Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/00859

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүргийн ............ тоот хаягт оршин суух С овогт Ш.Б /00000000/

 

хариуцагч- Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух Б овогт Б.Д /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин буюу 2 000 000 төгрөг гаргуулах, торгуульд төлсөн 185 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г

Хариуцагч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь Б.Д-ад холбогдуулан автомашин буцаан гаргуулах буюу 2 000 000 төгрөг гаргуулах, торгуульд төлсөн 185 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ш.Б нь өөрийн эзэмшлийн Тоёота дюэт маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинаа 2019.08.16-ны өдөр зарын дагуу иргэн Б.Д-тай утсаар нь холбогдож, уулзаад 1 200 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тухайн үед миний машин нь машин шүргээд журмын хашаанд байсан учраас Б.Д-ад хэлэхдээ машин шүргэсэн учир тэр машины хохирлын 250 000 төгрөг, журмын хашааны болон ачилтын 150 000 төгрөг, мөн миний Замын цагдаад өгөх торгуулийн 800 000 төгрөг, бүгд 1 200 000 төгрөгийг төлөөд бичиг баримтаа шилжүүлж аваарай гэхэд Б.Д нь хүлээн зөвшөөрч, машины асуудал Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаад байсан бөгөөд хохирлын 250 000 төгрөгийг Б.Д нь Цагдаагийн өрөөнд данс руу нь гар утсаараа 2019.08.16-ны өдөр төлсөн. Хэрэг бүртгэгч нь журмын хашаанаас гаргах бичиг хийж, Б.Д нь миний машины гэрчилгээг аваад явсан. Журмын хашаанд 2019.07.28-ны өдөр журамлуулж, 2019.08.16-ны өдөр гаргаж авсан. Ачилтын мөнгө төлсөн гэж Б.Д нь 150 000 төгрөг болсон гэсэн. Цагдаад төлөх торгуулийн 800 000 төгрөгийг төлөөч, нэрээ шилжүүлж аваач гэхэд 2019.08.20-ны өдрөөс хойш 2020.03.15-ны өдөр хүртэл очиж уулзахад би мөнгөгүй байна, түр хүлээж бай гэж олон шалтаг тоочдог болсон. Сүүлд машинаа авъя гэхэд хүнд зарчихсан гэсэн. 2020.03.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Гэтэл цагдаад мэдүүлэг өгөхдөө надад 450 000 төгрөг өгсөн гэж худал хэлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, уг тогтоолыг 2021.09.21-ний өдөр гардаж авсан. Хариуцагч Б.Д нь надаас машиныг авч явснаас хойш замын торгуулийн хуудас байнга ирж байгаа. Өөрийн унаж байх үеийн 800 000 төгрөгийн торгуулийг төлсөн. Иймд өөрийн эзэмшлийн Тоёота дюэт маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинаа буцаан авах эсвэл автомашины үнэ 2 000 000 төгрөг гаргуулах, мөн 2019.08.16-ны өдрөөс хойшхи торгуулийн мөнгө 185 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Б-ээс 400 000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч одоо надаас 2 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Журмын хашааны ачилтын зардалд 165 000 төгрөг, зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан хохирлын төлбөрт 250 000 төгрөг, бэлнээр 50 000 төгрөг, нийт 465 000 төгрөг төлснөөр тооцоо дууссан. Ш.Б торгууль төлсний дараа нэр шилжүүлэхээр тохиролцсон гэв.

 

Нэхэмжлэгчээс: Ш.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 0000 ААА улсын дугаартай Тоёота дюэт маркийн автомашины техникийн тодорхойлолт, Ш.Б-ийн жолоочийн үнэмлэх, 2020.04.02-ны өдрийн 1334 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 0000 ААА улсын дугаартай автомашины торгуулийн мэдээлэл, гар бичмэл, шийтгэлийн хуудас, 2021.12.13-ны өдрийн 382 дугаартай итгэмжлэл, 2021.09.13-ны өдрийн торгууль зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-8, 12-13, 26, 31 ху/

 

Хариуцагчаас ямар нэг бичгийн баримт ирүүлээгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-аас 2022.01.17-ны өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагааг тус тус шүүх бүрдүүлсэн байна. /хх 39-42 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Б.Д-ад холбогдуулан автомашин буюу 2 000 000 төгрөг гаргуулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөрт төлсөн 185 000 төгрөгийг хамт гаргуулахаар шаардсанаас 915 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч, 2019.08.16-ны өдөр 0000 ААА улсын дугаартай Тоёота дюэт маркийн автомашинаа хариуцагчид 1 200 000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийн хувьд зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан хохирол 250 000 төгрөг, автомашин ачилтын хөлс 150 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 800 000 төгрөгийг хариуцагч Б.Д хариуцан төлснөөр автомашины үнийг төлсөнд тооцохоор, тухайн торгуулийн төлбөрийг төлсний дараа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч дээр дурдсан зардалд 400 000 төгрөг төлсөн. Замын хөдөлгөөний торгуульд төлвөл зохих 800 000 төгрөгийг төлөөгүй, би өөрөө төлсөн. Мөн машинаа шилжүүлснээс хойш 185 000 төгрөгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуулийн мэдээлэл ирсэн. Иймд хариуцагчаас автомашинаа буцаан авах, эсвэл автомашины үнэ 2 000 000 төгрөг, торгуулийн төлбөр 185 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд автомашиныг 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, журмын хашааны ачилтын зардалд 165 000 төгрөг, зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан хохирлын төлбөрт 250 000 төгрөг, бэлнээр 50 000 төгрөг төлснөөр төлбөр тооцоо дууссан ба Ш.Б торгууль төлсний дараа нэр шилжүүлэхээр тохиролцсон. Маргаан бүхий автомашиныг өөрөө жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй учраас торгуулийн төлбөрийг хариуцан төлөх үүрэг үүсэхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, талууд 2019.08.16-ны өдөр 0000 ААА улсын дугаартай Тоёота дюэт маркийн автомашин худалдан худалдан авахаар тохиролцсон, нэхэмжлэгч хариуцагчид автомашиныг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч торгуулийн төлбөрт 324 546 төгрөг төлсөн, хариуцагч маргаан бүхий автомашиныг бусдад худалдсан, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгч Ш.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч автомашин худалдан худалдан авах гэрээг аман хэлцлийн үндсэн дээр байгуулсан, автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд маргаангүй, харин худалдах худалдан авах гэрээний үнэ, төлөгдсөн төлбөр, гэрээ байгуулагдах үед эрхийн бүртгэл буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлээгүй шалтгаан зэрэгт маргаантай.

6. Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч автомашины үнийг 1 200 000 төгрөг байхаар, урьдчилгаа төлбөрт 400 000 төгрөг төлөгдсөн гэж, хариуцагч гэрээний үнийг 400 000 төгрөгөөр тохиролцоод 465 000 төгрөг төлсөн гэж маргах боловч зохигч хэн аль нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иймд шүүх, худалдагч автомашиныг биет байдлаар худалдан авагчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч 2020.04.02-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан, эрхийн доголдлыг арилгах буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх талаар хариуцагч Б.Д шаардаж байсан үйл баримт тогтоогдохгүй зэргийг харьцуулан дүгнээд, талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн дүн 1 200 000 байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийг автомашины үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн зохигч урьдчилгаа төлбөрийн хэмжээнд маргах боловч нэхэмжлэгч цагаадийн байгууллагад гаргасан гомдолдоо 450 000 төгрөг төлөгдсөн гэсэн байх тул төлөгдсөн төлбөрийн хэмжээг 450 000 төгрөгөөр тогтоож, үлдэх төлбөр 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн тухайд, Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, худалдан авагч гэрээний зүйлийг биет байдлаар хүлээн авснаар тухайн эд хөрөнгийн ашиглалтаас үүдсэн эрсдэл ч мөн худалдан авагчид шилжинэ гэж ойлгох тул замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд шүүх , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэн Смарткар.мн вэбсайтын торгууль цэснээс автомашины улсын дугаар, маркаар шүүлт хийхэд 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019.08.16-ны өдрөөс хойшхи замын хөдөлгөөнийн дүрэм зөрчсөн торгуулийн хэмжээ 165 000 төгрөг байх тул уг хэмжээгээр тухайн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.Д-аас автомашин худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 750 000 төгрөг, замын хөдөлгөөний торгуулийн төлбөр 165 000 төгрөг, нийт 915 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-эд олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д тус тус зааснаар хариуцагч Б овогт Б.Д /00000000/-аас 915 000 /есөн зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С овогт Ш.Б /0000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 270 000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 26 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ