Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/2106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгээс “Ж” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0******* дугаар 1522 мкв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч  “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 5 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/704 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 148005/0******* дугаар бүхий 1522 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болно.

Тус компанийн зүгээс Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж газрын төлбөрийг улирал бүр төлж, зориулалтыг өөрчлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах гэж байсан боловч Нийслэлийн газрын албанаас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01-06/3610 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр "Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 тоот захирамж гарч танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор зөрчил арилгаж, газар чөлөөлж өгөхийг үүгээр мэдэгдье” гэсэн албан тоот ирсэн. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай эзэмшил газрын хашааг албадан буулгасан байна.

Нийслэлийн газрын албанаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/4158 тоот албан бичгээр “Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр танайд хүргүүлсэн 01-06/3610 дугаар албан бичигт дурдсан мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авсан болно” гэсэн хариу ирүүлсэн.

Ингэснээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг цуцалсан гэх боловч тухайн шийдвэрийг ирүүлэхгүйгээр манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Манай компанийн эзэмшлийн газрыг цуцалсан гэх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 тоот захирамжийг танилцуулсан тохиолдолд бид захирамжийн хуулийн үндэслэлтэй танилцах, зохих тайлбар баримт хүргүүлэх, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой болно.

Мөн “Нийслэлийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгээс “Ж” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0******* дугаартай 1522 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа бөгөөд үндэслэл нь:

Тус компани нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 148005/0******* дугаар бүхий 1522 м.кв газрын худалдаа үйлчилгээний зориулалттайгаар эзэмшдэг. Гэтэл Нийслэлийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Бид Нийслэлийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/Ш32018/7248 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Ийнхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргаан бүхий газар буюу тус компанийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0******* дугаартай 1522 м.кв газартай давхардуулан Нийслэлийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар “Д” СӨХ-д 3852 м.кв газар ашиглах эрх олгосон нь хууль бус,

Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг зөрчсөн...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 522 м.кв газрыг үйлчилгээний  барилга барих зориулалтаар “Ж” ХХК-д эзэмшүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/435 дугаар захирамжаар тус компанид 1522 м.кв газрыг ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг худалдаа үйлчилгээ болгон өөрчилж 5 жилийн хугацаатай тус газрыг олгосон байна.

Ж” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2.3-т“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инжненерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус компани нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон юм.

“Д” СӨХ нь Нийслэлийн Засаг даргад хандан орчны газраа ашиглах тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар оруулж тус СӨХ-д орон сууцны орчны газрыг ашиглуулахыг дэмжсэн шийдвэр гарсныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар “Д” СӨХ-д 3852 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулсан байна.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” СӨХ-д олгосон 3852 м.кв газар нь бусдын газартай давхцалгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсэг нь “Ж” ХХК-ний эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11дүгээр сарын 25-ны өдрийн А/1106 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 5-р хороо 52 дугаар байрны “Д” СӨХ-той 15 жилийн хугацаатай газар ашиглуулах гэрээтэй байгаа ба энэ унагатай хөшөөний газар нь хууль ёсоор “Д” СӨХ-ны эзэмшилд байгаа.

Анх 52-р байрны хойд талд Нийслэлийн Засаг даргын /М.Э/ 2005-ны өдрийн 09 дүгээр сарын 15-ны 368 тоот захирамжаар үйлчилгээний зориулалтын орон сууц барихаар захирамж гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2006оны 11 дүгээр сарын 30-ны 143 тоот магадлал, Нийслэлийн Засаг даргын 2006оны 12 дугаар сарын 18-ны 606 тоот захирамжаар тус газрын эрхийг болсон.

52-р байрны хойд талд 25-30 мод, ногоон байгууламжийг сүйтгэснээс гадна дулааны шугам зайлуулах барилгын ажил эхлүүлж ус алдсанаас 52-р байрны сууринд суулт үүсгэснийг Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тогтоогдсон, мөн ногоон байгууламж сүйтгэсэн фото зураг, ус алдсан тухайн өдрийн зураг нь одоо хүртэл байгаа болно.

Оршин суугчид Улсын дээд шүүхэд хандаж Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 тоот магадлал, Ц.Б-ын 2006-12-18-ны өдрийн 606 тоот захирамжаар уг газрын захирамжийг хүчингүй болгосон байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч О.Д 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 410 дугаар захирамжаар анх 0,15 га газрыг үйлчилгээний барилга барих зориулалтаар олгогдсон,

Олон жилийн хугацаанд хууль бус олон үйлдлийг гэрчлэх олон баримт байгаа бөгөөд 52-р байрны оршин суугчдын алга дарам газрыг авах гэж элдэв зохиож байгаагаа болих хэрэгтэй, бид цонхоо таглуулж барилга бариулахгүй ногоон байгууламж хэвээр нь авч үлдэх гэж 20 жил тэмцэж байна. гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Ж”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд хандаж “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/328 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгээс “Ж ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0******* дугаартай 1522 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцалсан гэх боловч уг шийдвэрийг ирүүлээгүй, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан нь хууль бус, дуудлага худалдааны үнэд  24 000 000 төгрөг төлсөн, газраа ашиглаж байсан” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч “Ж” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 410 дугаар захирамжаар анх тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дугаар байрны хойд талд байршуулан 0,15 га газрыг үйлчилгээний барилга барих зориулалтаар олгосон,

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/435 дугаар бүхий “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 4 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсны дотор “Ж” ХХК-д 5 дугаар хороо, 1522 м2 газрыг 5 жилийн хугацаатай, ногоон байгууламж зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/704 тоот “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар “Ж” ХХК, 5 дугаар хороо, 1522 м2 газрыг 5 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээ зориулалтаар эзэмшүүлэхээр өөрчилсөн,

Уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгож, мөн өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ХЭГ/2001 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д хандаж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтийг хүргүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг мэдэгдсэн,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07/674 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б-д  хандаж иргэн С.Ц-ын өргөдлийг судалж шийдвэрлэх талаархи УИХ-ын гишүүн Д.Ц-ын хүсэлтийг хүргүүлсэн

Нийслэлийн Газрын албаны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01-06/2964 дүгээр “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ж” ХХК-д хандаж “...газар эзэмших эрхийг цуцалсан тул газар чөлөөлөх”-ийг мэдэгдсэн,

Авлигатай тэмцэх газрын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 05/6674 дүгээр “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах тухай” албан бичгээр Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-д хандаж “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/328 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан байхад газраа чөлөөлөөгүй байх тул арга хэмжээ авч удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах”-ыг мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдов.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 1522 м2 газрыг “Ж” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус компани нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэн, энэ захирамж гарсантай холбогдуулан нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхтэй холбоотой өмнөх захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар бүхий “Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг үндэслэн хавсралтад заасан 72 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулсны дотор Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 52 дугаар байрны Д СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 3852 м2 газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогджээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2-т “хот тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар” гэж, мөн хуулийн 6.4-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болногэж, 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзвэл маргаж буй газар нь хот тосгоны нийтийн эдэлбэрийн болон зам, шугам сүлжээний газрын аль аль ангилалд хамаарах буюу 52 дугаар байрны урд талд орших, явган хүний зам, автомашины замтай хиллэсэн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Зүүн түгээх төвийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичигт тодорхойлсноор уг газрын доогуур 4 цэгт 7 ширхэг кабель шугам байрлаж байгаа зэргээр нийтийн эдэлбэрийн газар болох нь тогтоогдож байх тул уг газрыг үйлчилгээний барилга барих зориулалтаар нэхэмжлэгч компанид эзэмшүүлэхээр олгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгч компанид уг газрыг барилга барих зориулалтаар олгосон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” гэж заасныг зөрчсөний дээр Газрын тухай хуулийн 21.2.3-д “Нийслэлийн засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”  гэж зааснаар  нэхэмжлэгч Ж ХХК-д анх газар олгох асуудлыг Сүхбаатар дүүргийн засаг дарга шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тус компанид барилга барих зориулалтаар газар олгох эсэх асуудлыг Нийслэлийн. засаг дарга шийдвэрлэхээр байхад Дүүргийн засаг дарга шийдвэрлэсэн нь хууль бус, тухайн захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнэнд 24 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх хэдий ч энэ нь тус компанид газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарсан өдрөөс хойш төлөгдсөн, анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдоогүй, энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчсөн тул тус компанид газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, түүнд газар эзэмших эрх олгосон өмнөх захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Харин нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш газрын төлбөрөө төлж,  газар дээр хашаа барьж хамгаалалт ажиллуулсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй боловч энэ нөхцөл байдал нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

“Д” СӨХ нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны оршин суугчдын байгуулсан холбоо байх ба уг байрны оршин суугч иргэдээс төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж тухайн газрыг сууц өмчлөгчдийн холбооны журмаар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, улмаар нэхэмжлэгч компанид газар олгосон нь хууль зөрчсөн талаар удаа дараа гомдол гаргаж байсан, тэдгээр оршин суугч иргэдийн гомдолд үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ж” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, улмаар тус сууц өмчлөгчдийн холбоонд тухайн газрыг ашиглуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасантай болон тус 52 дугаар байрны оршин суугч иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн “Д” СӨХ-д газар ашиглах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөө хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа “Д” СӨХ-д газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН