Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/00296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ж

Хариуцагч: Д.А

Нэхэмжлэлийн шаардлага800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Ж /Улаанбаатар хотоос цахимаар/,

Хариуцагч: Д.А ,

Гэрч: Н.Ө ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ж хариуцагч Д.А д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А овогтой Ж миний бие Д гийн А д 2021 оны 10 дугаар сарын 16-наас 2021 оны 10 дугаар сарын 21-ний 23:30 цаг хүртэл өөрийн эзэмшлийн ** УБҮ улсын дугаартай соната 7 автомашинаа 5 хоног түрээслүүлсэн боловч хугацаандаа ирэлгүй олон хоног өнгөрч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Багшийн дээдийн зогсоол дээр тавьсан, түлхүүрийг ТҮЦ-нд үлдээсэн гэх Д.А гийн мэдээллийн дагуу очиж авсан болно. Машиныг хүлээн авахад урд баруун кирлан зурагдаж хонхойсон сэвтэй, шатахуун дууссан шалтгаанаар асахгүй байсан тул ачлагын машин дуудаж ачуулж шатахуун түгээх орж газ хийлгүүлж засварын газар хүргүүлж засварлуулсан билээ. Тиймээс гэрээний үүрэг хангуулж түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 400 000 төгрөг, ачлагын 50 000 төгрөг, газны зардал 50 000 төгрөг, авто засварын төлбөр болох 200 000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр болох 100 000 төгрөг буюу нийт 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой А миний бие нь А ын Ж гаас 2021 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний 23:30 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай Соната 7 автомашиныг түрээслэхээр 2021 оны 10 сарын 16-ны 23:30 цагийн үед уулзаж нэг хоногийн 100 000 төгрөгийн төлбөр, барьцаа 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг дансаар төлж, гараар гэрээ байгуулан автомашиныг хүлээн авсан. Тухайн машиныг хүлээж авснаас хойш 40-өөд минутын дараа эвдрэл гэмтэл нь мэдэгдэж эхэлсэн тул миний бие Ж руу залгаж энэ талаар хэлэхэд би чамд эвдрэлгүй машин хүлээлгэж өгсөн, наад асуудлаа өөрөө шийд гэх утга бүхий хариу хэлж утсаа салган холбоо барих боломжгүй болсон. Иймээс нэгэнт төлбөрөө төлсөн тул түрээсэлсэн хоногууддаа илэрсэн ил эвдрэлүүдийг өөрийн гараар болон засварчингаар засуулж хэрэглэсэн. Тухайн машиныг ашигласан хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байх үед замын цагдаа машиныг ямар нэгэн асуудалтай байгааг анзааран зогсоож шалгахад оношилгоондоо ороогүй байсан нь мэдэгдсэн. Тэр үед мөн л Ж руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. 2021 оны 10 сарын 16-ны өдөр Ж гэнэт холбогдон барьцааны 200 000 төгрөгөндөө дахиад 2 хоног сунгаж түрээслэх үү гэсэн санал тавихад тухайн үед миний бие автомашины нэн шаардлагатай хувийн шалтгаантай байсан тул зөвшөөрөн дахин 2 хоног түрээслэхээр болсон. Ингээд 2021 оны 10 сарын 18-ны өдөр буюу тухайн машинаа эргүүлэн өгөхөөр Ж тай холбогдох гэтэл холбогдож чадалгүй байсаар оройн 18:00 цагийн үед холбогдон машинаа хүлээлгэж өгмөөр байгаагаа хэлэхэд наа хавьдаа нэг газар зогсоолд үлдээгээд түлхүүрийг нь дэлгүүрт ч юм уу үлдээчих гэсэн тул багшийн дээдийн зогсоол дээр машинаа тавиад ойролцоох түцэнд түлхүүрийг нь үлдээн Ж д хаяг байршлыг мэдэгдсэн. Энэ цаг үеэр Улаанбаатар хотод авто газ олдохгүй байсан тул Ж тай холбогдох хүртлээ газ хайж явсаар машинаа хүлээлгэж өгөх үедээ газгүй үлдээсэн. Ж нь түрээслүүлсэн автомашинаа тухайн өдрөө очиж авалгүй 3 хоногийн дараа буюу 2021 оны 10 сарын 21-ний өдөр очиж авсан. Тухайн 3 хоногийн хугацаанд гадаа зогсоолд байх үед нь эвдрэл гэмтэл нэмэгдсэн байхад өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж өөрийн биеэр хүлээж аваагүй, түрээслүүлэгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа А намайг буруутгаж байгаад нь гомдолтой байна. Нэхэмжлэгчийн түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 400 000 гэх мөнгөн дүнгийн хувьд хугацаа хэтрүүлсэн гэх 4 хоногийн 2 хоног нь анх гэрээ байгуулах үед төлөгдсөн барьцааны 200 000 төгрөгөөр төлөгдөхөөр 2 тал хоорондоо тохиролцож түрээсийн хоногийг сунгасан. Үлдсэн 2 хоногийн хувьд хариуцагч тал түрээслэгчийнхээ үүргийг биелүүлж тохирсон өдрөө автомашинаа хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч тал түрээслүүлэгчийнхээ үүргийг биелүүлж түрээслүүлсэн автомашинаа хугацаандаа хүлээж аваагүй ба тухайн хүлээлгэж өгөх ёстой өдөр багшийн дээдийн зогсоол дээр үлдээхийг өөрөө зөвшөөрсөн. Зам тээврийн торгуулийн төлбөр гэх 100 000 төгрөгийн хувьд А миний бие тухайн автомашиныг түрээслэсэн хугацаанд дугаар нь явдаггүй өдөр хэрэглэснээс болж нэг удаагийн 20 000 төгрөгийн торгууль авснаас өөр торгуульгүй. Ачлага, газны зардал, авто засварын төлбөр гэх нийт 300 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал өөрөө цаг тухайд нь өөрийн биеэр автомашинаа хүлээж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан хохирол тул А миний бие уг хохирлыг барагдуулахаас татгалзаж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 142/ШЗ2021/** дугаартай шүүгчийн захирамж /хх 2-3/, 2021 оны 11 сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх 4-5/, А.Ж гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, талуудын хооронд байгуулсан гэрээ гэж нэрлэсэн гараар бичсэн баримт /хх-7/, 2021 оны 11 сарын 09-ний өдрийн Гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл /хх-8/, А.Ж гийн 2021 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-9/, ** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийн сангаас авсан баримт /хх-10/, А.Ж гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-11/, Д.А гийн иргэний үнэмлэхний хуулбар, Н.А гийн жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-12/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-13/, А.Ж гийн Төрийн банкны 2021 оны 10 сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны хуулга /хх 14-26/, Төрийн банк А.Ж нарын хооронд 2018 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 27-30/, ** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас /хх 31-33/, ** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-34/, ** дугаарын утаснаас 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харилцсан зурвас /хх 60-61/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Д.А гийн Хаан банкны 2021 оны 10 сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны хуулга /хх-54/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Д.А гаас 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ж гийн нэхэмжлэлээс 240 000 төгрөгийг хангаж, 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23:30 цаг хүртэл өөрийн эзэмшлийн ** УБҮ улсын дугаартай, соната 7 маркын автомашинаа 5 хоног түрээслүүлэх гэрээ хийж шилжүүлж өгсөн. Тохирсон хоног хугацаа өнгөрч машиныг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Багшийн дээдийн зогсоол дээр тавьсан, түлхүүрийг ТҮЦ-нд үлдээсэн гэх Д.А гийн мэдээллийн дагуу очиж авсан. Машиныг хүлээн авахад урд баруун кирлан зурагдаж хонхойсон сэвтэй, шатахуун дууссан шалтгаанаар асахгүй байсан тул ачилтын машин дуудан ачуулж шатахуун түгээх газраас газ хийлгүүлэн засварын газар хүргүүлж засварлуулсан. Тиймээс гэрээний үүргийг хангуулж, түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 400 000 төгрөг, ачилтын 50 000 төгрөг, газны зардал 50 000 төгрөг, авто засварын төлбөр 200 000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 100 000 төгрөг нийт 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан.

3.Хариуцагч Д.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж гаас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн 23:30 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай Соната 7 автомашиныг түрээслэхээр 2021 оны 10 сарын 16-ны өдрийн 23:30 цагийн үед уулзаж нэг хоногийн түрээсийг 100 000 төгрөг байхаар тохирч, барьцаанд 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг дансаар төлж, гараар бичсэн гэрээ байгуулан автомашиныг хүлээн авсан. Тухайн машиныг хүлээж авснаас хойш доголдолтой байгаа талаар Ж д залгаж хэлэхэд би чамд эвдрэлгүй машин хүлээлгэж өгсөн, наад асуудлаа өөрөө шийд гэх утга бүхий хариу хэлж утсаа салган холбоо барих боломжгүй болсон. Тухайн машиныг ашигласан хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байх үед замын цагдаа зогсоож шалгахад оношилгоондоо ороогүй байсан нь мэдэгдсэн. 2021 оны 10 сарын 16-ны өдөр Ж өөрөө холбогдож барьцааны 200 000 төгрөгтөө дахиад 2 хоног сунгаж түрээслэх үү гэсэн санал тавихад би зөвшөөрч, дахин 2 хоног түрээслэхээр болсон. Ингээд 2021 оны 10 сарын 18-ны өдөр буюу тухайн машинаа эргүүлэн өгөхөөр Ж тай холбогдох гэтэл чадалгүй байсаар оройн 18:00 цагийн үед холбогдож машинаа хүлээлгэж өгмөөр байгаагаа хэлэхэд байгаа газартаа үлдээгээд түлхүүрийг нь ойр хавийн дэлгүүрт үлдээчих гэсэн тул багшийн дээдийн зогсоол дээр машинаа тавиад ойролцоох түцэнд түлхүүрийг нь үлдээж Ж д хаяг байршлыг мэдэгдсэн. Энэ цаг үед Улаанбаатар хотод авто газ олдохгүй байсан тул Ж тай холбогдох хүртлээ газ хайж явсаар машинаа хүлээлгэж өгөх үедээ газгүй үлдээсэн. Ж нь түрээслүүлсэн автомашинаа тухайн өдрөө очиж авалгүй 3 хоногийн дараа буюу 2021 оны 10 сарын 21-ний өдөр очиж авсан. Тухайн 3 хоногийн хугацаанд гадаа зогсоолд байх үед эвдрэл гэмтэл нэмэгдсэн байхад өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж өөрийн биеэр хүлээж аваагүй, түрээслүүлэгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа А намайг буруутгаж байгаад нь гомдолтой. Нэхэмжлэгчийн түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 400 000 төгрөг-ийн тухайд анх гэрээ байгуулахад төлсөн барьцааны 200 000 төгрөгөөр ашигласан хугацааны төлбөрөө төлсөн, өөрөө машинаа хүлээж авах үүргээ биелүүлээгүй, зогсоолд тавихыг зөвшөөрсөн. Машин явахгүй өдөр 20 000 төгрөгийн торгууль гарсан нь үнэн бусад зардлыг хариуцахгүй гэж мэтгэлцдэг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг 30 минутад ** УБҮ улсын дугаартай, соната 7 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай, өдрийн 100 000 төгрөгийн төлбөртэй, барьцаанд 200 000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан байна.

Талууд гэрээ байгуулсан хийгээд төлбөрт 700 000 төгрөгийг шилжүүлэн авсан, барьцааны төлбөрийн 200 000 төгрөгийг 2 хоног сунгаж хэрэглэсэн төлбөрт тооцсон эсэхэд маргаагүй, тохирсон хугацаанд эвдрэл гэмтэлгүй эд хөрөнгийг буцаах үүргээ биелүүлээгүйгээс засвар хийсний төлбөр 200 000 төгрөг, засварлагдах хүртэл хугацаанд түрээсэлсэнд тооцох гэж тохирсон тул 400 000 төгрөг, түлшгүй орхисноос асаагүй тул шатахуун түгээх газарт ачиж хүргэсний төлбөр 50 000 төгрөг, түлшний зардал 50 000 төгрөг, торгуулийн төлбөрийн зарим хэсэгт маргаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч А.Ж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх нь хөлслөгчийн үүрэг гэж заасан бөгөөд хариуцагч Д.А г уг үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл автомашины 5 хоногийн төлбөр 500 000 төгрөг болон барьцаанд нэмж төлсөн 200 000 төгрөгийг 2 хоногийн хугацаагаар нэмж ашиглах талаар хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр хугацааг сунгасан байх тул нийт 7 хоногийн төлбөр болох 700 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзнэ.

Харин эд хөрөнгөө хүлээж авах үүргээ нэхэмжлэгч нэн даруй биелүүлээгүйгээс хэзээ очиж авсан нь тодорхойгүй, хэдний өдөр хүртэл засварт орсон нь тодорхойгүй байгаа хоногоор тооцож төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.

Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4. хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх нь хөлслөгчийн үүрэг бөгөөд Д.А гийн шатахууныг дуустал хэрэглэсэн үйлдэл нь ердийн элэгдэлээс давсан үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд түлшний төлбөр болон шатахуун түгээх газарт тээвэрлэн хүргэсний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8-д Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй. гэж заасан тул тухайн эд хөрөнгө доголдолтой байсан талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгднэ. Иймд засвар үйлчилгээнд шилжүүлсэн төлбөрийн нэхэмжлэлээр шаардсан 200 000 төгрөгийг хангаж, хариуцагч Д.А гийн эзэмшилд байх хугацаанд ** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгууль болох 40 000 төгрөг /2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд ногдох/ нийт 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч Д.А гаас 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560 000 /таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гаас 7 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ