| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1172 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1172
2024 10 31 2024/ШЦТ/1172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Хурмандах /томилолтоор/,
хохирогч Б.Б, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарангуа,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Э.М-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,
.......... овогт Э.М /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ........ тоотод хохирогч Б.Б-ын гэрт гэр бүлийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардалтаас эхнэр Ч-г “үл таних эрэгтэйчүүдтэй хамт хоносон, нэг орон дээр унтаж байна” гэж шалтаглан хохирогч Б.Б-ыг орон дээр хэвтэж байхад нь түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож хохирогчийн зүүн зовхинд овойж хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, духны баруун хэсэгт 12x10см хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээр 1 см хэмжээтэй 3 ш шарх, духны зүүн дээд хэсэгт 7x0.3см, 4x0.5см хүрэн улаан зулгаралт, зүүн доод зовхинд 1 ширхэг, 1см шархтай, орчимд 4x2см, хүзүүний зүүн урд хэсэгт 7x4см хэмжээтэи хөх ягаан өнгийн цус хуралт, дээд зүүн 1-р шүд урагш хойш чиглэлтэй хөдөлгөөн, нурууны дээд хэсэгт 2х1см, 3.5x0.6см, баруун мөрний ард 3x1.5см, баруун бугалганы гадна дээд хэсэг 3x0.5см, цээж баруун дээд хэсэгт 5x4см, 2x0.2см, 3x02 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн суганы урд 3x3 см улаан ягаан өнгийн цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож зүүн нүдний зовхи хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын нуруунд 2x2 см, баруун хөмсөгний дээр 2x1.5см хөх ягаан, баруун шанаанд 7x2.5см хүрэн ягаан өнгийн цус хуралт, нурууны баруун дунд хэсэгт 15x7см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт, хуйхны зүүн дагзны хэсэгт овойж хавдсан, зүүн нүдний ухархайн дотор хана 0.8см өргөн хэсэгт 0.4см гүн хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн нүд дагз хэсгийн зөөлөн эдэд хаван хавдар зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 16-нд шилжих шөнө бид нар М-ын гэрийг засаж байсан. Надтай хамт ажилладаг хоёр эмэгтэй дотор засал хийж байсан. Дүү шагнал авсан тул юм ярьж сууя гээд манайд очсон. М-ийн эхнэр Ч залгаад тэр хоёр луу залгаад 5 буудал дээр ирээд авчих гэж хэлсэн. Бид нар очиж хүлээж байгаад аваад гэрт шөнийн 3 цаг болох гэж байхад ирсэн. Тэгээд бид хэд гэрт ирээд 1, 2 пиво ууж байгаад хоносон. Тэгээд өглөө нь зарим нь ажилдаа явсан. Үлдсэн хэд нь хоол идчихээд хэдэн пиво уучихаад хэвтэж байхад гэнэт нүүрэн дээрээс цохиод би яаснаа мэдэхгүй босох гэхэд хажуу тал руу унахад дээрээс дэвсээд байсан. Тэгээд байж байтал дүү босож ирээд салгах гэтэл дүүг барьж аваад цохиод байсан. Тэгээд шууд намайг унтаж байхад дээрээс ус буцалгагчаар цохиод байсан. Би тухайн үед манаралтын байдалтай болсон байсан. Миний дээрээс хоолойг шахаад, багалзуурдаад байсан. Дүү салгаагүй бол намайг алах байсан. Би юу болж байгааг ямар учиртайг мэдээгүй байхад зодоод байсан. Би Ч гэж хүнийг танихгүй. Гэр орон гэж авах юмгүй болсон байсан. Намайг зодоод, дүүг салгахаар дүүг зодоод, би салгахаар намайг зодоод байсан. Арай гэж гадаа гараад байж байхад энд тэндээс төмөр авч дайраад байсан. Тэгээд сүүлдээ гэрт ороод хутга бариад гараад ирсэн. Би дүүгээ аваад урд талын хашаа руу айлд орсон. Та гурвыг алаад 10, 10 жил суугаад 30 жил суугаад гарна гээд яриа ямар ч сөхөөгүй таарсан зүйлээрээ зодож цохиж байсан. Гомдолтой байна. Хохирол, сэтгэл санааны хохирол, орон гэрийн ханын обой цус болсон. Би энэ хүнийг гарт үрэгдсэн бол ганц хүү яах байсныг мэдэхгүй байна. Баримтаар 610.000 төгрөгийн баримт байгаа. Би шүдэндээ эмчилгээ хийлгэж чадаагүй. Хөвсгөл рүү тендерийн ажил аваад 2 сар яваад ирсэн. Өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй” гэв.
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 16-нд шилжих шөнө Эрүүл мэндийн тэргүүн шагналаар шагнуулаад гэртээ ирэхэд энэ хэд засал хийж байсан. Тэгээд ороод ирэхэд дүүдээ баяр хүргэе гээд ганц нэг пиво ууж байсан. Гэтэл манай нэг найз очиж авахгүй бол болохгүй. Хүрээд ир гээд утасдаад байна гээд байсан. Тухайн үед би дургүй байсан. Гэтэл очиж авахгүй бол болохгүйг гээд явсан. Тэгээд очоод 5 буудлаас нилээн хүлээлгэж байгаад гарч ирсэн. Тэгээд бид нар Б ахынд очсон. Энэ хэд баяр хүргээд хамт пиво уусан. Тэгээд очиж авсан гэх хүн эдний эхнэртэй хамт архи уугаагүй машин барьж явсан. Тэгээд өглөө манай найз ажилд явах гээд хөл муутай найзыг маань хүргэж өгөөд ирье гээд гарсан. Үлдсэн хэд бүгд танай байшинг яаралтай дуусгая. Бид зөндөө ажилтай гэж хэлээд хоол хийж идээд байж байсан. Хоол хийж идэхэд өдөр 1 цаг өнгөрч байсан. Тэгээд би эгчээ та манай найзыг ажлаас нь тосоод аваад ирээч гэж хэлсэн чинь эгч нь явлаа, та нар амарч бай гэж хэлсэн. Тэгээд би шээгээд ахынхаа тэнд газар хэвтэж байсан чинь пэс пас гээд чимээ гараад явахаар нь босоод иртэл нүүрэн дунд нэг юм тас гээд явсан. Юугаар цохисныг мэдэхгүй нүд харанхуйлаад толгой дайвалзаад яасан нь мэдэгдэхгүй байсан. Би арай гэж гадаа гарсан. Эргээд гэр лүү орсон чинь гэр цусан далай. Ахыгаа хайгаад гарсан ахын хоолойг багалзуурдсан шахаж байсан. Тэгээд би арай гэж салгаад ахаа гуйж байна. Бид хоёр ямар ч буруу байхгүй гэж хэлээд байхад л юугаар нь мэдэгдэхгүй юмаар нүдээд байсан. Та гурвыг алаад би 30 жил авна биз гээд нүдээд байсан. Надаас өөр тамирчин хүн биш байсан бол тэр газраа үхэх байсан. Би 10-15 жил чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан тулдаа би амьд гарсан гэж бодож байгаа. Эрүүл мэндийн төлөө хүүхэд нас, хүн яаж өвдөж зовохыг мэддэг учраас зөв явсан тул амьд гарсан гэж үзэж байгаа. Би маш их гомдолтой байгаа. Энэ ах надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Миний бие муу байгаа гэж хэлсэн. Би өөрөө харвалт өгсөн хүмүүстэй ажилладаг. Энэ ах намайг цохиж зодохдоо миний өнчин тархины энд цохисон. Би дандаа тэнцвэр алдаад, хэл ээдэрдэг. Ахаа би ийм байдалтай байна. Би ядаж имра зураг авхуулъя гэж хэлсэн. Надад мөнгө чухал биш, надад эрүүл мэнд чухал. Би эмнэлгийн байгууллагын хүн тулдаа амьд үлдэж байгаа. Өөр эмнэлгийн хүн биш байсан бол надад анхны тусламж үзүүлэх хүн байхгүй байсан. Надаар эмчлүүлдэг хүн хүртэл шөл бие асуугаад шөл хийгээд ирсэн. Гэтэл энэ ах нэг ч удаа яриагүй тул би гомдолтой байна. Яривал хүн ойлголцоно. Би эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс мөнгө гаргаад би эмчилгээ хийлгэсэн. Би 4-5 жилийн дараа цааш хүндэрвэл би яах вэ гэж бодохоор надад хэцүү байна. Надад эрүүл мэнд чухал байна. Эмчилгээ хийлгэсэн 2.5 сая төгрөг дээр шинжилгээ хийлгэсэн мөнгө. Мөн сэтгэл санааны хохирол авмаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ...... хороонд Б, Ш, М нартай хамт байж байхад Б-ийн утас руу Ч гэж найз нь залгаад “....” гэдэг газрын “.....” төвийн кароакеноос ирээд авчих гээд залгаад байсан. Тэгэхээр нь Б, Ш, М бид нар машинтай “.....” гэдэг газрын “.....” төвийн караокеноос очиж Ч гэх эмэгтэйг аваад Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ...... тоот манай гэрт ирээд бид нар 1 шил “Болор” нэртэй архи, 2.4 литрийн пиво 3 ширхгийг аваад Б, Ш, М, Ч нартай хувааж уусан. Бүгд манайд тухайн өдөр хоносон. Б манай гэрээс ажилтай гээд гараад явсны дараа 16 цагийн орчим би орон дээрээ хэвтээд Ч орны доор хэвтэж байсан. Тэгтэл гаднаас Ч-гийн нөхөр гэж залуу орж ирээд намайг барьж аваад нүүр, нүд, толгой хэсэг рүү гараараа хүчтэй цохиод газар унагаж байгаад хөлөөрөө миний толгой, цээж, бие хэсэгрүү дэвссэн. Тэгээд хажууд байсан Ш салгасан чинь төмөр турба барьж миний гэдэс рүү 2 удаа, нуруу руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээс М-тай хамт гараад зугтаасан. Тухайн үед бас Ч-гийн нөхөр манай дүү М-ыг зодож гэмтэл учруулсан. Яаж зодоод байсныг мэдэхгүй намайг унагачихаад М луу дайраад байсан. Нүүр хавдсан, бүх бие хөндүүртэй, урд талын үүдэн шүд хугарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би сэтгэл санааны үнэлгээ тогтоолгоно. Ч-гийн нөхөр гэх М гэж залуу намайг зодож гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дахь тал/,
- Хохирогч, Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байдаг гэрт А, Ш, Б.Б нар манай гэрт засал хийж байгаа юм. Тэгээд би гэртээ очиж А, Ш, Б.Б-тай уулзаад манайд тог тасарчихаар нь Б.Б ахын гэрт очиж хонохоор болоод явж байхад А манай найз Ч гэж эмэгтэй нөхөртэйгээ муудалцсан гэж байна очиж авахгүй бол болохгүй байна гээд “.....” гэж газар очоод Ч гэж эмэгтэйг очиж аваад Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Алтан-Өлгийн ....... тоот Б.Б ахын гэрт нь очсон. Тэгээд тэдний гэрт бид нар 1 шил “Болор” нэртэй архи, 2.4 литрийн пиво 3 ширхгийг ууцгаагаад бүгд хоносон. А, Ш, Б.Б, Ч бид нар унтаж байтал гаднаас Ч-гийн нөхөр гэх залуу орж ирээд Б.Б-ыг нүүр лүү нь гараараа цохиод төмрөөр бас цохиод миний хамар луу цохиод цус гарахаар нь би угааж байтал Б.Б ахыг бас зодоод байсан. Дахиж миний толгойн ар хэсэг, зүүн хөмсөг рүү гараараа Ч-гийн нөхөр цохисон. Тухайн үед би Б.Б ахтай хамт гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Б.М-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөмсөг, баруун ташаанд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Б.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгний дээр, зүүн доод зовхинд шарх, духанд цус хуралт, зулгаралт, зүүн зовхи, ооч, хүзүү, зүүн суганд цус хуралт, нэг шүдний сулрал, нуруу, баруун мөр, баруун бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-54 дэх тал/
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-48 тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ...... тоотод хохирогч Б.Б-ын гэрт гэр бүлийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардалтаас эхнэр Ч-г “үл таних эрчүүдтэй хамт хоносон, нэг орон дээр унтаж байна” гэж шалтаглан хохирогч Б.Б-ыг орон дээр хэвтэж байхад нь түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож хохирогчийн зүүн зовхинд овойж хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, духны баруун хэсэгт 12x10см хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээр 1 см хэмжээтэй 3 ш шарх, духны зүүн дээд хэсэгт 7x0.3см, 4x0.5см хүрэн улаан зулгаралт, зүүн доод зовхинд 1 ширхэг, 1см шархтай, орчимд 4x2см, хүзүүний зүүн урд хэсэгт 7x4см хэмжээтэи хөх ягаан өнгийн цус хуралт, дээд зүүн 1-р шүд урагш хойш чиглэлтэй хөдөлгөөн, нурууны дээд хэсэгт 2х1см, 3.5x0.6см, баруун мөрний ард 3x1.5см, баруун бугалганы гадна дээд хэсэг 3x0.5см, цээж баруун дээд хэсэгт 5x4см, 2x0.2см, 3x02 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн суганы урд 3x3 см улаан ягаан өнгийн цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан, тэднийг салгаж болиулах гэсэн хохирогч Б.Мыг мөн гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож зүүн нүдний зовхи хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын нуруунд 2x2 см, баруун хөмсөгний дээр 2x1.5см хөх ягаан, баруун шанаанд 7x2.5см хүрэн ягаан өнгийн цус хуралт, нурууны баруун дунд хэсэгт 15x7см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт, хуйхны зүүн дагзны хэсэгт овойж хавдсан, зүүн нүдний ухархайн дотор хана 0.8см өргөн хэсэгт 0.4см гүн хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн нүд дагз хэсгийн зөөлөн эдэд хаван хавдар зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн: “1.Б.М-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөмсөг, баруун ташаанд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Б.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгний дээр, зүүн доод зовхинд шарх, духанд цус хуралт, зулгаралт, зүүн зовхи, ооч, хүзүү, зүүн суганд цус хуралт, нэг шүдний сулрал, нуруу, баруун мөр, баруун бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Э.М нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .......... тоотод хохирогч Б.Б-ын гэрт гэр бүлийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардалтаас эхнэр Ч-г “үл таних эрэгтэйчүүдтэй хамт хоносон, нэг орон дээр унтаж байна” гэж шалтаглан хохирогч Б.Б-ыг орон дээр хэвтэж байхад нь түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож хохирогчийн зүүн зовхинд овойж хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, духны баруун хэсэгт 12x10см хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээр 1 см хэмжээтэй 3 ш шарх, духны зүүн дээд хэсэгт 7x0.3см, 4x0.5см хүрэн улаан зулгаралт, зүүн доод зовхинд 1 ширхэг, 1см шархтай, орчимд 4x2см, хүзүүний зүүн урд хэсэгт 7x4см хэмжээтэи хөх ягаан өнгийн цус хуралт, дээд зүүн 1-р шүд урагш хойш чиглэлтэй хөдөлгөөн, нурууны дээд хэсэгт 2х1см, 3.5x0.6см, баруун мөрний ард 3x1.5см, баруун бугалганы гадна дээд хэсэг 3x0.5см, цээж баруун дээд хэсэгт 5x4см, 2x0.2см, 3x02 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн суганы урд 3x3 см улаан ягаан өнгийн цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гар болон хөлөөрөө цохих өшиглөх, төмөр эдлэлээр цохих зэргээр зодож зүүн нүдний зовхи хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын нуруунд 2x2 см, баруун хөмсөгний дээр 2x1.5см хөх ягаан, баруун шанаанд 7x2.5см хүрэн ягаан өнгийн цус хуралт, нурууны баруун дунд хэсэгт 15x7см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт, хуйхны зүүн дагзны хэсэгт овойж хавдсан, зүүн нүдний ухархайн дотор хана 0.8см өргөн хэсэгт 0.4см гүн хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн нүд дагз хэсгийн зөөлөн эдэд хаван хавдар зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Э.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан санаатай үйлдэлд хүргэж байна гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалтад заасан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн Э.М нь тухайн үед өөрийгөө хянах чадваргүй нөхцөл байдал байгаагүй. Хэрэг гарахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, аливаа зүйлийг эрүүлээр харах боломжтой, өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасанчлан зориуд хүсэж, хор уршигт хүргэсэн гэж үзэж байна. Хохирол хор уршгийн хувьд хохирогч Б.М-т эмчилгээний зардал 2,537,000 төгрөг, хохирогч Б.Б 310,000 төгрөгийн хохирол гэмт хэргийн улмаас учирсан байна. Тухайн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэж дурдсан байна. Шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад 2 буюу түүнээс дээш хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Н.Нарангуа гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт, хохирогч нарын, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул түүнийг гэм буруутай гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн. Тухайн үед гэр бүлийн хамааралгүй болсон байсан гэдгээ шүүгдэгч өөрөө хэлсэн. Ч гэх эмэгтэйгээсээ салсан байсан боловч Ч гэх эмэгтэйг хардаж, хардалтын үндсэн дээр хохирогч нарын орон гэрт нэвтэрч хэрэг үйлдсэн байгаа тул гэм буруутайд тооцож өнө үү. Мөн энэ гэмт хэргийн хор уршиг арилаагүй байна гэж үзэж байна. Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэрэгт хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол буюу Хууль зүй дотоод хэргийг сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А268, 275 дугаарт тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг энэ аргачлалаар тооцохоор заасан. Нөгөөтэйгүүр энэ тушаалын хоёрдугаар хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэгт хамааруулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгт тооцож хохирлыг барагдуулахаар хуульчилсан. Үүнийг шүүхийн практикт 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хэрэглэж байгаа учраас хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар шийдэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хохирогч Б.Б-ын үүдэн 1 дүгээр шүд хөдөлгөөн орж суларсан байгаа. Мөн төв хэсгээр сэтэрсэн байгаа. Уг гэмтлийг эмчлүүлээгүй тул эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлттэй байна. Мөн өөрийнх нь орон байранд нэвтэрч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хүч хэрэглэн санаатайгаар 2 хүнийг зодож, биед нь хөнгөн хохирол учлуулсан. Хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүд гомдол гаргаагүй. Хэргийн газар байсан хоёр хүнийг мөн энэ хүн зодсон байдаг. Тийм учраас хохирогч нар бодитоор учирсан хохирлоос гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөр барагдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Б, Б.М нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Б, Б.М нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.М-ийн үйлдэл нь “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол төлбөр төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. ... Шүүгдэгч урьд торгуулийн ял авч байсан. Ял ялгамжтай байх хэрэгтэй гэж байна. Улсын яллагчийн зүгээс гэм буруу дээр маргадаггүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Мөн хохирол төлбөрийг төлнө гэдэг дээр тодорхой хэмжээгээр маргадаг. Тийм учраас гэм буруу дээр маргахгүй, өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгааг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Эхний саналаа дэмжиж байна” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Н.Нарангуа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хариуцлага болоод шударга ёсны зарчимд, хууль ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохирол төлбөр төлөөгүй. Төлөхөө илэрхийлэхгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр гэмшиж байгаа байдал шүүхийн хэлэлцүүлэгт харагдахгүй байна. Өмнө нь мөн 2 удаа ял шийтгүүлж байсан. Өнөөдөр ч гэсэн зорчих эрхийг хязгаарлах ял юм чинь яасан ч яадаг юм гэсэн байдлаас хандаж байна. Шүүх хуралдаан цагтаа эхлээгүй удахад би шүүгдэгчтэй холбогдож асуугаад хохирлоо яах вэ гэхэд шүүх яахыг харна даа гэж гадэг байдлаар хариулсан. Улсын яллагчийн 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял хөнгөдөж байна гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Гэр бүлийн хамааралтай байсан хүн гэх Ч-г хардаж хоёр хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед энэ хоёр хүний гэмтэл өөр байсан бол өнөөдөр энд байх эсэх нь эргэлзээтэй байсан. Энэ хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял хөнгөн байна гэж үзэж байна. Өмнө нь энэ хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгуулын ял шийтгэгдсэн боловч ухаарч ойлгоогүй байна. Энэ хүнд дүгнэлт хийж, гэмшсэн зүйл харагдахгүй байна. Шүүгдэгч орон нутгийн харьяалалтай гэж явдаг боловч Чингэлтэй дүүрэгт амьдардаг гэж байна. Эрүүгийн хариуцлага дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Тэгэхээр Ч-д дахин хардаад асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй. 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б-ын гэрт өөрөө нэвтэрч ороод, бусдыг зодохдоо Ч-г бас зодсон. Ч хамт амьдарч байсан гэдэг утгаараа гомдол санал гаргаагүй байдаг. ...Би шүүгдэгчийг гүтгээгүй шүүхийн хэлэлцүүлэг эхлээд асуусан. Энэ хоёр хүнээс болж гэр бүлээсээ салсан юм яриад байна. Тийм зүйл байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс худлаа ярьсан зүйл байхгүй. Энэ хүн энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байгаа зүйл байхгүй байна. Тийм учраас энэ үйлдсэн гэмт хэрэгт нь тохирох ял бол 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байгаа. Эхний саналаа дэмжиж байна” гэв.
Шүүх шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, 2 хүний биед гэмтэл учруулсан, хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,
Дөрөв.Нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. Хохирогч нарт учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 8,580,000 төгрөгөөр нэхэмжилнэ гэсэн боловч шүүх хохирогчийн байдал, зовиур шаналал, сэтгэцэд учирсан болох эмгэг хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахыг шаардсан байдаг. Хоёрдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан байна.
Хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хоёрдугаар зэрэглэлд хамаарсан хохирол биш, илүү гуравдугаар зэрэглэлд хамаарсан хохирол учирсан гэж гомдол гаргаж хүсэлт өгч шинжээч томилуулж сэтгэцийн хор уршгийг тогтоолгоогүй танилцсан, мэдсэн, ойлгосон гэсэн байх бөгөөд энэ талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. Ийм учраас гуравдугаар зэрэглэлд тооцож хохиролыг гаргах үндэслэлгүй.. Тогтоосон жишиг аргачлалын дагуу Хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заасан байх бөгөөд шүүх энэ хэргийн тухайд хохирогчид одоо урьд эрхэлж байсан ажлаа эрхэлж тодорхой хэмжээгээр хэвийн амьдралдаа шилжсэн байгаа нөхцлийг харгалзан 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож шийдлээ.
Хохирогч Б.Б-ын тухайн хэрэгт авагдсан 310,000 төгрөгийн эмчилгээний баримттай хохирлыг шүүгдэгчээс гаргуулж цаашид хамар янзлуулах, шүд хийлгэх зэрэг шаардлагатай эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдаж, мөн хохирогч Б.М-ын хэрэгт авагдсан 150,000 төгрөгийн эмчилгээний баримттай хохирлыг шүүгдэгчээс гаргуулж нэмж нэхэмжилсэн эмнэлгийн зардлыг баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар нэхэх эрхтэйг тогтоолд дурьдаж шийдвэрлэлээ.
Иймээс шүүгдэгч Э.М-ээс хохирогч Б.Бт 3,610,000 төгрөг, Б.М-т 3,450,000 төгрөг тус тус гаргуулан олгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Э.М-ийг “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М-ээс гэм хорын хохиролд 7,060,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух, ......... овогт Б.Б /РД:*******/-д 3,610,000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн ******* тоотод оршин суух, .... овогт Б.М /РД:******/-д 3,450,000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ