Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00003

 

Р.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн У сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 1 тоотод оршин суух Р.Б,

Тус аймгийн 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 2 тоотод оршин суух Б.Д,

Тус аймгийн 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 8 тоотод оршин суух Д.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч

Увс аймгийн У сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 6 тоотод оршин суух Д.Д,

Увс аймгийн У сумын 3 дугаар багт оршин суух Э.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Д.Д, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нар /цахим сүлжээгээр/ оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохиролд Т.Б-д 86578578 төгрөг, Д.Б-д 68671704 төгрөг, Б.Д-д 81468643 төгрөг, нийт 236718925 төгрөгийг хариуцагч Д.Д, Э.Б нараас гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Р.Б, Д.Б, Б.Д нарын манай 3 айл 2013 онд Д.Д, Э.Б нарын У сумын 10 дугаар багийн нутагт барьсан 9 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй болсон. Цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болсон учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна.

 

Р.Б-ын хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6,100,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53,900,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,578,578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86,578,578 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Д.Б-ийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57,000,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,302,227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68,671,704 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Б.Д-гийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,468,643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81,468,643 төгрөг гаргуулж өгнө үү. Нийт бид гуравт 23,6718,925 /хоёр зуун гучин зургаан сая долоон зуун арван найман мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Д-гийн хариу тайлбарт: “Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү Д.Төгсжаргал, Э.Б нарын хамтаар Увс аймгийн У сумын 10 дугаар багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан.

Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрээр:

 

“1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Б.Д нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Р.Б нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Б нэхэмжлэгч Д.Б нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Э.Б-оос 57000000 /тавин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д, хариуцагч Д.Д-гээс 55000000 /тавин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д, мөн 58800000 /тавин найм сая найман зуун мянган төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-д тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-д, 432950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д нарт тус тус олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Д-гийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Д.Д миний бие нь анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 

Хариуцагч Д.Д миний бие нь 2013 онд дүү Т, Б нарын хамт өөрсдийн хөрөнгөөр 9 айлын орон сууцыг 10 дугаар багт барьсан нь үнэн. Тухайн барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр барьж ашиглалтад оруулсан. Тухайн барилга барих үед би худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан. Би өөрөө манайхаас байр ав гэж шахаж шаардан байраа худалдаж борлуулсан зүйл байхгүй.

Тэгтэл дээрх нэр бүхий хүмүүс шинэ барьсан байранд ороод 2 жил 5 сарын дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх нэхэмжлэгч нар тухайн байранд ороод үнэхээр амьдрах боломжгүй байсан бол Иргэний хуулийн 251-д зааснаар шаардлага гаргах байсан, зөрчилгүй учраас орон сууцыг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Мөн дээрх нэхэмжлэгч нар байр худалдан авснаас хойш Иргэний хуулийн 254.6-д зааснаар 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул доголдлын талаар ярих үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх нэхэмжлэгч нар байр худалдан авснаас хойш одоо хүртэл тухайн байрандаа амьдарсаар байгаа бөгөөд тэд нар манай байрыг худалдан авах үед байр ховор байсан бөгөөд дараа жилээс нь эхлээд байр олноор баригдсан, мөн түрээсийн байр их хэмжээгээр ашиглалтад орсноос тэд нар байрны талаар гомдол гаргаж байгаа үзэж байна. Мөн талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хууран мэхэлж хийгдсэн гэдэг нь ердөө нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 255.1, 255.2-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан мөн Иргэний хуулийн 112.1-д зааснаар Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх дээрх нэр бүхий хүмүүст шилжсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.Б-ийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч нар нь тухайн байранд ороод 2 жил 6 сарын дараа байраа буцааж мөнгөө авна гэж байгаа нь зах зээл хүндэрч, эдийн засаг муудаж, орлого багассантай холбоотой. Өөрсдөө банкнаас их хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадахгүй болохоор энэ асуудлыг гаргасан. Б.Д, Р.Б нар нь банкнаас илүү авсан мөнгөө байрны үнэнд өгсөн гэж байснаа сүүлд үнэнээ хүлээсэн. Д.Б мөн 2 сая төгрөг бэлнээр өгсөн гэж байснаа өгөөгүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн. Тухайн байр бохирын шингээлттэй, халуун ус нь бойлероор халдаг гэдгийг сайн мэдэж байсан. Банк зээл олгохдоо маш сайн судалгаа хийж ипотекийн 8 хувийн зээл олгодог. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ байсан бөгөөд нотариатаар дамжин гэрээ хийгдсэн. Д.Б нь миний амьдрах гэж байсан байрыг “би 1 өрөө байраа зарчихсан, амьдрах газар байхгүй, та байраа заавал өг гэж дарамталсаар байж авчихаад зээлээ төлж чадахгүй болохоор асуудал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд би хотод байр захиалчихсан, 9 дүгээр сард орохоор хүлээж байтал Д.Б надтай уулзаад “Би танд 1 өрөө байрыг зарсан гэж худлаа хэлсэн. Байраа банканд 17 сая төгрөгт тавьсан. Байраа 300,000 төгрөгөөр түрээсэлж байтал эдийн засаг муудаж, өндөр үнээр түрээсэлж чадахгүй болсон тул 2 байрны хүү төлбөрийг яагаад ч төлж чадахгүй боллоо. Та байргүй юм чинь 50 сая төгрөгөөр авахгүй биз” гэхэд нь би авахаар болсон. Би Улаанбаатар хотод Нарт хотхонд 58 м2 байр захиалж, урьчдилгаанд өгсөн байсан мөнгөө гэрээ зөрчсөн гэж 8 сая төгрөг төлж аваад 2015 оны 5 дугаар сард ирэхэд Д.Б намайг шүүхэд өгсөн байсан.  Д.Б нь байрандаа 2 жил, 6 сар амьдраад хот шилжсэн бөгөөд үлдсэн 2 жил 6 сард нь  түрээсээр хүмүүс суулгадаг байсан. Би Б-өөс болж одоо хүртэл байргүй, түрээсийн байраар амьдарч байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд миний бие Улаанбаатар хотод хамгийн хямд байр түрээсэлж ирсэн бөгөөд хамгийн хямддаа 550,000 төгрөгөөр түрээсэлж, 35 сая орчим төгрөг түрээсэнд төлсөн. Б миний амьдралаар үнэхээр тоглосон тул би маш гомдолтой байна. Шүүх үндсэн мөнгийг буцааж олгох шийдвэр гаргаж байгаа бол тухайн байранд 5 жил 2 сар амьдрах хугацаанд гарсан элэгдэл, хорогдлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, үндсэн төлбөрөөс хасалт хийж, шийдвэрээ гаргаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Р.Б, Б.Д, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Д, Э.Б нараас орон сууц худалдаж авсны дараа  худалдан авсан орон сууцанд эд хөрөнгийн доголдол /халаалт маш муу, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй/ илэрсэн байх тул гэрээг цуцалж, гэрээний улмаас учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарлаж, хариуцагч Д.Д, Э.Б нар нь “нэхэмжлэгч нар нь тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ өвөл маш хүйтэн байсан тул халаалт муу байсныг үгүйсгэхгүй, харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.           

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Д.Д, нэхэмжлэгч Б.Д нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч Д.Д нэхэмжлэгч Р.Б нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, хариуцагч Э.Б, нэхэмжлэгч Д.Б нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нар нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй байна. 

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлж өгөх үүргийг худалдагч тал зөрчсөний улмаас нэхэмжлэгч нар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-т зааснаар худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэгч нарын гэрээг цуцлах, гэрээний улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.  

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шинжээч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Э, Барилга техникийн улсын хяналтын байцаагч Ө.А, Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Х.Ж нарын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар дүгнэлтэд Увс аймгийн У сумын 03 дугаар багт байрлах 3 давхар 9 айлын орон сууцны барилгыг барихдаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн барилга байгууламжийг барих ямар нэгэн зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, барилга нь төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй /бохирын цооногтой, цооногийн дээврийн хучилт задгай, цооног дотор байрлуулсан бохир цуглуулах лёнкс цоорсноос бохир ус гадагш хальсан байдалтай орчин тойрондоо маш их үнэртэй/ боловч мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн техникийн нөхцөл, үндэслэл, тооцоо судалгаа, зураг төсөлгүйгээр хийгдсэн, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөхүйц. Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсвэл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан бичиг баримтгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтгүй. Тус байрны 1 тоотод оршин суух Р.Б, 2 тоотод оршин суух Б.Д нарын орон сууцны унтлагын өрөөний вакум цонхны битүүмж муу, зай завсар ихтэй цонх хүрээ хана, өрөөний зарим хэсгээр хана шалны болон хана таазны уулзвар, булангийн хэсэгт мөөгөнцөртсөн байгаа нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, оршин суугчдад эрүүл мэндийн эрсдэл үүсэхээр. 8 тоотод оршин суух Д.Б-ийн байранд хүний үнэрлэх мэдрэхүйд шууд мэдэгдэхүйц бохирын үнэртэй. Барилгын агааржуулалтын систем нь барилга байгууламжийн онцлогийг харгалзан, тооцоо судалгаанд үндэслэн хийгдсэн зураггүй техникийн ямар үндэслэлээр хэрхэн хийсэн эсэхийг тодорхойлох нотлох баримт бичиггүй ердийн зайлуулах системийн горим бүхий агааржуулалтын системтэй. Агааржуулалтын хөдөлгөөний хурд эрүүл ахуйн шаардлагын хэмжээг хангахгүй. Дээрх 3 айл тус бүрд цэвэр усны гол шугам болон айлууд руу салаалсан шугамыг зэврэлтээс хамгаалсан цайран трубогоор хийгдээгүй PRP /хуванцар хоолой/-оор хийгдсэн. 3 дугаар давхрын тагтанд хазайлт үүссэн зэргээс үзэхэд барилга бат бэх тогтвортой байх баталгаа байхгүй байна гэх дүгнэлтээр эд хөрөнгийн доголдолтой болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгч нарт доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэж зохигч нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалснаар Б.Д-гийн орон сууцны үнэд төлсөн 55000000 төгрөг, Р.Б-ын төлсөн 58800000 төгрөг, Д.Б-ийн төлсөн 57000000 төгрөгийг нэхэмжлэгч нарт учирсан хохиролд тооцож гаргуулсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч нар нь “2 жил 5 сар амьдарсны дараа нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй” гэж маргах боловч шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдлуудыг худалдан авах үед шууд тодорхойлох боломжгүй, уг орон сууцыг ашиглах явцад илрүүлж барилгын чанарын тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 дугаартай дүгнэлт гаргаснаар илэрсэн гэж үзэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаандаа гомдол гаргасан байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагч Д.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885000 төгрөгөөс 726950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 158050 төгрөгийг төрийн сангийн 100020000957 тоот данснаас буцаан гаргаж Д.Д-д олгож, хариуцагч Э.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885000 төгрөгөөс 726950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 158050 төгрөгийг төрийн сангийн 100020000957 тоот данснаас буцаан гаргаж Д.Дд олгож, хариуцагч Э.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                               

                                                                                    Д.КӨБЕШ