Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00132

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, 

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

Хохирогч Б.Нямханд,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,

Шүүгдэгч Д.Пүрэвжав нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагвын Пүрэвжавт холбогдох эрүүгийн 201622000503 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын  28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хайдав овогт Дагвын Пүрэвжав, 1952 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, 5 хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 01-03-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЭ52030374 дугаартай,

Шүүгдэгч  Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт согтуугаар "Ниссан пулсар" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 12 дугаар зүйлийн 12.9 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Нямхандын бие махбодид "цээжний зүүн талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт" бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч  Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт "Ниссан пулсар" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 12 дугаар зүйлийн 12.9 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Нямхандын бие махбодид "цээжний зүүн талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт" бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн  шатанд өгсөн: Би Их-Уул сумын төвөөс гараад зам гарах гээд 2 тал руу харсан. Тэгээд замын голын зураас дөхөж байтал дээрээс машин ирж байсан. Би хальт зогссон чинь миний машиныг шүргэсэн.  Тэгээд би буугаад харсан чинь замын хажуу руу унасан байсан. Тэгээд түргэн дуудсан. Цагдаад хэлэх гэтэл цагдаа байхгүй байсан. Би хамт явсан хүмүүсийг нь бүгдийг нь эмнэлэгт үзүүлсэн. Би энд байхад нь эмнэлэгт эргэж байсан. Орхон аймаг руугаа буцахад нь замын зардал гэж 120.000 төгрөгөөр машин хөлсөлж өгөөд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Би Орхонд очсоных нь дараа эмчилгээний зардал 150.000 төгрөг өгсөн, дараа нь эгэмээ хадуулна гэж 500.000 төгрөг, дараа нь хавирганы татлага хийлгэнэ гэж 50.000 төгрөг авсан. Би өвөөтэй нь ярьж байгаад бололцооныхоо хэрээр л би мөнгө төгрөг өгч байсан гэв.

Хохирогч Б.Нямхандын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: …  2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу 79-25 УНҮ улсын дугаартай Марк-2 маркийн машин жолоодон явж байтал засмал замын урд талд суурин тосгон харагдсан. Тухайн суурингийн ард талаас саарал өнгийн жижиг машин шороон замаас засмал зам руу өгсөж ирж яваа харагдсан.Уулзвар хэсэг рүү дөхөж ирэхээр нь би машины тоормосыг гишгэж хурд хассан. Тэгтэл шороон замаас засмал зам руу ирж явсан саарал машины жолооч туслах замын уулзвараас төв зам руу орохдоо жолооч хүн хоёр замын тал руу харж зогсож байгаад уулзвараас зам руу ордог байтал замын уулзвар хэсэгт зогсолгүй шууд засмал зам руу орж миний машины баруун талын хойд дугуйн хэсэг рүү мөргөсөн. Тэгтэл миний барьж явсан машин мурилзан  хөндөлдөж руль булаан засмал замаас гарч унаж осолдсон. ...Би одоо дахиад эмчилгээ хийлгэх ёстой тэр эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Мөн машины хохирлыг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг  /хх-ийн 23-25-р хуудас/,

    Гэрч  Лхамноржимийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 07 дугаар сарын 21-нд  Их-Уул сумын төв рүү юм авах гэж Баасанхүү, Пүрэвжав бид гурав Пүрэвжавын машинтай явсан. Тэгээд дэлгүүрээс юмаа аваад буцаад гарч яваад Шивээ амралтын газар луу явах гээд туслах замаас хар засмал зам руу орох гэтэл бид гурвын сууж явсан машины урдуур хурдтай машин гэнэт гарч ирээд машины баруун урд талын хамар хэсгийг мөргөж өнгөрсөн. Тэгээд машинаасаа бид гурав буугаад харсан чинь засмал замын урд машин нь уначихсан бололтой дотор байсан хүмүүс машинаасаа гарчихсан бид гурвыг наашаа хүрээд ир гээд дуудсан. Тэгээд эмнэлэг дээр нөгөө эрэгтэй хүүхдийг эмчийг дагуулаад осол болсон газарт дагуулаад очоорой гээд үлдээгээд бид гурав болохоор Их-Уулын цагдааг дуудах гээд машиндаа суугаад явсан.   Би тухайн өдөр архи дарс хэрэглээгүй. Пүрэвжав бага зэргийн согтолттой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

Гэрч Ш.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний сурч байсан сургуулийн үеийнхний уулзалт Их-Уул сумын Шивээ багт байрлах амралтанд болсон юм. Тэгээд би Пүрэвжав, Лхамноржим нарын хамт Пүрэвжавын машинтай Их-Уул сумын төв хүрч ус ундааны зүйл аваад буцаад амралт руу явж байсан. Тэгээд туслах замаас Их-Уулын хойгуур байдаг төв засмал зам руу орох гээд явж байсан. Пүрэвжав машинтайгаа туслах замаас төв зам руугаа орохдоо эвгүй хонхор газартай байсан учраас машин аажуу яваад яг төв зам руу орсон чинь машины урдуур гэнэт нэг машин хурдтай яваад өнгөрсөн. Тэгээд бид хэд машинтайгаа юу болов гэсэн чинь урдуур өнгөрсөн машин замаас гараад уначихсан байж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 31-33-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн... Тухайн өдөр 18-19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн хот орчихоод буцаж Орхон аймаг явж байсан юм. Ингээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвийн хажуугийн засмал замаар Орхон аймаг руу явж байхад замын баруун хажуугаас Их-Уул сумын төвийн зүгээс саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл туслах замаар орж ирж манай машиныг явж байхад нь жолооч талын арын хаалга орчимд мөргөсөн. Мөргөхөд нь манай машины тэнцвэрээ алдаж замын баруун гар талын хажуу руу сумын төвийн зүг нэг удаа эргэж унаж 4 дугуйн дээрээ тогтсон юм. Унасны дараа манай байшин бага зэрэг урагш яваад зогссон юм. Тэгээд бид нар машинаасаа буусан юм гэх  мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

    Насанд хүрээгүй гэрч А.Баасандэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн ... Б.Нямханд тэр машиныг хажуугаас орж ирэхэд нь машиныхаа хурдыг сааруулсан. Тэр машиныг хараад хажуугаас ороод ирэхвийдээ гэж ярьж байсан. Миний харснаар 60-70 орчим км/цагийн хурдтай явсан юм. Замын баруун гар талаар Орхон аймаг руу явж байсан. Тэр машиныг хажуугаас орж ирэхэд түүнээс зайлж замын нөгөө урсгал руу хүртэл орсон юм. Тэр машин дохио өгч байхыг би хараагүй. Гэнэт л замын баруун хажуу талаас ороод ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Р.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... Тухайн өдөр 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвийн хажуугийн засмал замаар Орхон аймаг руу явж байсан юм. Ингээд явж байхад Их-Уул сумын зүгээс саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл туслах замаар орж ирж манай машины жолооч талын арын хаалга орчимд мөргөсөн. Ингэхэд нь манай машины замын баруун гар талын хажуу руу нэг удаа эргэж унасан юм.  Тухайн үед жолоо барьж явсан Б.Нямханд эгч миний эгэм, хавирга эвгүй болчихлоо гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Хөвсгөл аймаг шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын  01-ний  өдрийн 400  дугаартай дүгнэлтэнд: Б.Нямхандын биед гэмтэл тогтоогдлоо.  Б.Нямхандын биед цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9,-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9,-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний зүүн хөндийн шингэн хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Цаашинд хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно" гэх дүгнэлт, /хх-ийн 38-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай "Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг асфальтан хучилттай замд Н.Пулсар маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Пүрэвжав нь МУ-ын ЗХД-ийн 2.7а, 12.9-р зүйлүүдэд заасан жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөн байна" гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Пүрэвжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгчид ял оногдуулахдаа  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Пүрэвжав нь хохирогч Б.Нямхандад биеийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас гарсан зардлыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэрэглэж байсан эм тарианы зардал, Эрдэнэт, Мөрөн хооронд явсан замын зардал Тоёото Марк-2 105 машины эд ангиудыг эвдэрснийг үнэлсэн зардал 10.350.000 төгрөгний, машины тулгуур баган болон дээвэр засах ажлын хөлс 800.000 төгрөг, мөн иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д гэмт хэрэг учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу 2.140.000 төгрөг нийт 4.816.144 төгрөгийн бодит хохирлын зардал гарсан гэж үзэж үүнээс шүүгдэгчээс хохирогчид төлсөн 3.040.000 төгрөгийн хохирлыг хасч үлдэх 1.776.144 төгрөгийг шүүгдэгч Д.Пүрэвжав, иргэний хариуцагч П.Бямбахишиг нараас гаргуулж хохирогч Б.Нямхандад олгох нь зүйтэй байна.

Хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 1.200.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1-д заасан байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалд тооцогдохгүй байгаа тул хохиролд тооцоогүй болно. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 18.404.800 төгрөгнөөс хохирол төлсөн 3.040.000 төгрөг, төлбөл зохих 1.776.144 төгрөгийг хасч үлдэх 13.588.656 төгрөгийг буюу машин техникийн цаашид гарах засварын хөлс, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 201622000503 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Пүрэвжавын 972693 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Пүрэвжав нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-р хуудас/-аар тогтоогдсон ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайдав овогт Дагвын Пүрэвжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Пүрэвжавт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвжав, иргэний хариуцагч П.Бямбахишиг нараас 1.776.144 /нэг сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямхандад олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,   хохирогч Б.Нямханд нь  13.588.656 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Пүрэвжавын В ангиллын 972693 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвжавт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН