Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1376

 

 

 

 

 

     2020           10             29                                       2020/ДШМ/1376

 

З.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч З.Ж-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1584 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн З.Ж-д холбогдох эрүүгийн 2006 0000 01639 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Ж нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-ний харуулаар  ажиллаж байхдаа 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-ийн нийтийн тээврийн буудлын орчимд иргэн С.-тай ил задгай бие зассан гэх шалтгааны улмаас маргалдан зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Ж-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ж- ийн цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч З.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Ж давж заалдсан гомдолдоо: “Миний хувьд бусдыг алах санаа зорилго байгаагүй ба тухайн нөхцөл байдалд ил задгай бие зассан гэсэн зарчимч шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, улмаар зодох гэж дайрч, хөөсөн зэрэг байдлуудаас үүдэн түүнийг түлхэхээс өөр гарцаагүй байдалд орсон нь үнэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд миний хэлснийг өөрөөр бичсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний сонгож авсан өмгөөлөгчийг миний мэдүүлэгт байлцуулаагүй, дүгнэлт танилцуулаагүй, хэргийн материалыг танилцуулаагүй шүүх рүү шилжүүлсэн байсан. Миний сонгож аваагүй өөр өмгөөлөгчид хэргийн материал танилцуулж, яллагдагчийн мэдүүлэгт өөр өмгөөлөгчийг зориуд оролцуулж, миний эрхийг зөрчсөн. Надад зөвхөн яллагдагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлтийг товчхон танилцуулаад гарын үсэг зур гээд зуруулсан. ...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тухайн үеийн нөхцөл байдалд миний нэг удаагийн түлхэлтээс үүссэн эсэх, эсхүл амь хохирогч урьд өмнө толгойн тус газартаа хагалгаанд орж байсан гэх нөхцөл байдлууд нөлөөлсөн эсэх зэргийг тодруулж, үнэн зөвөөр гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байхад мөрдөгч нь хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй. ...би бусдын амь насыг санаатайгаар хохироогоогүй, түлхэлцэж байх үедээ унасан, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зүйл ангийг хөнгөрүүлэн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч З.Ж-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гэмт хэргийн нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шударга ёсны зарчим, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр бие зассан гэх шалтгаанаас болж маргасан. Гэхдээ хохирогчийн буруутай үйлдэл байсан. Нэг удаагийн түлхэлтийн үйлдлийн улмаас амь нас хохирсон гэдгийг шалгасан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. 1334 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэсэн хэрнээ хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтаас харахад нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлттэй нийцэхгүй байна. Мөн шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нар танилцуулаагүй гэх зэргээр эрхийг нь хязгаарласан. Тухайн нийгэмд аюултай үйлдлийг ухамсарлаж үйлдсэн үйлдэл биш харин хохирогчийн гэм буруутай үйлдлээс болж бусдын болгоомжгүй үйлдлээр амь насыг хохироосон үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаачийн 21, 49 хоногийн буян үйлдэхэд тодорхой хэмжээний зардал гарсан. Уг зардлыг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан “Арвижих” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд З.Ж нь хохирогчийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон, улмаар амь хохирогч ар дагзаараа цементэн зам дээр унасан, дээрээс нь дэвссэн үйлдэл нь нотлогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр толгойн орой хэсгийн болон дагз суурь ясны хугарал, түүний цусан хураа гэсэн онош тогтоогдож уг гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Энэ үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрх хангагдаагүй, зөрчигдсөн гэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн хянаж үзэх нь зүйтэй. Энэ хэргийн хор уршиг нь хүний амь нас бөгөөд хор уршиг, үйлдэл хоёрын хооронд тодорхой шалтгаант холбоо тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хор уршиг арилсан байх гэх шинж хангагдаагүй гэж үзэж байна. Хүний амь нас хохирсон хэрэгт 3.376.000 төгрөгийн оршуулгын зардлыг төлж хохирол барагдуулсан гэх нь үндэслэлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буян үйлдэж, лам, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хооллож тодорхой хэмжээний зардал гаргасан байдаг тул уг мөнгийг гаргуулах боломжтой бол гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргасан байгаа боловч энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яригдаж анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар арилаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдлуудлыг харгалзан үзэж 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.Ж нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-ийн нийтийн тээврийн буудлын орчимд амь хохирогч С.Б-тай “Ил задгай бие зассан” гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон, улмаар хатуу хучилттай газарт түлхэж унагаасны улмаас гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлуудад цусан хураа, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтлийг учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ш.Төмөрбаатарын: “...Хараа /Ж/ гэж дууддаг залуу сүүлийн 1 сарын хугацаанд манайд харуулаар ажиллаж байгаа. ...Хараа болон талийгаач нар гарч ирээд бие биенээ цохиж түлхэлцээд байснаа талийгаач нь яг арагшаа савж дагз хэсгээрээ хүчтэй хатуу газарт унасан. Тухайн үед газар унахад их чанга дуу гарсан ба Хараа талийгаачийг түлхээд л унагачих шиг болсон. ...Тэгэхэд би Хараад “чи юу болоод байгаа юм бэ” гэхэд “Энэ муу намайг доромжлоод” гэсэн. ...” /1 хх 72/,

гэрч Б.Өлзийбатын: “...намайг гэртээ байж байхад Хараа гүйгээд ирсэн. “Хүн босохгүй байна. 103 дуудах гэсэн юм” гэж хэлээд ирсэн. Тэгээд Хараа эхнэрийхээ хамтаар хэргийн газарт ирэхэд үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. ...” /1 хх 76/,

гэрч Р.Ариунаагийн: “...Тухайн өдөр би гэртээ байж байсан. Гэтэл 00:00 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэгээд “хүн агсам тавиад, би түлхчихсэн чинь нөгөө хүн унаад ухаан алдчих шиг боллоо. Босохгүй байна” гэхээр нь би З.Ж-ийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн автобусны буудал дээр очсон. Тэгтэл үл таних эрэгтэй хүн газар дээш харан унасан байдалтай байсан ба би татахад хариу хэлээгүй, хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1 хх 78/,

гэрч Л.Алтанцэцэгийн: “...талийгаач Ботаникийн эцсийн буудал дээр үл таних эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд би автобусны араар тойроод гэр рүүгээ явах гэтэл талийгаач нөгөө үл таних залуутай зодолдоод эхэлсэн. Хэн нь хэнийгээ эхэлж цохисныг хараагүй. Нэг мэдэхэд л нөгөө үл таних залуу талийгаачийг түлхээд унагасан. Унахдаа толгойгоороо газар хүчтэй савж унасан. Тэгээд би босоод ирэх байх гэж бодоод холоос хараад зогсоод байсан ба ойролцоогоор 6-7 минутын дараа талийгаач босч “Арвижих” барилгын материалын дэлгүүр рүү явсан ба би араас нь очиход талийгаач газар суучихсан байсан. Тэгээд би “гэр рүүгээ явъя” гэхэд явахгүй, юм ярьж чадахгүй байсан. Биеийн байдал нь их сонин, надтай харьцаж чадахгүй сууж байсан, толгойн зүүн талаас цус шүүрж байсан. ...Тэгээд босохгүй байхаар нь би гэр рүүгээ явсан бөгөөд хэсэг унтаж байгаад эргэж гараад ирэхэд талийгаач газар доош харсан, ухаангүй болчихсон байдалтай байсан. ...” /1 хх 88/,

шүүгдэгч З.Ж-ийн: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр...23:00 цагийн үед үл таних хүн манай харуулын байшингийн дэргэд байдаг гутал засвар руу ил задгай бие зассан. Тэгэхээр нь би очоод “та хөгшин настай хүн байж болиоч” гэж хэлсэн. Тэгтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь “би хариуцсан харуул нь байна. Болохгүй шүү дээ” гэхэд тэр хүн уурлаад над руу дайрч толгой руу гараараа чичсэн. Тэгээд л маргалдаж би ч уурлаж тэр эрэгтэй намайг цохиж, би ч цохиж тэгээд л зууралдсан. Энэ үеэр би тэр залууг түлхсэн. Гэтэл тэр арагшаа ар нуруугаараа газар унасан. Унахдаа толгойгоороо газар хүчтэй унасан. Тэгээд би газар унахаар нь бос гээд хөл, бөгс орчим гараараа цохиход босохгүй, хөдлөхгүй байсан. Тэгээд босгох гээд оролдоход босохгүй байсан. ...би ажлаасаа гэр рүүгээ гүйж очоод гэр бүлийнхээ хүнийг дагуулан ирсэн. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1 хх 84, 158/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1334 дугаартай: “Талийгаач С.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлуудад цусан хураа, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, дээд уруулд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас гурав ба түүнээс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаачид тогтоогдсон духанд зулгаралт, дээд уруулд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл нь үхэлд хүргэхгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь элэгний өөхөн хувирал, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ГССҮТ-д 103-аар хүргэгдэж зохих шинжилгээ, оношлогоо хийгдэж, яаралтай эрчимт эмчилгээ, мэс засал болон эмийн эмчилгээнүүд хийгдсэн ч амь нас нь аврагдаагүй байна.” /1 хх 91-96/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №683 дугаартай: “З.Ж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. З.Ж нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. З.Ж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, байна. З.Ж хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. З.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. З.Ж нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1 хх 117-118/ гэх дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...23:24:39 цагт З.Ж нь талийгаачийн нүүрэн тус газар нь зүүн гараараа цохих бөгөөд талийгаач ард байсан нийтийн тээврийг ар нуруугаараа налан газар унан, босч ирэхэд дахин зүүн хөлөөр өшиглөж гараар цохих үйлдэл хийх бөгөөд үүнээс болон талийгаач нь З.Ж-г эргүүлэн цохиж бие биенээ цохилцож байв. Энэ үеэр гэрч Ш.Төмөрбаатар тээврийн хэрэгслээ зогсоохоор зогсоол дээр ирэх бөгөөд талийгаач нь З.Ж-г эргүүлэн цохиж түлхсээр тээврийн хэрэгслийн явах хатуу хучилттай зам дээр гарч ирэв. 23:25:00 цагт З.Ж баруун гараар талийгаачийн толгой хэсэг рүү цохих бөгөөд 2 гараараа талийгаачийн 2 мөрнөөс барин түлхэн дайрахад талийгаач ар нуруу, толгойн арын хэсгээр хатуу хучилт бүхий зам дээр хүчтэй унах бөгөөд газар унаад ямар нэгэн хөдөлгөөнгүй болох ба энэ үед бичлэгийн цаг 23:25:04 болж байв. З.Ж нь талийгаачийг газар унасны дараа дээрээс нь хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөж байлаа. ...” /1 хх 18-49/ гэх тэмдэглэл,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 11-14/ гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Ж-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулж, мэдүүлэг авахдаа мөрдөгч нь эрх үүргийг танилцуулж асууж тодруулах зүйл байгаа эсэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхийг асуухад шүүгдэгч нь “Би өөрийн эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Миний сонгосон өмгөөлөгч ажилтай байгаа учраас энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгч Г.Минжмаагийн хамтаар өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэж мэдүүлж байжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч нь учирсан гэмтлийн улмаас үхэлд хүрсэн шалтгаант холбоотой эсэх, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан эсэх зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Хэргийн тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, З.Ж нь С.Б-тай “Ил задгай газарт бие заслаа” гэх асуудлаас болж харилцан маргалдан хохирогчийг эхэлж цохисон, улмаар З.Ж, С.Б нар нь харилцан бие биенээ цохиж эрх чөлөөнд халдах явцад З.Ж нь С.Б-ыг хатуу хучилттай цементэн зам дээр түлхэж унагааснаас гавал тархиндаа гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлуудад цусан хураа, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл авч, уг гэмтлийнхээ улмаас нас барсан нь амь хохирогчийн үхэл З.Ж- йн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл болжээ.

Мөн З.Ж нь хохирогчтой харилцан зодолдох явцад түүнийг хүчтэй түлхэж унагаан, үхлийн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаврыг хүссэн, үр дагаварт зориуд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар нь давж заалдах гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа “...С.Б нь зодох гэж дайрч, хөөсөн зэрэг байдлуудаас үүдэн түүнийг түлхэхээс өөр гарцаагүй байдалд орсон... Харилцан түлхэлцэх явцдаа болгоомжгүйгээр унагаасан. Хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй, эсхүл мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан хөнгөмсөг хандлагаар гэмт үйлдэлдээ хандсан байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн байдгаараа ялгагддаг.

Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч З.Ж нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, ил задгай газарт бие зассан үйлдэл, мөн шүүгдэгчийг хэл амаар доромжилсон нь нөлөөлсөн хэдий ч уг үг, хэллэг нь хохирогчийг өөрийг нь алах шууд шалтгаан болно гэж, эсхүл шүүгдэгчийг сэтгэл зүйн гүн цочролд оруулах шууд шалтгаан болно гэж тус тус үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж ял оногдуулах тухай зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохируулан хэрэглэх шүүхийн эрх хэмжээнд хамаарах хуулийн зохицуулалт юм.

Шүүгдэгч З.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял буюу тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч З.Ж-ийн  “...ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах мэдэгдэл бичнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэг хүлээхээр хуульчилсан байна.

Гэмт явдал нь нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд оршиж байгаа ба өөртөө нөлөөлөх шалтгаан нөхцөлтэй нягт холбоотой байна. Гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь тэдгээр шалтгаан нөхцөл бүрт нөлөөлж чадахуйц цогц арга хэмжээ бүхий зохион байгуулалттай байснаар гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө хангагдах баталгаа бүрдэх учиртай.

Хэргийн нөхцөл байдлыг судлахад шүүгдэгч З.Ж нь 2020 оны 5 дугаар сараас хойш “А” ХХК-ийн харуул Б.Өлзийбатын оронд түрээр харуулын ажил хийж, албан ёсоор уг ажил үүргийг хэрэгжүүлээгүй атлаа шөнийн цагаар уг газарт “Харуулаар ажиллаж байгаа” гэх нэрийдлээр байрлаж, мөн тухайн үед архи ууж согтуурсан байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ. Энэ асуудлыг нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудад мэдэгдэж гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах арга хэмжээ авахуулах нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй байна.

            Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1584 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1584 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ