Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2018/01034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Л

Хариуцагч: З.Б

950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн З.Б нь 2017 оны 07 дугаар сард М.Л надаас 950 000 төгрөг зээлж 1 сарын дараа 1 800 000 төгрөг болгон өгнө гэж итгүүлж авсан. Уг мөнгийг юунд зарцуулах вэ гэхэд хуучны эд зүйл худалдан авч зарж борлуулдаг гэх ба намайг 1 удаа Хантайн нуруу руу дагуулж явсан удаа байгаа билээ. Би машин тэргээ эвдэн явж ирсэн удаатай. 1 сарын дараа мөнгөө авъя гэтэл удахгүй төмрийн наймаа ГОК-д хийж байгаа гэсээр өдийг хүрсэн. Намайг бэлэн мөнгөтэй байгааг мэдээд мөнгө өгчих гэсэн. 750 000 төгрөг өгөхөд 1 000 000 төгрөг болгоод өгөөч гэсэн тул байсан 200 000 төгрөгийг нэмж нийт 950 000 төгрөг өгснөө авмаар байна. Манайд ажиллахаар ирсэн 3 залууд элдэв зүйл хэлсэн байсан. Тэгэхээр нь би шоронгийнх гэсэн чинь чамайг мөнгөө олж авахыг харъя гээд байсан. Иймд Б т өгсөн 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: З.Б би хантай нуруу руу Л гийн хүргэн хүү Л би гээд зургуулаа явсан. Бодонт хара гэдэг газарт хэдэн зуун жилийх юм мэдэгдэхгүй тийм хэрэгсүүр, булш байдаг гэж хэлтэл тэрлүү чинь явъя заагаад өг гэж явсан. Бид яваад тэр юм аа олоогүй. Гэхдээ Л хоол, хүнс бүх юм аа би гаргана гэж хэлсэн. Б би Л гаас сохор зоос аваагүй, өөрөө согтуу явж байгаад машинаа чулуу мөргүүлэн бага зэргийн эвдрэл гарсан. Ор үндэсгүй юмыг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч З.Б ын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. 950 000 төгрөгийг зээлж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Харин М.Л нь З.Б ын гар цүнхийг булаан авч түүн дотор байсан гарын үсэг, утасны дугаар бүхий цаасыг ашиглан мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч З.Б т холбогдуулан 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 950 000 төгрөгийг зээлж аваагүй, харин хамтдаа булш, хэрэгсүүр олохоор явсан. Замдаа машин нь эвдэрч гэмтсэн, мөнгө төлөлц гээд байсан. Гар цүнхийг булаан авч түүн дотор байсан гарын үсэг бүхий цаасыг ашигласан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2017 оын 07 дугаар сард З.Б 950 000 төгрөгийг өсгөж өгнө гээд авсан. Төмрийн наймаа хийдэг тул би итгэж мөнгө өгсөн хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч З.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: М.Л гаас зээл аваагүй, эртний булш үзэхээр явахдаа машинаа эвдсэн, намайг төлөлц гээд миний цүнхийг авсан. Түүн дотор байсан миний гарын үсэг бүхий баримтыг ашиглаж мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд хугацаа, хүү тохирч талууд гарын үсгээ зурсан байх ёстой гэтэл уг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтанд ийм зүйл байхгүй. Эргэлзээтэй, үндэслэлгүй баримтаар мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийт 750 000+200 000 төг хүлээж авсан гэсэн баримтанд хариуцагч гарын үсэг зураагүй, цүнх булааж авахад дотор нь байсан баримтыг ашигласан гэж мэтгэлцэж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6273 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5029 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр уг баримтанд зурсан гарын үсэг нь хариуцагч З.Б ын гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. /хх 16, хх 36-39, хх 119-123/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд цүнхэнд байсан баримтыг ашиглан мөнгө нэхэмжилж байгаа талаар цагдаагийн байгууллагад хандаагүй, харин цүнх булаан авсан талаар гомдол гаргасан байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн бичвэр хариуцагчийн гарын үсэг зурсан, утасны дугаар бичсэн бичвэртэй ижил өнгийн балаар бичигдсэн байх ба хэрэв хариуцагчийн цүнхэнд байсан баримтыг ашигласан гэж үзвэл балны өнгө тохирохгүй байх боломжтой юм.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заажээ. Иймээс нэхэмжлэгч М.Л нь хариуцагч З.Б т шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.

Харин хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа нийт 750 000+200 000 төг хүлээж авсан гэсэн бичвэрийг нэхэмжлэгч М.Л бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 750 000 төгрөг нэмж 200 000 төгрөгийг хариуцагч З.Б авсан гэж байгаа бол нийт 950 000 төгрөг гэж бичилгүй нийт 750 000 төг гэсний дээр нэмж 200 000 гэж бичсэн нь нэхэмжлэгч хэдийд ч, хэдэн ч төгрөг нэмж бичих боломжтой байжээ гэж дүгнэв.

Иймд хариуцагч З.Б оос 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч М.Л гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б оос 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зйүлйин 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б оос 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б оос 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ