| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0822/ |
| Дугаар | 2024/ШЦТ/859 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/859
2024 10 31 2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,
улсын яллагч Д.Агар,
хохирогч *******
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2403005940795 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр, Ховд аймаг Алтай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, *******,******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Вангийнхан овогт Мөнхтулгын Батням /РД:ПА02210714/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь *******ны нутаг дэвсгэр Ард аюушийн өргөн чөлөө “Стандарт” хүнсний дэлгүүрийн хойд далангийн замд 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчин “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “...гомдолтой...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403005940795 дугаартай хэргээс
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 6/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-12/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******гийн өгсөн “..."Би тэр өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд Хан-Уул дүүргийн яармагт байх гэрээсээ нөхрийн нэр дээрх Toyota Prius-41 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод ганцаараа 10-р хорооллын тэнд барааны захиалга өгчхөөд гэмтлийн эмнэлгийн хойд талд байх Хүнсний дэлгүүр буюу ажил руугаа очих гээд явж байсан тухайн үед гэмтлийн эмнэлгийн хойд төв зам нь засвартай байсан юм би Стандарт дэлгүүрийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигтээ явж байтал замын эргэлт хэсэг дээр өөдөөс аягүй хурдтай нэг цагаан машин хар хурдаараа чавхдаж орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөөд машин хойшоо түрэгдээд замын хажуугийн хайсанд тулаад зогссон тухайн үед ухаан санаа балартаад цочролд орсон тэгээд машинаас буух гэсэн урд талын хаалга онгойхгүй гажсан байхаар нь хойшоо мөлхөж машиныхаа хойд хэсэг руу орж хойд хаалгаар буусан машинаасаа буугаад явах гэсэн зүүн хавирга хэсгээр өвдөөд явж болохгүй байхаар нь машинаа түшээд хэсэг зогсоод байж байхад нэг хүн хүрч ирээд миний утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тэгээд нөгөө машин дээр яваад очтол урд талд 2 хүн суугаад бууж ирэхгүй байхаар нь би яасан юм болдоо гээд ойртол жолооч нь гээд нэг эрэгтэй хүн утсаа барьчихсан сууж байсан би чи тойрог дээр ямар хурдтай явдаг юм бэ гэхэд "Харин тиймээ эгчээ" гэж хэлж байсан тэгсэн удалгүй ээж аав нь бололтой 2 хүн хүрээд ирсэн тэгээд манай хоёр дүү хүрч ирээд цуг байж байтал 103-н түргэн ирж эмч нь үзээд намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг pyy аваад явсан. Гэмтэл дээр очоод рентгенд харуулаад томографикт харуулах шаардлагатай гээд томографикт харуултал 3 хавирга хугарсан байна гэж хариу гараад эмчдээ үзүүлээд тэндээсээ замын цагдаа руу явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Тэр өдөр би гэмтлийн автобусны буудлын тэнд найзтайгаа уулзаж онлайн шопоор худалдаж авсан зүйлийг нь авчхаад хөдөө завхан аймаг руу унаанд дайхаар болоод найз залуу болох ******* машинтайгаа ирж намайг авсан тухайн үед зам түгжрэлтэй байхаар гэр хорооллын замаар драгон руу явъя гээд бид хоёр автобусны буудлын хойгуур явдаг замаар ороод явж байсан осол болох үед би утсаа оролдоод жаахан яаруу явж байсан л даа тэгсэн жоохон хурдтай яваад байх шиг санагдаад дээш өндийгөөд харахын завдалгүй урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Тэгээд машины урдаас утаа гараад өөдөөс машины аюулгүйн дэр задраад гараад ирсэн би яасан юм бол гээд шоконд ороод найз залуу руугаа хартал хамар амнаас цус гарсан байсан би машинаасаа буух гэтэл миний талын хаалга онгойхгүй гажсан байсан. Тэгээд нөгөө талын машины эгч бууж ирээд даатгал цагдаа янз бүрийн юмаа дууд гээд би найз залуугийнхаа аав руу нь утсаар залгаад осол гарчихлаа та хүрээд ирээч гэхэд Батнямын аав ээж 2 хүрээд ирсэн араас нь бас дүү нь ирэхтэй зэрэгцээ шахуу 103-н түргэн ирээд бид 3-г үзээд миний хүзүү зулгарсан байна гэсэнд Батнямын дүү нь намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан үзүүлсэн. Тэгээд би тэндээсээ найз залуугийнхаа гэр лүү нь явсан...” гэх мэдүүлэг /хх-н 34/,
Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 64/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №10554 дугаартай “...1. Иргэн *******гийн биед зүүн 6,7,8-р хавирга, зүүн сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №1098 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 89-92/,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 110/,
Эрүүл мэндийн даатгалын санд 459.682 төгрөг төлсөн баримт /хх-ийн 111/,
Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эмчилгээ, үйлчилгээнд гарсан хохирлын баримтууд /127-131/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 132/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 99/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 96/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 97/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 08-р сарын 06-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд гэртээ байж байгаад шинэ драгон руу дүүгийнхээ барааг автобусанд дайж явуулах гээд өөрийн Toyota Prius-41 маркийн ******* улсын дугаартай автомашинаа би верев жолоодоод машины урд жолоочийн хажуугийн суудалд найз охин болох С Бямбаноров суугаад бид хоёр гэрээс гараад явж байгаад гэмтлийн эмнэлгийн арын "Стандарт" дэлгүүрийн зүүн хойд далангийн замаар явж байгаад замын эргэлтэд хурдаа хасаж чадалгүй эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан машинтай машиныхан зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн. Тэгээд хажууд сууж явсан найз охин руугаа хартал уйлчихсан хүзүү нь суудлын бүсэндээ үрэгдээд түлэгдчихсэн юм шиг болчихсон байсан дараа нь өөрийгөө хартал амнаас цус гарч байсан машинаасаа буугаад нөгөө мөргөлдсөн машины жолооч дээр очиход жолооч эгч арын зүүн талын хаалгаар бууж ирсэн. Тэр машины жолооч гээд эмэгтэй хүн ганцаараа явж байх шиг байсан тэр эгч машинаасаа бууж ирээд эмнэлэг цагдаагаа дууд гээд би дуудлага өгсөн. Та жолооч эгч ар гэрээсээ хүн дуудаад би бас аав, ээж, дүү нараа утсаар дуудаад удалгүй эмнэлгийн машин ирээд эмч нь бид гурвыг үзээд нөгөө мөргөлдсөн машин эгчийг яаралтайгаар аваад явсан. Дараа нь би өөрийн дүү болох М.Сэрчмаад С.Бямбаноровыг эмнэлэг рүү авч үзүүлээрэй гээд явуулсан. Тэгээд замын цагдаагийн ахлах дэслэгч ирээд мөргөлдсөн жолоочийг нь аваад явсан байна гэмтсэн учир төвийн бүрэлдэхүүн дуудна гэж хэлсэн тэгээд хүлээгээд байж байх хооронд нөгөө машины жолоочийн дүү нар нь гээд 2 хүн ирсэн дараа нь ах, охин гээд 3 хүн ирээд над руу нэлээд уурлаж байсан би уучлаарай гэж хэлээд байж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Замын цагдаагийнхан хэмжилт үзлэг хийгээд машиныг ачигч машинаар ачаад явуулсан. Би тэндээсээ гэмтлийн эмнэлгийн тэнд байдаг хувийн эмнэлэг орж нөгөө машины жолооч эгчийг үзүүлчхээд тэндээ замын цагдаа руу явж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 141/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь *******ны нутаг дэвсгэр Ард аюушийн өргөн чөлөө “Стандарт” хүнсний дэлгүүрийн хойд далангийн замд 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчин “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч *******гийн эрүүл мэндэд зүүн 6,7,8-р хавирга, зүүн сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №10554 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч У.Энхсоёмбын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 72-73/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч ******* нь *******ны нутаг дэвсгэр Ард аюушийн өргөн чөлөө “Стандарт” хүнсний дэлгүүрийн хойд далангийн замд 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчин “toyota prius-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардалд 755.600 /долоон зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөг, өөрийн унаж явсан машинд учирсан эд хөрөнгийн хохиролд 9.685.000 /есөн сая зургаан зуун наян таван мянга/-н төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар дээрх нэхэмжлэлийг шаардлага баримтаар тогтоогдсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч *******аас нийт 10.440.600 /арван сая дөрвөн зуун дөчин мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулж хохирогч *******д олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Харин ажилгүй байсан хугацааны цалин орлогыг шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол гаргуулахаас татгалзсан болохыг дурдаад, хохирогчийн унаж явсан Prius41 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний нөхөр эзэмшилд бүртгэгдсэн /хх-26 ар тал дахь хохирогчийн мэдүүлэг/, хохирогч ******* нь иргэн эхнэр нөхөр болох нь хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Prius41 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч ажил хөдөлмөр хийж төлж барагдуулахаа илэрхийлж буй зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан ба шүүхээс уг ялыг оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж хохирогчид учирсан хохирлыг даруй төлнө гэх нөхцөл байдал хэрэгжихгүй байх магадлалтай гэж шүүх дүгнэж торгуулийн ял оногдуулсан болохыг тэмдэглэж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас нийт 10.440.600 /арван сая дөрвөн зуун дөчин мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 459.600 /дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг төлсөн болохыг, хохирогч ******* нь сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд татгалзсан болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ