байгааг сайн сонсоогүй. Хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй 303-ын Б тоот өрөөнөөс гарч явах үед араас нь та юмаа үлдээчихсэн байна. та юмаа аваач гэж орилсон бөгөөд өрөөнөөсөө гарч ирээд намайг саяны хүн ширээн дээр юм тавиад явчихлаа та орж ирээд хардаа гэхээр нь ийн өрөөнд ороод ширээн дээр нь гялгар ууттай зүйл байсан бөгөөд хуулийн мэргэжилтнээ дуудаад бид 3 тэр ууттай зүйлийг нээж үзэхэд 10,000 төгрөгийн дэвсгэртээр 3 боодол мөнгө байсан ойролцоогоор 3 сая орчим төгрөг байсан гэж үзсэн. Хуулийн мэргэжилтэн мөнгийг битүүмжлээд няравт хүлээлгэж өгсөн. Тухайн 303Б тоот өрөөнд ганцаараа байсан. Тухайн эмэгтэй нь ганцаараа явж байсан. Ус ашиглалтын мэргэжилтнээс дүгнэлтийн талаар асууж тодруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэр эмэгтэй цүнхтэй байсан бөгөөд өөр эд зүйл барьсан байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 17/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.ын гэрчээр өгсөн “..Би Усны газарт 2023 оны 08 дугаар сарын 13-нь өдрөөс хойш одоог хүртэл хяналт шинжилгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомж хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн Усны газарт 1 давхарт 101 тоот өөрийн ажлын өрөөнд ганцаараа байж байхад манай бичиг хэргийн залгаад "Та Ус ашиглалтын мэргэжилтнүүдийн өрөө рүү ороод ирээч энд нэг асуудал үүсээд байна" гэсэн. Тэгээд би З давхарт Ус ашиглалтын мэргэжилтнүүдийн өрөөнд ороход бичиг хэргийн ажилтан , Ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн , нярав Амарсайхан нар байсан. Юу болсон талаар тодруулахад “Сая над дээр компанийн захирал эмэгтэй орж ирээд дүгнэлт гаргуулна гэж байж байгаад гарахдаа ширээн дээр боодолтой гялгар ууттай мөнгө орхиод гараад явчихлаа" гэсэн. Тэгээд та нар гялгар ууттай мөнгө хэдэн төгрөг байгааг үзсэн үү гэхэд үзээгүй гэцгээсэн. Бид нар бүгдээрээ байж байгаад би уутны амсрыг сөхөөд харахад 10,000 төгрөгийн дэвсгэртээр 3 боодол байсан. Тэгээд бид нар тэмдэглэл үйлдээд лацдаад няравтаа хулээлгэж өгсөн. Маргааш нь 110 дугаар руу залгаад болсон асуудлын талаар мэдээлэл өгсөн. Тухайн өдөр тэр эмэгтэй яваад өгсөн байсан. Маргааш тэр эмэгтэй ирчихсэн мөнгө тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-н 131/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ийн яллагдагчаар өгсөн“...Би энэ бүхнийг бодож үзээд юм өгвөл хурдан гаргаад өгчихдөг юм болов уу гэж бодоод өөрт байсан бэлэн 3 сая төгрөгийг цүнхнээсээ гаргаад ийн ширээн дээр тавиад хоолонд орчихгүй юу гэсэн тэгэхэд нь би энийг авахгүй ажлаа хийх нь миний үүрэг танай дүгнэлт гарна. Та энийгээ аваад яв авахгүй гэхээр нь ширээн дээр мөнгөө үлдээгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь өөртөө болон "Эм Эс Бэл Майнинг" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэн ******* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усны газрын 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн” болох нь гэрч мэдүүлэг /хх-10-11,133/, гэрч мэдүүлэг /хх-н 13/, гэрч мэдүүлэг /хх-н 15/, гэрч Ё.гийн мэдүүлэг /хх-н 17/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-н 131/, *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруутай маргахгүй гэх мэдүүлэг зэргээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б. Тогооч өөртөө болон "Эм Эс Бэл Майнинг" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэн ******* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усны газрын 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь өөртөө болон "Эм Эс Бэл Майнинг" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэн ******* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усны газрын 3035 тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч *******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 159 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч *******ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасч 3500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар оногдуулав.

Шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг улсын орлого болгохыг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 3500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг улсын орлого болгохыг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ