Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/00919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: М.Л

Гэм хорын хохирол 2 221 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , иргэдийн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдааН.Б миний бие 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө буюу 22 цагийн үед Мижиг овогтой Л гийн Suzuki swift маркийн *** ОРО машинд сууж яваад машин осолдож зам тээврийн осолд орсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тархи доргилттой, хамрын таславч муруйсан, зөөлөн эдэд цус хуралттай гэсэн дүгнэлт гарсан ба нарийн мэргэжлийн эмнэлэгийн үзлэгт хамрын яс хугаралттай гэж гарсан. Осолд орсоноос хойш толгой байнга өвддөг болсон ба 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд М.Л миний биеийг асууж нэг ч удаа холбоо бариагүйд маш их гомдож байна. Хэргийг мөрдөж байсан цагдаагийн газраас зөрчлийн хуулиар арга хэмжээ авч хэргийг хаасан гээд хохирлоо иргэний журмаар нэхэмжилээрэй гэж холбогдох баримтыг өгсний дагуу миний бие иргэний шүүхэд хандсан болно. Гэтэл хэргийг хаагаагүй байгаа гэж ямар ч нотолгоогүйгээр тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн материал танилцах үеэр гаргасан хүсэлтийг уншсан бөгөөд байцаагч Үнэнбаатараас энэ талаар асуухад хэрэг хаагдсан гэдгийг дахин нотолж хэлсэн. Иймд хариуцагчийн хүсэлт үндэслэлгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Осолд орсоноос хойш гарсан зардал: Мажаа эмнэлэгт 380 000 төгрөг, Хөтөл унаа 21 000 төгрөг, Бэст массаж 20 000 төгрөг, Медипас эмнэлэгт рентген 180 000 төгрөг, эмчийн үзлэг 20 000 төгрөг, Барагшуун 2 хайрцаг 100 000 төгрөг болон бусад эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Одоо яаралтай хамрын хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны төлбөр 1 500 000 төгрөг нийт 2 221 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч М.Л нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч М.Л д холбогдуулан гэм хорын хохирол 2 221 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч М.Л хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй болно.

Шүүх бүрэлдэхүүн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 20 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг хатуу хучилттай авто замын 47-48 дахь километрт хариуцагч М.Л нь Сүзүки Свивт маркийн 14-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас нэхэмжлэгч Н.Б ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Сүзүки Свивт маркийн 14-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Л нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн, уг зөрчилд нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

Дээрхи ослийн улмаас зорчигч Н.Б ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт, зохигчийн тайлбар мэдүүлгээр тус тус батлагдаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Н.Б шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн эмчийн үзлэгийн төлбөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр, компьютер томографийн зураг авахуулсаны төлбөр, унааны төлбөр зэрэг нийт 622 000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж, зайлшгүй хийгдэх хамрын хагалгааны төлбөрийн талаар холбогдох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Цаашид гарах хохирлыг /эмчилгээ хийлгэсэн төлбөр/ баримтаа бүрдүүлэн нэхэмжилхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Э гэм хорын хохиролыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүх хуралдааны танхимд амаар гаргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч М.Л гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч М.Л цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлэх, хавтаст хэргийг хаах гэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч холбогдох баримтаар нотлогдоогүй, зам тээврийн ослын хэрэгт Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан байх ба нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтанд үндэслэн хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50 486 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Л гаас 19 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б т олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Л гаас 622 000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 599 000 /нэг сая таван зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 486 /тавин мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Л гаас улсын тэмдэгтийн хураамжинд 19 310 /арван есөн мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА