Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2020/00349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Л

Хариуцагч: Т.А

Зээлийн гэрээний үүрэг 168 626 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагч Т.А , хариуцагчийн өмгөөлөгч М.М , М.Г , Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Л би Т.А тай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум С баг *** тоот 29 м.кв талбай бүхий Ү-1 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 40 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 21-ний өдөр дууссан бөгөөд өөрийнх нь хүсэлтээр хугацааг сунган 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зохих хүүг авсан. Үүнээс хойш хугацаа сунгаагүй ба гэрээний дагуу алданги 20 000 000 төгрөг болж нийт 60 000 000 төгрөг болсон. Т.А надад хандаж дахин 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04 хүртэл зээл болон барьцааны гэрээ хийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, бага тойруу /14200/ Нэгдсэн үндэстний гудамжинд орших 37-р байрны 4 тоот Цэрэндоржийн Б /-гийн өмчлөлийн 46 м.кв талбайтай 2 өрөө бүхий Ү-2 улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг өөрийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу 3314 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээгээр, 3315 бүртгэлийн дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлж 55 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн бөгөөд хүүгээ өгч үндсэн зээлээ өгөөгүй, алданги 27 500 000 төгрөг болж нийт 82 500 000 төгрөг болсон. Итгэмжлэлийг нийслэлийн нотариатч авч үлдсэн болно. Мөн 2019 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 5 хүртэл 7 400 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүү 1 332 000 төгрөг, алданги 3 700 000 төгрөг нийт 12 432 000 төгрөг болсон. 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 3 сарын хугацаатай 7 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээл хүүгээ мөн өгөөгүй. Үндсэн зээл 7 000 000 төгрөг, хүү 1 680 000 төгрөг /алданги тооцоогүй/ нийт 8 680 000 төгрөг болсон. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3 сарын хугацаатай 2 000 000 төгрөгийг хүүгүй авсан ба алданги 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг болсон. 2019 оны 2 дугаар сарын 2-ноос 5 сарын 2 хүртэл 6 хувийн хүүтэйгээр 2 000 000 төгрөгийг авсан бөгөөд алданги 1 000 000 төгрөг нийт 3 216 000 төгрөг болсон юм. Түүнтэй тохирохоор олон удаа уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй ба эвлэрүүлэн зуучлах албаар орохыг хүссэн боловч тэрээр зөвшөөрөөгүй шүүхэд ханд гэсэн тул би арга буюу тус шүүхэд хандаж байна. Иймд Т.А аас үндсэн зээл 111 400 000 төгрөг, алданги 57 216 000 төгрөг нийт 168 626 000 төгрөгийн 60 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох *** тоот орон сууцны үнийн дүнгээс, 82 500 000 төгрөгийг Улаанбаатар хот СБД, 6 дугаар хороо Нэгдсэн үндэсний гудамж 37-4 тоот 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд А.Л ын надад холбогдуулан зээл болон зээлийн хүү 168 626 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь А.Л нь надад өгсөн мөнгөө буцааж бүгдийг нь авсан бөгөөд хангалттай хүү авч ашиг олсон. Хангалттай ашиг олсон атлаа дахиад хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөх боломжгүй. Түүний нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтуудыг миний бие өмнө нь танилцаагүй тул ямар учиртай баримтууд болохыг мэдэхгүй байна. Би нэхэмжлэгч А.Л д үндсэн зээлийн төлбөрт түүний эзэмшлийн Хаан банкан дахь 5127031439 тоот дансанд 91 620 000 төгрөг төлсөн. Мөн Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан.

Нэхэмжлэгч А.Л ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг байж болзошгүй нөхцөл байдал ногтоогдож байгаа бөгөөд А.Л нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэн явуулах эрхгүй этгээд тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. А.Л тай би 2016 оноос хойш харилцаатай байгаа бөгөөд А.Л нь надад мөнгө зээлдүүлэхдээ зээлийн гэрээ гэх нэртэй баримтан дээр хүү болон зээлийн хэмжээ, нөхцлийг бичилгүйгээр гарын үсэг зуруулан авдаг байсан бөгөөд дараа нь гэрээ нөхөөд хийе гэдэг байсан. 2016 онд би А.Л аас багагүй мөнгө зээлж буцаан төлсөн бөгөөд тус онд мөнгө зээлж авахад мөн л хоосон баримтанд гарын үсэг зуруулаад мөнгө өгдөг байсан. Ийнхүү бид нарын хооронд тодорхой итгэлцэл бий болсон. Гэтэл А.Л нь хоосон баримтуудыг ашиглан нөхөн бичилт хийж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн байна. Би түүнээс 111 000 000 төгрөг авсан бөгөөд буцаагаад бэлнээр болон дансаар 93 640 000 төгрөгийг төлсөн байна. Иймд 17 360 000 төгрөгийг төлнө барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Л хариуцагч Т.А д холбогдогдуулан зээлийн гэрээний үүрэг 168 626 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээгээр бариулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч А.Л аас 111 000 000 төгрөгийг авсан, буцаагаад 93 640 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 17 360 000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 40 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, С баг *** тоот 29 м.кв талбай бүхий Ү-1 улсын бүртгэлийн дугаартай Т.А ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг бариулсан байх ба барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүү тохироогүй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж, мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 55 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, барьцаанд Улаанбаатар хот СБД, 6 хороо бага тойруу 14200 нэгдсэн үндэсний гудамж 37-4 тоот хаягт байрлах 45.66 м.кв талбайтай, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай Ц.Б гийн өмчлөлийн орон сууцыг бариулан гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7 400 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 8 хувийн хүүтэй /алданги тохироогүй/ байхаар тохиролцож нийт 6 удаагийн зээлийн гэрээ тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч А.Л нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагчтай 6 удаа зээлийн гэрээ байгуулсан ба түүний хүсэлтээр зээлийн хугацааг сунгасан. Одоо үндсэн зээлийн төлбөрт 111 400 000 төгрөг, алданги 57 216 000 төгрөг нийт 168 626 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бидний хооронд 2016-2017 оноос эхлэлтэй зээлийн гэрээний харилцаа үүсэж мөнгө өгч аваад төлбөр тооцоогоо хийгээд явдаг байсан. Би А.Л ыг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэдэг эрх бүхий этгээд гэж ойлгож байсан. Гэтэл тэрээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан тул бидний хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Би А.Л д бэлэн болон дансаар шилжүүлсэн мөнгөө тооцоход 93 640 000 төгрөг болсон байх тул одоо үлдэх 17 360 000 төгрөгийг л төлнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч А.Л нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь удаа дараагийн шинжтэй давтан хийгддэг байх бөгөөд нэхэмжлэгч А.Л нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн шүүхийн цахим сангийн шийдвэрүүд, зохигчдын шүүх хуралдаанд мэтгэлцсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч А.Л нь иргэдтэй байгуулсан зээлийн гэрээний үр шимийг хүртэж, зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч, улсад зохих татвар хураамжаа төлөөд уг үйл ажиллагааг эрхлэх бүрэн боломжтой байсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно, 189.3.-т Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан. Мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Хариуцагч Т.А 111 000 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Л аас авсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл дээрхи мөнгийг хариуцагч авсан байх үндэслэлтэй байна. Тухайлбал: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд зээлдүүлэх мөнгөн дүнг 40 000 000 төгрөг гэж бичсэн байх бөгөөд бодит байдал дээрээ хариуцагч нь 37 600 000 төгрөгийг хүлээн авсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тодруулахдаа түүний хүсэлтээр сарын хүүгээ урьдчилан аваад бэлнээр болон дансаар нийт 37 600 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан тул 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 37 600 000 төгрөг болон бусад мөнгийг хариуцагч хүлээн авсан болохоо зөвшөөрч байх тул нэхэмжлэгч бэлэнээр өгсөн мөнгөө заавал батлах шаардлагагүй байна.

Хариуцагч Т.А нь нэхэмжлэгч А.Л д бэлнээр болон дансаар нийт 93 640 000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч 20 000 000 төгрөг нь дээрхи гэрээнүүдийн үүрэгт хамааралгүй гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдан түүний үүргийг хариуцагч Т.А 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Л ын дансанд шилжүүлсэнээр үүрэг дуусгавар болгох хэлцэл байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Тиймээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцааж төлсөн гэж үзэхгүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 6 удаагийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцлэд тооцож, хариуцагч Т.А аас 37 360 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131 266 000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1 001 080 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А аас 344 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л д олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Т.А аас 37 360 000 төгрөг /гучин долоон сая гурван зуун жаран мянга/ гаргуулж, нэхэмжлэгч А.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131 266 000 төгрөг /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаан мянга/ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 001 080 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А аас 344 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ