| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00995/И |
| Дугаар | 142/ШШ2021/01281 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2021/01281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: Ц.З
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э , хариуцагч Ц.З /Төв аймгаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.С /Төв аймгаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ц.З той 2010 онд танилцаж улмаар дотносож хэсэг хугацаанд 2014 оноос хамт амьдарч байсан. 2015 оны 05 дугаар сарын 13-нд хүү З.Т төрсөн бөгөөд тухайн үеэс бид тусдаа амьдарч эхэлсэн. 2016, 2017 онуудад хүү маань аав ээжүүд дээр ирж очин байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 онд хүүгийн төрсөн өдрөөр ирэхэд нь уулзсанаас хойш нэг ч удаа уулзаагүй. Өнгөрсөн хугацаанд бид хамт амьдрах бололцоо муу Япон, Солонгост 2 тусдаа гадаадад ажил эрхэлж байсан. Мөн дээрээс нь хадам аав ээжүүдтэй ойлголцол муу зэрэг олон шалтгаан нөлөөлж хоорондоо таарч тохирохоо больж сэтгэл санаа хөндийрсөн. Нэгэнт цаашид хамт амьдрахгүй болсон тул хуулинд заасан эрхийнхээ дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Ц.З оос хүү З.Т ыг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах мөн өөрийн асрамжинд бүрэн авах, хүүгээ өөрийн нэрээр овоглох, нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасаны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Э нь Б.у ийн нэхэмжлэлтэй, Ц.З т хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэлээр төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уг иргэний хэрэгт Ц.З оос хүү З.Т ыг тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулах шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцохоо үүгээр мэдэгдэж тодруулга гаргаж байна. Нэхэмжлэлийн бусад шаардлага болох хүү З.Т ыг нэхэмжлэгч өөрийн нэрээр овоглох зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдийн тэжээн тэтгэх асуудлыг шийдвэрлэхэд асрамжийг эцэг эхийн хэн нэгэнд тогтоох нь зайлшгүй бөгөөд урт хугацаагаар эцэгтэй нь байлгах боломжгүй. Бага насны хүүхэд, анх сургуульд орж байгаа байдлыг харгалзан удаан хугацаагаар эцэгтэйгээ байх боломжгүй гэв.
Хариуцагч Ц.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.у ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Ц.З доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад
1. Хариуцагч Ц.З оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах
2. Хүүгээ өөрийн нэрээр овоглох гэжээ.
Нэг дэх шаардлагын хувьд: Бид анх 2010 онд оюутны байранд танилцсан. 2012 оны 08 дугаар сард анхны хүүхэд Эрдэнэт хотод төрөөд бүтээгүй юм. Бид хоёр сургуулиа төгстлөө оюутны байранд хамт амьдарч байсан. 2014 оны 01 дүгээр сард сургуулиа төгсөөд байр хөлслөн хамт амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт хүү Т төрсөн. Б.У 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймагт байж байгаад Булган аймгийн Сэлэнгэ сум руу аавынх руугаа явсан. Тэнд амьдарч байх хугацаанд нь би Улаанбаатар хотод ажлаа хийж байсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед хүүгийн бие өвдөөд Улаанбаатар хотод ирсэн. /шалтгаан нь хүний мөөм хөхүүлж байгаад амыг нь мөөгөнцөрдүүлсэн байсан/ энэ үед эмчилгээ хийгээд буцаад явсан. Түүнээс хойш 2016 оны 02 дугаар сар хүртэл Булган, Төв аймаг хоёрын хооронд ирж очиж байгаад Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байгаад У нь 2016 оны 06 дугаар сараас Эрдэнэт хот явж япон хэлний сургалтанд сууж эхэлсэн. Эхний нэг сар хүү маань ээжтэйгээ Эрдэнэт хотод амьдарч байсан. Би 2016 оны 07 дугаар сарын сүүлчээс эхлэн хүүгээ Төв аймагт авч ирж ажлаасаа гарч эцэг эхийн хамт хүүгээ өсгөж эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 10-наас Төв аймгийн цэцэрлэгт явуулсан. У нь Эрдэнэтэд хэлний бэлтгэлд сууж 2016 оны 10 дугаар сараас Улаанбаатар хотод ирж хэлний бэлтгэлд сууж эхэлсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 13-нд Япон явах хүртлээ сардаа 2-3 удаа Төв аймагт хүү дээрээ ирдэг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр У Япон явж, Би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Солонгос улс руу гурван сарын хугацаатай явсан. Миний хувьд Солонгос улсад үргэлжлүүлэн үлдэж болох байсан боловч хүүхдээ хоёулаа орхиод явсан учир хүүдээ сэтгэл зовоод эргээд гурван сар болоод буцаж ирсэн. у ийг Японд байх хугацаанд би хүүгээ нагац өвөө, эмээтэй нь сар шинээр Булган аймагт очиж золгуулдаг, мөн 8 дугаар сард 10 хоногийн хугацаатай 2 ч удаа очиж уулзуулж байсан. Энэ бүх хугацаанд хүү маань Төв аймагт надтай хамт би өсгөсөн. Харин 2018 оны 09 дүгээр сард У нь Япон улсаас 7 хоногийн хугацаатай ирсэн. Ингэж ирэхдээ хүүтэйгээ хамт аав ээж дээрээ очоод золгочихоод ирье гэж хэлээд хүүг маань авч явсан. Үүнээс хойш эргэж ирээгүй юм. Төв аймгийн цэцэрлэгээс бидэнд хэлэлгүй бүртгэлээс нь хасуулсан байсан. Ингээд Булган аймаг Сэлэнгэ суманд ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт хүүг маань бүртгүүлсэн байсан. Би хоёр сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын эхээр эхнэр хүүхэд дээрээ очсон. у тэй цаашдаа яах, хаана амьдрах тухайгаа ярилцахад Төв аймаг, Улаанбаатар, Эрдэнэтэд амьдрахгүй /ер нь цаашдаа хамт амьдрахгүй гэдээ хэлж илэрхийлсэн/. Би буцаад Төв аймаг явах гэтэл хүүхэд дагаж уйлаад байхаар нь авч явах гэхэд У хүүг надтай явуулахгүй гэж уурлаад зөрүүдлээд байсан. Харин түүний аав Батбаяр нь хүүхэд уйлаад дагаад байхад хамт явуул гэж загнаж байж хүүг явуулж би авч ирсэн. Ингээд би 10 хоногийн дараа хүүгээ ээжтэй нь уулзуулах гээд хүргэж өгсөн. Удахгүй хүүг Эрдэнэтийн цэцэрлэгт өгсөн байсан. Би хүүтэйгээ уулзах гээд шинэ жилээр очиж цэцэрлэгийнх нь шинэ жилээр хамт байсан. 2019 оны эхээр ханиад их гарсны улмаас цэцэрлэг нь ажиллахгүй хөл хорионд орсон үед хүүхэд харах хүнгүй байна гээд у ийн эгч Ууганцэцэг нь Улаанбаатар хотод ажлаар ирэхдээ хүүг маань Улаанбаатар хотод авч ирж өгсөн. Дараа нь цагаан сараар Төв аймагт ирж аав ээжтэй ирж золгоно гэж хэлсэн ч өөрөө ирээгүй ба цагаан сарын дараа аав эгч 2-оо явуулж хүүг маань авсан. Тэгээд огт холбоогүй байгаад байхаар нь 08 дугаар сард хүүхдийн цэцэрлэг орох болсон тул би Эрдэнэт явж цэцэрлэгийн бэлтгэлийг нь хамт бэлдэлцэж өгсөн. Одоо түүнээс хойш намайг хүүтэй маань огт яриулдаггүй, фэйсбүүк хаягийг блоклосон байсан. Ингээд ямар ч холбоогүй болсон учир би хүүгийнхээ төрсөн өдрөөр 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аавтайгаа хамт Эрдэнэт орж хүүдээ төрсөн өдрийн бэлэг аваачиж өгсөн. У надтай үүнээс хойш хэд хэдэн удаа согтуу ярьдаг болсон 1 удаа бүр миний бие муу байна. Хорт хавдартай болсон Улаанбаатарт 3-р эмнэлэг дээр хагалгаанд орж байна гэж ярихад нь би шөнийн гурван цагт хотруу 3 дугаар эмнэлэг дээр очиход согтуудаа худлаа ярьсан байсан. Энэ хугацаанд буюу Японоос ирээд хүүг авч явсан цагаасаа намайг хүүтэй маань утсаар огт яриулдаггүй /миний утасны дугаар болон фэйсбүүк хаягийг блок хийсэн/ ба одоо ч энэ байдал хэвээрээ байгаа. 2020 оны шинэ жилээр мөн л холбоо барьж чадахгүй байсан тул Булганд байдаг у ийн ээжийнх нь ажлын хаягаар хүүдээ бэлэг явуулж байсан. Би хүүтэйгээ утсаар ярьж байнга холбоотой байхыг хүсдэг боловч У хүүтэй маань уулзуулахыг огт хүсдэггүй. Би эхнэр хүүхэддээ хайртай .Бидний хооронд салах шалтгаан байхгүй. Би архи ууж агсан тавьж эхнэртээ гар хүрч байсан удаагүй огт архи тамхи хэрэглэдэггүй өөрийнх нь аясаар байдаг. Манай ээж у ийг өөрийн охин шигээ хайрладаг байсан. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Хамгийн сүүлд очиход сэтгэл санаа нь хөндийрсөн нь илт мэдэгдэж байсан. Мөн одоо өөр хамтран амьдрагчтай болсон. Энэ талаар би фэйс хаягаас харж мэдсэн. Манай хүүтэй зургаа цуг авахуулсан байсан. Би хүүдээ хайртай хүү маань дунд нь хохирч үлдэх ёсгүй. Би өөр эцгийн царай харуулмааргүй байгаа учир хүүгээ өөрөө авч өсгөнө.
Хоёр дахь шаардлагын хувьд: Би зөвшөөрөхгүй байна. Би хүүдээ маш их хайртай. Багаас нь би хүүтэйгээ хамт байж өсгөсөн. Цаашид хүүгийнхээ дэргэд байнга байж өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Би том болсон хойно ч хүүтэйгээ байнга харьцаатай байна. Иймд би овог солихыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо У овгийг нь сольчихоод надтай бүр харилцааг нь таслах хүсэлтэй байна. Энэ хүүхэд том болоод аавыгаа танихгүй надаас хөндийрөх магадлалтай тул би өөрийн хүүхдийн овгийг солихыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ер нь овог солих асуудал нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчиж түүнийг хэрэглэх боломжтой байсан. Мөн солих, солиулах талуудын хүсэлт З ийн дагуу хийгддэг асуудал болохоос зөвхөн нэг талын хүсэлтээр шийдэх асуудал биш гэж үзэж байна.
Гурав: Дээрх нэхэмжлэлийг шүүх харьяалал зөрчиж авсан байх тул доорх тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд: Хэргийн харъяаллыг заагаад 13 дугаар зүйлийн 1-д: Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол / цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харъяалан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 65.1-д Энэ хуулийн 13 дугаар зүйл заасан хэргийн харъяалал зөрчсөн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. 14.4-д Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126.2-т заасан нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан. Тэгвэл нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ бичээгүй ба үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн одоогийн иргэний үнэмлэхийн хаяг нь Төв аймаг Зуунмод 1 дүгээр баг Номт 12 дугаар гудамж 3 тоотод хаягийн бүртгэлтэй байгаа ба энэ газар газарт орж одоо Төв аймагт Зуунмод 1 дүгээр баг Соёмбо хотхон 200 дугаар байр 21 тоотод оршин суудаг ба энэ хаяг дээрээ бүртгэл хийгдсэн боловч одоогоор иргэний үнэмлэх дээрээ хаягийн бүртгэлээ хийлгэж амжаагүй байна. Хариуцагчийг Төв аймагт бүртгэлтэй гэдгийг нэхэмжлэгч Б.У өөрөө мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Талуудын тайлбарыг дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно. Мөн хуулийн 20.1.2 нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харъяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хариуцагчийн одоогийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдэд тэтгэлэг гаргуулах, асрамжиндаа авах, овог нэрийг солихтой холбоотой учир ийм хэрэгт шүүхийн практикаас харахад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр талуудыг өөрсдийг нь оролцуулан шийдвэрлэдэг тул энэ нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийг өөрийг нь оролцуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.у ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э хариуцагч Ц.З т холбогдуулан хүү З.Т ыг тэжээн тэтгэх, тэтгэлэг гаргуулах мөн хүүхдийн овог нэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү З.Т ыг өөрийн нэрээр овоглох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тэжээн тэтгүүлэх шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хүүхдийн овог нэр өөрчлөх нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ц.З хүү З.Т ын асрамжийн асуудлаар маргаж, өөрийнхөө асрамжинд хүүг авах, хэрэв шүүх эхийн асрамжинд үлдээвэл хүүтэйгээ уулзаж байхыг даалгахыг шүүхийн шийдвэрт тусгуулж өгнө үү гэж мэтгэлцдэг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.У нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э од шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг олгохдоо нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг мөн адил олгосон байдаг ба хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байна.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хүүхдийн асаргааны асуудлыг зайлшгүй харгалзан үзэх ёстой бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргийг хэнд хариуцуулах нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл тэжээн тэтгэх асуудалтай салшгүй холбоотой гэж үзнэ.
Зохигчид 2010 онд танилцан хамтран амьдарсан ба 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүү З.Т төрсөн болох нь зохигчдын тайлбар, мэдүүлэг, хүү эрүүл өсөж бойжиж байгаа талаархи Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Уурхайчин багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, хүү З.Т ын *** дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү З ийн Т ын төрсөн эцэг нь хариуцагч Ц.З мөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүү З.Т ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогддог.
Хүү төрсөн цагаасаа эцэг, эхийн асрамжинд өсөж бойжиж байгаа, хэн аль нь хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьж, өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байна.
Талууд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаж байгаа тул шүүх хүү З.Т ын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, өсөх, баяр баясгалантай, сэргэлэн цовоо, зорьсондоо хүрэх эрмэлзлэлтэй иргэн болон төлөвших нөхцөл боломжийг эх Б.У илүү бүрдүүлсэн гэж дүгнэн хүүхдийн асрамжийг нэхэмжлэгчид үлдээх нь зүйтэй байна. Тодруулбал: нэхэмжлэгч Б.У нь өөрийн өмчлөлийн орон сууцтай /3-23-70 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч/, боловсролын байгууллагад хүүхэд хөгжил төлөвшлийн ажилтнаар ажилладаг /одоо жирэмсний чөлөөтэй байгаа/ болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Орхон аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. Эцэг Ц.З хүүгээ өөрийн асрамжинд байлгах талаар мэтгэлцэж байгаа боловч хүүг ямар орчин нөхцөлд байлгах, одоо өсөж бойжиж байгаа орчнийг өөрчлөх зайлшгүй шаардлагын талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан тул хариуцагч Ц.З тыг хүүтэйгээ уулзах, байнгын харилцаатай байх эрхийг хангаж, хүү З.Т ыг өвөл, зуны /урт хугацааны/ амралтаар тус бүр 7 /долоо/ хоногийн хугацаатай эцэг Ц.З той уулзуулж байхыг эх Б.у т даалгаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ц.З оос хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр хүү З.Т ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.З оос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Боржигон овогт З ийн Т ыг эх Б.у ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар З.Т /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ц.З оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүү З.Т ыг өвөл, зуны /урт хугацааны/ амралтаар тус бүр 7 /долоо/ хоногийн хугацаатай эцэг Ц.З той уулзуулж байхыг эх Б.у т даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.З оос 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ