| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0074/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Б.Б
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн ... тоотод хохирогч Б.Огийн гэрт байсан эд зүйлийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие Мтай 2009 онд танилцсан. Тухайн үед эхнэртэй гэдгээ хэлээгүй. 2014 онд түүнээс хүүхэдтэй болсон. Эхнэртэй гэдгийг нь мэдээд уулзахаа больё гэхээр дандаа жоохон хүлээчих хүүтэйгээ хамт сайхан амьдарна гэдэг байсан. Худал үгэнд нь бухимдсан гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Би нөхөр М 2 хүүхдийн хамт Айраг сумаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сум ороод 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ ороход манай гэрийн бүх тавилгыг эвдсэн байдалтай байсан... миний гэрт байсан эд зүйлээс гал тогооны тавиурыг бүр эвдээд ямар ч ашиглах боломжгүй болгосон байсан. Мөн хөлдөөгчний тагийг хуга дараад нугасаар нь гэмтээсэн байсан. Хүүхдүүдийн хувцасны шүүгээг хугалаад хаясан байсан. Угаалгын машины тагийг нь хугалаад хаячихсан...одоо бол ашиглахааргүй болсон. Манай гэрийн сандал ширээг хугалаад эвдсэн байгаа одоо ашиглахгүй байгаа. Мөн гэрийн том шүүгээний толийг хагалчихсан. Мөн телевизийн баруун доод буланг нь хагалсан байгаа. Гэрийн хуванцар угаалтуурыг бол хагалчихсан дахиж
ашиглахааргүй болгосон. Ухаалаг хар өнгийн будаа агшаагчийг бол...дахиж ашиглахааргүй болгосон...ус буцалгагчийн ёроолыг нь салгаад эвдсэн байсан...гал тогооны стенкийг юу ч үгүй эвдээд дотор нь байсан бүх эд зүйлийг гаргаад газраар нэг тараагаад хаячихсан байсан. Гурилын ягаан түмпэнг хагалаад хаячихсан байсан. Цайны халуун савыг маань хагалаад хаячихсан байсан. Гэрийн тоононы араамны төмрийг мулт татчихсан байсан. Гэрийн баганы дээд талын нэг далбааг нь хугалчихсан байсан. Мөн 10 ширхэг аяга хагарсан. Харин бусад эд зүйлүүд болох халбага сэрээ, хивс, гоо сайхны хэрэглэлүүд зэргийг бол цэвэрлээд буцааж ашиглаж байгаа. Харин гурил, будаа, элсэн саахар, давс зэргийг цацсан тул буцааж ашиглах боломжгүй болсон...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бгөөс эвдэрсэн эд зүйлийнхээ мөнгө төгрөгийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар гарсан үнэлгээний дагуу хохирлоо барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхнэр О 2 хүүхдийн хамт Айраг сумаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр суманд хадмынд оччихоод 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт гэртээ ороход манай гэрийн бүх тавилгыг эвдсэн байдалтай байсан. Тухайн өдөр Айраг сум руу ирж байхад Б өөрийн гар утаснаасаа миний гар утас руу би танай гэрийг бусниулчихсан гэж мессэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би найз Мгийн гэрийг ойр ойрхон эргэж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд эргэж очиход Мгийн гэр нь түгжээтэй, хаалга үүд нь бүрэн бүтэн цоожтой байсан. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд найз М манай гэрт ирсэн ба тухайн үед гэр орныг нь сүйтгэсэн талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 35-36 дугаар хуудас/
Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дүү М над руу залгаад Шивээговь яваад ирсэн чинь гэр аймаар болгочихсон байна, та хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан учир очиж чадаагүй. Харин орой 17 цаг өнгөрч байхад Мгийн гэрт ирэхэд гэрийг нь аймаар болгочихсон байсан. Тухайн үед сандал ширээ хоёрын хөлнүүд нь хугарсан. Хөлдөөгчний тагийг нь дэлгээд хаясан. Хөлдөөгчний таг нь хагас хаагдаад бүрэн хаагдахгүй болсон байсан. Телевизийн баруун талын хэсгийг хагалсан байсан. Угаалгын машины сэгсрэгчний тагийг хуга дарчихсан байсан. Гал тогооны түмбүүшгийг эвдчихсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Шинжээч томилох тогтоол /хх-ийн 43/
Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 44-45/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-78/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 сарын 04-ны өдөр ...д оршин суух Б.Огийн гэрт орж эд зүйлийг нь санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд, Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ ороход манай гэрийн бүх тавилгыг эвдсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхнэр О 2 хүүхдийн хамт Айраг сумаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр суманд хадмынд оччихоод 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт гэртээ ороход манай гэрийн бүх тавилгыг эвдсэн байдалтай байсан. Тухайн өдөр Айраг сум руу ирж байхад Б өөрийн гар утаснаасаа миний гар утас руу би танай гэрийг бусниулчихсан гэж мессэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд найз М манай гэрт ирсэн ба тухайн үед гэр орныг нь сүйтгэсэн талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...орой 17 цаг өнгөрч Мгийн гэрт ирэхэд гэрийг нь аймаар болгочихсон байсан. Тухайн үед сандал ширээ хоёрын хөлнүүд нь хугарсан. Хөлдөөгчний тагийг нь дэлгээд хаясан, таг нь хагас хаагдаад бүрэн хаагдахгүй болсон байсан. Телевизийн баруун талын хэсгийг хагалсан байсан. Угаалгын машины сэгсрэгчний тагийг хуга дарчихсан, гал тогооны түмбүүшгийг нь эвдчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 69-р талд “Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, хохирогч Б.О нь хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Бгбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Б.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН