Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОАНДХ

Хариуцагч: БО ХХК

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 26 025 071.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч байгууллагын захирал З.Б , прокурор Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БО  ХХК нь 2017 оны 07 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хоцроож, өр авлага хуримтлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 350 047.38 төгрөг, түүнд ногдох алданги 8 675 023.69 төгрөг, бүгд 26 025 071.07 төгрөг /хорин зургаан сая хорин таван мянга далан нэгэн төгрөг долоон мөнгө/-ийг БО  ХХК-иас болон захирал З.Б нараас гаргуулж, Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч БО ХХК-ийн захирал З.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай БО ХХК нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн 17 350 047.38 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. Дээрхи өр төлбөрийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хувиар хийж сар бүр 3 000 000- 4 000 000 төгрөг төлж, 2020 оны эхний хагас жилд бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх өр төлбөрт тооцсон алданги 8 575 023.59 төгрөгийг төлөх боломж байхгүй байна. Үндсэн төлбөрөө төлж барагдуулна. Манай компани төлбөрийн чадвар нэн тааруу тул үндсэн төлбөрөө 6 сараар тооцож төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авч туслана уу. 2 дугаар сараас эхлэн Ж сумын ЗДТГ дулааны үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэв.

Шүүх зохигчдын тайлбар, прокурорын дүгнэлт санал хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Ниймгийн даатгалын хэлтэс нь хариуцагч БО  ХХК, захирал З.Б нарт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 350 047.38 төгрөг, алданги 8 675 023.69 төгрөг нийт 26 025 071.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Хариуцагч БО  ХХК-ний захирал З.Б нь нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр төлөхийг хүлээн зөвшөөрч алдангийн төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Хариуцагч БО  ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2017 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны төлбөр 17 350 047.38 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, БО  ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн өр барагдуулах тухай албан шаардлага, дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, Орхон аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч БО  ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр нь хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд сар тутам график гарган төлөх тайлбар гаргаж, алдангиас чөлөөлж эвлэрэх хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хариуцлага хүлээлгэнэ, 20 дугаар зүйлийн 1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О.З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул БО  ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг алдангийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон алдангийн төлбөр болох 8 509 398.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, акт хүчин төгөлдөр болсон тул алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч БО  ХХК болон захирал З.Б нараас нийгмийн даатгалын өр, алдангийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг төлбөрийг хуулийн этгээд хариуцах үүрэгтэй ба захирал З.Б аас гаргуулах боломжгүй юм.

Иймд хариуцагч БО  ХХК-аас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17 350 047.38 төгрөг, алданги 8 509 398.69 төгрөг, нийт 25 859 446.07 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас захирал З.Б ад холбогдох хэсэг болон 165 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч БО  ХХК-аас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17 350 047.38 төгрөг, алданги 8 509 398.69 төгрөг, нийт 25 859 446.07 /хорин таван сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас захирал З.Б ад холбогдох хэсэг болон 165 625 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч БО  ХХК-аас 287 297.23 /хоёр зуун наян долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ