Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/00928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, .............. тоот хаягт оршин суух Ц овогт З.Х /00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт оршин суух М овогт Д.Б /000000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Х нь Д.Б-т холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Л.Б зээлийн ангилал өөрчилж өгнө гэхээр нь түүний хүсэлтээр 2020.05.19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020.06.10-ны өдөр 500 000 төгрөг тус тус Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн болно. Одоо Л.Б авсан мөнгөө өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс: З.Х-ын цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-10 ху/

 

Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Х хариуцагч Д.Б-т холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч, 2020.05.19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020.06.10-ны өдөр 500 000 төгрөгийг зээлийн ангилал өөрчилж өгнө гэхээр нь Д.Бийн Хаан банкин дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн боловч ажлаа бүтээгээгүй, бөгөөд уг төлбөрийг буцаан төлөхгүй байгаа тул 2 500 000 төгрөг хариуцагчаас гаргуулах эрхтэй гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

4. Хэрэгт 2020.05.19-ний өдөр 0000000000 дугаар данс руу 2 000 000 төгрөг, 2020.06.10-ны өдрийн 0000000000 дугаар данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн бичилт бүхий нэхэмжлэгч З.Х-ын эзэмшлийн Хаан банкин дахь 00000000000 дугаар дансны хуулга авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчид 2 500 000 төгрөгийг зээлийн ангилал өөрчлүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарласан ба хариуцагч 2 500 000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой татгалзлыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд шүүх хариуцагчийг 2 500 000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаангүй гэж дүгнээд, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн ангилал өөрчлүүлэх үндэслэлээр 2 500 000 төгрөг төлсөн гэж тайлбарлах ба хариуцагч Д.Б нь тухайн эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаагаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хэлцлийн үндэслэлтэй байх эрх зүйн зарчимд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар 2 500 000 төгрөгөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзээд хариуцагч Д.Б-ээс 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Х-т олгохоор шийдвэрлэв.

6. Шүүх, зохигчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

Тодруулбал, хариуцагч Д.Б-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна гэж заасны дагуу нэхэмжлэлийн хувийг 2022.01.04-ний өдөр гардуулж, мөн өдрөө хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол татгалзлын үндэслэлээ нотлох эрх үүрэгтэйг тайлбарласан боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

Мөн хариуцагчид 2022.02.08, 2022.03.09-ний өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй гэж тайлбарласны дагуу шүүх тухайн шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн ба 2022.03.23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч хэргийн баримттай танилцах, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үндэслэлээр мөн шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Үүний дараа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасны дагуу хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт амьдардаггүй тухай Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга тодорхойлон ирүүлсэн ба шүүгчийн туслах хариуцагчтай утсаар холбогдоход Баянзүрх дүүрэгт түр оршин сууж байгаа, ...одоо байгаа хаягаа өгөх боломжгүй, өөрөө заавал очно гэх тайлбарыг өгсөн нь 2022.03.23-ны өдрийн шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэлээр нотлогдох боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчид 2022.03.23-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хөдөө орон нутагт ар гэрийн гачигдал гарсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий цахим зурвас ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй.

 

Иймд шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг дурдаад, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч М овогт Д.Б /00000000/-ээс 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт З.Х /00000000/-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Х-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

 

ШҮҮГЧ                     Д.ЭНХЦЭЦЭГ