Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2020/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Г

Нэхэмжлэгч: Р.Т

Хариуцагч: Ж.Б

Хариуцагч: Н.С

Хариуцагч: Д.Д

Экскаватороор олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ, шүүхэд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95 376 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ж , хариуцагч Д.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , гэрч Ю.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т бид 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Хьюндай компаний Robex 2900 LC-7 маркийн экскаваторыг зориулалтынх нь дагуу ашиглан, ажил үйлчилгээ хийхээр иргэн Д.Б гаас худалдан авсан. Ингэж худалдан авахдаа Артан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 50.0 сая төгрөгийн зээл авч, экскаваторын төлбөрийг бүрэн төлж барагдуулан худалдан авсан юм. Бид өөрийн өмчлөлийн Robex 2900 LC-7 маркын экскаватороор худалдан авсан цагаасаа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ хийж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ч.С тэй 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ныг дуустал 90 хоногийн хугацаатайгаар Robex 2900 LC-7 экскаваторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулсан. Түүний дагуу Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд Robex 2900LC-7 маркын экскаватороор ажил үйлчилгээг хийж эхэлсэн байдаг. Дээрх гэрээг хийхээс өмнө 2014 оны 02 дугаар сард Ж.Б /нэхэмжлэгч Ц.Г миний хүргэн ахын төрсөн дүү/ нь Ж.Ш ынд цагаан сарын золгуут хийхээр ирэхдээ намайг дуудсан. Тэгээд очоод уулзахад амар мэндээ мэдэлцээд бид чинийх шиг экскаватор авах хэргэтэй байна. Урьдчилгаа мөнгө бэлэн байгаа, барьцаагүй болохоор авах боломжгүй байгаад байна. Гадуур экскаватор үзлээ бэлнээр зарна гээд байна. Танайх энэ экскаваторыг хаанаас авсан. Ийм экскаваторыг авахад ямар үнэ ханштай байдаг вэ, олж өгөх боломжтой юу.. гэсэн асуултуудыг надад тавьж, түүний дагуу би түүнд Robex 2900LC-7 маркийн экскаватороо хаанаас авснаа хэлж, тухайн худалдан авсан хүнээсээ сураглаад өгье гээд бид салцгаасан. Түүнээс хойш Robex 2900LC-7 маркын экскаватороо авч байсан Д.Б тай холбогдоход экскаватор байгаа тухайгаа хэлсэн. Үүний дагуу Ж.Б тай холбогдоход ..за тэгвэл Robex 3000LC-7 маркын экскаваторыг нь авья гээд хэлчих. Би мөнгөндөө яваад ирье.. гэсэн. Б д энэ тухай хэлэхэд улмаар Robex 3000LC-7 маркын экскаваторыг Ж.Б гийн төрсөн ах Ж.Ш ын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ногоон зоорьноос авчирсан. /Үүнтэй холбогдох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан/ Гэтэл Ж.Б нь Robex 3000LC-7 маркын экскаваторыг худалдан авахад мөнгө хүрэлцэхгүй байгаа тухайгаа Б д хэлүүлж, Б Ж.Б гийн төрсөн ах Ж.Ш ын хашаанаас экскаватороо 10 гаруй хонуулаад буцаагаад аваад явсан ийм үйл баримт болсон. 2014 оны 02 дугаар сараас Ж.Б нь экскаватор авах талаар ярьсаар дээр дурдсанчилан хэлэлцээр нь бүтэлгүй болсон. Г миний бие Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах Түймэрт цагаан гэх жоншны талбайд 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай байгуулсан гэрээнийхээ дагуу Robex 2900LC-7 маркийн экскаватороор ажил үйлчилгээгээ хийж эхлээд ажиллаж байсан. Тухайн үед ажил эхлэхээс өмнө 10.0 сая төгрөгийн урьдчилгаа авсан байсан. Гэтэл Ж.Б түүний төрсөн ах Ж.Ш нар 2014 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний Robex 2900LC-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний экскаваторыг нэг сарын 24.0 сая төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авья 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид одоогоор Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн. Гэвч Ж.Б түүний төрсөн ах Ж.Ш нар нь ...гэрээгээ цуцлаад хүрээд ирээч төрөл садан хүмүүс байна, бие биендээ боломж олдсон дээр нь тусламаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх зардлыг гаргая, та 2 маань наад ажлаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсвэл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас унц нь илүү байна. 3-4 жилийн урт хугацаатай ажил байна экскаваторыг тээвэрлэж ирэх зардлыг төлнө гэх мэтчилэн ятгалага гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулахад хүргэсэн. Бид иргэн Ч.С тэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ..анхнаасаа ажиллахаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тиймээс та 2 надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй...гэсний дагуу бид ӨМ ХХК-тай гэрээ хийж, Хьюндай компаний Robex 2900LC-7 маркын экскаваторыг түрээсэлж Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн. Ингээд 2014 оны 04 сарын 20-нд Ж.Б тай хэлцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод 2900LC-7 маркын Robex экскаватаорыг түрээслүүлэхээр Ж.Б гийн ах Ж.Ш ын хамт хүргэж өгсөн. Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот руу ӨМ ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг нэхэмжлэгч Ц.Г миний Сайхан цаг ХХК-иар хийж тээвэрлэн хүргэсэн.Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувийг Ж.Б д өгч байгуулаад Улаанбаатар хотруу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийгдсэн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үйл явдал бий болсон бодит байдлаар хэлцэл биелэлээ олсон юм. Түрээсийн гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгчид бид 2014 оны 05 дугаар сарын 20-ны /сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон/ өдөр төлөх ёстой түрээсийн төлбөрөө шаардахад Ж.Б нь ..Их хаадын цуваа ХХК-ийн ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн өөр ажил хайж байгаа, удахгүй шилжүүлнэ гэдэг хариу... хэлж байсан. Ингээд цаг хугацаандаа түрээсийн төлбөрийг шилжүүлэхгүй байхаар нь нэхэмжлэгч Ц.Г миний бие Эрдэнэт хотод ирж гэрээний нэг хувийг авахыг, түрээсийн төлбөрөө төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Ж.Б нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гээд очих бүрт хийж байгаа ажлаа харуулдаг байсан. 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 64 180 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 820 000 төгрөгийг шилжүүлээгүй байгаа тул ийнхүү нэхэмжилж байгаа болно. Ж.Б тай миний бие болон манай эхнэр 2014 оны 04 сараас хойш гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хийж байгаа ажлаа харуулж бага хэмжээгээр өөрийн болон өөр хүний данснаас мөнгө шилжүүлэх нөхцлийг үүсгэж байсаар 2014 оны 11 сар хүртэл Эрдэнэт хотод ажил гүйцэтгэж гэрээний хугацааг 7 сар болгосон. Ж.Б д экскаваторыг түрээслүүлсэнтэй холбогдуулж 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд түрээсийн гэрээний төлбөрөө төлөхийг шаардаж очиж байсан, экскаваторыг түрээслэх явцад гаргасан сэлбэг хэрэгслүүдийг хүргэж өгч байсан зардал 742 000 төгрөг, сэлбэг шатах тослох материалын зардал 25 576 800 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10 600 000 төгрөг, экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Дундговь аймгийн Хулд сумаас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хотруу хүргэсэн тээврийн зардал 13 560 000 төгрөг, замын хоол хүнс, ажлын хувцасны зардар ХАБ хэрэгсэл, цэвэрлэгээний материалд 805 000 төгрөг, олох ёстой байсан орлого, гэрээ цуцалсны төлбөр 7 500 000 төгрөг нийт 58 793 800 гэх бодит зардлууд гаргасан үүнийг нэхэмжилж байна. 2014 оны 11 дүгээр сарын 14-нд Ж.Б экскаваторын түрээсийн төлбөрийг өгөхгүй удаа дараа шаардуулсан тул экскаваторыг авахаар Автохөсөг ХХК-тай түрээсийн гэрээ хийж Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу Автохөсөг ХХК-аар тээвэрлүүлж авчирсан. Авчрах үед экскаватор эвдэрсэн ашиглах боломжгүй байсан. Ж.Б болон Ж.Ш нартай холбогдож үлдэгдэл төлбөрийг шилжүүлж засвар үлйчилгээ хийхийг удаа дараа шаардсан. Ингээд иргэн Ж.Б тай холбогдож үүссэн түрээсийн харилцаа дуусгавар болсон. Ж.Б гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг шаардахаар утсаар холбогдоход удахгүй өгнө, сүүлдээ дахин туслаач экскаваторыг чинь түрээслэе, нэг сарын 20.0 сая төгрөгийн ажил байна гэдэг зүйлийг ярьсан. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Robex 2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдож гарсан 106 613 800 төгрөгийн түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардлыг төлбөрийг иргэн Ж.Б гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Ц.Г , Р.Т нарын нэхэмжлэлтэй, иргэн Ж.Б д холбогдох Ж.Б гаас экскаватор түрээслүүлсэнтэй холбогдож үүссэн түрээсийн төлбөр, түүний тоног төхөөрөмжийн төлбөр нийт 106 613 800 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж нэмэгдүүлж байна.

Гэрээ байгуулсанаас олсон ашиг 126 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Б , түүний эхнэр Н.С , Д.Д нараас гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т бид өөрийн өмчлөлийн Robex 2900LС-7 маркын экскаваторыг 2014 оны 3 дугаар сард иргэн Ч.С тэй 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дуустал 90 хоногийн хугацаатайгаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулж, Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд ажил үйлчилгээг хийж байхад Ж.Б , Ж.Ш нар 2014 оны 3 сараас эхлэх удаа дараалан утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний Robex 2900LС-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний экскаваторыг нэг сарын 24 000 000 төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авъя, 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа, 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн.

Гэвч Ж.Б , төрсөн ах Ж.Ш нар нь ятгаж гуйсаар байсан тул хийсэн гэрээгээ цуцлах хэмжээнд хүргэсэн.

Иргэн Ч.С тэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ...надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй... гэсний дагуу бид ӨМ ХХК-тай гэрээ хийж Хьюндай компанийн Robex 2900LС-7 экскаваторыг түрээслэж, гэрээ цуцалсантай холбогдуулж 10 000 000 төгрөгийг Ч.С төд Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн, Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн.

Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 20-нд Ж.Б тай хэлэлцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод Robex 2900LС-7 маркын экскаваторыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн.

Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу ӨМ ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг нэхэмжлэгч Ц.Г миний Сайхан цаг ХХК-иар хийж тээвэрлэн хүргэсэн. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот хүрэхэд ӨМ ХХК-иар 5 000 000 төгрөгийн төлбөр төлж хүргүүлсэн. Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувь төслийг Ж.Б д өгч байгуулаад Улаанбаатар хот руу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Энэхүү гэрээгээр Дундговь аймгийн Хулд суманд 18 000 000 төгрөгөөр түрээслэж байсан экскаваторын түрээсийн төлбөрийн үнээ авч, үлдэх 6 сая төгрөгийг нь Ж.Б  авахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл Ц.Г , Р.Т бид нэг сард өмнө түрээслэж байсан үнэ болох 18 000 000 төгрөгийг сар бүр авч байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд үүн дээр Ж.Б болон бид маргадаггүй. Дээрх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон үзэхэд нийтдээ 7 сарын хугацаа байгаа бөгөөд 7х18 000 000 төгрөг гэж бодоход 126 000 000 төгрөг болсон. Гэвч Ж.Б гийн эхнэр, төрийн албан хаагч Н.С нь Robex 2900LС-7 маркын экскаваторыг түрээслэх асуудалд ямар ч хамааралгүй этгээд Баянзүрх дүүргийн шүүхэд Robex 2900LС-7 маркын экскаваторыг Д.Д той нийлж худалдан авсан гэх нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд үндэслэлгүй дүгнэлтийг хийж Н.С болон Д.Д нарын худал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Robex 2900LС-7 маркын экскаваторыг худалдан авчээ гэж дүгнэсэн.

Гэхдээ ингэж дүгнэхдээ зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа буцааж, гэрээ биелсэнээс олсон ашгаа харилцан буцаах үр дагавартай болно гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгчдийн зүгээс нэгэнт түрээсийн гэрээ Ж.Б тай байгуулсан гэдгээ хангалттай баримтуудаар нотлоод байхад УДШ-ээс гэрчийн мэдүүлэгт тулгуурлан ИХ-ийн 243 дугаар зүйлд заасны дагуу Н.С нь Robex 2900LС-7 маркын экскаваторыг 2014 оны 4 дүгээр сард худалдан авчээ гэж дүгнээд байгаа учраас ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Robex 2900LС-7 маркын экскаваторыг өөрсдөө авч, Н.С гийн 38 780 000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр, мөн Д.Д ийн 24 500 000 төгрөгийг буцаан өгч, харин худалдан авсанаас хойш 7 сарын хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олсон ашиг 18 000 000 х7 сар =126 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу ...бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг өөрөө олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй...гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд олсон ашиг, орлого, тухайн хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэсний дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, Ж.Б , Н.С , Д.Д нарт худалдсан гэх Robex 2900LС-7 маркийн 2005 УН улсын дугаартай экскаватор нь /2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл/ Р.Туулын өмчлөлд байсан гэсэн лавлагаа байна. Энэ хүртэлх хугацаанд Ц.Г , Р.Туулын өмч болох экскаваторыг бусдад худалдах эрхгүй болно. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд экскаватороор олсон ашиг 46 400 000 төгрөг, тээврийн зардал 10 350 000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр, хөлс 10 600 000 төгрөг, сэлбэгт 24 361 800 төгрөг, Орхон аймгийн шүүхэд хүрэлцэн ирсэн, байралсан буудлын зардал, өмгөөлөгчийн хөлс 3 664 400 төгрөг нийт 95 376 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бууруулж байна гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг экскаватортой холбоотой асуудлаар бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шийдвэр хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба уг шаардлагыг хангаагүй тохиолдолд түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Талуудын хооронд түрээстэй холбоотой асуудал огт яригдаагүй. Тухайн экскаватортой холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Ц.Г , Р.Т нарын нэхэмжлэлтэй, иргэн Ж.Б д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Д намайг уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг гаргасан байна. Миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хэрэг маргааны гол зүйл болох экскаваторыг түрээслэж байсан гэх хугацаанд миний эзэмшил, ашиглалтанд огт байгаагүй, түүнчлэн түрээсийн төлбөрөөс 3 000 000 төгрөг огт аваагүй болно. Түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд түрээсийн гэрээ нь шаардах эрхийг нотлохгүй гэжээ.

Хариуцагч Ж.Б , Н.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Б , Н.С нарт холбогдуулан гаргасан Р.Туул, Ц.Г нарын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ж.Б , Н.С нарыг ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээжээ. Хэрвээ ИХ-ийн 492.1-т заасныг баримталж байгаа бол талуудын хооронд ямар нэгэн гэрээний бус харилцаа байх ёстой бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор талуудын хооронд ИХ-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Тэгэхээр хариуцагч нар нь нэхэмжлэлд дурьдагдаж байгаа зүйлээр үндэслэлгүйгээр херөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Ц.Ганбаагар нь Р.Туулын өмчлөлийн экскавоторыг бусдад худалдах эрхгүй болно гэжээ.

УДШ-ийн дээрх тогтоолоор Н.С болон Р.Туул, Ц.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй.

Иймд Ж. Б , Н.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх миний бие нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралтай байх тул ИХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.Г , Р.Т нарын нэхэмжлэлтэй Ж.Б , Н.С , Д.Д нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүсэлт гаргасан тул уг хүсэлттэй холбогдуулан хариуцагч Д.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлүүдээр үгүйсгэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Үүнд:1.Хариуцагч Д.Д ийн хувьд уг хэрэг маргааны гол зүйл болох Robex 2900LС-7 маркийн эксковаторыг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар өөрийн эзэмшил, ашиглалтад огт байлгаагүй, түүнчлэн аливаа хэлбэрээр эксковаторыг бусдад түрээслэх, ашиглуулах байдлаар ашиг, орлого олоогүй, мөн түрээсийн орлогоос анхны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 000 000 төгрөгийг ч аваагүй болно. 2. Хариуцагч Д.Д нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа огт үүсээгүй, харин хариуцагч Д.Д нь иргэн Ж.Б , Н.С нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр эксковаторыг худалдан авахаар нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарын дансанд 24 500 000 төгрөгийг шилжүүлж, уг үйл баримттай холбоотойгоор маргаан үүсэж, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00404 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, энэхүү хэрэг маргаан дуусгавар болсон. Иймд Д.Д ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нар нь хариуцагч Ж.Б д холбогдуулан экскаватор түрээслүүлсэнтэй холбогдож үүссэн түрээсийн төлбөр, түүний тоног төхөөрөмжийн төлбөр нийт 106 613 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б , Н.С нараас Robex 2900LС-7 маркын экскаваторыг ашиглаж олсон ашиг 64 206 200 төгрөг, уг экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал 58 793 800 төгрөг, нийт 123 000 000 төгрөг, хариуцагч Д.Д оос Robex 2900LС-7 маркын экскаваторыг ашиглаж олсон ашиг 3 000 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн байна.

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу Robex 2900LС-7 маркын экскаватороор ажил гүйцэтгэж олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээний хөлс зардал, олсон ашиг, сэлбэгийн үнэ, шүүх хуралдаанд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95 376 200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Robex 2900LC-7 маркийн экскаваторыг иргэн Д.Б гаас худалдан авсан байна.

Р.Туулын өмчлөлийн 2005 УН улсын дугаартай Robex 2900LC-7 маркийн экскаватор-ыг хариуцагч Ж.Б д 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түрээслэсэн бөгөөд холбогдон гарсан зардал 106 613 800 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага анх гаргажээ.

Н.С , Д.Д  нар Ц.Г , Р.Т нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 63 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Н.С , Д.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч Н.С нь хариуцагч нартай Robex 2900LС-7 маркын экскаваторыг худалдах, худалдан авах хэлцлийг байгуулж, экскаваторын үнэд 38 780 000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй болох нь нотлогдсон...нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч тэдэнд Ц.Нямсүрэнгээр дамжуулан 24 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-р шаардах эрхтэй гэж тус тус дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Туул, Ц.Г нараас 38 780 000 төгрөг гаргуулан Н.С д, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 24 500 000 төгрөг гаргуулан Д.Д ид олгож шийдвэрлэснийг хариуцагч нарын эс зөвшөөрсөн гомдлоор 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, маргаан бүхий экскаватороор ажил гүйцэтгэж олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээний хөлс зардал, олсон ашиг, сэлбэгийн үнэ, шүүх хуралдаанд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95 376 200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Хариуцагч Ж.Б , Н.С нараас 70 876 200 төгрөг, хариуцагч Д.Д оос 24 500 000 төгрөг тус тус гаргуулна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Тэгэхээр хариуцагч нар нь үндэслэлгүйгээр херөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нар шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н ын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсэхгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул зохигчдын хооронд 2005 УН улсын дугаартай, Robex 2900LС-7 маркын экскаваторыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийн дагуу Ц.Г , Р.Т нараас 38 780 000 төгрөг гаргуулан Н.С д, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 24 500 000 төгрөг гаргуулан Д.Д ид олгож шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Ж.Б нь Robex 2900LС-7 маркын экскаваторыг өөрийн эзэмшил ашиглалтанд байх хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй тохироцож, ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Г  ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/321 дугаартай тодорхойлолтонд ...ажлын хөлс 21 800 000 төгрөгөөр тохиролцож бэлнээр хийж дуусгасан гэж, мөн Барилга угсралтын АЧ  ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18/78 дугаартай тодорхойлолтонд ...нийт 12 000 000 төгрөгөөр үйлчилсэн ба ажлын хөлсөө тухайн үедээ авсан, СК  ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/18 дугаартай тодорхойлолтонд ...19 900 000 төгрөгийг хариуцан ажиллаж байсан Ж.Б гийн хүсэлтээр 3-р байрны 18 тоот 49.92 м.кв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож өгсөн гэсэн баримтуудыг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тул шүүхээр бүрдүүлэх хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 142/ШЗ2018/03621 дугаартай захирамжаар маргаан бүхий экскаватороор хийж гүйцэтгүүлсэн ажил байгаа эсэх, байгаа бол хэдэн төгрөгийг төлбөрт төлсөн талаарх баримтыг ажил гүйцэтгэх гэрээний хамтаар гаргуулахаар шийдвэрлсэний дагуу дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Үүнд: Г  ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/439 дугаартай тодорхойлолтонд ...иргэн Ц.Г ын хүсэлтээр ...ажлын хөлс 21 800 000 төгрөгөөр тохиролцож бэлнээр хийж дуусгасан гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн бөгөөд иргэн Ж.Б тай хийсэн 41 тоот гэрээний дагуу 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 6 500 000 төгрөгийг бэлнээр Ариунболдод хүлээлгэн өгсөн. Ариунболд нь Ж.Б д өгнө гээд авсан гэж, Барилга угсралтын АЧ  ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18/159 дугаартай тодорхойлолтонд ...Ж.Б гаар тодорхой хэмжээний ажил гүйцэтгүүлсэн ба үнэ хөлсийг тухайн үед гаргаж өгсөн, баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж, СК  ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05/18 дугаартай тодорхойлолтонд ...Ж.Б гийн экскаватороор 4 970 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн. Түүний хүсэлтээр худалдан авсан 3-р байрны 18 тоот 49.92 м.кв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт суутгаж авсан нь үнэн. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 970 000 төгрөг бэлнээр, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6 350 000 төгрөг Лувсангийн ажлын хөлснөөс авсан, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 200 000 төгрөг бэлнээр, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 6 666 000 төгрөг бэлнээр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 780 000 төгрөг бэлнээр гэсэн баримтыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргасны дагуу дээрхи нотлох баримтын зөрүүтэй мэдээлэл, холбогдох баримтыг гаргуулах, тодорхойгүй асуудалд хариу авахаар шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэр бүхий аж ахуйн нэгжүүд хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар захирамжийн зарим хэсэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтыг нэгтгэн дүгнээд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 36 758 712 төгрөгийг хангаж, 58 617 488 төгрөг болон хариуцагч Д.Д нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Тодруулбал: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул Г  ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс 14 500 000 төгрөг, АЧ  ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс 3 642 712 төгрөг, СК  ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс 13 616 000 төгрөг гэж тооцсон болно.

Г  ХХК-ний 2014 оны кассын тайлангийн 7-10 сарууд гэсэн баримтанд газар ухуулсан хөлс 8 000 000 төгрөг, үлдэгдэл хөлс 6 500 000 төгрөг гэж бичигдсэн болох нь шүүхээс даалгасан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Барилга угсралтын АЧ  ХХК-ний 2 тодорхойлолтоор экскаватороор тодорхой ажил гүйцэтгүүлсэн болох нь нотлогдож байгаа боловч хэдэн төгрөгийг ажлын хөлсөнд олгосон талаар баримт байхгүй тул Ахмадын ордоны ажлын төсөвөөс экскаватороор гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр тооцсон болно.

СК  ХХК-ний шүүхэд ирүүсэн 3 баримтаас ажлын хөлсийг бэлнээр авсан 13 616 000 төгрөгөөр тооцсон болно. /Лувсангийн ажлын хөлсийг хасч тооцсон/

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Robex 2900LС-7 маркын экскаваторыг тээвэрлэх тээврийн зардлыг 10 350 000 төгрөг гэж нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ж.Б , Н.С нараас Дундговь аймгаас Орхон аймаг хүртэл тээвэрлэсэн тээврийн зардал 5 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Дундговь аймгийн Хулд сумын нутагт ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж байсан ажлаа зогсоох, Эрдэнэтэд ирэх зардлыг хариуцна гэсний дагуу экскаваторыг Орхон аймагт хүргүүлсэн тул Дундговиос Орхон аймаг хүртэл тээвэрлэсэн тээврийн зардлыг хариуцагч Ж.Б , Н.С нар хариуцах ёстой гэж үзлээ.

Хариуцагч Д.Д нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд түүнийг 3 000 000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нотлох баримтгүй, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00404 дугаартай тогтоолоор зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэж, эцэслэн шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Д ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Орхон аймаг дахь шүүхэд хүрэлцэн ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 3 664 400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Мөн хуулийн 9.3.-д Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ гэж заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах, хууль зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх бөгөөд түүнийг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй.

Иймд хариуцагч Ж.Б , Н.С нараас гэрээ биелснээс олсон ашиг 31 758 712 төгрөг, тээврийн зардал 5 000 000 төгрөг нийт 36 758 712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 617 488 төгрөг болон хариуцагч Д.Д нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид шүүхэд төлөөлөх эрхийг хуульд заасны дагуу олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлтэй бөгөөд Р.Туулаас Ц.Г т олгосон 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийн дагуу Ц.Г нь П.Н ад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Р.Туулыг төлөөлөх итгэмжлэл олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болох 254 881 төгрөгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бууруулсан тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2018/03621 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 756 020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б , Н.С нараас улсын тэмдэгтийн хураамжинд 341 744 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б , Н.С нараас 36 758 712 /гучин зургаан сая долоон зуун тавин найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 617 488 /тавин найман мянга зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг болон хариуцагч Д.Д ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 /долоон зуун тавин зургаан мянга хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б , Н.С нараас 341 744 /гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нарт олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2018/03621 дугаартай шүүгчийн захирамжийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 254 881 төгрөг төлөхийг хойшлуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ