Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2020/00454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Т

Хариуцагч: Х.Э

Гэм хорын хохирол 860 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , түүний өмгөөлөгч Х.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , иргэдийн төлөөлөгч Ч.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Х.Э нь автомашин жолооодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, осол гарган насанд хүрээгүй Өлзийбаяр овогтой С ийн биед хүндэвтэр гэмтэл учруулж хохироосон бөгөөд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Э г гэм буруутай болохыг тогтоож цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх эмчилгээний зардлыг уг тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш гарсан зардал болох 860 003 төгрөгийг иргэн Х.Э гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ж.Т ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ө.С ийг мөргөж, зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоос болон жийргэвчийн урагдал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцарсан гэмтэл учруулсан. Үүний дагуу Ө.С 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-д хагалгаанд орсон. Толгой, баруун, зүүн хөлний MRI зураг болон хагалгааны зардалд 2 700 000 төгрөг төлсөн. Үүнээс гадна гарсан эм тариа, унааны зардал гэх мэт зүйлийн төлбөр 10 237 375 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу уг мөнгийг төлж байгаа. Ө.С нь насанд хүрээгүй учраас хагалгаа болон эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг гэж боддог. Гэтэл Ө.С ийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Ж.Т нь надаас аль болох мөнгө авах сонирхолтой байна. Би өөрийн бурууг ойлгож маш их гэмшиж байгаа. Гэрээсээ ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг. Эхнэр маань 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Ө.С ийн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй гарсан зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин Ө.С ийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Ж.Т нь хүүхдийн эмчилгээний зардалтай ямар ч хамааралгүй шатахууны зардал, анар вакус, зүрхний эм, цагаан мөөг, хордлого тайлах эм тариа гэх мэт хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэхгүй зүйлс нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, эмчилгээний зардлыг төлүүлэхээс хэн нэгний ашигласан хэрэглэсэн эд зүйлс, хоол хүнсний зардлыг төлүүлэх үндэслэлгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан 860 003 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Х.Э д холбогдуулан гэм хорын хохиролд 860 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Х.Э түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Х.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Соната-6 маркийн 12 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-16 дугаар байрны арын засмал зам дээр гарцаар гарч явсан явган зорчигч Ө.С ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай магадлал, зохигчдын тайлбар мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй.

Дээрхи ослын улмаас хохирогч Ө.С ийн зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоос болон жийргэвчний урагдал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

Насанд хүрээгүй хохирогч Ө.С ийг төлөөлж, хууль ёсны төлөөлөгч ээж Ж.Т шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Булган аймгийн Г суманд оршин суудаг учир шүүхэд төлөөлөх эрхийг дүү Ж.Н т олгосон байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэсэн тул эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа учирсан хохиролыг холбогдох баримтын хүрээнд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Үүнд: Ө.С ийг хагалгаанд ороход хөдөөнөөс ээж нь ирсэн зардал, холбогдох эм тарианы зардал, яаралтай хагалгаанд орох зорилгоор мөнгө зээлсэн түүний хүүний төлбөр багтаж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ө.С ийн эмчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхтэй болохоос хэн хаана юунд зарцуулсан нь тодорхойгүй баримтыг үндэслэн шаардах эрхгүй юм. Эмчилгээний зардал гэдэг нь эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, жорын дагуу олгосон эм, түүний дагуу хийсэн эмчилгээг ойлгоно. Иймд шатахуун, ханиад, эмэгтэйчүүдэд зориулсан вакус, янз бүрийн витаминууд, хоол хүнсний зардал үүнд хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Х.Э н буруутай үйлдлийн улмаас Ө.С ийн эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Т нь хохирогч Ө.С ийн ээж бөгөөд Ө.С 2002 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Т ийн Булган аймгийн Г сумаас Орхон аймагт ирж шүүх хуралдаанд оролцсон, хүү Ө.С ийг хагалгаанд оруулахаар ирэхдээ автомашинд хэрэглэсэн шатахууны зардал 399 010 төгрөг, эм тарианы төлбөрт 153 009 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 23 800 төгрөг, хүнс авсан 7 750 төгрөг, зээлийн хүүний төлбөр 284 000 төгрөг нийт 867 569 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагадаа гэм хорын хохиролд 860 003 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээр хохиролыг тооцсон болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хоол хүнс хүний энэ тэргүүний хэрэгцээ ямар ч үед хүн хоол хүнс тэжээл хэрэглэдэганар вакусыг эмэгтэйчүүд хэрэглэдэг гэсэн тайлбар үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 9 114 /7 750+1 364/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин шатахууны баримт падаантай давхардсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй, шатахуун түгээх газраас олгосон Е баримт нь давхар зарлагын баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Х.Э гаас 850 889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 114 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Э гаас 850 889 /найман зуун тавин мянга найман зуун наян ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 114 /есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Э гаас 24 971 /хорин дөрвөн мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА